Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/05215

 

2024 оны 12 сарын 02 өдөр                       Дугаар 183/ШШ2024/05215                     Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн ...... тоотод оршин суух, О-ын -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Хан-Уул дүүргийн . дүгээр хороо, өөрийн байранд байрлах, Иргэний нисэхийн үндэсний төвд холбогдох,

 

36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж болох 3.449.664 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Н, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ИНЕГ-ын дарга Ч.М-гийн 2023-04-04-ний өдрийн О.Н-ай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалж, нэг удаагийн тэтгэмж олгох тухай Б/0 дугаар тушаалаар О.Н намайг Нисэхийн сургалтын төвийн дээд захирлаас чөлөөлж, ажилгүй болгосон.Энэ тушаалын 3-т О.Н-ад 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгосугай, 4-т тэтгэмжийг  зохих журмын дагуу тооцон олгохыг ИНҮТ Н.Б-нд үүрэг болгосугай гэж заасан.Энэхүү  тэтгэмжийг надад өгөхгүй намайг 8-н сар хохироосон байх тул би 2023-10-10-ны өдөр  ИНҮТ-ийн дарга Н.Б-д Өргөдөл, Мэдэгдэл гаргасан.Үүнд ИНҮТ-ийн дарга Н.Б  нь 2023-10-20-ны өдөр 10-1/000 тоот бичгээрээ / эх хувийг нь ИНҮТ-өөс гаргуулах / ... танд олгох 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний  тэтгэмжинд нийт 141.362.698,23 бодогсдон байна.ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-10-10-ны өдрийн 0000-р шийдвэр, Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн 2023-02-06-ны өдрийн 0000-р магадлал, Улсын дээд шүүхийн 2023-04-06-ны өдрийн 0000-р тогтоолоор, 2019-04-11-ний өдрөөс 2020-10-21-ний өдрийг  дуусталх Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний Нөхөн олговор 34.496.645 төгрөг олгохоор шийдвэрлэсний дагуу уг нөхөн олговрыг олгохдоо 3.449.664,50-ийн хувь хүний орлогын албан татварыг суутгаад нийт 137.913.033,73-ийг таны дансанд шилжүүлснийг мэдэгдэж байна гэжээ.Үүний дагуу би ИНҮТ-ийн санхүүгийн хэлтсийн дарга С-тай 2023-10-18,20-ны өдөр 0000 утсаар нь ярьж, хууль тогтоомжийг зөрчин тэтгэмжээс хуулийн ямар ч үндэслэлгүйгээр 3.449.664,50 мөнгийг суутгахаар болсныг би үгүйсгэн 2023-10-24-ний өдөр ИНҮТ-ийн дарга Н.Б-д гомдол гаргасан.Үүний хариуг ИНҮТ-ийн дарга болсон Э.Т  нь 2023-11-27-ны өдөр 03 тоотоороо / эх хувийг ИНҮТ-өөс гаргуулах / хууль тогтоомж зөрчөөгүй тул 3.449.664,50 төгрөгийг надад буцаан өгөхгүй гэжээ.ИНҮТ-өөс 2023-10-24-ний өдөр 137.913.033, 73 мөнгийг Хаан банкны 50.......... тоот дансанд шилжүүлсэн. ИНҮТ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр, эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй, гэснийг зөрчиж мөн хуулийн  82 дугаар зүйлийн 82.1-д “... ажил олгогч нэг удаагийн тэтгэмжийг олгоно гэсний дагуу надад энэхүү тэтгэмжийг олгохдоо хууль эрх зүйн ямар ч үндэслэлгүйгээр 3.449.664,50 мөнгийг суутгажээ. Тодруулбал: 1.ХУД-ийн ИХАШШүүгчийн 2023-06-19-ний 183/ШЗ2023/00000 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай  захирамж, 2023-06-19-ний 183/ГХ2023/0000 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэхүү нөхөн олговрыг ИНЕГ-аас албадан гаргуулсан. Шүүхийн тухай хуулийн  хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасныг мөрдлөг болгон ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяагийн хэрэгжүүлсэн шийдвэртэй холбогдуулан миний нэг удаагийн тэтгэмжээс хуулийн ямар ч үндэслэлгүйгээр 3.449.664,50  мөнгийг суутгажээ. 2/ Хувь хүнийн орлогын албан татварын хуулийн 22-р зүйл Албан татвараас чөлөөлөх орлого гэсний 22.1.1 дэх хэсэгт хууль тогтоожид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн  буцалтгүй тусламж гэж заасны дагуу Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр олгогдох Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор, тэтгэмжийг тус тус татвараас чөлөөхөөр заасан буюу татвар авдаггүй болно

3./ Хуулиас давсан журам гэж байх ёсгүй.Хүн бүр, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг дарга, цэрэггүй мөрдлөг болгон ажиллах ёстой.Захиргааны ерөнхий хууль гарснаар хуулийг зөрчдөг дарга нартай хариуцлага тооцдог заалттай болсон.Тодруулбал хуулийн үндэслэлгүйгээр хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнаар байгууллагад учруулсан хор хохирлыг төлүүлдэг болсон байгаа.Үүнийг ИНҮТ-ийн дарга нар мэдсээр байж хуулийн өөр өөр зохицуулалттай үйлдлийг О.Намбат надад зориулж, зориуд хийсэн гэж дүгнэж байна. 4./ Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэргүйгээр иргэнээс ямар ч хэлбэрээр төлбөр авах, суутгал хийх эрх хэнд ч, ямар ч албан тушаалтанд хуулиар эрх олгогдоогүй болно.Энэ талаар Иргэний, Шүүхийн хууль бусад хууль тогтоомжид тодорхой заасан. 5./ Нэг удаагийн тэтгэмжийг  иргэнд олгохдоо аливаа суутгал хийх, төлбөр тооцох эрхийг хэнд ч Монгол  улсын хуулиар олгоогүй бөгөөд  харин эсрэгээрээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88.1-т төлбөр төлөгч иргэний дараах орлогоос төлбөр гаргуулж болохгүй гэсний 88.1.2-рт “...ажлаас халагдсаны тэтгэмж” гэж заасан байдаг. 6./ Хөдөлмөирийн  харилцаатай огтхон ч хамааралгүй байхад ИНҮТ нь татвар нэрээр миний тэтгэмжээс хууль бусаар мөнгө завшсан үйлдэл болжээ гэж хардмаар байна.Иргэний хуулийн 228.1-рт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй.Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр  нөхөн төлж болно, 229.1-рт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасныг үндэслэн мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар О.Н  миний 36 сарын дундаж цалин  хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжээс татварын суутгал нэрээр олгоогүй 3.499.664,50 мөнгийг ИНҮТ-өөс буцаан гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: О.Н-ын нэхэмжлэлтэй Иргэний нисэхийн үндэсний төвд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 2 сарын 06-ны өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн  2023 оны  000 дугаар тогтоолоор 2019 оны 4 сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор олгохдоо 34.496.645 төгрөг олгохоор шийдвэрлэсний дагуу уг нөхөн олговорыг олгохдоо 3.449.664,50 төгрөгийн хувь хүний орлогын албан татварын албан татварыг суутгаад нийт 137.913.033,73 төгрөгийг шилжүүлсэн хэмээн нэхэмжлэлд дурдсан байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгү байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: 2024.01.30-ны өдрийн Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2024.01.30-ны өдрийн 05/000 дугаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан тоот, 2024.04.05-ны өдрийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлстийн О.Н-ад хандсан балан бичиг, 2024.06.11-ний өдрийн Голомт банкны тодорхойлолт, 2024.06.13-ны өдрийн  Голомт банкын карт зэрэг баримтуудын шаардлага хангуулан гаргаж өгсөн байна

 

Хариуцагч талаас: 2024.08.15-ны өдрийн итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүх: Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төвөөс баримт гаргуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

О.Н  36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж болох 3.449.664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний нисэхийн үндэсний төвд холбогдуулан шаарджээ.

 

Хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй 2019 оны 4 сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор олгохдоо 34.496.645 төгрөг олгохоор шийдвэрлэсний дагуу уг нөхөн олговорыг олгохдоо 3.449.664,50 төгрөгийн хувь хүний орлогын албан татварын албан татварыг суутгасан гэж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 4 сарын 04-ний өдрийн Б/0 тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023.02.28-ны өдрийн ажлын байр хасах тухай А/00 дугаартай тушаалаар Нисэхийн сургалтын төвийн дэд захирлын ажлын байр хасагдсан тул Ойдовын Н-ттай үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023.04.04-ний өдрөөс тасалбар болгон цуцалж, түүнд 36 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа огохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч 2023.10.19-ний өдөр О.Н-ын нэг сарын дундаж цалин 3.926.741,62 төгрөгөөр тооцож, нийт 36 сарын тэтгэмжийн дүн 141.362.698,23 төгрөг үүнээс суутгал 3.449.664,50 төгрөг суутгаж, 137.913.033,73 төгрөг олгосон байна.

 

Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж нь албан татвараас чөлөөлөх орлогод хамаарна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй гэж заасан байхад хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв О.Н-ад олгох 36 сарын тэтгэмжээс 3.449.664,50 төгрөгийг суутган авсан нь хууль зөрчсөн байна.

 

Иргэний нисэхийн үндэсний төв 2019 оны 4 сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэлх О.-тын ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор олгохдоо 34.496.645 төгрөг олгохоор шийдвэрлэсний дагуу уг нөхөн олговорыг олгохдоо 3.449.664,50 суутгасан гэх бөгөөд энэ нь 2023 оны 10 сарын 19-ний өдрийн О.Н-ад нэг удаагийн тэтгэмж олгох тухай баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний нисэхийн үндэсний төв О.Намбатад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламжаас 3.449.664,50 төгрөг суутгасан нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн байх тул хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төвөөс 3.449.664,50 төгрөг гаргуулж, О.Н-тад олгож  шийдвэрлэв.

 

Иргэний нисэхийн үндэсний төвд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цагт товлосон шүүх хуралдааны товыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Төмөрхадуурт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төвөөс 3.449.664,50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Н-тад олгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төвөөс 70.145 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ                               Г.СОЛОНГО