Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2024/0788

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И.Л*******, С.Б*******,

Нэхэмжлэгч С.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.А*******,

Нэхэмжлэгч И.Л*******ын өмгөөлөгч: О.Б*******,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алба,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Ч******* нарын хооронд үүссэн газрын эрхийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Л*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнпагма нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч И.Л*******, С.Б******* нар нь Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16******* дугаар газар чөлөөлөх тухай мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус захиргааны актад тооцуулах”-аар маргасан.

2. И.Л*******, С.Б******* нар нь 16******* дугаар газар чөлөөлөх мэдэгдлийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдолд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 06/742 тоот албан бичгээр татгалзсан хариу өгснийг хүлээн авч тус шүүхэд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргаж, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2024/3922 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

3. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

 “Иргэн И.Л*******, С.Б******* нар нь Хан-Уул дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр гараашийг 2012 онд Ц.Д гэхээс худалдан авсан ба харилцан итгэлцлийн үндсэн дээр нэг гараашийг 1.000.000 төгрөгөөр тооцон худалдан авсан бөгөөд тухайн үед худалдан худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй ба харилцан итгэлцлийн хүрээнд худалдан авсан. Тухайн үед Ц.Д нь эзэмших эрхгүй гэгдээд буюу хоёр гараашийг ямар нэгэн бичиг баримтын асуудалгүй зохих зөвшөөрлийн дагуу баригдсан гэж бидэнд итгүүлэн худалдсан юм. Нэхэмжлэгч нар нь Ц.Доос гараашнуудын зохих зөвшөөрлийг шилжүүлж өгөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдөр маргааш гэж явсаар хэл сураггүй болсон ойр дотны хүмүүсээс асуухад Солонгос Улсад ажиллаж амьдарч байгаа тухай сонссон. Нэхэмжлэгч нар нь уг гараашнуудыг 2012 оноос хойш шударгаар эзэмшиж ашиглаж, өнөөдрийг хүрсэн. Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Хан-Уул дүүргийн газар зохин байгуулалтын албаны даргын 16******* дугаар мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч нарыг хууль бусаар газар эзэмшиж ашиглаж байх тул газар чөлөөлж өгөх хугацаатай мэдэгдлийг өгөөд байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох эрх зүйн харилцаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарахаар заасан тул дээр дурдсан захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь илт хууль бус байх тул зөрчигдсөн эрхээ хамгаалахаар шүүхэд хандаж байна

Иймд дээр дурдсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16023 дугаар мэдэгдэх хуудсыг Захиргааны ерөнхий хуулийн  47 дугаар зүйлийн 47.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус захиргааны актад тооцож нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.

4. Нэхэмжлэгч И.Л******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Би энэ гараашийг 2012 онд худалдаж аваад малчны зээл авч төлсөн.” гэв.

5. Нэхэмжлэгч С.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“И.Л*******, С.Б******* нар Хан-Уул дүүргийн 16 хороо 7 дугаар сургуулийн урд байрлах 2 гараашийг Ц.Д гэх этгээдээс харилцан итгэлцлийн хүрээнд худалдан авсан. Тухайн этгээд 2 гараашийг худалдахдаа ямар нэгэн газрын зөрчилгүй, эзэмших эрхийн гэрчилгээтэй ямар нэгэн маргаангүй гэж манай 2 нэхэмжлэгчид итгүүлж 2 гараашийг худалдсан байдаг. Тухайн үед Ц.Доос нэг гараашийг 1 сая төгрөгөөр нийт 2 сая төгрөгөөр худалдаж авсан байдаг. Уг гараашийг 2012 оноос хойш 2024 оны 05 дугаар сар хүртэл эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 16******* дугаартай нэхэмжлэгч нарыг хууль бусаар газар эзэмшиж ашиглаж байгаа тул газар чөлөөлөх тухай мэдэгдлийг ирүүлсэн. Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А******* би Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга н. болон Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.А, Нийслэлийн Засаг дарга Х.Н*******, Монгол Улсын ерөнхий сайд Л.О*******, Газрын эрхийн маргаан зохицуулах комисст тус тус гомдол гаргасан боловч нэхэмжлэгч нарыг тус 2 гараашийг хууль бусаар эзэмшиж, ашигласны дагуу шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 16******* дугаартай газар чөлөөлөх тухай мэдэгдлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 10 зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус захиргааны актад тооцож өгнө үү” гэв.

6. Хариуцагч Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас шүүхэд гаргасан тайлбартаа:

“Тус дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа цогцолбор сургуулийн урд иргэн И.Л*******, С.Б******* нар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэснийг зөрчин газар эзэмших эрхийн гэрчилгээгүй дур мэдэн автомашины гарааш барьсан байна. Тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Захиргааны ерөнхий хуулийн 2 зүйлийн 26.1, нийслэлийн Засаг даргын 2024 оны А/367 дугаар “Хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”, 2024 оны А/46 “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 16*******, 16******* дугаартай мэдэгдэх хуудсыг тухайн гарааш дээр байршуулж нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх хугацаа өгсөн бөгөөд заасан хугацаанд зөрчил арилгаагүй тул 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр албадан чөлөөлөх арга хэмжээг авсан. Дээрх мэдэгдэх хуудасны хариу тайлбарыг 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гомдол гаргах тухай гэж ирүүлсэн. Иймд иргэн И.Л*******, С.Б******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Иргэн И.Л*******, С.Б******* нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Газрын тухай хуульд зааснаар тухайн иргэн төрийн зохих байгууллагад газар эзэмших хүсэлтээ гаргасны үндсэн дээр тухайн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны үндсэн дээр газар эзэмших эрхийг олгоно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчид манай газрын албанд газрыг эзэмшүүлэх тухай хандсан гэдэг боловч манай газрын албанд газрыг эзэмшүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан нь нотлох баримтаар хангагддаггүй. Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрын зөрчил арилгах тухай гаргасан захирамжид нотлох баримтын хавсралтын шаардлагад тусгасан байгаа газарт Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх зөвшөөрөлгүй тоосгон гараашийг буулгах захирамж гарсан. Захирамжийн хүрээнд газрын албанаас шаардах мэдэгдлийг тухайн гарааш дээр нь очиж хуулийн дагуу зохих арга хэмжээг авч хуульд заасан үндэслэлийн дагуу чөлөөлөөгүй учраас албадан чөлөөлөх арга хэмжээг авч ажилласан.

Газрын тухай хуульд зааснаар газрын зөрчлийг арилгах үндсэн дээр газар зохион байгуулалт хийгээд түүний зөрчлийг арилгах талаар ямар нэгэн албан бичгээр гаргахыг хуульд заасан байдаг. Тиймээс илт хууль бус болохыг тогтоолгох тухай гээд байгаа хуулийн зүйл заалтыг эргэн хараасай гэж хүсэж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн байршилд газрын зөрчлийг арилгана. Анхнаасаа ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн нийтийн эзэмшлийн зам талбайд баригдсан гарааш буюу тоосгон байгууламжийг захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулахад энэ нь хууль бус болбол цаашдаа хэрэгжиж буй үйл ажиллагаануудад бүгд холбоотой. Нийслэлийн хэмжээнд явагдаж байгаа үйл ажиллагаа бүгд хууль болох бий гэж эмээж байгаа тул анхааралдаа авч шийдвэр гаргахыг хүсэж байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  2. Маргаан бүхий акт болох Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16******* тоот мэдэгдэх хуудсаар Хан-Уул дүүргийн 1 хороонд байрлах гарааш бүхий газрыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшиж, ашигласан тул тус газрыг чөлөөлөх талаар нэхэмжлэгч нарт мэдэгдсэн байна.
  3. Захиргааны актыг илт хууль бус, хууль зөрчсөн хэмээн ялгамжтай авч үздэг бөгөөд хэн ч харсан илэрхий алдаатай, тухайн актыг гаргах хуулийн ямар ч үндэслэлгүй, эрх зүйн алдаатай тохиолдолд илт хууль бус болохыг тогтоох ба ийм захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг бол хууль зөрчсөн хэдий ч гомдол, нэхэмжлэл гарч шийдвэрлэгдэх хүртэл хүчин төгөлдөр мөрдөх боломжтой актыг хууль зөрчсөнд тооцон хүчингүй болгодог.
  4. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн үндэслэлдээ “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох эрх зүйн харилцаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарахаар заасан тул дээр дурдсан захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7-д заасан үндэслэлүүдээр илт хууль бус” гэж дурдан “Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16******* тоот мэдэгдэх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
  5. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-д “Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасан захиргааны акт нь хэнд чиглэсэн нь тодорхойгүй, хууль зүйн ямар үр дагавар үүсгэж байгаа нь ойлгомжгүйгээс уг актыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсныг ойлгох бөгөөд ийм акт нь гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл, үр дагаваргүй, илт хууль бусад тооцогдоно.
  6. Дээрх хуулийн зохицуулалтын агуулга нь захиргааны байгууллага, албан тушаалтны бүрэн эрх, хүлээх хариуцлагыг тухайн харилцааг зохицуулсан хууль тогтоомжоор тодорхой зааж өгч, өөрт нь хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар гаргасан захиргааны акт нь “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар” харин захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд акт гаргахдаа хуульд заасан эрх хэмжээнээс хэтрүүлэн эсвэл хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан тохиолдолд “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэх нөхцөл бүрдэх бөгөөд уг акт илт хууль бус байх шинжийг агуулсан гэж үзнэ.
  7. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаар иргэн, хуулийн этгээд нь газрыг зөвхөн эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмших бөгөөд ийнхүү эзэмшээгүй тохиолдолд зохих зөвшөөрөлгүй газрыг дур мэдэн эзэмшсэн гэдэгт хамаарахаар байна.
  8. Нэхэмжлэгчээс “Хан-Уул дүүргийн 1 хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр гараашийг 2012 онд Ц.Д гэх иргэнээс худалдан авсан ... уг гараашнуудыг 2012 оноос хойш шударгаар эзэмшиж ашиглаж, өнөөдрийг хүрсэн” гэж тайлбарлах боловч энэ талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхын зэрэгцээ тус газрын төлбөрийг төлж байгаагүй болох нь Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 0 сарын 03-ны өдрийн тоот албан бичгээр тогтоогдож байна.
  9. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нар нь гарааш худалдан авсан боловч түүний доорх газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаагүй тул хариуцагчаас зохих зөвшөөрөлгүйгээр газрыг дур мэдэн эзэмшиж, ашигласан гэх үндэслэлээр газар чөлөөлөхөөр мэдэгдсэн нь илт хууль бус актад хамаарахгүй.
  10. Тодруулбал, Хариуцагч Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэж заасны дагуу газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлэх эрхийг нэгэнт хуулиар олгосон, уг мэдэгдлийг гаргах эрх зүйн үндэслэл байгаа болох нь тогтоогдож байна.
  11.  Харин Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16******* тоот мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч нарыг гарааш бүхий газрыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн эзэмшиж, ашигласан гэж дүгнэн газрыг чөлөөлөх талаар мэдэгдсэн байгаа нь тодорхой бөгөөд бодит байдалд хэрэгжүүлэх боломжтой гэж үзнэ.
  12. Иймд дээр дурдсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16******* дугаар газар чөлөөлөх тухай мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 зүйлийн 106.3.2-т заасны дагуу илт хууль бус захиргааны актад тооцуулах” шаардлага бүхий И.Л*******, С.Б******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Л*******, С.Б******* нараас Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 16******* дугаар газар чөлөөлөх тухай мэдэгдлийг илт хууль бус захиргааны актад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.АДЪЯАСҮРЭН