Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/560

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Буянхишиг,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/290 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Буянхишигийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар эсэргүүцэлд үндэслэн Г.Б-д холбогдох 2109 01414 1710 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Я овогт Г-ын Б, 1997 оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, “I” бааранд зохион байгуулагч ажилтай гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн ... сумын ... дүгээр баг, О-д оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, /РД: ... /,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,

Г.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “I” бааранд үйлчлүүлж байсан хохирогч Б.Б-ийн нүүрэн тус газарт гараараа цохиж зодон, биед нь хамар ясны хугарал, шанаа, зулайд зулгаралт, зовхи, хүзүүнд цус хуралт, зовхинд язарсан шарх бүхий гэмтэл үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Я овогт Г-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Б.Б-ийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэрэгт хавсаргасан болохыг дурдаж, шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Буянхишиг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй. Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, зөв тогтоогоогүйн улмаас эрх зүйн алдаатай дүгнэлт хийсэн гэж үзлээ. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэх боломжтой. Шүүгдэгч Г.Б нь хохирогчийн биед гэмтэл хэн учруулсныг мэдэхгүй гэж өөрийн гэм буруугийн талаар маргасан.

Хэрэгт хохирогч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...“I” бааранд орж үйлчлүүлсэн. Үйлчлүүлж байх үед бүжгийн талбай дээр би болон манай найзууд үл таних хүмүүстэй маргалдсан. Энэ үед баарны хамгаалагч бид нарыг хөөж гаргасан. Хөөгдөж гарч байх үедээ нэг том биетэй хамгаалагчид “Яагаад хөөж байгаа юм бэ” гэж хэлэхэд урдаас уурлаж маргаан үүссэн. Ингээд маргаан үүсээд байж байхад тус том биетэй залуу миний нүд рүү цохиж гэмтээсэн. Тэгээд дараа нь хөөж, чирч гаргасан. ...” /хх 22-23/ гэж, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...зодуулсны дараа би тус бааранд очиж хамгаалагчдыг хайсан ба хамгаалагч нь биш зохион байгуулагч нь гэдгийг мэдсэн. ...” гэж, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хоёр найзын хамт “I” бааранд орж үйлчлүүлсэн юм. Бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад танихгүй залуучуудтай маргалдсан. Гэтэл бид нарыг хамгаалагч нар нь учир зүггүй хөөж гаргасан. Бидний буруу биш, тэр маргасан хүмүүсээ хөөж гаргахгүй бид нарыг хөөсөн. Би тэгэхээр нь “Яагаад бид нарыг хөөж байгаа юм, бид буруу юм хийгээгүй, авсан юмаа ууж дуусаагүй байна” гэхэд хамгаалагч нь өөдөөс доромжилсон. Би хамгаалагчтай маргасан. Ингээд маргаж байхад Г.Б болон бусад хамгаалагч нар ирээд биднийг зодож гаргасан. Г.Б миний баруун нүдний зовхи хэсэгт цохисон. ...” гэж мэдүүлснээс үзэхэд тус бааран дотор баарны ажилтан хохирогч Б.Б-ийг хөөж байх явцад тухайн ажилтантай маргаан үүсгэж, энэ цаг хугацаанд нүүрэн тус газартаа цохиулж гэмтэл авсан, гэмт хэргийг Г.Б нь үйлдсэн, гэмт хэрэг хаана гарсан талаар удаа дараа тодорхой, тогтвортой мэдүүлсэн байхад хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн шүүх хохирогчийн бааран дотор Г.Б-д зодуулсан талаар биш, харин баарнаас түлхэгдэж гарсны дараа хамгаалагч нартай маргалдсан талаар мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгийг эргэлзээ төрүүлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Г.Б нь өмнө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлж байсан, шүүгдэгч нь удаа дараа “I” бааранд үйлчлүүлж байсан иргэдийн биед халдаж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан хувийн байдалд дүгнэлт хийгээгүй байна. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон байхад түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулах нөхцөлийг бий болгож байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Г.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд цагаатгах тогтоолыг хүчингүй болгох дараах үндэслэл тогтоогдов.

Прокуророос Г.Б-г 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “I” бааранд үйлчлүүлж байсан Б.Б-ийн нүүрэн тус газарт гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2023/ШЦТ/290 дүгээр тогтоолоор “...хохирогч, гэрч нарын 2021 онд өгсөн мэдүүлгүүдээр Г.Б-г хэн нь ч уг хэрэгт холбоотой гэж заагаагүй, мэдүүлээгүй байсан атал 2022 онд хохирогчийн дахин өгсөн зөрүүтэй мэдүүлгээр Г.Б-г энэ гэмт хэрэгт буруутгах болсон нь эргэлзээтэй, таньж олуулах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, Г.Б гэм буруутай талаар хөдөлбөргүй баримт сэлт, мэдээлэл байхгүй тул хэрэгт буруутгах үндэслэл сул...” гэж дүгнэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан хохирогч Б.Б-ийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гэрчээр өгсөн “...Хамгаалагч залуутай маргалдаж байх үед хамгаалагч залуу миний баруун нүд рүү цохисон. Тэгээд би хамгаалагч залуутай зодоон хийсэн. ...30 орчим насны, 180 см орчим өндөртэй, том биетэй залуу байсан. Дахиж харах юм бол танина. ...” гэх, 

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогчоор өгсөн “...Маргаан үүсээд байж байхад тус том биетэй хамгаалагч миний нүд рүү цохиж гэмтээсэн. Тэгээд дараа нь намайг хөөж, чирч гаргасан. ...И.Ц бид хоёр нэг, нэг цохилцсон зүйл байгаа. Гэхдээ И.Ц надад гэмтэл учруулаагүй. Баарны хамгаалагч гэмтэл учруулсан. Баарны хамгаалагчийг харах юм бол танина. ...” гэх,

2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хохирогчоор өгсөн “...Миний биед учирсан гэмтлийг “i” баарны зохион байгуулагч гэх Г.Б гэх залуу учруулсан. Би нэрийг нь яаж мэдсэн бэ гэвэл зодуулсныхаа дараа “i” баар руу очоод хамгаалагчдыг нь хайсан ба хамгаалагч нь биш зохион байгуулагч Г.Б гэх залуу нь намайг тухайн өдөр үүдний хувцас солих хэсгийн шалан дээр унагаагаад хамар болон нүүр хэсэг рүү гараараа олон удаа цохисон. ...” гэх,

шүүхийн хэлэлцүүлэгт “...Би бүх зүйлийг тодорхой санаж байна. Энэ хүн намайг цохиж гэмтээсэн нь үнэн. ...” гэх хэрэг болох үеийн үйл явдлын талаар болон хэн өөрийг нь цохиж гэмтээсэн, түүнийг таних талаар мэдүүлсэн эх сурвалж бүхий мэдүүлгүүд,

гэрч И.Ц-ын “...Том биетэй, ойролцоогоор 180 см-ээс дээш өндөртэй хамгаалагч манай найз Б.Б-ийг араас нь тэврээд бүжгийн талбайгаас үүд рүү өргөөд аваад гарсан. Тэгэхэд баарны үүдэнд том биетэй хамгаалагч нь Б.Б-ийг түлхээд гадагшаа гаргасан ...Том биетэй хамгаалагч нь Б.Б-ийг цохиход би тухайн хамгаалагчийг цохисон. ...Том биетэй хамгаалагч эхлээд Б.Б-ийг цохисон. ...” гэсэн үйл явдлын талаар мэдүүлсэн удаа дараагийн, агуулгын хувьд ноцтой зөрүүгүй, хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүйгээр бэхжүүлсэн мэдүүлгүүдийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар тодорхой дүгнэхгүйгээр “...хохирогч нь өмнөх мэдүүлэгтээ дурдаагүй зүйлсийг нэг жилийн дараа өгсөн мэдүүлэгтээ дурдсан нь хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх боломжгүй, хохирогчийн хожим 2022 онд дахин өгсөн мэдүүлгээр Г.Б-ийн гэм бурууг нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтооход сөргөөр нөлөөлнө...” хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд зааснаар хохирогч Б.Б-ээр түүнийг цохисон хүнийг таньж олуулах ажиллагаа явуулахад тэрээр өөрийг нь зодсон гэх хүнийг “Тухайн баарны хамгаалагчийн царайг хараад би маш сайн таньж байна” хэмээн Г.Б-г заасан болохыг гэрэл зургаар бэхжүүлэн, тэмдэглэл үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн, нотлох баримтын шаардлагыг хангасан байхад анхан шатны шүүх “хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээлэл” гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн байна.

Анхан шатны шүүхээс Г.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг ханаагүй нь мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүх нь (1) анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, (2) анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, (3) хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргахаар заасан.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах эрх хэмжээг хүчингүй болгож, улмаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчлөх, эсхүл мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, эсхүл нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн алдааг зөвтгөх зорилгоор анхан шатны шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх зохицуулалтыг шинээр хуульчлах үзэл баримтлалын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, шүүхийн шатанд мөрдөн шалгах ажиллагаа явуулах журмыг мөн хуулийн 36.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт шинээр хуульчилсан явдал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл болохгүй.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.

Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан аль нэг үндэслэлээр доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн алдааг зөвтгөж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээнэ.

Иймд, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/290 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Прокурор Ц.Буянхишигийн бичсэн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар эсэргүүцлийг хангасугай.
  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ