Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2024/04926

 

 

 

 

2024 оны 11 сарын 25 өдөр

 

 

 

 

  Дугаар 183/ШШ2024/04926

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .... тоотод байрлах, Б  ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ... байрлах, М  ХХК /РД:00000/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 1.076.988.552 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Б нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б  ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Монгол МЩ ХХК-ийн захиалгаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2-р хороонд баригдах барилгын В1-9 давхар хүртэл нийт 10 давхар барилгын карказ болон бетон цутгалтын ажлыг цогцоор нь гүйцэтгэхээр 2013.05.29-ний өдөр Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу гүйцэтгэгч буюу Б ХХК нь нийт 10 давхар барилгын карказ болон бетон цутгалтын ажлыг гүйцэтгэхээр, захиалагч буюу Монгол М ХХК ажлын хөлсийг гэрээгээр тохиролцсон хэлбэр хугацаанд төлөх, гэрээний нийт ажлын хөлсийг 2.100.000.000 төгрөг байхаар, урьдчилгаа 200.000.000 төгрөг үлдэгдэл төлбөрийг ажлын гүйцэтгэлийн хуваарийн дагуу олгох бөгөөд гүйцэтгэгчийн Худалдаа Хөгжлийн банк дахь төгрөгийн 41100849 тоот дансанд шилжүүлнэ хэмээн харилцан тохиролцсон. Захиалагч урьдчилгаа болон ажлын гүйцэтгэлийн төлбөрөөс 1.950.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 150.000.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. Манай хоёр компани 2015.01.01-ний өдөр, 2015.02.28-ны өдөр тус тус тооцоо нийлж баталгаажуулсан бөгөөд 2015.03.01-ний өдрийн дотор төлөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй. Талуудын хооронд байгуулагдсан Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний 1.5.8-д “Захиалагч төлбөрийн гүйцэтгэлийн хугацааг хожимдуулсан хоног тутамд ажлын үр дүнгийн 0.1 хувиар тооцсон алдангийг гүйцэтгэгч талд төлнө” гэж заасны дагуу 2015.03.01-2023.10.06-ны өдрийг хүртэл хугацаанд 75,000,000 төгрөгийн алданги тооцогдсон. Уг гэрээний дагуу хариуцагч талын төлөх ёстой нийт 225.000.000 төгрөгийн үлдэгдэл төлбөр байна.

Талууд 2014.05.07-ны өдөр Үйлчилгээ, Оффисын барилгын карказ угсралт, бетон цутгалтын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээг байгуулан барилгын 10-12 давхарын карказ болон бетон цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Энэ гэрээний дагуу Б  ХХК нь барилгын карказ болон бетон цутгалтын ажлыг хийж гүйцэтгэх, М ХХК тохиролцсон хэлбэр хугацаанд төлөх, нийт барилгын ажлын талбай 3157 м2 бөгөөд ажлын хөлсийг гэрээгээр нэг м.кв талбайн үнэ 110 ам.доллар хэмээн үнэлж ажлын нийт талбай 3157 м.кв дүнгээр 347.270 ам.доллар байхаар, төлбөрийг ажлын гүйцэтгэлийн хуваарийн дагуу НӨАТ тооцсон дүнгээр олгох бөгөөд гүйцэтгэгчийн Худалдаа Хөгжлийн банк дахь төгрөгийн 0000 дансанд шилжүүлнэ хэмээн харилцан тохиролцсон. Захиалагч ажлын гүйцэтгэлийн хуваарийн дагуу төлөх төлбөрөөс 192.172,81 долларыг төлсөн бөгөөд үлдэгдэл 155.097,19 долларын төлбөр төлөгдөөгүй. Манай хоёр компани энэ талаар  2015.01.01-ний өдөр, 2015.02.28-ны өдөр, 2015.03.01-ний өдөр тус тус тооцоо нийлж баталгаажуулсан бөгөөд захиалагч нь 155.097,19 ам.долларын төлбөрийг төлөөгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2015.05.07-ны өдөр Үйлчилгээ, Оффисын барилгын карказ угсралт, бетон цутгалтын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээний 1.5.7-д Захиалагч төлбөрийн гүйцэтгэлийн хугацааг хожимдуулсан хоног тутамд тухайн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг захиалагч талд төлнө гэж заасны дагуу 2015.03.01-2023.10.06-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 77,548.6 ам.долларын алданги тооцогдоно. Уг гэрээний дагуу нийт 232,645.79 ам.долларын үлдэгдэл төлбөртэй байна.

Нэмэлт ажил. Захиалагчийн хүсэлтээр техникийн давхарт хийгдсэн нэмэлт ажлыг 14.000 ам.доллараар гүйцэтгэхээр амаар харилцан тохиролцон ажлыг бүрэн гүйцэтгэсэн болно. Манай компани болон захиалагч талын хувьцаа эзэмшигч нар нь хоорондоо найз нөхдийн харилцаатай, захиалагч нь төлбөрийг хүлээн зөвшөөрч биелүүлэхээ тухай бүр илэрхийлсээр ирсэн ч тухайн үеийн санхүүгийн хүндрэл зэргээс хамааран тун удахгүй төлнө хэмээн ирсэн ч төлбөрийг өнөөдрийг хүртэл бодитоор төлсөн зүйлгүй бөгөөд манай компанийн зүгээс асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэж эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хариуцагч талаас уг ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцоогүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Талуудын хооронд байгуулагдсан 2013.05.29-ны өдрийн Үйлчилгээ, Оффисын барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 150.000.000 төгрөг, алданги 75.000.000 төгрөг, нийт 225.000.000 төгрөг, 2014.05.07-ны өдрийн Үйлчилгээ, Оффисын барилгын карказ угсралт, бетон цутгалтын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээний төлбөрийн үлдэгдэл 155.097,19 ам.доллар, алданги 77.548,6 ам.доллар, нийт 232.645,79 ам.доллар, нэмэлтээр харилцан тохиролцож гүйцэтгүүлсэн ажлын төлбөр 14.000 ам.долларын төлбөр тус тус төлөгдөөгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2023.10.12-ны өдрийн байдлаар Монголбанкны ам.долларын ханш 3,454.3 төгрөг байна. Иймд хариуцагч талаас гэрээний төлбөрт нийт 1.076.988.552 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:   Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлдээ 2013 оны 05 дугаар сарын 29-ны гэрээний дагуу 1.950.000.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 150.000.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй гэж байна. Тус шаардлага нь Б ХХК, М  ХХК нар 2.100.000.000 төгрөгийн гэрээг зах зээлийн ханшнаас өндөр байсан болохоор талууд харилцан тохиролцоод 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 04/13 дугаартай үйлчилгээ оффисын барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу талууд өөрсдийнхөө үүргийг гүйцэтгэж дууссан. 2013 оны тус гэрээний 1.4,1.5.5-т гэрээний нийт ажлын хөлс нь 1,600,000,000 төгрөг байхаар тус тус заасан байдаг. Манай компанийн зүгээс гэрээний төлбөр болох 1.600.000.000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан. Уг баримт нь талуудын хооронд хийгдсэн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн М  ХХК болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний гүйцэтгэл хийгдсэн санхүүжилтын тооцооноос харах боломжтой. Уг баримт нь хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан. Хоёр дахь нэхэмжлэлийн тухайд 347.279 ам доллар байхаар тохиролцсон. Захиалагч 192.172 ам долларыг төлсөн. Үүнээс 155.098,19 центийг төлөөгүй гэж ярьж байна. Энэ мөнгийг хариуцагч тал бүрэн барагдуулж дууссан. Монгол банкны ханшаар бодвол Б ХХК нь 390.712,63 ам долларыг төлсөн. Нэхэмжлэгч нь захиалагчийн хүсэлтээр техникийн давхарт хийгдсэн нэмэлт ажлыг 14.000 ам доллараар хийж гүйцэтгэхээр амаар харилцан тохиролцсон ажлыг бүрэн гүйцэт хийсэн. Тус гэрээгээр манай компани нь Бат суварга ХХК-тай ямар ажил гүйцэтгэсэн эсэх талаар нотлох баримт бидэнд байхгүй. Мөн нэхэмжлэгч талаас ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Монгол М  ХХК-ийн зүгээс гэрээний төлбөрийг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаварын баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2013.05.29-ний өдрийн Үйлчилгээ, оффисын барилгын каркас угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2014.05.07-ны өдрийн Үйлчилгээ, оффисын барилгын каркас угсралтын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, Монгол микрон кашмер ХХК болон Б  ХХК-ийн хооронд байгуулсан нийт гэрээнүүдийн гүйцэтгэлд хийгдсэн нийт санхүүжилтийн тооцоо, 2023.10.12-ны өдрийн Монгол банкнаас зарлсан ханшийн лавлагаа, 2023.07.18-ны өдрийн Бат суварга ХХК-иас М  ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай, 2023.09.26-ны өдрийн №00000 Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай, 2023.10.11-ний өдрийн итгэмжлэл, 2024.03.01-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,2015.02.28-ны өдрийн М  ХХК-тай 2013 оны 05 сарын 29-ний өдөр байгуулсан барилгын карказ угсралтын ажлын гэрээний санхүүжилтийн дүн, тооцоо нийлсэн акт,2013.01.01-2014.12.31-ний хоорондох дансны хуулга,2015.02.28-ны өдрийн  М ХХК-тай 2014 оны 05 сарын 07-ны өдөр байгуулсан барилгын каркас угсралтын ажлын нэмэлт гэрээний тооцоо,Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, Б  ХХК-ийн 2013 оны 6 сарын  баримт, 2013.06.10-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, 2013 оны Б  ХХК-ийн 7 дугаар сарын худалдан авалтын баримт, 2013.07.20-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан,  Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан,2013 оны Б ХХК-ийн  8 сарын худалдан авалтын баримт, 2013.08.31-ний өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан,  2013 оны Б ХХК-ийн  9 сарын худалдан авалтын баримт, 2013.09.30-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан,  Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, 2013 оны Б ХХК-ийн  10 сарын худалдан авалтын баримт, 2013.10.31-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, 2013 оны Б  ХХК-ийн  11 сарын худалдан авалтын баримт,2023.11.15-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, 2013 оны Б ХХК-ийн  12 сарын худалдан авалтын баримт, 2013.12.10-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, Албан татвар суутган төлөгчийн тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан,2014 оны 4 сарын Б  ХХК-ийн борлуулалтын баримт, 2014 оны 3 сарын худалдан авалтын баримт, 2014.04.30-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан,  нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, 2014 оны 4 сарын Б ХХК-ийн борлуултын баримт, 2014.05.31-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, 2014.6 сарын Б ХХК-ийн борлуулалтын баримт, 2014.06.30-ны өдрийн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, 2014.05.12-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайлан, 2014.06.11-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайлан, 2014 оны 6 сарын Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тайлан,2016.07.22-ны өдрийн 283/2016 дугаар Барилга байгууламжийн ашиглалтад оруулах комиссын акт,Б  ХХК-ийн  2013, 2014 оны санхүүгийн тайлан, зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.12.18-ны өдрийн итгэмжлэл, 2024.03.05-ны өдрийн итгэмжлэл, 2024.03.12-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2013.06.01-ний өдрийн  Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралт, бетон цутгалтын ажил гүйцэтгэх гэрээ,  Барилга хот байгуулалтын тусгай зөвшөөрөл, М  ХХК-ийн үйлчилгээ оффисийн барилга бүтэц, зэргийг баримтын шаардлага хангуулан өгсөн байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б.Х Я.Ц , Ч.Н нарыг гэрчээр асуусан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Б ХХК-иас баримт гаргуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр мэйл хаягт үзлэг хийсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК-иас хариуцагч М ХХК-нд холбогдуулан 1.076.988.552 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тус компаниас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Батсуварга ХХК нь хариуцагч М  ХХК нар 2020 оны 7 сарын 28-ны өдөр М  ХХК болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан нийт гэрээнүүдийн санхүүжилтийн тооцоо үйлдэж, нийт 2.300.000.000 төгрөгийн санхүүжилт хийгдсэн гэж баталгаажуулжээ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч “Б  ХХК нь хариуцагч “М ” ХХК-тай 2013 оны 5 сарын 29-ний өдөр Үйлчилгээ оффисын барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 2-р хороонд баригдах М  ХХК-ийн Үйлчилгээ оффисын барилгын карказ угсралтын болон бетон цутгалтын ажлыг цогцоор нь 2013.06.01-ний өдрөөс 2013.09.15-ны хооронд хийж гүйцэтгэхээр нийт ажлын хөлс 2.100.000.000 төгрөгөөр тохиролцсон.

Уг гэрээний 1.3.2-т Барилга угсралттай холбогдох тэнхлэг хэмжээ тавих, хэмжилт хийх, суурийн болон зоорийн давхрын ус чигний хамгаалалтын ажил, зоорийн давхрыг оруулан нийт 10 давхар барилгын карказ болон бетон цутгалтын ажил тус тус оржээ.

 

Мөн 2014 оны 5 сарын 07-ны өдөр Үйлчилгээ оффисын барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ байгуулж, барилгын 10, 11, 12 дугаар давхарын карказ болон бетон цутгалтын ажлын нийт талбай 3157 м.кв бөгөөд 1 м.кв ажлын хөлс 110 ам доллар байхаар тохирч, ажлыг 2014.05.07-ны өдрөөс 2014.06.01-ний өдөр хүртэлх хугацаанд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Хариуцагч “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шүүх хуралдаанд эхний гэрээгээ 2.100.000.000 төгрөгөөр тохирсон боловч үнээ багасгаж, 1.600.000.000 төгрөгөөр тохирсон гэх бөгөөд талуудын хооронд 2013 оны 6 сарын 01-ний өдөр 04/13 тоот Үйлчилгээ, оффисын барилгын карказ угсралт, бетон цутгалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

 

Б ХХК 2013 оны гэрээний үнийн дүнг 2.100.000.000 төгрөгөөр тохирсон, сүүлд 1.600.000.000 төгрөг гэрээ нь өмнөх гэрээгээ халхавчлах зохилгоор хийсэн гэж маргасан бөгөөд хариуцагч М  ХХК 1.600.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан гэх боловч тайлбарынхаа үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл 2013 онд байгуулагдсан 2.100.000.000 төгрөгийн гэрээний үнийн дүнг бууруулж, 1.600.000.000 төгрөг болгосон гэх боловч өмнөх гэрээнээс татгалзсан, үнийн дүнг бууруулахаар тохирсон баримтууд хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж чадаагүй гэж үзэв.

 

Талууд нийт гэрээний үнийн дүнд 2.300.000.000 төгрөг төлсөн талаар маргаагүй бөгөөд 2013 оны 5 сарын 29-ний өдрийн гэрээний тооцоо нийлэхэд 150.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд барилга хүлээн авсны дараа төлөхөөр тооцооны үлдэгдэлийн баталгаанд тусгасан байна.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог хэлнэ” гэж, мөн 13.5-т “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна” гэж заасны дагуу 2014 оны 01 сарын 01-нээс 2015 оны 01 сарын 01 хүртэл 2.100.000.000 төгрөгийг үлдэгдэл 150.000.000 төгрөгийн тооцоо нийлсэн акт нь анхан шатны баримтад тооцогдоно.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.5.8-д захиалагч төлбөрийн гүйцэтгэлийн хугацааг хожимдуулсан бол 0.1 хувиар алданги тооцохоор тохирсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” зааснаар 2013 оны гэрээний үлдэгдэл 150.000.000 төгрөг, алданги 75.000.000 төгрөг нийт 225.000.000 төгрөгийг хангах үндэслэлтэй байна.

 

Б ХХК, М ХХК нар 2014 оны 5 сарын 07-ны өдөр Үйлчилгээ оффисын барилгын карказ угсралтын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ байгуулж, барилгын 10, 11, 12 дугаар давхарын карказ болон бетон цутгалтын ажлын нийт талбай 3157 м.кв бөгөөд 1 м.кв ажлын хөлс 110 ам доллар байхаар тохирч, ажлыг 2014.05.07-ны өдрөөс 2014.06.01-ний өдөр хүртэлх хугацаанд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

 

Хариуцагч уг гэрээний үнийн дүнг бүрэн төлсөн гэж маргах боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл ам долларын гэрээний тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2014 оны 01 сарын 01-нээс 2015 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл 155.097,19 ам долларын өр төлбөртэй гэжээ.

 

Хариуцагч М  ХХК 2.300.000.000 төгрөгөөр гэрээнүүдийн үнийн дүнг бүрэн төлсөн гэх боловч 2020 оны 7 сарын 28-ны өдрийн үйлдсэн баримт нь санхүүжилтийн тооцоо болохоос тооцоо нийлсэн акт биш юм.

 

Уг санхүүжилтийн тооцооноос үзвэл хариуцагч нь 2014 оны 6 сарын 10-наас хойш гэрээний үнийн дүн төлөөгүй бөгөөд 2014-2015 оны тооцоо нийлсэн актын төлбөр төлсөн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. 

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн зохигчид үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд ийнхүү тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас нөгөө талдаа учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Б” ХХК нь Хан-Уул дүүргийн 2-р хороонд баригдах М ХХК-ийн Үйлчилгээ оффисын барилгын Барилга угсралттай холбогдох тэнхлэг хэмжээ тавих, хэмжилт хийх, суурийн болон зоорийн давхрын ус чигний хамгаалалтын ажил, зоорийн давхрыг оруулан нийт 10 давхар барилгын карказ болон бетон цутгалтын ажил, 10, 11, 12 дугаар давхарын карказ 3157 м.кв бетон цутгалтын ажлыг зохих ёсоор хүлээлгэн өгөх үүргээ биелүүлжээ. Тодруулбал, дээр дурдсан хуулийн 207 дугаар зүйлийн 207.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүрэг гүйцэтгэх газрыг дараахь байдлаар тодорхойлно” гээд 207.1.4-т “бусад бүх үүргийг үүрэг гүйцэтгэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар” гэж тус тус зааснаар үүргээ биелүүлсэн болох нь тухайн барилгыг улсын комисс хүлээн авч, ашиглалт орсон байна.

 

Гэтэл хариуцагч “М ” ХХК нь карказ угсралт, бетон цутгалын ажлыг хүлээн авсан атлаа 2.300.000.000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

М  ХХК 2014 оны 5 сарын 07-ны өдөр ам долларын гэрээ байгуулагдсан энэ талаар маргаагүй бөгөөд 2015 оны 02 сарын 28-ны өдрөөр тооцоо нийлэхэд 155.097,19 ам долларын үлдэгдэлтэй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.5.7-д захиалагч төлбөрийн гүйцэтгэлийн хугацааг хожимдуулсан бол 0.1 хувиар алданги тооцохоор тохисон тул 77.548,6 ам долларын алданги төлөх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцож төлбөрийг төлнө гэсний дагуу 232.645,79 ам долларыг нэхэмжлэл гаргах үе буюу 2023.10.12-ны өдрийн Монгол банкны ханшаар 3.454,39 тооцож нийт 803.648.979,6 төгрөгөөр тооцов.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч М  ХХК-иас 803.648.979,6+225.000.000=1.028.648.979,6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

Б ХХК аман гэрээгээр тохирсон 14.000 ам доллар шаардах боловч зохигчийн нягтлан бодогч нарын хооронд тооцооны тайлбар хэсэгт бичигдснээр 14.000 ам долларыг гаргах боломжгүй үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт зааснаар хариуцагч М  ХХК-иас 1.028.648.979,6 төгрөгийг гаргуулж, Б  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 48.339.573 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.542.930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М  ХХК -иас 5.301.195 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                            Г.СОЛОНГО