Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2024/04985

 

2024 оны 11 сарын 27 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2024/04985

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .......... тоотод оршин суух, А овогтой М-вын А  /РД:......../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ............тоотод оршин суух, Дуут овогтой Б-ын Б  /РД:........../-д холбогдох,

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 5.044.150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.А  нь Б.Б- тэй 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан.Уг гэрээгээр М.А  нь Б.Б-д 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нэг сарын хугацаатайгаар 3.000.000 төгрөгийг, 600.000 төгрөгний хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,1 хувийн алданги алданги тооцохоор зээлдүүлсэн байдаг. Б.Б  нь ямар ч төлөлт хийлгүйгээр, төлнө гэсэн хариу хэлж явсаар уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 3.000.000 алданги 1.500.000, хүү 600.000 нийт 5.100.000 төгрөгийг нэхэмжлэхээр байсан. Гэвч өөрөө төлөхөө илэрхийлсний үндсэн дээр харилцан тохирч 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээгээр 3.300.000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар уг гэрээг хийсэн байдаг.Төлбөр барагдуулах гэрээний 3.2.5 дугаар хэсэгт зааснаар төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги төлөх үүрэгтэй. Ингээд Б.Б нь өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд төлбөрөө төлж барагдуулалгүй явсаар өдийг хүрлээ.Тус гэрээний үүрэгт үндсэн төлөлт 3.300.000 төгрөгийн өнөөдрийг хүртэл хэтэрсэн 349 хоногийн алданги нийт 5.273.500 төгрөг байх ёстойгоос ИХ-ийн 232.4 дүгээр зүйлд Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар үндсэн төлбөрийн 50 хувиар тооцон алдангид 1.650.000 төгрөгийг үндсэн төлбөр 3.300.000 төгрөг, нийт 4.950.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А  гэдэг хүнтэй танилын холбоогүй байж байгаад фэйсбүүкээр надад хүүтэй мөнгө зээлнэ гээд би зөвшөөрч 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдөр 3,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай 20 хоногийн хүү 600,000 төгрөгийн хүүтэй өдөр болгон төлөх буюу өдрийн зээлийг өөрийн бэлдсэн гэрээтэй ирж гаргаж өгсөн. Зээл аваад 2020 оны 07 дугаар сарын 01-нээс хойш графикийн дагуу өдөрт 145,000 төгрөгөөр тооцоод төлж эхэлсэн. Дунд нь алгасаад хамгийн сүүлийн төлөлт 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр дууссан. 2020 оны төлөлт нь энэ оныхоо 9 дүгээр сарын 30-нд төлсөн. 2020 онд нийт 1,957,000 төгрөг төлсөн. 2021 онд 275,000 төгрөг төлсөн. Тэрнээс хойш төлөлт хийгээгүй бэлнээр төлсөн хажууд байгаагүй учраас баримт болгох боломж байдаггүй. Бэлэн мөнгөөр бараа болгон авсан 450,000 төгрөг авсан. Сүүлд хуулийн зөвлөхтэй ирээд төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэв. гэв.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: 2024.06.25-ны өдрийн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,2020.06.29-ний өдрийн зээлийн гэрээ, 2020.06.29-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2020.06.29-ний өдрийн №0000дугаар зээлийн гэрээ, 2018.01.05-ны өдрийн №111:112 Нарантуул олон улсын худалдааны төвд лангуу, өлгүүр, талбай ажиллуулах түрээсийн гэрээ, 2020.06.29-ний өдрийн шилжүүлгийн баримт,2023.03.27-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, 2024.10.04-ний өдрийн итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс: Хариуцагчийн хүсэлтээр Хаан банк ХК-иас баримт гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М. хариуцагч Б.Б-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 5.044.150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.Б  М.А-аас 2020 оны 6 сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөгийг, нэг сарын хугацаатай 600.000 төгрөгийн хүүтэй зээлж авсан, энэ төлбөрөө төлөөд дууссан тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Талуудын хооронд 2020 оны 6 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 3.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 600.000 төгрөгийн хүүтэй байгуулжээ.

 

Мөн 2023 оны 3 сарын 27-ны өдөр 01 тоот төлбөр барагдуулах гэрээ байгуулж, гэрээний үндсэн төлбөр 3.300.000 төгрөгийг 2023 оны 6 сарын 30-ны хүртэл төлөхөөр байгуулсан бөгөөд энэ гэрээ нь 2020 оны 6 сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний харилцааний үргэжлэл гэж шүүх үзэв.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Хэрэгт авагдсан хариуцагч Б.Б-ийн дансны хуулгаар М.Алимаад 2.121.000 төгрөгийг төлсөн, 2023 онд 1.950.000 төгрөгийг төлсөн, хариуцагч нь нэхэмжлэгчид нийт 4.071.000 төгрөг төлсөн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээ нь өмнөх зээлийн гэрээний төлбөр гэх боловч хариуцагч өмнөх зээлийн гэрээний үүргээ биелүүлжээ.

 

Иймд Б.Б-эд холбогдох төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 5.044.150 төгрөг гаргуулах тухай М.Алимаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Ба-эс төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 5.044.150 төгрөг гаргуулах тухай М.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 94.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО