Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2024/0774

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н ХХК

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулж ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/234 дугаартай захирамжийн Н ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01116-2023/******* дугаартай гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/234 дугаар захирамжийн Н ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01116-2023/******* дугаар гэрээ-г илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаар маргаж байна.

2. 2019 оны 12 сарын 10-ны өдөр Н ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж, тус дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 6 га газрыг үйлдвэрийн зориулалтаар эзэмших хүсэлт гаргасан байна.

3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/689 дугаар захирамжаар 2019 оны 12 сарын 27-ны өдөр Н ХХК-д Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Сонгинохайрхан уулын зүүн урд 60000 га газрыг үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлсэн.

4. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 12 сарын 27-ны өдрийн А/689 дугаар захирамжийг үндэслэн 01116- дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г 2020 оны 01 сарын 06-ны өдөр Н ХХК, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албатай байгуулж, 0000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

5. Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийг хэрэгжүүлэх талбай, ус дамжуулах шугам хоолойн трассын нөлөөлөлд өртсөнтэй холбоотой 2022 оны 12 сарын 06-ны өдөр нэг талаас нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, нөгөө талаас төслийн нөлөөлөлд өртөж буй хуулийн этгээд болох Н ХХК нар RWP дугаартай Газар чөлөөлөх гэрээг байгуулсан, уг гэрээгээр Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийг хэрэгжүүлэх талбай, ус дамжуулах шугам хоолойн трассын нөлөөлөлд өртсөн гэх үндэслэлээр 59952 м.кв газрын 12583.8 м.кв чөлөөлж нөхөн төлбөрт 1 тэрбум 200 сая төгрөгийг олгосон.

6. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 01 сарын 31-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд Н ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээг өөрчлөх тухай албан бичгийг хүргүүлж,

Улмаар дүүргийн Засаг даргын, 2023 оны 04 сарын 10-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, зургийн хэлбэр өөрчлөх тухай А/234 дугаар захирамжаар Н ХХК-ийн талбайн хэмжээг 35000 га болгож өөрчилж, 01116- дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г талууд 2023 оны 12 сарын 20-ны өдөр байгуулж 0000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

7. Н ХХК-иас 2023 оны 11 сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд ...2020 оноос 2022 онд төлсөн газрын төлбөр болох 207,194,112 төгрөгийг шинээр эзэмших газрын төлбөрт суутган тооцож, 2023 онд төлөх газрын төлбөр болох 138,129,408 төгрөгийг төлөх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх гомдол гаргасан байна.

8. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас Н ХХК-д 2023 оны 11 сарын 22-ний өдөр 20/1640 дугаар ...Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасны дагуу дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно, ...дээрх хуулийн заалтуудын дагуу эзэмшиж буй газрын төлбөрийг гэрээнд заасан хугацааны дагуу бүрэн төлнө үү гэх хариуг хүргүүлсэн байна.

9. 2024 оны 03 сарын 07 өдөр 6202 дугаар Газрын төлбөр тооцоо нийлсэн акт-ыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны төлбөрийн байцаагч С., Н ХХК, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Б.Б нар гарын үсэг зурж, газрын төлбөрийг алданги, торгуулийн хамт /175,979,850 төгрөг/ Улаанбаатар банк 26 тоот дансанд 2024 оны 3 сарын 7-ны дотор багтаан төлөхөөр болжээ.

10. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 06 сарын 19-ны өдрийн албан бичгээр ...2023 оны 04 сарын 20-ны өдөр маргаан бүхий газрын хэмжээ болон дугаар өөрчлөгдөн нэгж талбарын 18 дугаартай 33475 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн байх ба усан сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай байна гэх баримт ирүүлсэн байна.

11. 2024 оны 09 сарын 10-ны өдөр Н ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад, 2024 оны 09 сарын 11-ны өдөр Нийслэлийн Засаг даргад усны онцгой хамгаалалтын бүсэд хог хаягдлыг шатаах байдлаар цахилгаан үйлдвэрлэх зориулалт бүхий барилга байгууламж барих хууль зүйн боломжгүй тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т ...газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан гэж зааснаар газар эзэмших эрхийг дуусгавар болгуулах хүсэлт гаргасан.

12. Үүний хариуд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 1-р албанаас 2024 оны 09 сарын 25-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд танай байгууллагын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх тул танай байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох боломжгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 онд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, 2024 оны гаргасан нэмэгдүүлсэн шаардлагаас бүрэн татгалзсан үед тус хүсэлтийг шийдвэрлэх боломжтой болно гэх хариу хүргүүлсэн.

13. Нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/234 дугаартай захирамжийн Н ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, 55.1.4 дэх хэсэгт захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/234 дүгээр захирамжаар 33475 м.кв газар эзэмших эрхтэй болсон. Тухайн газар нь усан сан бүхий онцгой хамгаалалттай болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа нь нотлох баримтаар нотлогдож байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дах хэсэгт Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэж заасан. Улсын дээд шүүхийн 37 дугаар тогтоолд захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн заалтыг тайлбарласан. Үүнд хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эрх олгогдоогүй байхад тухайн асуудлаар шийдвэр гаргасан, эрх мэдлийг хэтрүүлсэн гэх зэргээр тайлбарласан. Нэхэмжлэгч талаас хуулиар хориглосон усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших эрх олгосон захирамж, гэрээ нь эрх бүхий этгээдийн бүрэн эрхийг хэтрүүлсэн, илт хууль бус гэж үзэж байна.

Нэхэмжлэгч талаас тухайн газрыг усан сан бүхий онцгой хамгаалалттай газар гэж мэдээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн. Хариуцагч талаас төлбөр тогтоосон үндэслэлийг тайлбарлахдаа Газрын тухай хууль, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2021 оны 21/39 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар усны сан онцгой хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж болох учраас газрын төлбөрт тооцогдоно гэсэн агуулгаар тайлбарласан. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журамд онцгой хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулахыг хориглох зохицуулалтыг зааж өгсөн. Үүнд ус хангамжийн эх үүсвэрийн байгууламж барих, ашиглах, гадаргын усыг ус хангамжийн эх үүсвэрт ашиглах тохиолдолд гадаргын усыг цэвэршүүлэх байгууламж барих, нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гольфоос бусад спорт тоглоомын талбай байгуулах, мод бут сөөг тарих, хяналт-шинжилгээний цооног гаргах, хяналт-шинжилгээ явуулах үйл ажиллагааг хориглодог. Нэхэмжлэгч талаас хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар тухайн газрыг эзэмшиж тухайн зориулалтын хүрээнд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл, зардал зэргийг хавтаст хэрэгт хавсаргасан.

Маргаан бүхий газрыг ашиглах боломжгүй гэдгийг газар эзэмших эрх олгогдсоны дараа мэдсэн учраас газрын төлбөр, дуудлага худалдааны анхны үнэ төлөхийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Газрын төлбөр, дуудлага худалдааны анхны үнэ төлөхөөс чөлөөлөгдөх боломжгүй учраас маргаан бүхий акт болон гэрээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Маргаан бүхий акт нь нөгөөтэйгөөр эерэг нөлөөлөл бүхий акт юм. Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдэд хамаарч байна гэж үзэж байна. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас газар эзэмших эрх олгосон захирамж болон түүнд үндэслэж гарсан гэрээ илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

14. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба Н ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 01116- дугаартай гэрээ, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 01116-2023/******* дугаартай гэрээнүүдийг тус хуульд үндэслэж гэрээ байгуулсан. Гэрээ хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн газрын төлбөр бодогдож эхэлсэн гэв.

15. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/234 дугаартай захирамжийг илт хууль бус болгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас олон улсын компанитай Азийн хөгжлийн банктай гэрээ байгуулж, нөхөн олговор авсан учраас талбайн хэмжээг багасгаж, хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга захирамж гаргасан учраас илт хууль бус гэж үзэх боломжгүй байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/689 дугаартай захирамж илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлээ татгалзсан учраас үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг: ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/234 дугаартай захирамжийн Н ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1 Маргаан бүхий захиргааны акт болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ, зориулалт, зургийн хэлбэр өөрчлөх тухай А/234 дугаар захирамжаар хүсэлт гаргасан Н ХХК-д дүүргийн газар эзэмших эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг үндэслэн Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Сонгинохайрхан уулын урд байрлах газарт үйлдвэрийн зориулалтаар олгосон 60000 м.кв газрын хэмжээг хасаж, 35000 м.кв болгон нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

1.2 Нэхэмжлэгчээс уг захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...хуулиар хориглосон усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших эрх олгосон нь эрх бүхий этгээдийн бүрэн эрхийг хэтрүүлсэн, илт хууль бус, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 55.1.4 дэх хэсэгт захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан гэж тодорхойлсныг хариуцагчаас ...тус компаниас гаргасан хүсэлтийг үндэслэн гаргасан захирамж учраас илт хууль бус гэж үзэх боломжгүй... гэж маргав.

1.3 Хариуцагчаас гаргасан маргаан бүхий А/234 дугаар захирамжид Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэсэн.

1.4 Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ, 33.1.2-т энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад...газар эзэмшүүлэх асуудлыг...тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана, 32.3-т ...32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана, 32.3.1-д аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, харьяалал, хаяг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 32.3.2-д тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, 32.3.3-т газар эзэмших зориулалт, хугацаа гэж тус тус заасан байна.

1.5 Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/689 дугаар захирамжаар Н ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Сонгинохайрхан уулын зүүн хойно байрлах газарт 60000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн боловч уг газрын 12583,8 м.кв нь 2022 онд Монголын Мянганы Сорилтын сан-аас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийг хэрэгжүүлэх талбай, ус дамжуулах шугам хоолойн трассын нөлөөлд өртсөн гэж үзэж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хийсэн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн RW дугаар Газар чөлөөлөх гэрээ-ний дагуу 1,200,000.000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийн нөхөн олговрыг нэхэмжлэгчид олгож, улмаар маргаан бүхий захиргааны акт болох 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/234 дугаар захирамжаар талбайн хэмжээг багасгаж 33475 м.кв болгон өөрчилсөн байна.

1.6 Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгч компанийн гаргасан хүсэлт болон түүнд хавсаргаж ирүүлсэн кадастрын зураг, улсын бүртгэлийн гэрчилгээ, хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх 14 МВт хүчин чадалтай цахилгаан станцын товч танилцуулга зэрэг баримтууд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасантай нийцсэн гэж үзэж улмаар уг хүсэлтийн дагуу анх 2019 онд 60000 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн байх ба ийнхүү эзэмшсэнээс хойш 5 жил өнгөрсөн, энэ хугацаанд буюу 2022 онд нэхэмжлэгч нь Монголын Мянганы Сорилтын сан-аас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийг хэрэгжүүлэх талбай, ус дамжуулах шугам хоолойн трассын нөлөөлд өртсөн гэж үзэж 12583,8 м.кв газраа чөлөөлүүлэх хүсэлт гаргасны дагуу мөн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/234 дугаар захирамжаар талбайн хэмжээг өөрчилсөн, энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагын гаргасан акт хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

1.7 Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани нь тухайн газрын хууль ёсны эзэмшигч болсноос хойш 5 жилийн хугацаанд зохих ёсоор эзэмшин, улмаар газрын тодорхой хэсгийг төрд эргүүлэн өгч 1 тэрбум 200 сая төгрөгийн нөхөх олговрыг авах байдлаар үр шимийг хүртсэн атлаа үүнээс 2 жилийн дараа анхнаасаа манай компанид уг газрыг олгох ёсгүй байсан гэх үндэслэл дурдан маргаж байгаа нь хууль бус, энэ тохиолдолд нэхэмжлэгчид хууль ёсны эрх сэргэх асуудал яригдахааргүй байна.

1.8 Түүнчлэн нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 33.6-д зааснаар усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших эрх олгосон нь эрх бүхий этгээдийн бүрэн эрхийг хэтрүүлсэн, илт хууль бус, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж маргасан боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрх анх хүсэхдээ ирүүлсэн газрын кадастрын зураглалаар тухайн газар нь усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс-д хамаарч байсан, энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу хийгдсэн ажиллагаа болохын хувьд хариуцагч бүрэн эрхээ хэтрүүлсэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх хуулийн үндэслэлд хамаарахгүй.

1.9 Нөгөө талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад ...усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс гэдгийг бид сая мэдсэн, өмнө нь мэдээгүй гэж тайлбарласан боловч Н******* ХХК-ийн 2019 онд боловсруулсан Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх 14 МВт хүчин чадалтай цахилгаан станцын товч танилцуулга-д ...төслийн байрлал нь Туул голоос 300 м орчим зайтай байрлах ба үйлдвэрийн байрны ойролцоо хөргөлтийн зориулалтаар голын усыг ашиглахад тохиромжтой,...хог хаягдлыг голын ус руу оруулахгүй байхаар зохион байгуулалтыг хийх болно... гэж тус тус дурдсанаас үзвэл анхнаасаа уг төслийг Туул голыг түшиглэх байдлаар төлөвлөсөн, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар бодит үнэнд нийцэхгүй байна.

1.10 Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж, 48 дугаар зүйлийн 48.3-т Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж, 48.2.1-д хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан, 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, 48.2.3-т захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, 48.2.5-д нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж тус тус заасан.

Дээрх хуулиудын заалт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/234 дугаар захирамж нь нэхэмжлэгчид эрх олгосон, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх бөгөөд тухайн захиргааны акт гарснаас хойш хуульд заасан хүчингүй болгох хугацаа өнгөрсөн, хуулийн 48.2.1-48.2.5-д заасан тохиолдлуудад хамаарахгүй, нөгөө талаар нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол уг захиргааны актын улмаас хөндөгдөх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хоёр. ...Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01116-2023/******* дугаартай гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/234 дугаар захирамжийг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01116-2023/******* дугаар гэрээг нэг талаас Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, нөгөө талаас Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Э нар байгуулсан байна.

2.2 Нэхэмжлэгчээс уг гэрээг илт хууль бус болохыг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан, гэрээ нь эрх бүхий этгээдийн бүрэн эрхийг хэтрүүлсэн, илт хууль бус... гэж тодорхойлсныг хариуцагчаас ... Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг үндэслэж гэрээ байгуулсан гэж эс зөвшөөрч маргав.

2.3 Газрын тухай хуулийн 23.3-т Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна, 23.3.7-д эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулна, 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж, Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна, 55.1.1-д захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, 55.1.4-т захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан гэж тус тус заасан.

2.4 Дээрхи хуулийн заалтуудаас үзвэл хариуцагч газрын алба нь өөрт хуулиар олгосон эрх хэмжээнд нийцүүлэн Дүүргийн засаг даргаас гаргасан хуулийн хүчин төгөлдөр 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/234 дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгч компанитай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ нь хууль зүйн үндэслэлтэй, Захиргааны ерөнхий хуулийн 55.1.1 болон 55.1.4-т заасныг зөрчөөгүй байх тул тухайн гэрээг илт хууль бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

2.5 Тодруулбал, шүүхийн энэ шийдвэрээр тухайн гэрээг байгуулах үндэслэл болсон дүүргийн Засаг даргын захирамжийг хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэсэн тул уг шийдвэрийг үндэслэн байгуулсан гэрээ нь мөн хууль зүйн үндэслэлтэй, гэрээний нэг тал болох Н******* ХХК-ийг төлөөлж эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал Ц.Э гарын үсэг зурсан нь нэхэмжлэгч гэрээг анхнаасаа хүлээн зөвшөөрч байгуулсан гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч Н ХХК-иас гаргасан ...Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01116-2023/******* дугаар гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгох зүйтэй.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд хандаж ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/689 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01116- дугаар гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны төлбөрийн даалгавар, 2021 оны 121030*******, 121030*******, 121030*******, 121030*******, 121030*******, 121030*******, 121030, 121030, 2022 оны 122020*******, 12209000, 12209000, 12209000 дугаартай газрын төлбөрийн нэхэмжлэхүүд, 2023 оны газрын төлбөрийн нэхэмжлэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзах хүсэлт ирүүлсэн.

3.1 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...-ээр тус тус заасан.

3.2 Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн татгалзал нь хуульд нийцсэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр олгосон итгэмжлэлээр Ж.Дд нэхэмжлэлээсээ татгалзах эрх олгосон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Ж.Д нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.7, 32 дугаар зүйлийн 32.1, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н ХХК-иас гаргасан ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/234 дугаартай захирамжийн Н ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01116-2023/******* дугаартай гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дгээс 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан ...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/689 дугаар захирамжийн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албатай байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01116- дугаар гэрээг илт хууль бус болохыг тогтоолгох, 2020 оны төлбөрийн даалгавар, 2021 оны 121030*******, 121030*******, 121030*******, 121030*******, 121030*******, 121030*******, 121030, 121030, 2022 оны 122020*******, 12209000, 12209000, 12209000 дугаартай газрын төлбөрийн нэхэмжлэхүүд, 2023 оны газрын төлбөрийн нэхэмжлэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 282,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН