| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
| Хэргийн индекс | 112/2024/0023/З |
| Дугаар | 112/ШШ2024/0032 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 112/ШШ2024/0032
2022 оны 10 сарын 28 өдөр дугаар 112/ШШ2024/0032 Есөнбулаг сум
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би тус аймгийн Есөнбулаг сумын иргэн Ж.Мын нэхэмжлэлтэй, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэжээ.
Нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие Ж.М нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ж багт эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг бөгөөд тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 1999 оноос хойш тасралтгүй 25 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие тус газарт сумын газрын даамлаас албаны дарга хүртэлх ажил албан тушаалд ажиллаж төрийн албаны нэр хүнд, ёс зүйг чанд сахин, аливаа улс төр, ашиг сонирхлоос ангид байж хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байсан билээ.
Гэтэл ээлжит сонгуулийн жил эхэлсэнтэй зэрэгцэн тус газрын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтэн зэрэг 2020 оны сонгуулийн жилээс хойш томилогдсон албан хаагчид илт сонгуулийн судалгаа, сурталчилгаа хийх, өөр аймаг сумдад удаан хугацаагаар ажиллах байдал газар авсан ба энэ талаар шаардлага тавьсан тул миний биеийг ээлжийн амралтаа хуваан эдэлж байх хугацаанд буюу 06 сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлсөн.
2024 оны 01 сарын 10-ны өдрөөс ээлжийн амралт эдлэх мэдэгдэл авсан боловч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Увс аймагт зохион байгуулсан бүсчилсэн сургалтад оролцох шаардлагатай болсон тул хуульд зааснаар хуваан эдлэх амралтын 10 хоног амраад үлдсэн 14 хоногийн амралтаа 05 сарын 20-оос үргэлжлүүлэн амарч байх хугацаанд чөлөөлсөнд гомдолтой байна.
Тус аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоолгохоор хандсан боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 сарын 08-ны өдрийн 112/Ш32024/0097 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтуудын дагуу гомдлоо төрийн албаны төв байгууллагад гаргана гэсэн үндэслэлээр буцаасан ба Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 08 сарын 02-ны өдрийн 03/1681 тоот албаны бичгээр хариуг ирүүлсэн тул уг хууль бус тушаалыг хянан үзэж, хүчингүйд тооцох, ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү.
Тушаалын үндэслэл хэсэгт дурдсан хуулийн зүйл, заалтууд нь тухайн нөхцөл байдалд огт нийцээгүй, тайлбар гаргах болон гомдол шийдвэрлэх дотоод зохион байгуулалтын нэгж ажиллуулаагүй зэрэг нь Төрийн албаны зөвлөлийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмыг илт зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа болно. Тушаалыг гаргахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын цагаар, ажлын байранд ирж ноцтой зөрчил гаргасан тул гэж дурсан ба Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 1.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байсныг онцгойлон анхаарахыг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч Ж.М 2024 оны 10 дугар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хэлсэн хүсэлт болон шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Дээрх шаардлага бүхий нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцсэн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.М дээрх нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа илэрхийлж, хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч Ж.М нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д заасан хориглолтод хамаарахгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт ...нэхэмжлэлээсээ татгалзах ...замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заасан тул нэхэмжлэгч Ж.Моос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ж.Моос тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, тухайн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН