Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 43

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: Ц.Ц 

Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овгийн Ц  овгийн Ц , А овгийн Г Б нарт холбогдох 201703000253 дугаартай  эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Ц.Ц , Г.Б нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий баг, Шар ухаа гэх газраас иргэн Ц.Н  н 5 тооны үхрийг машин механизм хэрэглэн хулгайлж, 3.000.000 /гурван. сая/ төгрөгийн хохирол учруулсан,

 

2017 оны 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий баг, Шар ухаа гэх газраас иргэн Ц.Н  н 4 тооны үхрийг машин механизм хэрэглэн хулгайлж, 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ц.Н  гийн өгсөн: ...2017 оны  04-р сарын 28-наас 29-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн Шар ухаагийн Цагаан хөтөл гэх газраас үхэр сүргээсээ 5-тооны үхрээ бэлчээрээс хулгайд алдсан. 2017 оны 04 сарын 29-ний өглөө 10-н цагийн үед үхрээ бөөгнүүлж тоолтол 5 үхэр дутсан. Тэр даруй 5-н үхрээ үхэр бэлчдэг газраар нь эрж хайсан боловч олдоогүй. Орой харанхуй болтол эрж хайсан. Тэгээд сумын төв рүү хамаатны хүн болох Ч.Саруултуяад утсаар 5-н үхрээ хулгайд алдлаа сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд өг гээд алдсан үхрийнхээ зүсүүдийг бичүүлсэн. Тэгээд 2017 оны  04-р сарын 30-наас 05-р сарын 1-нд шилжих шөнө Шар ухаа гэх газрын Цагаан хөтөл гэх газар байсан үхэр сүргээсээ дахин 4 тооны үхрээ бэлчээрээс хулгайд алдсан. Тэгээд ойр орчмын идээшилж бэлчдэг газраар нь эрэл сурал хийгээд олоогүй. Арай ч дахиж хулгай авчихаагүй байлгүй гэж дотроо бодоод нутгийн олон иргэдээс асууж сурсан Д.Батхуягаас хүртэл асууж сурсан. Миний хувьд алдсан нийт 9 үхрээ сар шахуу эрж хайсан. Өгийнуур сумын төвд хот хооронд явдаг олон жолоочид алдсан үхрийнхээ талаар дуулгасан. Тэгтэл Х.Түвшинжаргал гэх хот хооронд микро автобусаар хүн тээвэрлэдэг жолооч надад намайг Улаанбаатар хотоос ирж явахад Өгийнуур сумын бетонон гүүрэн дээр Хөх өнгийн портер машин хөх өнгийн бүтээлгээр ачсан малаа тойруулж бүтээсэн байсан уг машины номер дугаарыг харах гэтэл бүтээлгэнд дарагдсан байсан. Тэгээд уг машины ойролцоо очтол салхинд бүтээлэг нь хийсэхэд 15-73-АРХ гэсэн дугаар харагдаж халзан үхрийн толгой харагдсан гэж надад хэлсэн. Тэгээд би уг машины дугаарыг Улаанбаатар хотод байдаг хамаатны дүүгээрээ дугаарыг нь шүүлгүүлэхэд Хотонт сумын Улаан чулуут багийн Ц.Ц  гэх хүний эзэмшилд уг машин бүртгэлтэй байсан. Тэгээд нутгийн залуу Х.Түвшинжаргалтай хамт түүний приус маркийн машинтай Хотонт сумын төвөөс Ц.Ц ын гэрийг хүмүүсээс асууж заалгаж аваад очсон. Ц.Ц ын гэрт очтол Хархорин сум явсан байсан. Тэдний гэрийн ойролцоо бэлчиж байсан үхэр дотор миний сүүлд алдсан 4 үхэр амьд зүсээрээ байсан. Түрүүнд нь алдсан 5 үхрээс 1 улаан бяруу маань зүсээрээ тэдний үхэр дотор хамт байсан. Тэр даруй Ц.Ц ын төрсөн дүү гэх Ц.Пүрэвжавыг машиндаа суулгаад Хархорин суманд очиж Ц.Ц той уулзаад миний 2 удаагийн үйлдлээр алдсан 9 үхрээс танай үхэр дотор 5 үхэр нь байна гээд бусад үхрүүд маань хаана байна гэхэд Ц.Ц  ахаа 9 үхрийг чинь би хулгай хийгээд авсан юм. Би төлчий та цаашаа наашаа битгий хэлээрээ удаахгүй төлнө гэж хэлсэн. Энэ үед би чи манай гэр орон мал хаана бэлчдэг талаар мэдэхгүй байж манай нутгаас хэн чамд манай малыг зааж гаргаж өгсөн юм хэл гэхэд Ц.Ц  хэсэг дуугүй зогсоод байхаар нь хамт цагдаа дээр очиж учраа олцгооё гээд машиндаа суулгаж аваад аймгийн Цагдаагийн байцаагч хошууч Чимэддоржид Ц.Ц ыг хүлээлгэж өгсөн. Ц.Ц  өөрийн эзэмшлийн хөх өнгийн 15-73 АРХ гэсэн дугаартай портер машинтайгаа найз Г.Б хамтаар манай малаас хулгай хийснээ шууд хэлсэн. Даваа гүвээ байхгүй цагаан зам бартаа байхгүй ямар ч машин саадгүй очно. Эхний алдсан 5-н үхэр Соёолон гуна улаан зүстэй, хар халтар тугаллах үнээ, улаан дөнжин үнээ, улаан гунажин үнээ, улаан бяруу Сүүлд алдсан 4 үхрийн зүс нь хүрэн халзан шүдлэн гуна, улаан үнээ сувай, улаан гунажин үнээ улаан сарман охин бяруу бүгд буруу чих нь араасаа ганзага имтэй зөв чих нь урдаасаа хөндлөн имтэй. Ц.Ц  миний алдсан 9 үхрээс 5 үхрийг маань зүсээр нь манайд машинаар авчирсан бусад 4 үхрийн оронд улаан тугалтай үнээ, улаан тугалтай үнээ, улаан тугалтай үнээ бүгд ижил зүстэй үнээнүүд өгсөн. Соёолон гуны оронд бие жижигтэй улаан хүрэн зүстэй бяруу, улаан бие жижиг туранхай шүдлэн гуна тус тус хохиролд өгсөн. Миний бие хулгайд алдсан 9 үхрийнхээ төлбөр хохирлыг авсан эрэлд 1 сар орчим авто машин, мотоцикльтой эрлээр олон газраар явсан 500.000 таван зуун мянган төгрөгний шатахуун эрэлд зарцуулсан түүнийгээ төлүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 27-30, 71-73 хуу/

Гэрч Ч.Саруултуяагийн өгсөн: ...2017 оны 04-р сарын 28-ны шөнө 23-н цагийн үед манай нөхөр Ц.Эрдэнэбилэгийн төрсөн дүү Ц.Н   86517060 тоот утсаар над руу “манайх 5 тооны үхрээ бэлчээрээс алдлаа зүсийг нь бичиж аваад хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд өг” гээд алдсан үхрийнхээ зүсийг хэлсэн араасаа ганзага урдаасаа хөндлөн имтэй соёолон, улаан гуна, хар хүрэн үнээ, улаан түнжин үнээ, им нь адилхан улаан гунж, нэг охин бяруу эдгээр малаа бэлчээрээс алдлаа гэж надад утсаар хэлснийг би бичиж авсан. Маргааш нь хэсгийн төлөөлөгчид мэдэгдэхээр иртэл төлөөлөгч байхгүй байсан. Алдагдсан 5 тооны үхрүүдийг би зүс имээр нь мэдэхгүй. Тухайн үед Ц.Н   ах утсаар хэлж бичүүлж байсан. Эднийх хичнээн тооны ямар зүстэй, үхэр малтайг нь би мэдэхгүй. Манайх Ц.Н   ахынд жилдээ цөөхөн очдог...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/

Гэрч Х.Түвшинжаргалын өгсөн: ...Намайг 2017 оны 04-р сарын 29-ны шөнө 02-цагийн орчим Улаанбаатар хотоос сургуулийн насны хүүхдүүдийг Өгийнуур сум руу тээвэрлэн явж байхад Өгийнуур сумын бетонон гүүрний ойролцоо хөх өнгийн портер машин тэвшээ хөх өнгийн бүтээлгээр битүү тойруулж бүтээсэн байдалтай явж байсан. Тухайн үед надад нэг л сэжигтэй санагдаад би уг машины номер дугаарыг харах гэтэл харагдахгүй байсан. Машиныхаа хурдыг жаахан нэмээд уг машинд дөхөж очтол салхинд бүтээлэг нь хийсэж уг машин 15-73 АРХ гэсэн дугаартай болох нь тод харагдсан. Уг машины тэвшин дээрх бүтээлгэн дотроос улаан халзан үхрийн толгой харагдсан. Тэгээд нилээд олон хоногийн дараа би Ц.Н  г үхрээ хулгайд алдсан талаар хүнээс сонсож байсан болохоор Ц.Н  д уг машины өнгө номер дугаарыг би утсаар хэлсэн. 2017 оны  05-р сарын дунд үеэр Ц.Н   намайг хамт Хотонт сум ороод өгөөч нөгөө чиний надад хэлсэн машины дугаарыг шүүлгэж үзтэл Хотонтод оршин суудаг хүний нэр хаяг гарч ирсэн. Хамт яваад ирье гэсэн. Ц.Н   бид хоёр Хотонт сумын төвөөс Ц.Ц ын гэрийн хүмүүсээс сураг гаргаад гэрт нь очсон. Ц.Ц ын дүү гэх Пүрэвжав гэх нэртэй залуу байсан бидний уулзахаар хайж байсан. Ц.Ц  гэртээ байхгүй Хархорин сум орохоор явсан байсан. Ц.Ц ын гэрийн ойролцоо бэлчиж байсан үхэр сүрэг дотор Ц.Н   нь алдсан үхрээ байгаа эсэх талаар үзтэл алдсан үхрээс маань 5 үхэр байна гэж хэлээд Ц.Пүрэвжавыг ахыгаа олж өг гээд хамт машинтай Хархорин сум орж Ц.Ц той уулзаж Н   алдсан үхрийнхээ талаар мөн алдсан үхрээс нь 5 үхрээ тэдний үхэртэй хамт байсан талаар болон машины номер дугаарыг шүүлгэж олсон талаар бүгдийг ярьтал Ц.Ц  ахаа би таны үхрүүдийг хулгай хийсэн үнэн. Та наашаа цаашаа битгий хэлээч гээд гуйж учирлаж байсан. Ц.Н   Ц.Ц  хоёр уулзаж байгаад Архангай аймаг явцгаасан. Харанхуй шөнө дунд байсан болохоор машин дотор хэдүүлээ явж байгаа нь харагдаагүй. Уг машины содон шинж байдлыг би сайн анзаарч хараагүй. Шөнийн 02 цагийн үе байсан болохоор сууж явсан хүүхдүүд маань бүгд унтаж явсан би ганцаараа уг машиныг харсан өөр хүн хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/

Гэрч П.Базаррагчаагийн өгсөн: ...2017 оны хавар, яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Намайг гэртээ байхад Н   ах үхэр алдсан гээд ирж байсан. Манайхаас Н   ахынх ойрхон, саахалт хамрын наана цаана байдаг байсан болохоор үхэр алга, харсан үзсэн зүйл байна уу гэж байсан. Миний мэдсэнээр тус тусдаа 4, 5 үхэр алдсан гэж ойлгосон. Нийтдээ 8-9 үхэр алдсан юм шиг байсан. Бөөндөө алга болоогүй гэсэн. Дараа нь Хотонт сумаас хагас малаа олсон гэж дам яриа сонссон. Н   ахынх олон үхэртэй болохоор яг ямар ямар үхэр алдаж, ямар ямар үхэр олж авсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 81-83 хуу/

Гэрч Н.Бат-Эрдэнийн өгсөн: ...2017 оны 04 дүгээр сарын сүүлээр 05 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Өгийнуур сумын иргэн Саруултуяа гэх хүн цагдаагийн кабон дээр ирээд манай дүү Н  гийн үхрээс 5 тооны үхэр дутсан байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй 3 хоногийн дараа дахиж ирээд манай дүү Н  гийн үхрээс дахиад 4 тооны үхэр дутчихлаа гэж хэлсэн. Надад бүртгэлийн дэвтэр байхгүй. Би тухайн үедээ Өгийнуур суманд ажиллаж байсан компьютер дээрээ бичиж хадгалсан байсан юм. Одоо тэр талаар нарийн сайн санахгүй байна. Эхлээд ирэхдээ 5 үхэр алдлаа, дараа нь 4 үхэр алдсан гэж ирж байсныг нь санаж байна. Харин ямар зүсмийн эм, тамгатай мал байсан талаар сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 хуу/

Гэрч Ө.Мөнх-Эрдэнийн өгсөн: ...Би Бат-Эрдэнийг хэдэн сарын хэдний өдөр шүүхэд явсан талаар мэдэхгүй байна. Саяхан мэдсэн. Хийсэн хэргийн талаар тэр үед би мэдээгүй. Өөрийнхөө үхэрт ямар ч үхэр, мал авчирч нийлүүлээгүй. Болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Б , Ц  2 өмнө нь хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй ааш зан сайтай, яагаад хулгай хийсэн талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 89-91 хуу/

Гэрч Н.Нямдоржийн өгсөн: ...Б , Ц  хоёр 2017 оны 04 сарын сүүл 05 сарын эхээр Өгийнуур сум руу хэдэн удаа ямар ажлаар явсан талаар мэдэхгүй. Харин Б өөрөө аймаг руу үхрийн хэрэгт дуудагдаад байгаа гэж ярьж байсан. Хичнээн тооны үхэр хулгайлсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 92-94 хуу/

Гэрч Ц.Пүрэвжавын өгсөн: ...2017 оны 04 дүгээр сарын сүүлээр Ц  ах, Б 2 хужирт явна гэж яваад 5 тооны үхэр манай үхэрт авч ирж нийлсэн. Ц  ахын үхэр манай үхэртэй хамт байсан. Тухайн 5 тооны үхрийг яг хэдний өдөр авч ирсэн гэдгийг санахгүй байна, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр авч ирсэн байх гэж бодож байна. Эсвэл 4 сарын 30-ны өдөр байж магадгүй, удсан болохоор сайн санахгүй байна. Нэлээн удсаны дараа 5 тооны үхрийн эзэн нь ирэхэд хулгайн үхэр гэж мэдсэн. Тэрнээс өмнө мэдээгүй. Надад хулгайн үхэр гэж Ц  ах хэлээгүй. Харж бай гэсэн болохоос өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Ц  ах 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум явна гэж яваад 29-ний өдөр үдээс хойш гэртээ ирээд, маргааш нь буюу 30-ны өдөр хужирт явсан. Тэгээд нэг хоноод ирсэн... Ц ын ах улаан монголын бяруу, ягаан халзан монголын бяруу, улаан монголын үнээ, ягаан монголын үнээ, хүрэн халзан шүдлэн гуна байсан. Им тэмдгийг нь санахгүй байна. 2 уулаа хулгай хийсэн гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 98-101 хуу/

Ц.Ц ын яллагдагчаар өгсөн: ... 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр малын хужир бэлтгэхээр Архангай аймгийн Хашаат сумын Цайдам багийн нутаг руу өөрийн 15-73 АРХ улсын дугаартай, машинаар өөрийн найз Б хамтаар явсан. Гэтэл бидний очсон газар хужир муу байхаар нь цаашаа хужир ихтэй газар хайгаад явж байтал бүрэнхий болж байхад нэлээн олон тооны үхэр таарахаар нь тэр үхэр дотроос үхэр ачих санааг би гаргаад Б д хэлсэн чинь зөвшөөрсөн. Үхэр хулгайлсан газрын нэрийг мэдэхгүй. Тэгээд өөрийнхөө машинд 5 тооны үхэр ачаад шууд Өгийнуур сумын гүүрээр гарч гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ авчраад өөрийнхөө үхэрт нийлүүлсэн. Манай үхэрт байхад нь бараг 1 сарын дараа эзэн нь гэх хүн ирээд намайг авч дагуулж яваад цагдаад хүргэж өгсөн. Харин дараа нь би хулгай хийсэн 5 тооны үхрээ аваачиж өгөөд, бас 4 тооны үхэр алга болсон гээд төлчихвөл хохирол байхгүй, гомдол саналгүй, хэргээс салгаад өгнө гэхээр нь мөн төлж өгсөн. Нийт 9 тооны үхэр төлж, би 10 тооны үхэр өгсөн. Би 5 тооны үхэр хулгайлсан нь үнэн, харин 4 тооны хулгай хийгээгүй. Хохирол төлөөд өгвөл салгаж өгнө гэхээр нь бүх алдсан гэх үхрийг нь төлж өгсөн. Үнэн хэрэгтээ 9 үхэр хулгай хийгээгүй, 5 үхэр хулгайлж авсан нь үнэн. Мал болгож авах санаатай авсан. Тэгээд зарж үрэлгүй малтайгаа нийлүүлээд байлгаж байсан. Хулгай хийх санааг би гаргасан. Миний өөрийн нэр дээр байгаа. Миний өөрийн машин байгаа юм аа. 5 тооны үхэр хулгайлсан талаар харсан хүн байхгүй. Машин тэрэг таараагүй. Хулгайлаад аваад явж байхыг мэдэх хүн байхгүй, Б бид 2 л мэдэж байгаа. Би улаан халзан монголын охин бяруу, улаан монголын охин бяруу, улаан монголын үнээ, ягаан монголын үнээ, хүрэн эрээн, халзан монголын шүдлэн эр үхэр байсан, имийг нь сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 120-121 хуу/,

Г.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: ...2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын цайдам баг руу хамт хужирт яваад ирье гэж Ц  хэлэхээр нь хамт явсан. Тэгээд хужир авах гэтэл хужир бага байхаар нь хужир хайж явтал нэлээн олон тооны үхэр таарсан чинь Ц  үхэр авчих уу гэхээр нь тэгье гэж хэлээд хамт тэнд байсан үхрүүдийг бөөгнүүлж хашиж байгаад 5 тооны үхэр машиндаа ачаад явсан. Тэгээд ачсан үхрээ Ц ын үхэрт нийлүүлсэн. Гэтэл дараа нь хэсэг хугацааны дараа бараг 1 сар орчим хугацааны дараа цагдаад баригдсан, үхэр ачиж хулгай хийсэн газрын нэрийг мэдэхгүй. Надад нэг хүрэн гунжийг нь өгсөн. Би үхэртээ нийлүүлсэн, бусад 4 тооны үхрийг нь Ц  авсан байсан. Хужир байхгүй байхаар нь малтай болох санаатай хулгай хийсэн. Бид 2 нэг удаа явж 5 тооны үхэр хулгайлсан нь үнэн. Хулгай хийх санааг Ц  гаргасан. Хүрэн халзан шүдлэн үхэр, хүрэн монголын гунаж, улаан монголын гунаж, хүрэн монголын охин бяруу, улаан монголын бяруу зэрэг 5 тооны үхэр хулгайлсан, им тэмдгийг нь санахгүй байна. Өгийнуур сумын нутгаас танил, найз нөхөд байхгүй.  Н  н үхрийг хулгайлахад үхэр байсан нутгаас хамт оролцож гаргаж өгсөн, хулгайлах үхрийг зааж өгсөн хүн байхгүй. Таарахаар нь хулгай хийсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 129-130 хуу/

Автомашинд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17  хуу/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / хх-ийн 18 хуу/

Эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 105, 109 хуу/

Архангайн аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 134, 138 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 136, 139-140 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 133, 136 хуу/

Хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 146-148 хуу/

ХААН банкны орлогын мэдүүлгийн баримт / хх-ийн 209  хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Ц , Г.Б  нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Ц , Г.Б  нар нь бүлэглэн, автомашин хэрэглэн 2017 оны 04 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий баг, Шар ухаа гэх газраас иргэн Ц.Н  н 5 тооны үхэр, 2017 оны 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 01-нд шилжих шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий баг, Шар ухаа гэх газраас иргэн Ц.Н  н 4 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Ц , Г.Б  нар нь мөрдөн байцаалтын үед 9 үхэр хулгайлаагүй 5 тооны үхэр хулгайлсан гэж мэдүүлэг өгсөн боловч шүүх хуралдааны үед өөрсдийн үйлдэл болон прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийн хувьд маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Мөн хохирогч Ц.Н  гийн... Ц.Ц ын гэрт очтол Хархорин сум явсан байсан. Тэдний гэрийн ойролцоо бэлчиж байсан үхэр дотор миний сүүлд алдсан 4 үхэр амьд зүсээрээ байсан. Түрүүнд нь алдсан 5 үхрээс 1 улаан бяруу маань зүсээрээ тэдний үхэр дотор хамт байсан.../хх-ийн 29 хуу/ гэх мэдүүлэг, гэрч Х.Түвшинжаргалын... Ц.Ц той уулзаж Н   алдсан үхрийнхээ талаар мөн алдсан үхрээс нь 5 үхрээ тэдний үхэртэй хамт байсан талаар болон машины номер дугаарыг шүүлгэж олсон талаар 

бүгдийг ярьтал Ц.Ц  ахаа би таны үхрүүдийг хулгай хийсэн үнэн. Та наашаа цаашаа битгий хэлээч гээд гуйж учирлаж байсан.../ хх-ийн 40 хуу/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь бусдын 9 тооны  үхрийг хулгайлсан үйлдэл нь нотлогдож байна гэж үзлээ.  

Шүүгдэгч Ц.Ц , Г.Б  нар нь иргэн Ц.Н  гийн олон тооны малыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийн улмаас 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. 

Шүүгдэгч  Ц.Ц , Г.Б  нар нь иргэн Ц.Н  гийн 9 үхэр буюу олон малыг бүлэглэж, автомашин хэрэглэж хулгайлсан үйлдлийг прокуророос Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ. 

Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болон оногдуулах ялыг...энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж, Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болон оногдуулах ялыг... Бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж заажээ. Үүнээс үзэхэд шүүгдэгч Ц.Ц , Г.Б  нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэхэд тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуулийг хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Ц.Н   нь алдсан 9 тооны үхрийн хохирлоо бүрэн авсан,  алдсан малаа эрж хайсны зардалд зарцуулсан гэх  641.000 төгрөгий нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгчээ.  Тухайн баримтуудаас 574.800 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзсэн бөгөөд үлдэх 66.200 төгрөгийн баримт нь хохирогч Ц.Н  гээс гарсан зардал болох нь нотлогдохгүй байна. Шүүгдэгч Ц.Ц  нь хохирогч Ц.Н  гийн ХААН банкин дахь дансанд 640.000 төгрөг шилжүүлсэн байх тул  шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Ц , Г.Б  нарыг бүлэглэн автомашин хэрэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нар нь нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв. 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 15-73 АРХ улсын дугаартай Хюндай портер маркийн 2.800.000 үнэтэй автомашин нь шүүгдэгч Ц.Ц ын эзэмшилд байдаг болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар / хх-ийн 18 хуу/ тогтоогдож байх тул хурааж улсын орлого болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ц.Ц , Г.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон                                              

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Ц , А овогт Га-н Б нарыг бүлэглэж бусдын олон тооны малыг автомашин хэрэглэж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.    Монгол Улсын Эрүүгийн хуулийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б , Ц.Ц  нарыг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Шүүгдэгч Г.Б , Ц.Ц  нарт оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4.  Шүүгдэгч Ц.Ц , Г.Б  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай. 

5.   Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч  Ц.Ц ын эзэмшлийн 15-73 АРХ улсын дугаартай Хюндай портер маркийн 2.800.000 үнэ бүхий автомашиныг хурааж улсын орлого болгосугай. 

6.   Шүүгдэгч  Ц.Ц ын эзэмшлийн 15-73 АРХ улсын дугаартай Хюндай портер маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

7.   Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч  Ц.Ц , Г.Б нарт оногдуулсан хоёр жил зургаан сарын хорих ялыг тэнсэж, тус тус нэг жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай. 

8.   Шүүгдэгч нарт хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

9. Хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц , Г.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ