Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/559

 

Т.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/41 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2207 000268 0048 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Т-ийн Б, 1970 оны ... дугаар сарын ...-ны өдөр Увс аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Налайх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ... /;

Т.Б нь 2022 оны ... дугаар сарын ...-ны өдөр Налайх дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... төвийн урдаас тус дүүргийн ... тоот гэртээ хүргүүлэх үедээ хохирогч Г.Г-ын орхиж буусан гар утас, цүнхтэй зөөврийн компьютер, цэнэглэгч зэрэг мартаж буусан эд зүйлийг бусдын өмчлөлийн болохыг мэдсээр байж өөртөө авч, захиран зарцуулж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 4.996.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газар: Т.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Т-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Налайх дүүргийн ... дүгээр хороо, ... тоот оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 сар 20 хоногийн хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-аас 1.471.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Г-д, 1.500.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч О.Ө-д тус тус олгуулж, шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн болон өрөөлийн хүний төлөө болчимгүй зүйл хийж, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хийсэн гэмээ ихээр гэмшиж, сэтгэл санааны гүн хямралд орж, бие маань өвдөж, хэд хэдэн удаа эмнэлэгт хүргэгдэж, элэгний өвчнөө хүндрүүлэн эрүүл мэндээрээ хохирч байна. Би эрүүл мэндийн хувьд тийм ч сайнгүй, элэгний хатуурал минь хавдрын үе шат руу орсон. Сэтгэл санааны гүн хямралаас болоод хэд хэдэн удаа ухаан алдаж унаж, эмнэлэгт хүргэгдэж явсаар одоогоор эмчилгээтэй явж байна. Химийн эмчилгээ 2023 оны 5 дугаар сарын 15-аас эхлэх тул одоогоор урьдчилсан эмчилгээ шинжилгээ хийлгээд, дархлаагаа дэмжээд явж байна. Иймд миний эрүүл мэндийг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах шийдвэрийг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийн минь хувьд элэгний хатууралтай бөгөөд хорт хавдрын үе шат руу орсон. Иймд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхэд саад учирч байна. Анхан шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг тогтоохдоо Налайх дүүрэг дотор хороогоор хязгаарласан байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд эрүүл мэндийн шалтгааны улмаас зайлшгүй Улаанбаатар хотод очиж эмчлүүлэх шаардлагатай байгаа. Т.Б нь ажил хөдөлмөр эрхэлдэг бөгөөд гадаад улс руу явж эмчлүүлэх бүрэн боломжтой. Миний үйлчлүүлэгчийн хувьд хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг. Цалин хөлс нь улирлаар олгогддог. Өөрөөр хэлбэл, хохирол төлбөрийг болон торгох ялыг төлж барагдуулах нөхцөл нь бүрдсэн байгаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан. Иймд үйлчлүүлэгчийн минь эрүүл мэндийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Т.Б нь багш, сурган хүмүүжүүлэгч атлаа үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны явцыг удаашруулсан. Мөн хохирогч Г.Г, иргэний нэхэмжлэгч О.Ө-д хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй. Иймд анхан шатны шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Т.Б нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэн С.Ө-ы тээврийн хэрэгсэлд суун үйлчлүүлэх үедээ хохирогч Г.Г-ын Налайх дүүргийн ... дүгээр хороо, ... тоот гэртээ хүргүүлэхдээ мартан буусан “Iphone 13” загварын гар утас, “Macbook” 12 инчийн зөөврийн компьютер, түүний цүнх, цэнэглэгч зэргийг тус тус  бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшиж, Г.Г-д 4.996.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Г-ын: “...2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Сайн электрониксоос “Iphone 13” загварын гар утсыг 3.899.900 төгрөгийн зээлээр худалдаж авсан. ...Такси барихад 00-00УУУ улсын дугаартай “Toyota Aqua” загварын машинд суугаад Налайх дүүргийн ... дүгээр хороо, ... тоот гэртээ хүрч ирсэн. Гэртээ орж байх үедээ тухайн утас, зөөврийн компьютероо хийсэн байсан цүнхээ тухайн машинд үлдээснээ мэдсэн. ...” /хх 16-18/,

иргэний нэхэмжлэгч О.Ө-ын: “...2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед С гэх охин орж ирээд цоо шинэ, хайрцаг савыг нь дөнгөж задалсан “Iphone 13” загварын гар утсыг 2.000.000 төгрөгийн барьцаанд тавихаар орж ирсэн. ...1.500.000 төгрөгийн барьцаанд тавихаар болсон. Надад “Манай эгч банкны эргэн төлөлт хийх гэж байгаа болохоор гар утсаа түр барьцаанд тавьж байгаа” гэж хэлсэн. Тэр үед надад бэлэн 970.000 төгрөг байсныг өгөөд, дансаар 530.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /хх 22/,

гэрч О.С-ын: “...2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр эмээгээс “Мөнгө байвал өгөөч” гэтэл надад хайрцаг савтай, цоо шинэ “Iphone 13” загварын гар утас гаргаж өгөөд “Энийг ломбардад тавиад, хэрэгтэй мөнгөө авчих” гэж хэлсэн. Тэгээд би гар утсыг нь аваад Налайх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байранд байдаг ломбардад 1.500.000 төгрөгөөр барьцаанд тавиад өөрт хэрэгтэй байсан 700.000 төгрөгийг аваад, үлдсэн 800.000 төгрөгийг эмээд өгсөн. ...” /хх 26/,

гэрч С.Ө-ы: “...Би өөрийн 00-00УУУ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ таксинд явдаг. 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр нэг эмэгтэй Налайх дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар гудамжны ... тоотод хүргүүлсэн. ...Тэгээд би ... дугаар гудамжнаас гараад ... дүгээр хорооны төв засмал зам өгсөөд явж байсан чинь нэг эмэгтэй, нэг охин хоёр гар өргөхөөр нь би тухайн хоёр хүнийг аваад хаяг дээр нь очоод, эхлээд охин нь буугаад хэсэг хугацааны дараа эгч нь буугаад “Хаалгаа хааж чадахгүй байна гэнэ” гээд араас нь гараад тэгээд хоёулаа эргэж суугаад Налайх дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод очиж буусан. ...Тэгээд би буцаад таксины зогсоол ороод явж байсан чинь анх таксины буудлаас суусан охин надтай таараад “Би таны машинд цүнхтэй компьютер, тортой утсаа мартсан байна” гэж хэлсэн. ...” /хх 30/,

шүүгдэгч Т.Б-ийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч мэдүүлсэн: “...Гэм буруу дэрээ маргахгүй байна. ...Такси барих гээд зогсож байхад шар өнгийн такси орж зогссон. Таксинд суухад тухайн эд хөрөнгө байсан. Хүний эд хөрөнгө хувьдаа завшсандаа харамсаж байна. ...” /хх 154-155/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Г.Г-ын гар утас, зөөврийн компьютер, цүнх, цэнэглэгч зэргийн үнэлгээг нийт 4.996.000 төгрөгөөр тогтоосон “Дамно” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №НД-22-117 дугаартай дүгнэлт /хх 38-39/, хохирлын баримт /хх 69-92, 106-108/, хохирогч Г.Г-аас гарган өгсөн “Сайн интернэшнл” ХХК-аас гар утас худалдан авсан бичиг баримтууд /хх 68-85/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Т.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Б-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Шүүгдэгч Т.Б-аас “...Эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр зааснаас анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-д зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэж, түүнд 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Харин, анхан шатны шүүх хуралдаан болсноос хойш шүүгдэгч Т.Б нь хохирогч Г.Г-д гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд 1.480.000 төгрөг төлсөн, мөн тэрээр Улаанбаатар хотод эмчилгээ, сувилгаа хийлгэх шаардлагатай зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхдээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоосныг Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг ...хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь биеэ эмчлүүлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч Улаанбаатар хот руу зорчин явах нь нээлттэй болно.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулахдаа Иргэний хуулийн буруу зүйл, хэсгийг баримталсан байх тул зөвтгөн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/96 дугаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамжаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Т.Б-г шүүхэд шилжүүлсүгэй” хэмээн шүүгдэгчийн холбогдсон хэргийн зүйл, хэсгийг буруу бичиж шүүхэд шилжүүлснийг анхааруулан тэмдэглэж байна.

Иймд, шүүгдэгч Т.Б-ийн “зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солиулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлт оруулав.

Шүүгдэгч Т.Б нь хохирогч Г.Г-д гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд 1.480.000 төгрөг төлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/41 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...шүүгдэгч Т.Б-г Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож...” гэснийг “...шүүгдэгч Т.Б-г Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Т.Б нь хохирогч Г.Г-д гэмт хэрэг үйлдэж учруулсан гэм хорын хохиролд 1.480.000 /нэг сая дөрвөн зуун наян мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.МӨНХӨӨ

                                    ШҮҮГЧ                                                           О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ