| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 2206 00000 1882 |
| Дугаар | 2023/ДШМ/537 |
| Огноо | 2023-05-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2023/ДШМ/537
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Ганчимэг,
иргэний хариуцагч “Г” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Н,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,
нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/213 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч “Г” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Б-д холбогдох 2206 00000 1882 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц овгийн Б-ийн Б, 1986 оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамж, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ... /,
Б.Б нь:
1. 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20:00 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Богд-Ар” хорооллын орчим хохирогч Ц.Т-ийн 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дуудлагаар очиж жолоодох явцдаа хохирогчийн эзэмшлийн “Samsung S10 5G” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, түүнд 950.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Г” дуудлагын жолоочийн үйлчилгээ хийж, иргэн В.Б-ыг “Ногоон төгөл” хотхонд хүргэж өгөхдөө машинд нь байсан “Iphone 12” загварын гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, түүнд 3.839.920 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2021 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Э” зочид буудалд хамт үйлчлүүлж байсан Б.Х-ын эзэмшлийн “Samsung S9” загварын гар утас, 00-00ААА улсын дугаартай “Toyota Prius” загварын тээврийн хэрэгсэл, майхан, аяллын ширээ сандлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,
4. 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах “Б” ХХК-ийн хашаанд байрлаж байсан гэрээс хохирогч Д.Б-ийн эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэ бүхий хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
5. 2022 оны 4 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнийн 01:14 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “R” нэртэй амралтын газрын амралтын гэрт хууль бусаар нэвтэрч, хохирогч Л.Н-ийн эзэмшлийн 3 ширхэг гар утас, банкны карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
6. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Би тэмцээнд ороод түрүүлээд 10 сая төгрөг авсан, чи над руу мөнгө хийчих, би нэмээд цааш нь шилжүүлье” гэж хохирогч Ц.Ц-г хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон өөрийн Хаан банкны 50хххххххх тоот дансаар 1.528.000 төгрөгийг шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газар: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Б-ийн нийт эдлэх ялыг 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Б.Б-ийн баривчлагдсан болон цагдан хоригдсон 319 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, эдлэх ялыг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохоор,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ээс 950.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Т-т, 876.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Х-д, 800.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-т, 280.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Н-д, 500.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Г.О-т, 1.528.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Ц-д тус тус олгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Г” ХХК-аас 3.829.320 төгрөг гаргуулан хохирогч В.Б-д олгож, иргэний хариуцагч “Г” ХХК нь гэм хорын зардлыг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Б-ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эрүүгийн 2206 00000 1882 дугаартай хэрэгт 2105 01373 1319, 2105 01463 1390, 2110 01442 0868, 2110 01626 1126, 2205 00000 2502 дугаартай хэргийг нэгтгэсэн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирол болон гэмт хэрэг үйлдсэндээ маргах зүйлгүй, хэргээ үнэн зөвөөр хүлээж, гэм буруугаа ухаарсан ба хохирогч нарыг гомдолгүй болгож, уучлалт гуйж, ойрын хугацаанд гүйцэд төлж, барагдуулна. Би хэрэг үйлдэхдээ мөнгийг амархан олох буруу замаар явж, юманд хийсвэр хандаж, бусдыг хохироож байснаа сайн ойлгосон. Би 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 4 давхар барилга дээр унаж, баруун гар хадаастай, зүүн гар болон хоёр хөл зөөлөн эдийн гэмтэлтэй. Төрсөн ээж минь өндөр настай байдаг. Би эх, хойд эцгийн хамт амьдардаг. Одоо ээжийн минь бие нь тааруу байгаа. Би хохирлоо барагдуулахаар мөнгө олж, бага багаар хуримтлал үүсгэж байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, надад оногдуулсан хаалттай дэглэмийг өөрчилж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх бололцоогоор ханган, хохирлоо барагдуулах боломжоор хангаж өгнө үү. ...” гэв.
Иргэний хариуцагч “Г” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би уг хэрэгт иргэний хариуцагчаар оролцсон ч гэсэн Б.Б-ийн өмнөөс түүний гэм буруутай үйлдэлд 3.839.920 төгрөгийг төлөх боломжгүй. Уг хэрэг нь хулгайн хэрэг бөгөөд хэрэгт Б.Б нь хүний гар утсыг хулгайлсан үйлдэлд иргэн би өмнөөс нь нөхөн төлбөрийг нь төлж өгөх боломжгүй болно. Иймд уг хэрэгт буруутай этгээдээр нөхөн төлбөрийг төлүүлж өгнө үү. Б.Б нь манай ажилтан биш. Манай байгууллагад анкет бөглөж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан зүйлгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу бусдад учруулсан хохирлыг түүний ажил олгогч хүлээнэ гэж, 498.3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн аргах хэрэгслээр үүсч болох урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно. Манай байгууллага нь үйлчлүүлэгч нарын машиныг дуудлага өгсөн газраас очиж аван, хүрэх цэгт аюулгүй хүргэж өгөх зорилготой ажилладаг. Хувь хүний нууцын гэрээтэй хамт үйлчилдэг. Жолооч бүртэй хариуцлагын гэрээ байгуулдаг. Үйлчлүүлэгчийн машиныг аюулгүй хүргэж өгч, машин дотроос нь эд зүйл авч болохгүй. Авсан тохиолдолд хариуцлагаа өөрөө хүлээнэ гэж заасан байдаг. В.Б-ын “Iphone 12 pro max” гар утасны хохирол болох 3.839.920 төгрөгийг гэм буруутай этгээдээр төлүүлж, хохирогч В.Б-ыг гомдолгүй болгож, иргэний хариуцагч намайг нөхөн төлбөрөөс чөлөөлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Б.Б-д анхан шатны шүүхээс харьцангуй бага ял оногдуулсан гэж үзэж байна. Гагцхүү үйлчлүүлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргах эрхийнхээ хүрээнд гомдол гаргасан гэж ойлгож байна. Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол гаргахдаа хорих ял эдлэх дэглэмийн хувьд давж заалдах гомдол гаргасанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заасан. Миний үйлчлүүлэгчийн хувьд 4 давхар барилгаас унасан, цагдаагийн байгууллагад очихдоо эрүүл мэндийн хувьд хүнд байдалтай очсон гэрэл зургийн үзүүлэлтүүд хавтас хэрэгт байгаа. Иймд эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу урьд удаа дараагийн ял шийтгэл эдэлж байсан эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих байгууллагын дэглэмийг анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд сонгосон. Хорих байгууллагын дэглэмийг сонгохдоо шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзсэн. Мөн хохирогчид учруулсан хохирол, төлбөрийг төлөөгүй, санаачилга гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим хохирлуудыг биет байдлаар буцаан олгогдсон нөхцөл байдлуудад тохируулан тухайн ял шийтгэлийг эдлэх байгууллагын дэглэмийг сонгосон гэж дүгнэж байна. Тийм учраас анхан шатны шүүхээс тогтоосон ял шийтгэлийг эдлэх дэглэм нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирсон, солих үндэслэл байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Долгорсүрэнгийн дурдсан шүүгдэгчийн эрүүл мэндийн шалтгаанаар нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх саналын хувьд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тухайн хорих байгууллага олгох боломжтой байгаа учраас шүүгдэгч Б.Б-ийн засаж, хүмүүжил, гэмт хэрэг үйлдэж байгаа шалтгаан нөхцөл, өөртөө дүгнэлт хийж байгаа байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн байх гэж үзэж байгаа учраас дэглэмийг хаалттай хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүх хуралдаанд иргэний хариуцагч С.Н-ыг дуудсан цагт шүүх хуралдаанд оролцоогүй байж “Гэмт хэрэг үйлдсэн хүний өмнөөс хохирлыг төлөхгүй” гэж давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Шүүгдэгч Б.Б-ийн хувьд тухайн байгууллагад ажиллаж, цалин хөлсөө авч байсан нь хавтас хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр нотлогдоно. Тухайн байгууллагын нэрийн өмнөөс иргэдэд үйлчилгээ үзүүлж явсан Б.Б-ийн өмнөөс Иргэний хуулийн 498 дугаар зүйлд тухайн хариуцлагыг ажил олгогч хүлээхээр заасан. Иргэний хариуцагч С.Н-оос “туршилтаар ажиллуулж байсан, гэрээ байгуулаагүй” гэдэг боловч туршилтын хугацаагаар ажиллуулж, үргэлжлүүлэн ажиллуулах эсэх асуудлыг шийдвэрлэх гэж байсан хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий субъект гэдэг нь лавлагаагаар харагддаг. Хэргийн хувьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Н-ыг иргэний хариуцагчаар тогтоож шийдвэрлэсэн. Хохирогчоос гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хэлэлцэж, хэргийг прокурорт буцаасан. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Ингээд иргэний хариуцагч С.Н иргэнд учирсан хохирлыг нөхөн төлөх нь зүйтэй гэсэн байр сууриас шүүх хуралдаанд оролцсон учраас иргэний хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...“Р” гэх амралтын газарт 1 өдрийн хугацаанд ажиллаж байсан талаар мэдүүлдэг. Хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэний дагуу тухайн хуулийн этгээдээс цагдаагийн байгууллагад хандсан. ... Гэмт хэрэг үйлдэж, олсон хөрөнгө орлогыг гаргуулах ажиллагааны талаар аль ч талууд санал гаргаагүй, шүүхийн шийдвэрт тусгагдаагүй байгааг хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч, иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
хохирогч Ц.Т-ийн: “...Бага хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн тээврийн хэрэгслээ унаж чадахгүй байсан учраас дуудлагын жолооч дуудсан. 19:20 цагийн үед над руу залгаад “Ирчихсэн байна” гэхээр нь гарч машиндаа суухад 20-25 орчим насны эрэгтэй хүн ирсэн байсан. Машинтайгаа хөдөлж “Богд Ар” хорооллын орчимд ирээд машиндаа сэрээд өөрийн биед байсан “Samsung S10 5G” загварын гар утсаа үзэхэд байхгүй байсан. Түрийвчинд байсан 30.000 төгрөг, 30.000 төгрөгийн петровисын талоны эрх алга болсон байсан. ...” /1хх 108/,
гэрч Б.О-ийн: “...2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Д” худалдааны төвийн 2 давхарт байрлах гар утас худалдааны төв дээр ажиллаж байхад 30-35 орчим насны эрэгтэй орж ирээд “Танайх гар утас худалдаж авах уу, би хөдөө ажлаар явах шаардлага гарсан тул өөрийн гар утсаа зарж борлуулах хэрэгтэй” байна гээд “Samsung S10 5G” загварын гар утас надад харуулсан. Би гар утсыг “550.000 төгрөгөөр авъя” гэхэд тухайн хүн нь “550.000 төгрөгөө бэлэн өгчих” гээд байхаар нь сэжигтэй санагдаад “50.000 төгрөгийг нь бэлэн өгье, үлдэгдэл 500.000 төгрөгийг данс руу чинь шилжүүлье” гэж хэлэхэд “Би бэлэн авна” гээд байхаар нь “Би утсыг чинь авахгүй” гэж хэлэхэд “За ойлголоо, 500.000 төгрөгийг дансаар авъя” гэж хэлээд би өөрийн “Хаан” банкны интернэт банкаараа 50хххххххх гэсэн Б.Б гэсэн хүний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. ...” /1хх 116-117/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч Ц.Т-ийн эзэмшлийн “Samsung S10 5G” загварын гар утасны үнэлгээг 950.000 төгрөгөөр тогтоосон “Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ-921/1476 дугаар дүгнэлт /1хх 119-121/, “Хаан” банк дахь шүүгдэгч Б.Б-ийн эзэмшлийн 50хххххххх дугаартай дансны хуулга /1хх 136-138/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Т-т 950.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утаснаас гадна түрийвчинд нь байсан 30.000 төгрөг, 30.000 төгрөгийн бензиний талон алдагдаж, нийт 1.010.000 төгрөгийн хохирол учирсан талаар хохирогч мэдүүлсэн байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж, шүүгдэгчээс зөвхөн гар утасны үнэлгээ 950.000 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчилсөн болно.
хохирогч В.Б-ын: “...Тэрэлж яваад ирэх замдаа “Г”-ийн утсаар дуудлагын жолооч дуудаж, Налайх дүүргээс Ногоон төгөл хотхоны гадаа хүргүүлсэн. ...Тэнд айлд ороод, дуудлагын жолоочийг машинтайгаа “Гадаа хүлээж бай” гээд хүлээлгэсэн. Удаагүй манай найз явахаа болиод тэр жолоочийг “Машины түлхүүр оруулаад ир” гэсэн. ...Тэгээд тэр залуу яваад өгсөн. ...Удалгүй бид нар сууж байхад миний машинд унтраагаад үлдээсэн гар утас асаж, “Дуудлага хүлээн авах боломжтой боллоо” гэсэн зурвас манай найзын гар утсанд ирсэн. Тэгээд гараад миний гар утсыг машинд хайхад байхгүй байсан. Би өөрийнхөө утас руу залгахад холбогдох боломжгүй болсон. Маргааш утсаар ярихад Батмөнхийн Б-ийн утас нь холбогдохгүй байна гэсэн. Би хамт явсан найзын машины урд хайрцагт унтраагаад хийсэн байсан. Бид нар тэр жолоочийг машинд үлдээгээд айлд ороод, “Түр хүлээж бай” гэх хооронд миний гар утсыг авсан байх. ...” /2хх 41-42/,
иргэний хариуцагч “Г” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Н-ын: “...2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр манай ажил дээр Б.Б гэх залуу ирж уулзаад “Ажилд орно” гэж ярилцаад, туршилтын хугацаанд ажиллуулсан. Улмаар 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн шалган нэвтрүүлэх цэгээс манай компанид дуудлага өгсөн машиныг дуудлагаар хүргэж өгөхдөө жолоочийн гар утсыг нь хулгайлаад үүнээс хойш утсаа салгаад алга болсон хөдөлмөрийн гэрээ байгуулах хугацаа нь болоогүй байсан. Шалгаж үзэж, туршилт хийж байж гэрээ байгуулдаг. Б.Б-ийг туршилтын хугацаанд нь явуулж байсан. Өөрөө хэлэхдээ “өмнө нь дуудлагын жолооч хийж байсан” гэж хэлж байсан. ...” /2хх 166-167/ гэсэн мэдүүлгүүд,
хохирогч В.Б-ын эзэмшлийн “Iphone 12 pro max” загварын гар утасны үнэлгээг 3.839.920 төгрөгөөр тогтоосон “Дамно” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ХУ1-21-524 дүгээр дүгнэлт /2хх 51-52/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б нь хохирогч В.Б-ын гар утсыг хулгайлахдаа дуудлагын жолоочоор ажиллаж байсан “Г” ХХК-ийг иргэний хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирол 3.839.920 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулан хохирогч В.Б-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасанд нийцэж байна.
Шүүгдэгч Б.Б нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өөрийн шууд санаатай хууль бус үйлдлээрээ В.Б-ийн эд хөрөнгийг хулгайлж, хохирол учруулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, туршилтаар ажиллаж байсан нь ажил олгогчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Харин, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “...өөрийн шууд санаатай ...үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасны дагуу “Г” ХХК нь өөрт учирсан хохирлыг шүүгдэгч Б.Б-ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Иймд энэ талаар гаргасан иргэний хариуцагч “Г” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
хохирогч Б.Х-ын: “...Модны 2-т байрлах буудалд дуудлагын жолоочтой цуг орсон. Тус буудлын бие засах өрөөнд нь ороод хогийн савны ар талд нь би өөрийн машины түлхүүрээ нууж үлдээгээд цонхны тавцан дээр нь өөрийн “Samsung Galaxy S9” загварын гар утсаа үлдээсэн бөгөөд өглөө сэрэхэд миний гар утас болон бие засах өрөөнд нууж үлдээсэн байсан машины түлхүүр тус тус алга болсон байсан. Тухайн залуу надад өөрийгөө Б.Б гэж танилцуулж байсан. ...2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн ажил болох Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэг дээр байхад миний утас руу нэг үл таних хүн залгаад “Гражаас гаръя, машинаа холдуулаарай” гэхэд нь би ажлын ах М-д “Та очоод байж байгаач, би ажилтай байгаад байна” гээд М ахыг явуулсан. ...Тухайн өдөр өөрийн алдагдсан тээврийн хэрэгсэл болон “Samsung Galaxy S9” гар утсаа Б.Б гэх хүнээс олж авсан. Миний тээврийн хэрэгсэл дотор байсан майхан, 4 ширхэг аяллын сандал, эвхдэг аяллын ширээ 1 ширхэг, 32GB багтаамжтай флаш, миний эзэмшлийн “Toyota Prius 41” загварын тээврийн хэрэгслийн тээшний хаалга хонхойсон хохирлууд учирсан. ...” /1хх 158-160/ гэсэн мэдүүлэг,
хохирогч Б.Х-ын эзэмшлийн майхан, аяллын ширээ, аяны сандал, флаш зэргийг нийт 736.000 төгрөгөөр, автомашины техникийн эвдрэл, хохирлыг 140.000 төгрөгөөр, 00-00ААА улсын дугаартай “Toyota Prius 41” загварын автомашиныг 27.000.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид Билгүүн” ХХК-ийн дүгнэлтүүд /1хх 177-179, 184, 2хх 12-14/,
00-00ААА улсын дугаартай “Toyota Prius 41” загварын автомашиныг хохирогч Б.Х-д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 189/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 194-198/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хохирогч Б.Х нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болон гар утсыг шүүгдэгч Б.Б-ээс буцаан авсан талаар мэдүүлсэн /1хх 159/ байх тул түүний тээврийн хэрэгсэлд байсан эд зүйлс болон тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийн хохирол нийт 876.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Х-д олгохоор шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Х нь “Ашид Билгүүн” ХХК-д гурван удаагийн эд зүйлийн үнэлгээ хийлгэсний төлбөрт нийт 85.000 /1хх 176, 182, 2хх 12/ төгрөг төлсөн байхад анхан шатны шүүх шүүгдэгчээс гаргуулан хохирогч Б.Х-д олголгүй, орхигдуулсныг давж заалдах шатны шүүх нэмж гаргуулахаар шийдвэрлэв.
Мөн прокурорын яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Б.Х-ын гэмт хэргийн улмаас хохирсон хохирлын үнэлгээг бичилгүй орхигдуулсан байгааг энэхүү магадлалаар нөхөн дүгнэснийг дурдаж байна.
хохирогч Д.Б-ийн: “...Б.Б “Гэрийнхээ түлхүүрийг хаячихлаа, танай гэрт хоноод маргааш явъя” гэж хэлэхээр нь эхнэр бид 2 гэртээ хонуулсан юм. Тэгээд маргааш өдрийн 11-12 цагийн үед Б.Б боссоныхоо дараа авдар дээр байсан миний ногоон эмжээртэй шар даалинтай хөөргийг авч тамхилсан юм. Тэгтэл Б.Б надад “Би таны хөөргийг чинь авч яваад багштайгаа нэг тамхилчхаад аваад ирье” гэж хэлэхээр нь би тийм боломж байхгүй гэдгийг хэлж, хөөргөө Б.Б-ээс аваад авдар дээр буцаагаад тавьчихсан юм. Тэгээд манай ажлын краны жолооч Пүүжээ надтай уулзъя гэж дуудахаар нь би гэрээсээ гарахад Б.Б гэрт ганцаараа үлдсэн. Би краны жолооч Пүүжээгээс зээлсэн мөнгөө авчхаад гэр рүүгээ ороход Б.Б гэрт байж байсан. Тэгээд араас эхнэр гэрт орж ирэхэд Б.Б гарсан. Тэгээд манай эхнэр дэлгүүр явсан хойгуур нь миний хөөрөг тавьсан газраа байхгүй болохоор эхнэрийг орж ирэхээр нь “Нөгөө Б.Б чинь хөөрөг аваад явчихжээ, хаана байна вэ” гэж асуусан чинь “Надаас сая автобусны мөнгө гээд 20.000 төгрөг аваад явчихлаа, эргээд ирнэ гэж хэлсэн” гэж манай эхнэр хэлэхээр нь ирэх юм болов уу гэж хэд хоног хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаад өргөдөл гаргаж өгсөн юм. ...” /2хх 198/,
гэрч Ц.Ц-ийн: “...Тэгээд Б.Б гэх залуу манай нөхөрт “Би таны хөөргийг чинь авч яваад багштайгаа нэг тамхилчхаад аваад ирье” гэж хэлэхээр нь манай нөхөр тийм боломж байхгүй гэдгийг хэлсэн юм билээ. Тэгээд манай нөхрийг бие засахаар гарахад Б.Б гэрт ганцаараа үлдсэн байсан болохоороо манай нөхрийн мөнгөн нуух, мөнгөн халбагатай, гартаам судалтай, халтар манан хөөргийг даалинтай нь цуг авчихсан юм билээ. Тэгээд намайг гэр рүү орох гээд явж байх үед Б.Б “Таны утас дуугараад байна” гэчихсэн бариад ирэхээр нь утсаа авсан. Тэгтэл Б.Б “1000 доллар солиулчхаад ирье, 1 цаг л болох байх, автобусны мөнгө байвал өгөөч” гэж гуйхаар нь би бэлэн 20.000 төгрөг өгсөн чинь түлхүүрээ хайж байгаад олоод манайхаас явсан. ...Тэгээд манай нөхөр Пүүжээтэй тамхилах гэхэд хөөрөг нь тавьсан газраа байхгүй болсон байсныг мэдсэн юм. Тухайн үедээ цагдаад хандаагүй ба манай нөхөр Б.Б гэж залууг ирнэ гэсэн гэж харсаар байгаад ирэхгүй болохоор нь цагдаад өргөдөл өгсөн. ...” /2хх 201/ гэсэн мэдүүлгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хохирогч Д.Б-ийн эзэмшлийн даваа толгойтой, мөнгөн нуух, мөнгөн халбагатай, гартаам судалтай, халтар манан хөөрөгний үнэлгээг “Дамно” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн ХУ2-21-456 дугаар дүгнэлт /2хх 188-189/-ээр 800.000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд 800.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-ээс гаргуулан хохирогч Д.Б-т олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.
хохирогч Л.Н-ийн: “...2022 оны 4 дүгээр сарын 23-нд “R” гэх амралтын газар найз, хүргэн дүү нарын хамт 17 цагийн үед очсон. Амралтын газрын өрөө авч ороод байж байхад тухайн амралтын ажилтан Б.Б гэх 30 орчим насны залуу манай ачаа тээш, бусад хэрэгтэй зүйлсийг өрөөнд оруулж ирж үйлчилсэн. 20 цагийн үед тухайн амралтын үйлчлэгч залуу өрөөнд орж ирээд ямар нэгэн байдлаар ярианы сэдэв гаргаад юм яриад байсан. ...00:00 цагийн үед О бид хоёр замд ядарсан байсан тул унтахаар орондоо орсон. Бид хоёр унтахдаа өрөөний хаалгыг дотор талаас нь түгжилгүй унтсан. Тэгээд би шөнө 04 цагийн үед сэрээд бие засах гэхэд ширээн дээр тавьсан байсан 3 ширхэг гар утас байхгүй болсон байхаар нь доошоо нэг давхар руу бууж үүдний хэсгийн ажилтантай уулзах гэхэд 2 эрэгтэй хүн үүдний сандал дээр унтаж байхаар нь сэрээгээд утас байхгүй болсон талаар хэлээд хяналтын камер шүүж үзэхэд 01:14 цагт амарч байсан өрөөний хаалгыг манай өрөөнд үйлчилж байсан Б.Б гэх залуу нээж ороод 1 минут орчмын дараа буцаж гарахдаа өрөөний хаалгыг зөөлхөн хаагаад буцаад гарч байгаа дүрс бичлэг үлдсэн байсан. Тэгээд тэр Б.Б гэх залууг хаана байгаа талаар бусад ажилчдаас асуухад байхгүй явчихсан гэж хэлсэн. ...Би өөрийн 3 ширхэг гар утсаа алдсан. “Redmi 9А” загварын цэнхэр өнгийн гар утас, “Samsung Galaxy A50” загварын хар хөх өнгийн гар утас, “Samsung M12” загварын хар хөх өнгийн гар утас, мөн Төрийн банкны цэнхэр өнгийн олон улсын виза карт 1 ширхэг алдагдсан. ...” /1хх 14-16/,
иргэний нэхэмжлэгч Г.О-ын: “....2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 11 цагийн үед “А” нэртэй ломбардад 30 орчим насны эрэгтэй орж ирээд Samsung Galaxy A50”, “Redmi 9А” загварын гар утас барьцаалахаар үзүүлсэн. Тэгээд би тухайн гар утсыг үзэж шалгахад “Redmi 9А” загварын гар утасны кодыг асуухад тухайн эрэгтэй гар утасны кодыг баримтын хуулган дээр зурж үлдээсэн, харин “Samsung Galaxy A50” загварын гар утас нь ямар нэгэн кодгүй байсан. Тэр эрэгтэй надад “Цалингийн зээлээ төлөх гээд мөнгөний хэрэг байна, нэг нь манай эхнэрийн утас байгаа юм. Өмнө нь 2-3 удаа танай ломбардаар үйлчлүүлж байсан, боломжийн үнээр авдаг болохоор дахиад ирж байна” гэж хэлсэн. Би тухайн гар утсыг 500.000 төгрөгөөр үнэлж 7 хоногийн 5 хувийн хүү төлөгдөхөөр бодож барьцаалан авч тухайн эрэгтэйд 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. ... /1хх 20-21/ гэсэн мэдүүлгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
“Дамно” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн БЗД3-22-384 дүгээр дүгнэлт /1хх 33-34/-ээр хохирогч Л.Н-ийн эзэмшлийн “Redmi 9A” загварын гар утасны үнэлгээг 320.000 төгрөгөөр, “Samsung Galaxy A50” загварын гар утасны үнэлгээг 250.000 төгрөгөөр, “Samsung 12” загварын гар утасны үнэлгээг 280.000 төгрөгөөр тогтоосон байх ба үүнээс хохирогч нь “Redmi 9A”, “Samsung Galaxy A50” загварын гар утаснуудыг хүлээн авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 23/-ээр нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирол 280.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Л.Н-д олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.
хохирогч Ц.Ц-ийн: “...2022 оны 4 дүгээр сарын 26-ны өглөө 09:00 цагийн үед би бусад руу 1.900.000 төгрөгийг шилжүүлэх шаардлагатай болох үед миний Голомт банкны дансанд 1.528.000 төгрөг байсан. Энэ талаар Б.Б-д хэлэхэд “Би тэмцээнд ороод түрүүлсэн, 10.000.000 төгрөг шагналын мөнгө ороод ирчихлээ, наад мөнгөө над руу шилжүүлчих, би данснаасаа үлдэгдлийг нь нэмээд шилжүүлнэ” гэж хэлэхээр нь би итгээд өөрийн “Голомт” банкны дансанд байсан 1.528.000 төгрөгийг Б.Б-ийн “Хаан” банкны данс руу интернэт банк ашиглан шилжүүлсэн. Тэгэхэд Б.Б “Гараад явуулъя, би өрөөгөө хүлээлгэж өгөөдөхье, цаанаа байж бай” гэж хэлэхэд нь би бие засах өрөө орчихоод гараад ирэхэд Б.Б шууд гараад явчихсан байсан. Өөр рүү нь утсаар холбогдоход “Би сая гарсан чинь аавтай тааралдчихлаа, хүлээж бай удахгүй буцаагаад шилжүүлье” гэж хэлээд үүнээс хойш миний мөнгийг өгөлгүй алга болсон. ...” гэсэн мэдүүлэг /3хх 89-90/,
"Голомт” банк дахь хохирогч Ц.Ц-ы эзэмшлийн данснаас “Хаан” банк дахь шүүгдэгч Б.Б-ийн эзэмшлийн данс руу 1.528.000 төгрөг шилжүүлсэн баримт /3хх 83/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирол 1.528.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-ээс гаргуулан хохирогч Ц.Ц-д олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оролцогч нарын тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-ийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-ийн хохирогч Б.Х, В.Б, Д.Б, Л.Н, Ц.Т нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Мөн шүүгдэгч Б.Б нь бодит байдал дээр тэмцээний шагналын мөнгө аваагүй атлаа “10.000.000 төгрөг авсан” мэтээр хохирогч Ц.Ц-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнээс 1.528.000 төгрөг шилжүүлэн авч, ашиглан шамшигдуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үздэг.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, уг ялыг нэмж нэгтгэн 3 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруу, тэрээр урьд удаа дараа өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан хувийн байдал зэрэгт тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, хорих ялын дэглэмийг солиулахаар гаргасан шүүгдэгч Б.Б-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод хамааруулж, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах ба гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Б-ийн хөөргийг хулгайлж, бусдад зарж борлуулсан талаар “...Би О-ийн гэрээс явахдаа ээжээс нь 20.000 төгрөг зээлж авсан. Тэр айлын хойморт байрлах шургуулгаас бор өнгийн хөөргийг авсан. Тэдний гэрээс автобусанд сууж Хархорин зах орж, нэрийг нь мэдэхгүй эмэгтэйд 50.000 төгрөгөөр зарсан. ...” гэж /2хх 186/,
хохирогч В.Б-ын эзэмшлийн “iphone 12 pro max” загварын гар утсыг хулгайлж, бусдад зарж борлуулсан талаар “...Машины урд хайрцагт байх “iphone 12 pro max” загварын гар утсыг аваад машины түлхүүрийг өгсөн. Гар утсыг маргааш нь Д-ын 2 давхарт 25-40 насны эхнэр, нөхөр хоёрт 500.000 төгрөгөөр зарсан. Хамт АТМ ороод миний “Хаан” банкны 50хххххххх тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгийг “Ковид” тусаад эмчилгээнд зарцуулсан. ...” гэж /2хх 59-60/ тус тус мэдүүлсэн,
мөн хохирогч Л.Н-ийн эзэмшлийн “Samsung Galaxy A50”, “Redmi 9A” гар утсыг хулгайлж, “А” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалан 500.000 төгрөг авсан нь тус барьцаалан зээлдүүлэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн баримт /1хх 24/-аар тогтоогдож байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.050.000 төгрөгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу гаргуулаагүй орхигдуулжээ.
Давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэж олсон дээрх хэмжээний хөрөнгө, орлогыг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурдав.
Иймд, давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б, иргэний хариуцагч “Г” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Н нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулав.
Мөн шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ