Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 57

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Номин,

улсын яллагч Ж.Энхжаргал,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ /¹2128/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Д-ийн Д-д холбогдох эрүүгийн 1703000010129 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөх морьт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиарай хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хүүгийн хамт, .................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ж овогт Д-ийн Д /РД:.. /

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 17 цаг 2 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах “М-Плаза” төвийн урд замд “Mitsubishi Pajero” маркийн 73-74 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Сонинцэцэгийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 17 цаг 30 минутын үед Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нэг эмч миний утас руу залгаад “танай ээж осолд орж, яаралтай эмнэлэгт хүрээд ир” гэсэн юм. Тэгээд би 18 цагийн үед Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр яваад очиход эмнэлэг рүү оруулаагүй, шинжилгээ авч байна гээд байсан. Тэгээд уулзуулахгүй байж байгаад 19 цагийн үед ороод ир гэсэн. Тэгээд л орох үед өнгөрсөн юм. ...Гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү..." гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,

2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин өгсөн: “...Оршуулгын зардалд нэлээн мөнгө гарсан, гэхдээ тухайн үед сандраад баримтаа цуглуулж чадаагүй, баримтаар 18.172.984 төгрөг гарсан. Мөргөсөн жолооч талаас нийт 35 сая төгрөг гаргаж өгсөн байгаа. Одоо миний зүгээс мөнгө, төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/.

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1817 дугаартай дүгнэлт: 1.Талийгаачид зүүн талын олон хавирганы хугарал, зүүн уушиг, баруун уушигны доод дэлбэнгийн авчилт, умдаг суудал ясны хоёр талын хугарал, хоёр талын олон уулзахын хугарал, зүүн сарвуу, нүүрний зулгаралт тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь автомашинд мөргөгдөх, шидэгдэх, унах догих үед үүснэ. 3.Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин тогтоогдоогүй. 4.Талийгаач нь цээжний гэмтлийн улмаас уушиг авчин амьсгалын дутагдалаас нас баржээ. 5. Цус нь 3-р бүлэг байна. 6.Нас барах үедээ согтолтгүй байна.” гэжээ /хх-ийн 55-57/.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-52/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12/, Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-16/, Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмгдэглэл /хх-ийн 21/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Н.Гэрэлмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн зардлан баримтууд /хх-ийн 71-76/, шүүгдэгч Д.Дгийн зүгээс хохиролд нийт 35.000.000 төгрөгийг Нянгар овогт Наранбаярын эзэмшлийн 5009297983 тоот дансанд шилжүүлсэн буюу Хаан банкны орлогын мэдүүлэг 3 ширхэг /хх-ийн 78х/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Д.Дг болгоомжгүйгээр автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Гэрэлмаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтэд: “...Дээрхи хэргийг үйлдсэн жолооч болон ар гэрийнхэн нь уучлалт гуйн, ажил явдалтай холбоотой гарсан зардал болон талийгаачийн хойдын буяны ажилд зориулж 35 сая төгрөгийг өгсөн байгаа юм. Хэдийгээр бидний хайрт ээж минь бидэндээ буцаад ирэхгүйгээс хойш гомдол, санал байхгүй, хууль журмынхаа дагуу шийдэж өгөхийг хүсье” гэх тул шүүгдэгч Д.Дг гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролыг төлж барагдуулсан бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Дд ял шийтгэл оногдуулахдаа шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл хэсгээр ял оногдуулж, эдлүүлэхээр тогтоож, анх удаа болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан бодит хохиролыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргийг харгалзан 4 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, шүүхээс оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, оршин суух газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг камерийн бичлэг бүхий СиДи нь хэрэгт чухал ач холбогдол бүхий баримт байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Д.Д-д шүүхээс жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул шийтгэх тогтоолын биелэлтийг хангуулахаар жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Д-ийн Д-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж овогт Дийн Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Д.Дд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.

 

7. Энэ хэрэгт хураагдан ирсэн №568537 дугаартай жолоочийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг биелүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Д.Дд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ