Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/536

 

Б.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сумъяа,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/192 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Сумъяагийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар эсэргүүцэлд үндэслэн Б.О-д холбогдох 2210 02949 0072 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

В овгийн Б-ы О, 1977 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр,  дөрвөн хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хэсэг, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Б.О нь 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, “М” хотхоны ... дугаар байрны ... тоотод нөхөр Ц.Э-тэй маргалдаж, улмаар биед нь халдан хамар хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хамарт шарх, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газар: Б.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч В овогт Б-ы О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.О-ийг цагаатгаж, Б.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор М.Сумъяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэрч Э.Х-ийн “...Би ээж, аавыг цохиж байхыг хараагүй. ...” гэх мэдүүлгийг хэргийн талаарх үйл баримтад дурдсан атлаа “...Түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үнэлэхгүй...” гэж хоёр өөр утга, агуулга бүхий дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Мөн мөрдөн байцаалтын үед өгсөн түүний хэрэгт ач холбогдолтой, хамааралтай мэдүүлгийг хэрхэн няцааж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна.

Эрүүгийн хэргэ хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-т шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаарх прокурор, оролцогчийн санал, хүсэлт гаргасан бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, гэрч оролцуулах асуудлыг шийдвэрлэхээр заажээ. Хэргийн оролцогч нараас ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй болно. Шүүх ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр, оролцогч нараас хүсэлт гаргаагүй байхад шүүх хуралдаанд гэрчийг оролцуулж, гэрчид хууль сануулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Шүүх хуралдаан даргалагчаас гэрч Э.Х-д хууль сануулахад Үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, “гэр бүлийн эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэж татгалзсан бөгөөд энэ нь хуульд заасан эрхээ эдэлсэн явдал. Гэтэл түүний шүүх хуралдаан зөвхөн мэдүүлэг өгөхгүй гэсэн нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байгаа нь мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын тогтоох зорилгоор цуглуулсан дээрх нотлох баримт болох гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байна. Шүүгдэгч Б.О нь нөхөр Ц.Э-г бусадтай хардсаны улмаас 2022 оны 9 дүгээр сарын 27-ны орой тэдний хооронд маргаан үүсэж, улмаар биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Э-ийн мэдүүлэг /хх 21, 23/, шүүгдэгч Б.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх 62-63/, гэрч Э.Х-ийн мэдүүлэг /хх 25-26/, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Түүнчлэн цагдаагийн байгууллагад гэрч Э.Х нь “Аав ээжийг зодоод байна” гэх дуудлага өгсөн байх бөгөөд шүүгдэгч Б.О-ийн сэжигтнээр өгсөн “Нөхөр “Чи намайг зодлоо” гээд архиндаа халуураад агсрах гээд байхаар нь охин Э.Х цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг үнэн болохыг баталж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас уг гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авч, энэ талаар мөрдөгч тэмдэглэл үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн субъектив шинжид гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байхыг шаарддаг. Гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд болон шууд бус гэж хоёр хуваан авч үздэг. Гэм буруугийн шууд санаатай гэдэгт хохирогчид гэмтэл учруулна гэдгийг ухамсарлаж, уг хор уршигт хүргэхийг хүсэж үйлдсэн болохыг, шууд бус санаатай гэдэгт хохирогчид хохирол учирч болзошгүй гэдгийг урьдаас мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг тус тус ойлгодог. Гэмт хэрэг болгоомжгүй үйлдэх нь хөнгөмсгөөр найдсан, эсхүл хайхрамжгүй хандсан гэсэн хоёр хэлбэртэй байдаг бөгөөд цагаатгах тогтоолд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх боловч гэмт хэргийн шууд бус санаатай хэлбэрийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар, болгоомжгүй аль хэлбэрээр болохыг тодорхойлж хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэм буруугийн хэлбэр, цагаатгах үндэслэлээ бүрэн тайлбарлаж чадаагүй атал хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/192 дугаар цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.О бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Би шүүх хуралдаанд өөрийн холбогдсон хэргийн талаар үнэн зөв, хангалттай дэлгэрэнгүй мэдүүлэг өгч оролцсон бөгөөд шүүхийн цагаатгах тогтоол нь хууль тогтоомжийн дагуу үнэн зөв гарсан гэдэгт итгэлтэй байна. Намайг “санаатай гэмт хэрэг үйлдсэн” гэж буруутгаж байгаа прокурорын эсэргүүцэлтэй санал нийлэхгүй байгааг үүгээр илэрхийлж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчин төгөлдөрт тооцож өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсье. ...” гэжээ.

Хохирогч Ц.Э бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Би шүүх хуралдаанд болсон үйл явдлын талаар үнэн зөв, дэлгэрэнгүй мэдүүлэг өгч оролцсон бөгөөд шүүхийн тогтоол нь хууль тогтоомжийн дагуу үнэн зөв гарсан гэдэгт итгэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчин төгөлдөрт тооцож өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүсье. ...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.О-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох ба аль нэг шинж хангагдахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох, гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнийг цагаатгах учиртай.

Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах гэмт хэргүүд нь хүний халдашгүй байдлын эсрэг хууль бусаар халдаж, хохирол учруулах гэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан байдаг бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Прокуророос Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахдаа хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжээчийн дүгнэлтүүд, гэрчийн мэдүүлгийг яллах нотлох баримт болгон ашигласан байх ба Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 13300, 13381 дүгээр дүгнэлтүүд нь хохирогч Ц.Э-ийн биед ямар гэмтэл учирсан, тухайн гэмтэл нь хэзээ үүссэн, гэмтлийн зэрэгт хамаарах болохыг тогтоосон бөгөөд хохирогчид учирсан гэмтэл нь Б.О-ийн үйлдэлтэй шалтгаант холбоог тогтоож чадахгүй байна.

Харин анхан шатны шүүх гэрч Э.Х-ийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй нь хуульд нийцсэн байна.

Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...гэр бүлийн гишүүд, эцэг эх, ...-ийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...” эрхтэй гэж заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2017 онд шинэчлэн баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Гэрч” гэсэн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт энэхүү эрхийг мөн тусган хуульчилсан. Тодруулбал, хуулийн дагуу гэрчээс мэдүүлэг авахын өмнө Үндсэн хуулиар баталгаажсан эрх болох “Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” буюу “дуугүй байх” Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг баталгаажуулсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Х-ээс гэрчээр мэдүүлэг авахдаа Үндсэн хуульд заасан дээрх эрхийг тайлбарлаж, “Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байгаа эсэх”-ийг асуухад тэрээр “Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй” хэмээн мэдүүлэг өгчээ.

Дээрх мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан гэж үзэх үндэслэлгүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Х-д “Үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, гэр бүл, төрөл садны хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” болохыг тайлбарлаж, мэдүүлэг өгөх эсэхийг асуухад “Манай эцэг, эх хоёр байна, мэдүүлэг өгөхгүй” хэмээн эцэг, эхийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан нь түүний өмнө өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох хууль зүйн нөхцөл, боломжийг хязгаарлаж байх тул анхан шатны шүүх гэрч Э.Х-ийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүйг буруутгах үндэслэлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг үндэслэлгүй хязгаарласан шинжгүй, хууль зүйн процессын суурь зарчмуудад нийцсэн байх ёстой бөгөөд өөрийн болон гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөх нь тухайн хүний субъектив эрх юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтууд болох хохирогч Ц.Э-ийн мэдүүлэг /хх 21, 23/, шүүгдэгч Б.О-ийн мэдүүлэг /хх 62-63/-ээр Ц.Э, Б.О нар нь гэртээ маргалдаж, харилцан бие биеэ түлхэх үед Ц.Э-ийн хамарт шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон нь Б.О нь Ц.Э-ийн эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан нөхцөл байдлыг үгүйсгэж байгаа, Б.О-ийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцжээ.

Эрүүгийн эрх зүйн суурь зарчмуудын нэг болох гэмт хэрэг, ял, тэдгээрийн нөхцөл, хэмжээ нь хуульд тусгагдсан байх томъёоллыг илэрхийлдэг хууль ёсны зарчмын дагуу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүй учруулах үйлдлийг Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцож, хуульчлаагүй тул Б.О-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.

Иймд, прокурор М.Сумъяагийн анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/192 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/192 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор М.Сумъяагийн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.О