| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/01340/И |
| Дугаар | 183/ШШ2024/04804 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2024/04804
2024 оны 11 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2024/04804 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .......тоотод байрлах, Т ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .... тоотод оршин суух, Г.С-д холбогдох
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2.717.942 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Т ХХК 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №0000000 тоот үйлчилгээ үзүүлэх гэрээг N ХХК болон Гарден сити-1 хотхоны СӨХ буюу ашиглалтын өмнөх захиргаатай байгуулсан. Энэ гэрээгээр манай байгууллага нь тус хотхоны орон сууц болон орон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр бохир ус, цахилгаан, ариутгал, хог, лифт болон гаднах харуул хамгаалалт зэрэг үйлчилгээг хариуцах болсоноос гадна Гарден сити-1 СӨХ-ийн үйл ажиллагаа жигдрэх хүртэл хугацаанд орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцахаар болсон бөгөөд ба дээрх үйл үйлчилгээтэй төлбөр, зардлыг орон сууц өмчлөгчдөөс авах төлүүлэн авах эрхийг мөн гэрээгээр бидэнд олгосон. Гарден сити хотхоны 1065 дугаар байрны 505 тоот орон сууцны оршин суугч хариуцагч Г.С нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байр хүлээлгэн өгөх комиссын актаар байрыг хүлээн авсан байдаг. Хариуцагч нь манай компанийн үзүүлсэн үйлчилгээний СӨХ-ны төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн. Бидний зүгээс төлбөрөө төлөхийг сануулж амаар болон бичгээр нэхэмжилж, байсан боловч үр дүнд хүрээгүй болно. Энэхүү хариуцагчаас нэхэмжилж буй СӨХ-ийн төлбөрийг цаг хугацааны байдал үнийн дүнг дараах байдлаар харуулав. 2022 оны 01 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны СӨХ-ны төлбөрт 2.717.942 төгрөг, дээрх орон сууцны оршин суугч Г.С-оос СӨХ-ийн нийт 2.717.942 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Г.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд үндэслэлгүй хэмээн үзэж байна. Манай гэр бүл 2019 оноос одоог хүртэл Гарден Сити Хотхонд оршин сууж байгаа бөгөөд Таван өндөр ХХК гэх байгууллага анх контер буюу ус дулаан хангамжтай холбоотой үйл ажиллагаа эрхэлж гарден сити хотхонд байрладаг байсан бөгөөд албан ёсны нэр нь ашиглалтын өмнөх захиргаа гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Гэвч тус газар оршин суугчдын ямар нэг төлөөлөл шийдвэргүйгээр СӨХ-ны үйл ажиллагаа явуулж байгаа нэрээр конторын төлбөр дээр нэхэмжилж байгаа шалтгааныг оршин суугчид удаа дараа асуухад ямар ч тодорхой хариу тайлбар хэлдэггүй байсан. Тухайн үед оршин суугчид удаа дараа асууж шаардлага хүргүүлдэг байсан ч хүлээж авахгүйн дээр контороос ярьж байна хэмээн удаа холбогдож ус дулааны төлбөр нэхэмжилж байгаа нэрээр дансанд төлбөр хийлгүүлэхээр нэмэлтээр СӨХ-ны төлбөр нэхэмжилсэн байдлаар ирүүлж байсан. Зөвхөн ус дулааны төлбөрөө төлөе, СӨХ гэж нэхэмжилж байгаа төлбөр чинь тайлбар авая гэхэд шаардлага хүлээн авахгүйгээр оршин суугчдын төлсөн төлбөрийн талыг нь СӨХ гээд дур мэдэн хурааж авдаг байсан. Бид дараах шалтгаанаас үүдэн Т ХХК-ны ямар ч зөвшилцөлгүй дураараа нэмэлт төлбөр нэхэмжилж оршин суугчдыг хохироон, контор нэрээр халхавчилж оршин суугчдын эрх ашгийг зөрчсөн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Т ХХК гэж нэхэмжилж байгаа дүн нь зөвхөн конторын ус дулааны төлбөр биш бөгөөд энэ дүнд мөн СӨХ-ны үйл ажиллагаа гэсэн төлбөр байгаа. Т ХХК Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу Гарден Сити хотхоны оршин суугчдын бүх нийтийн хурлаар байгуулагдаагүй. Бидэнтэй ямар нэг СӨХ-тэй холбоотой гэрээ байгуулаагүй. СӨХ хэмээн нэхэмжилж байгаа төлбөрийг оршин суугчдын хурлаар батлаагүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд: 7.2 Дараах асуудлыг зөвхөн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. 7.2.4 удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх гэж заасан байдаг. Гэвч Т ХХК нь ямар ч хурал хийгээгүй байж СӨХ-ны үйл ажиллагаа явуулж буй мэт хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Оршин суугчид эдний хууль бус үйл ажллагааг нь эсэргүүцэж удаа дараа бүх нийтийн хурал хий гэж шаардлага тавьсан ч үл оошоож явсан. Оршин суугчид хууль бус байгуулагдсан, тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй СӨХ-г эсэргүүцэж өөрсдийн санаачлагаар бүх нийтийн хурлаа зарлаж Г СӨХ-ыг албан ёсоор байгуулах хурал конторын Баржмаа гэх хүн тамга тэмдэгээ шилжүүлэхгүй бүх нийтийн ажил хаяж алга болж байсан баримт байдаг. Сууц өмчлөгчдийн холбооны 5.1 Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид холбоо гэх/-ны эрх зүйн байдал нь Иргэний хуулийн 143 дугаар зүйл болон энэ хуулиар тодорхойлогдоно. 5.3 Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулна. 5.4 Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно. 5.5 Холбоо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд банкинд харилцах данстай байна. Гэвч Т ХХК нь бүх нийтийн хуралаар сонгогдоогүй 5.5 зааснаар СӨХ-ын тамга тэмдэг байхгүй, хэвлэмэл хуудас албан бланк байгүй тэр тусмаа банкинд СӨХ-ын харилцах данс байхгүй мөртлөө өөрийн Таван Өндөр ХХК гэсэн конторын дансаар төлбөр авахаар нэхэмжилж хууль бусаар ажилладаг байсан гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.01.15-ны өдрийн Үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2019.01.16-ны өдрийн үйлчилгээ үзүүлэх гэрээний нэмэлт, 2019.09.19-ний өдрийн №0000, 0000, 0000, 0000 дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, 2019.09.15-ны өдрийн 5224 тоот гэрээний дугаартай Т ХХК-ийн 2019-2020 оны дулааны гэрээний хавсралт, 2019 оны Лифтийн техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ, 2019.04.29-ний өдрийн 00000000 Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Т ХХК-ийн зааг эзэмшлийн зураг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.01.31-ний өдрийн Хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ, 2020.01.05-ны өдрийн Т ХХК болон А ХХК нарын хооронд байгуулсан Гэрээт Харуул хамгаалтын ажил гүйцэтгэх гэрээ, 2017.12.27-ны өдрийн Гэрээт харуул хамгаалалтаар хамгаалуулах хамтын гэрээ, 2019.03.01-2024.02.14-н өдрийн харилцагчийн гүйлгээ, 2024.02.14-ний өдрийн итгэмжлэл, 2024.10.14-ний өдрийн итгэмжлэл, Гарден сити хотхоны 2019 оны дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, гарашийн ашиглалтын зардлын задаргаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас баримт шаардсан байна. Б.Г-ийг гэрчээр асуусан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Т ХХК 2022 оны 01 дүгээр сараас 2024 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2.717.942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Г.Со-д холбогдуулан шаарджээ.
Хариуцагч Г.С Та ХХК сууц өмчлөгчийн холбоо байгуулаагүй, хууль бусаар төлбөр шаардаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Т ХХК Г.С-оос 2022 оны 01 сараас 2024 оны 01 сар хүртэл хугацааны СӨХ-ны төлбөр нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн үйлчилгээ үзүүлэх гэрээ, түүний нэмэлт гэрээ, дулааны эрчим хүч худалдах худалдан авах гэрээ, дулааны гэрээний хавсралт, лифтийн техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээнүүд 2019 онд, хог ачиж тээвэрлэх гэрээ, гэрээт харуул хамгаалалтын гэрээнүүд 2020 онд тус тус байгуулагдсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “Г.С-гын СӨХ-ны төлбөр нь 2019-2020 онд үүссэн өр төлбөр” гэж тайлбар гаргасан бөгөөд Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2.717.942 төгрөгийг 2022.01-2024.01 сарын СӨХ төлбөр гэж шаарджээ.
Үүнээс үзэхэд Т ХХК Г.С-гын 2.717.942 төгрөгийн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хэдэн оноос шаардаж байгаа нь тодорхойгүй, Т ХХК-ийн харилцагчийн гүйлгээнээс үзэхэд 2021.01.01-ний өдөр Г.С нь 3.719.314 төгрөгийн үлдэгдэлтэй гэж гарсан бөгөөд 2023.08.11-ний өдөр хариуцагч 3.562.404 төгрөг төлж үлдэгдэл 2.050.655 төгрөг гэжээ. /хх-ийн 26-27 дугаар тал/
Т ХХК-ийн харилцагчийн гүйлгээнээс харахад 2.717.942 төгрөг СӨХ-ны мөнгө үү эсвэл ус дулааны төлбөр эсэх нь тодорхойгүй байна.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоо /цаашид "холбоо" гэх/-г байгуулна гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан 2019 оны 1 сарын 15-ны өдрийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2019 оны 1 сарын 16-ны өдрийн үйлчилгээ үзүүлэх гэрээний нэмэлт-ээс үзэхэд Гарден сити СӨХ байгуулагджээ. /хх-ийн 4-6 дугаар тал/
Үйлчилгээ үзүүлэх 2019.01.15-ны өдрийн гэрээний 6.1-д “гэрээ нь хөрөнгө оруулагч, өмчлөгч болон гэрээт мэргэжлийн байгууллагын эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох ба энэхүү хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн хугацаанд үйлчилнэ” гэжээ.
Хариуцагч Т ХХК-ийг СӨХ-ны үйл ажиллагаа явуулах эрхгүй гэж маргаж байх бөгөөд нэхэмжлэгч Т ХХК, Г СӨХ нарын хооронд байгуулагдсан үйлчилгээ үзүүлэх гэрээнээс үзэхэд Г СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасны дагуу байгуулагдсан эсэх нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд Г.С-ын үүссэн СӨХ-ны өр төлбөр нь 2019 оны 1 сараас 2020 оны 11 сар хүртэл нийт 2.717.942 төгрөг гаргуулна гэж шаардсан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад 2022 оны 1 сараас 2024 оны 1 сар хүртэл СӨХ төлбөр гэж шаардаж байгаа нь ойлгомжгүй байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан бөгөөд Т ХХК-ийн шаардаж байгаа 2.717.942 төгрөг нь юуны төлбөр нь тодорхойгүй, мөн тус СӨХ-ноос эрх шилжүүлж авсан гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчийн Т ХХК-ийг СӨХ-ны үйл ажиллагаа явуулах эрхгүй гэх тайлбарыг үгүйсгэж чадаагүй гэж шүүх үзэв.
Эдгээр үндэслэлээр Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар Г.С-д холбогдох СӨХ-ны төлбөр 2.717.942 төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүх 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 12:00 цагт товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч Г.С-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасны дагуу мэдэгдсэн бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Г.С-ос сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 2.717.942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 58.437 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО