Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/464

 

 

 

 

 

 

   2023            4              27                                          2023/ДШМ/464

 

 

Т.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

хохирогч Д.Т,

шүүгдэгч Т.Э, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/153 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Тн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Т.Эт холбогдох эрүүгийн 2211 02144 0033 дугаар хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

.... овгийн Т Э, .... оны ... дугаар сарын ..-ний өдөр ...... төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хотын .... дүүргийн ..... хороо, ..... гудамжны ..... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, РД:........;

Шүүгдэгч Т.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цагийн үед ..... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “......” барилгын хажуу талын гудамжинд хохирогч Д.Ттай “машин зурлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа цохисноос эрүүл мэндэд нь баруун хөмсөгт няцарсан шарх, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд шарх, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.Эн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө овогт Т Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Эг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Эт оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Эт холбогдох хэргийн шүүх хурал болж, торгуулийн арга хэмжээ авагдаж дууссан байсан тул би өөрөө уг хуралдаанд оролцоогүй, мэдээгүй учраас гомдолтой байна. Надад Т.Э одоогоор 100 төгрөгийн ч хохирол барагдуулаагүй байгаа болно. Эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой.

Би анхан шатны шүүх хуралдаанд оролцсон бол гомдол, саналаа хэлэх байсан. Т.Э нь ялихгүй маргааны улмаас намайг гудамжинд зодож, эрүүл мэндээр хохироосон. Үүнээс болж нүүр хавдаж хавтгай болоод ажлаа хийж чадаагүй, өөрөө унаа тэрэг байхгүй учраас хүн гуйж 10 гаруй хоног эмнэлгээр явсан. Намайг бөгжтэй гараараа 2-3 удаа цохисон. Ийм байхад анхан шатны шүүхээс Т.Эт оногдуулсан ялыг хараад би гомдол гаргасан. Гэмтлийн эмнэлэгт очиж оёдол тавиулсан бөгөөд КТГ шинжилгээний төлбөр 120.000 төгрөгийг Т.Э төлсөн. Өөр зардал, төлбөр надад өгөөгүй. Би хөдөөний хүн учраас нотлох баримтын учрыг сайн ойлгохгүй, олоогүй. Би өөрт учирсан шарх сорвийг эдгээхийн тулд эмчилгээ хийлгэсэн. Энэ мөнгөө гаргуулах хүсэлтэй байна” гэв.

Шүүгдэгч Т.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хохирогчтой утсаар холбогдвол намайг утсаар залгаж дарамтлах, эсхүл өөр зүйл ярьж магадгүй гэж гэр бүлийнхэн маань хэлсэн учраас би түүнтэй хэрэг гарснаас хойш огт холбогдоогүй, гарсан төлбөр тооцоог нь төлж ирсэн. Хэрэг гарсан өдөр би хохирогчид 300.000 төгрөг бэлнээр өгсөн. Сүүлд анхан шатны шүүхээс над руу залгаж “Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учир таны төлөх 450.000 төгрөг хойшилсон. Та давж заалдах шатны шүүх дээр очоорой” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хохирогч руу залгахад учир зүггүй урдаас уурлаж, “Одоо хүрээд ир, уулзъя” гэсэн. Би энэ хэргийг анх үйлдсэн цагаасаа өөрийн гэм бурууг ухамсарлаж мөрдөгч, прокурорт бүх зүйлээ үнэнээр хэлж явсан. Би одоо нялх хүүхэдтэй бөгөөд гэр бүлээсээ хол байх гэж, эсхүл 30 хоног баривчлагдахын тулд худал хэлэхгүй” гэв.

Прокурор О.Нандинцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогчоос дахин мэдүүлэг авсан нь хэргийн 140 дэх талд авагдсан бөгөөд уг мэдүүлэгт “Тухайн үед гарсан эмчилгээний зардал 140.000 төгрөгийг төлсөн” гэсэн. Хохирогч эрүүл мэндийн даатгалын сангаас 349.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсныг шүүгдэгч нөхөн төлсөн. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, түүнийг эмчлэхэд гарсан зардлыг нөхөн төлсөн. Хохирогчоос эрүүл мэндэд учирсан хохирол төлбөр байгаа гэж дахин мэдүүлж байх боловч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад ийм баримт гаргаж өгөөгүй. Мөн дахин зардал гарсан бол энэ талаарх баримтаа давж заалдах гомдолдоо хавсаргаж болох байсан ч өгөөгүй байх тул хэрэгт тогтоогдсон хохирлыг шүүгдэгч нөхөн төлсөн гэж үзнэ. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл журмыг хангасан эсэхийг хянаж шийтгэл оногдуулдаг. Дээрх нөхцөл байдлууд бүгд хангагдсан гэж үзэж байна. тодруулбал, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг баримтын хүрээнд төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэг нь хавтаст хэргийн хүрээнд тогтоогдсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Д.Тн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Т.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цагийн үед ....... дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.........” барилгын хажуу талын гудамжинд хохирогч Д.Ттай “машин зурлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар гараараа цохисноос эрүүл мэндэд нь баруун хөмсөгт няцарсан шарх, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд шарх, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • шүүгдэгч Т.Эн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, би нэг удаа гараараа толгой руу нь цохитол тэр хүний хөмсөгнөөс нь цус гараад байсан. Тэгээд тэр хүн цагдаад дуудлага өгсөн” /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,
  • хохирогч Д.Тн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цагийн орчимд тэргэн дээр усаа тавиад явж байтал замыг машин таглаад тавьсны улмаас хажуугаар нь гарч чадахгүй байхаар нь “машинаа холдуулаач” гэтэл “машин асахгүй байгаа юм” гэхээр нь би хажуугаар нь өнгөртөл машины дугуйг нь зурчих шиг болсон. Тэгтэл тэр залуу уурлаад машин зурлаа гэхээр нь “тэгвэл чи машинаа холдуулчих” гээд маргаан эхэлсэн. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад тэр миний нүүр лүү гараараа 3 удаа цохисон. Маргалдаж байхад байгаагүй, дараа нь өөр хүн ирсэн. Миний баруун хөмсөг сэтэрсэн, ...нийт 240,000 төгрөгийн зардал гарсан, би гаргуулж авмаар байна” /хавтаст хэргийн 12-13 дугаар тал, 15 дугаар тал/ гэсэн мэдүүлгүүд,
  • шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15889 дугаартай “1. Д.Тн биед баруун хөмсөгт няцарсан шарх, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд шарх, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо, 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.

                  Шүүгдэгч Т.Э нь “машин зурлаа” гэх шалтгаанаар хохирогч Д.Ттай маргалдаж, улмаар гараараа цохисноос эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд, шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдэж үйлдсэн байх тул түүний үйлдэл хохирогчид учирсан хөнгөн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс Т.Эг “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасан ба анхан шатны шүүх прокурорын саналын хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Т.Эн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний “... миний бие бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буруугаа ухамсарлан, эмчилгээний зардал болох 349.000 төгрөгийг төрийн сангийн дансанд тушаасан бөгөөд миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан ялын төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулах тухай прокурорын саналын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Эг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцох”-оор тус тус хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар хохирлыг нөхөн төлөх, гэм хорыг арилгах үүрэгтэй.

Хохирогч Д.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед 240.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нь 140.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан /хх 15/, мөн шүүгдэгчийн зүгээс Эрүүл мэндийн даатгалын санд 349.000 /хх 71/ төгрөг төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй, эсхүл 7 хоногийн дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан зарлан явуулж болно.” гэж, мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх хуралдааны товыг  3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.“ гэж тус тус заасан.

Гэтэл хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй болох нь тогтоогдож байх тул хохирогч Д.Тн “...би өөрөө уг хуралдаанд оролцоогүй, мэдээгүй учраас гомдолтой байна...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Гэвч, хохирогч Д.Тг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцох эрхээр хангах зорилгоор шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Эн холбогдсон хэргийг дахин хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хязгаарласан бөгөөд уг хууль 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгджээ.

Иймд хохирогчийн эрхийг хангах үүднээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Д.Т нь шүүгдэгч Т.Эс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй талаар нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                 1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/153 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

                   “Хохирогч Д.Т нь шүүгдэгч Т.Эс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

                 2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Д.Тн шүүгдэгч Т.Эт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                   3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ