Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2023/ДШМ/476

 

 

 

 

   2023            5              4                                            2023/ДШМ/476

 

 

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Л.Төгсжаргал,

шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Ш.Мягмарцэрэн

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/215 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Ад холбогдох эрүүгийн 2110 00883 0544 дугаар хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Б А, .... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны .... тоотод оршин суудаг,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төлж барагдуулсан, /РД: ....../,

Шүүгдэгч Б.А нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....." ХХК-д нягтлангаар ажиллаж байхдаа хохирогч Б.Ос “тендерт оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, итгэл үнэмшил төрүүлэн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд нийт 29,962,000 төгрөгийг авч залилсан,

мөн шүүгдэгч Б.А нь “Тогтвортой амьжиргаа-3 төслийн сангаас орон нутгийн гүний худгийн насос худалдан авах ажлын сонгон шалгаруулалтад хамтран оролцоно" гэж хохирогч Г.Эыг хуурч, тендерийн дэнчинд мөнгө байршуулах шаардлагатай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бэлнээр 11,000,000 төгрөгийг авч, улмаар 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Г.Эс ....... дүүргийн .... дугаар хороо, .... байрны .... тоот гэрээсээ шилжүүлсэн 13,950,000 төгрөгийг авч, нийт 24,950,000 төгрөгийг залилсан, нийт 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж нийт 54,912,000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогт Бийн Аг зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Аг 02 (хоёр) жил, 6 (зургаа) хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдах гомдолдоо: “Б.А миний бие 2023 оны 03 дугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2110 0088 3544 дугаартай эрүүгийн хэрэгт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлэн хоригдож байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

2021 оны 1 дүгээр сард иргэн Б.Ос авсан 29.962.000 төгрөг, 2021 оны 2 сард иргэн Г.Эс авсан 24.950.000 төгрөг нийт 2 хүний 54.912.000 төгрөгийг хууран хууран мэхэлж авч хохироосон гэмт хэрэгтээ туйлын их харамсаж, гэм буруугаа ухамсарлаж, дахин ийм үйлдэл хийхгүй, үнэнч шударгаар хөдөлмөрлөж амьдрахаа амлаж байна.

Иргэн Б.О, Г.Э нарт учруулсан хохирол болох 54.912.000 төгрөгийг төлөхийн тулд бага насны 2 хүүхдээ өндөр настай ээжээрээ харуулж 3 өөр байгууллагад зэрэг ажиллаж, өглөө 9 цагаас 21 цаг хүртэл хөдөлмөрлөж, 2 хүүхэд, ар гэр, хөгшин настай ээжийгээ харж хамгаалах цаг хугацаа байгаагүй, өөрийн бүх л хүч бололцоогоо дайчлан ажиллаж байсан.

Одоо дахин үргэлжлүүлэн хоригдож, үр хүүхэд өндөр настай ээжийгээ зовоож байгаадаа үнэхээр их харамсаж байна.

4 настай хэнз охин минь шөнө унтахгүй, мээмээ нэхэж уйлж, хөгшин ээж минь охины минь хажууд суугаагаараа унтаж шөнийн урт хоногуудыг өнгөрөөж байна.

15 настай өсвөр насандаа яваа том хүү маань сэтгэл санаа нь хямран хичээлдээ явахгүй, харж хандах хүнгүй ээжийг минь давхар давхар зовоож байна.

Ээж минь нүдний 2 хагалгаанд орсон бөгөөд нүдний даралт нь ихсэж биеийн байдал доройтож сэтгэлээр маш их унаж уйлж байна.

Би бага насны охин, өсвөр насны хүүгээ настай ээжээрээ харуулан энд хоригдож байгаа нь үр хүүхдийн минь сэтгэл санаа, хүмүүжилд асар их хор хөнөөлтэй байгаа гэж бодохоор шөнөдөө ч унтаж чадахгүй, унтах ч эрх алга байна. Иймд:

  1. Бага насны охин, өсвөр насны хүү.
  2. Өндөр настай ээж.
  3. Төлбөр төлсөн байдал.

Өрх толгойлсон зэргийг минь харгалзан үзэж надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна” гэжээ.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч нь .... дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.....” ХХК-д нягтлангаар ажиллаж байхдаа хохирогч Б.Ос “тендерт оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, итгэл үнэмшил төрүүлэн 2021 оны 01-р сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд нийт 29,962,000 төгрөгийг авч залилсан, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн сангаас орон нутгийн гүний насос худалдан авах ажлын сонгон шалгаруулалтад хамтран оролцоно гэж хохирогч Г.Эг хуурч, тендерийн дэнчинд мөнгө байршуулах шаардлагатай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдөр бэлнээр 11,000,000 төгрөгийг авч, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Г.Эс ....... дүүргийн ... дугаар хороо .... байрны ... тоот гэрээсээ шилжүүлсэн 13,950,000 төгрөгийг авч нийт 24,950,000 төгрөгийг залилсан, нийт 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж бусдад нийт 54,912,000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс авч хэлэлцээд 2023 оны 03-р сарын 31-ны өдрийн 2023/ШЦТ/215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар гэм буруутайд тооцон 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн болно.

Өмгөөлөгчийн зүгээс дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5-р зүйлийн 1.1-т заасан үндэслэл:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсгийн 2 буюу Эрүүгийн хариуцлага “Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэмжээ, хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, прокурор, өмгөөлөгч нарын гаргасан санал дүгнэлтийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил, 6 сарын хорих ялаар шийтгэж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ” гэжээ.

 Өмгөөлөгч миний зүгээс шүүхийн энэхүү дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7-р зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан өмгөөлөгчийн саналыг хэрэглэхгүй байх нотлох баримтыг заах шаардлагыг тус тус хангаагүй байна гэж үзэж байна.

Зүй нь шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцчихоод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2-т зааснаар ял оногдуулаад байгаа нь ойлгомжгүй байхаас гадна ял шийтгэлийг оногдуулахдаа өмгөөлөгчийн торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг няцаах үндэслэлээ заагаагүй байж “өмгөөлөгч нарын санал дүгнэлтийг харгалзан” гэж дүгнэсэн нь хэргийн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлсөн байдал, 3-14 насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй зэрэг хувийн байдлыг харгалзахгүйгээр хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Хэдий Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-р зүйлийн 2.2-т заасан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагыг энэ зүйлд заасан торгох болон хорих ялын аль нэгийг оногдуулах нь шүүхээс олгосон эрх хэмжээний асуудал ч гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-р зүйлийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулаад байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 5.1-р зүйлүүдэд тус тус заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.

Миний үйлчлүүлэгч нь хэдий буруу хэрэг хийсэн ч гэсэн энэ үйлдэлдээ гэмшин харамсаж, хохирол төлбөрөө төлсөн, дахин гэмт хэрэг үйлдэхгүйгээр 3 ажил давхар эрхэлж, үр хүүхдээ тэжээхээс гадна өр төлбөрөө барагдуулсаар өдийг хүртэл дахин гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй нь хавтаст хэрэгт авагдсан /хх-42-108/, шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог.

Иймээс дээрх үндэслэлүүд байх тул хүнлэг энэрэнгүй зарчмыг баримтлан өрх толгойлсон хөгшин ээж, 2 хүүхдээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа гэмшин ухаарсан, хохирогчид хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 31-ний өдрийн 215 тоот Шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 17.3-р зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан эрүүгийн 2110008830544 дугаартай хэрэгт шүүгдэгч Б.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн боловч гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хор уршиг арилсан, мөн ЭХЕА-ийн 6.5-р зүйлд заасан хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг үндэслэн хуульд заасан ялыг сонгон хэрэглэж хорих ялыг торгох ялаар сольж, үүрэг хүлээлгэж хөнгөрүүлэн шийдвэрлэх хуулийн бүрэн боломжтой байна гэж үзэж шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгчийн зүгээс хүсэлтийн шинж чанартайгаар уг гомдлыг гаргаж байна Үүнд:

Шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа мөрдөн байцаалтын эхнээс хүлээн зөвшөөрч гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, хохирогч Б.Оын нэхэмжилсэн хохирол төлбөр 29.962.000 /хорин есөн сая есөн зуун жаран хоёр мянга/ төгрөгийг, хохирогч Г.Эын нэхэмжилсэн 24 950 000 /хорин дөрвөн сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг нийт өөрийн учруулсан хохирол 54 912 000 /тавин дөрвөн сая есөн зуун арван хоёр мянга/ төгрөгийг шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан бөгөөд ял оногдуулахад зайлшгүй харгалзан үзвэл зохих, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрэн хангасан болно.

Б.А нь өндөр настай ээж болон бага насны 2 хүүхдийн хамт өрх толгойлон амьдарч, ажил хөдөлмөр хийж тэднийгээ тэжээн тэтгэдэг ганц хүн нь бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг гүнээ ухамсарлан ойлгож, маш их гэмшиж байгаа, цаашид дахин гэмт хэрэг зөрчил үйлдэхгүй байхаа батлан илэрхийлж байгаа, хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд торгуулийг төлж барагдуулах бүрэн боломжтой болно.

Хэдийгээр төрийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээд ял шийтгэл хүлээх нь гарцаагүй боловч дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Ад ЭХХШТХ-ийн 1.15-р зүйлийн 2-т заасныг үндэслэн мөн хуулийн 39.9-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зөвхөн ял шийтгэлийн хувьд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж:

ЭХЕА-ийн 5.3-р зүйлийн 1,4,5 дахь заалт, 6.5-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.5 дахь заалтад заасныг тус тус журамлан, ЭХТА-ийн 17.3-р зүйлийн 2.2-т заасан 10 000 / арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, торгох ялыг биелүүлэх боломжит хугацаа тогтоож үүрэг хүлээлгэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэх боломжтой байна өмгөөлөгчийн хүсэлт гаргаж буйг хүлээн авч шүүгдэгч Б.Ад анхан шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлэн торгох ялаар сольж магадлан шийдвэрлэж өгнө үү.

Анхан шатны шүүх ялын  төрлөөс хорих ялыг сонгож хэрэглэж байгаа үндэслэлдээ “2020 оны шийтгэх тогтоолыг үндэслэж залилах гэмт хэргийг давтан үйлдсэн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулсан” гэж бичсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлд ял хүндрүүлэх нөхцөл байдлыг заасан. Гэтэл дээрх үндэслэл энэ зүйл, ангид байхгүй. Анхан шатны шүүх ялын төрлийг сонгон хэрэглэхдээ хуульд нийцсэн заалтыг хэрэглэвэл илүү бодитой шийдвэр болох байсан харагдаж байна. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал, үйлдэгдсэн хэргийг авч үзвэл өмнө үйлдсэн гэмт хэрэгтэй нэгтгэж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан 2 хэргийг тус тусад нь шийдвэрлэсэн харагддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарсан тохиолдолд сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл миний үйлчлүүлэгчийг давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд сонгох ялын хамгийн хүнд хэсгийг хэрэглэж байгаа нь эргэлзээ үүсгэсэн. Өөрөөр хэлбэл, 2020 оны шийтгэх тогтоолоор гэм буруутайн тогтоогдсон байхад давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь хуульд заагдаагүй нөхцөл байдал байна уу гэсэн санаа. 2020 оны шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг биелүүлсэн эсэхийг дахин шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзэх ёстой. Шүүгдэгч нь 10.000.000 төгрөгийн торгох ялаа төлж барагдуулсан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгаснаар гэмт хэргийн хор уршиг арилна.” гэжээ.

Прокурор Л.Төгсжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгчид 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, урьд шүүгдэгч нь 2020 онд энэ зүйл ангиар гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгэгдсэн нь дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хүндрүүлэх нөхцөл. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзана” гэж заасан. Энэ үүднээс шүүгдэгчид өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан ял нь цээрлэл болоогүй гэж үзсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар Б.Агийн үйлдлүүдийг нэгтгэж шийдвэрлэх боломжтой байсан гэж хэлж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр 2020 оны 4 сард гарсан. Харин шүүгдэгч нь одоогийн хэлэлцэгдэж байгаа хэргээ 2021 оны 1 дүгээр сарын 15, 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрүүдэд үйлдсэн. Шүүгдэгч нь өмнөх хэргээ шүүхээр шийдэгдсэний дараа дахин гэмт хэрэг үйлдсэн. Энэ нь шүүгдэгчийн нийгэмд учруулж байгаа аюулын хэр хэмжээг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулах үндэслэл юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.А нь ....... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....... " ХХК-д нягтлангаар ажиллаж байхдаа хохирогч Б.Ооос “тендерт оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, итгэл үнэмшил төрүүлэн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд нийт 29,962,000 төгрөгийг авч залилсан, мөн “Тогтвортой амьжиргаа-3 төслийн сангаас орон нутгийн гүний худгийн насос худалдан авах ажлын сонгон шалгаруулалтад хамтран оролцоно" гэж хохирогч Г.Эыг хуурч, тендерийн дэнчинд мөнгө байршуулах шаардлагатай гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бэлнээр 11,000,000 төгрөгийг авч, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Г.Эс ....... дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоот гэрээсээ шилжүүлсэн 13,950,000 төгрөгийг авч, нийт 24,950,000 төгрөгийг залилсан, нийт 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилж нийт 54,912,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын эхээр Зангиа.мн сайтад “нягтлан бодогч ажилд авна” гэсэн зар байрлуулсан. Тэгтэл өөрийгөө А гэх эмэгтэй ирж уулзаад “танайд ажилд орох гэсэн юм” гэхээр нь туршилтын хугацаа 2 сараар ажиллуулж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилд авах тушаал гаргаад ажиллаж байсан чинь А “миний найз хятад компанид ажиллаж байгаа, 450 ширхэг автомашины дугуй, ажлын хувцас, ор дэрний цагаан хэрэглэл авах гэж байгаа юм байна, компаниас үнийн санал аваад энэ компанид нийлүүлнэ гэвэл манай компани орж болно” гээд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр .......... ХХК-д үнийн санал тавьсан чинь “10 хувийн барьцаа байршуул” гэж байна гэж хэлэхээр нь “тэр нь ямар учиртай юм бэ” гэж асуусан чинь “70 хувийн гэрээ байгуулсанд нь шууд өгнө, компанийн санхүүгийн баталгааг харж байгаа” юм гэж хэлсэн.

...2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд 99091342 дугаараас залгаад “та нар ямар учраас ..... ХХК-ийг асуусан бэ” гэхээр нь “та А гэх хүнийг таних уу” гээд асуусан чинь “А гэдэг чинь манай 10 жилийн ангийн охин яасан юм” бол гэхээр нь би болсон үйл явдлыг хэлсэн чинь “өмнө нь бас А манай компанийн нэрийг бариад бас хүн залилж байсан, А манайд хамаагүй гэж хэлсэн...” (1хх 18-20) гэсэн,

Гэрч Б.Он мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...... ХХК-ийн захирал Б.О утсаар яриад Б.Ад бэлэн мөнгө өгөх зөвшөөрөл өгч, би Б.Ад байгууллагын кассаас бэлнээр 24.500.000 төгрөгийг гаргаж өгсөн. Тухайн үед Б.А хэлэхдээ “өмнө ажиллаж байсан ....... ХХК-аас 6 нэр төрлийн барааны тендер зарласан байна, үүнд манай байгууллагын шалгуур тэнцэж байгаа учраас урьдчилгаанд байршуулах 10 хувь болох 44,693,000 төгрөгийг байршуулах хэрэгтэй” гэж хэлсэн. Тухайн үед манай байгууллагын кассад бэлнээр 24,500,000 төгрөг байсан.

 ...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.А нь манай байгууллагын өмнөөс тендер рүү оруулсан ээжийнхээ мөнгийг яаралтай гаргуулан авах хэрэгтэй байна гэсэн. Тухайн үед манай байгууллагын кассад бэлэн мөнгө байгаагүй учраас.......” ХХК-ийн кассаас 3,000,000 төгрөг, 2,462,000 төгрөгийг, нийт 5.462.000 төгрөгийг Б.Аийн данс руу шилжүүлсэн. Энэ мөнгийг “......” ХХК-ийн захирал Б.О “.....” ХХК-ийн захирал Бт хэлж “..........” ХХК-ийн кассаас уг мөнгийг гаргасан...” (1хх 33-34) гэсэн,

шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...”.......” ХХК-нд хувцас нийлүүлэх ажлын барьцаанд өгөхөөр 30.142.000 төгрөг авсан. Тэгээд уг ажил бүтээгүй 1 сарын хугацаа өнгөрсөн чинь намайг ажил дээр байхад цагдаад гомдол гаргаж өгсөн. Би 1 сарын хугацаанд ажлаа хөөцөлдөж хүмүүстэй уулзсан. Тухайн хүмүүсийг хэлмээргүй байна. Ажил бүтэхгүй болохоор нь мөнгийг нь буцааж өгнө гэж хэлж байсан. Тэгээд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гомдол гаргаж өгсөн. ...”........” ХХК-аас авсан мөнгө хүмүүст ажлаа бүтээх гэж өгөөд, хоолонд ороод, ашгаасаа уг барьцаанд өгсөн мөнгийг өгнө гэж бодсон боловч ажил бүтээгүй юм. Тэгээд буцааж мөнгө авах гэсэн боловч ковид гээд хөл хорионд ороод авч чадаагүй. Мөнгө авсан нь үнэн мөнгийг нь буцааж өгнө.” (1хх 40) гэсэн мэдүүлгүүд,

“.......” ХХК-аас “........” ХХК-д хандаж явуулсан албан бичиг, итгэмжлэл (1хх 12-13),

“...........” ХХК-ийг хохирогч Б.О төлөөлөх эрхтэйг нотолсон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1хх 43),

Б.г “........“ ХХК-ийн ерөнхий нягтлангаар томилсон захирлын тушаал, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ (1хх 46, 51-56),

“.......” ХХК-аас Б.Ад нийт 29,962,000 төгрөг өгснийг нотолсон баримтууд (1хх 47-49)

Шүүгдэгч Б.Агийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (1хх 66-73, 77-78),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх 79), шийтгэх тогтоолын хуулбар (1хх 82-98),

Хохирогч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын сүүлээр Б.А надад “ойр дотнын компани байна уу, худаг усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байна уу” гэсэн. Тэгэхээр нь би “ямар учиртай юм бэ” гэсэн чинь А “манай найз сангийн яаманд ажилладаг юм, сангийн яаманд төслийн нэгжийн газарт ажилладаг О гэж хүн хариуцаж байгаа, сонгон шалгаруулалтад оролцох боломжтой компани байна уу” гэхээр би “ямар шаардлага тавьж байгаа юм” гэсэн чинь А “гүний худгийн насос нийлүүлж байсан, санхүүгийн ямар нэг асуудалгүй, татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр дээр маргаан байхгүй, ажлын түүхтэй компани орно. Шалгаруулалтад ороход дэнчингийн мөнгө нь санал болгож байгаа мөнгөн дүнгийн 10 хувийг байршуулна” гэсэн. Тэгсэн А намайг тухайн үед “өөрөө орооч” гэж байсан, судлаад үзэхэд гайгүй боломжийн байхаар нь би орохоор болсон. Би тендерт орохоор болсон боловч миний мөнгө хүрэхгүй, боломжгүй болчхоод болъё гэсэн чинь А “хамтарч оръё, дутуу мөнгийг нь би гаргая” гэсэн. Эхний ээлжид 29.800.000 төгрөг хэрэг болсон. Надад ийм боломж байхгүй байна гэсэн чинь А намайг 14.900.000 төгрөгийг гаргачих, үлдсэн мөнгийг нь А дүүгээсээ гаргаж авах гэж байна гэсэн. Би өөрийн дүү болон найз нараасаа мөнгө авч 14.300.000 төгрөг болгож 2021 оны 02 дугаар сарын 09-ний үед Агийн данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлж үлдсэн 11 сая төгрөгийг Ад бэлнээр өгсөн. Үүний дараа А хугацаандаа амжлаа материалаа өгчихлөө, одоо хүлээх үлдлээ гэсэн. “Дүүгээс 15 сая төгрөг ирсэн нийлүүлээд 29.800.000 төгрөг болгож байршуулаад материалаа битүүмжлээд оруулаад өгчихлөө гэж хэлсэн. Үүнээс хойш Өвөрхангай, Архангай аймагт нэмэлтээр худалдан авалт хийх гээд байна, тоо ширхэг нь нэмэгдсэн энэ ажилд оролцох боломж юу байна. 5.800.000 төгрөгийн дэнчин байршуулах юм байна. Миний 15 сая төгрөг чиний компанийн нэрээр байршуулсан болохоор надаас айлтгүй хоёулаа оръё, нэмэлт ажлын гүйцэтгэлээр оръё” гэхээр за тэгье гэсэн чинь А надад үнийн санал өгөөч гэхээр нь би дахин материал бүрдүүлж өгөөд 5.000.000 төгрөгийг Агийн данс руу шилжүүлсэн. Дараа нь А манай том охин Солонгос улсад сурдаг, сургалтын төлбөр гээд асуудал ихтэй байдаг юм. Хэрэв энэ ажил бүтэх юм бол хамтарч ажлаа хийж дуусгаж ашгаа 50 хувиар авъя. Би хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийх зорилготой гэж хэлж байсан. А “хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байна 15 сая вон буюу 30 орчим сая төгрөгийн асуудал байна, найздаа мөнгөний тусламж үзүүлээч, миний 15 сая төгрөг чамд байгаа ш дээ айлтгүй, эрсдэл байхгүй ш дээ” гэсэн. Тэгэхээр нь нэлээн олон удаа асууж байгаад дүүгээс ирсэн мөнгөнөөс цувуулаад Агийн данс руу цагаан сарын үеэр нийт 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Би Ад нийт 24.950.000 төгрөгийг өгчхөөд байгаа юм. 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр болж хорио тавиад энэ ажлаа хөөцөлдөж эхэлсэн. Тэгэхэд сангийн яамны хэлтсийн дарга гэх хүн утсаар хорио цээр гээд хойшилсон гэсэн тайлбарыг өгч байсан. Тэгэхээр нь би энэ ажлыг авахгүй дэнчин барьцаанд өгсөн мөнгөө авъя гэж Ад хэлсэн. А тэгсэн чинь Төрийн сангаас миний хувийн компанийн данс руу мөнгө шилжүүлнэ гэхээр нь би гайхаад гэрээ хийгдээгүй, ямар ч тодорхой нэхэмжлэл байхгүй, ямар учиртай мөнгийг шилжүүлж байгаа юм бэ гэсэн чинь дэнчингийн мөнгийг шилжүүлж байгаа гэсэн боловч мөнгө орж ирээгүй. Ад “ямар хүмүүстэй уулзаад байгаа юм, тэр хүнтэй уулзъя” гэсэн чинь А намайг бүтэн нэг өдөр талбай дээр хүлээлгэж өөрөө бас ирээд “нөгөө хүн ундны цагийн үеэр ирье гэж байна” гээд хүлээсэн боловч ирээгүй. Үүний дараа би Ааас мөнгө авъя гэсэн чинь 2021 оны 04 дүгээр сарын 10- ны өдөр гэхэд 10 сая төгрөг, 05 дугаар сарын 01-ний өдөр гэхэд 10 сая төгрөг үлдсэн мөнгийг удахгүй өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Нэг удаа А 3,500,000 төгрөгийг над руу шилжүүлсэн. Уг мөнгийг тухайн мөнгөний хүүдээ тооцож аваарай гэсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр буюу 16-ны өдөр утсаар яриад энэ 7 хоногт би чамд 10 сая төгрөг өгнө, ер нь миний ажил гайгүй бүтэмжтэй болж байгаа гэж хэлсэн боловч одоо хүртэл өгөөгүй. Маш яаралтай Агаас мөнгө гаргуулж авах хүсэлтэй байна...” (1хх 181-183) гэсэн,

шүүгдэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...2021 оны 01 дүгээр сард “.........” ХХК-д нягтлангаар ажилд орсон. Г.Э тухайн компанид ажилдаг байсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын үед надад мөнгөний хэрэг гараад Г.Эс хүүтэй мөнгө 1 сарын хугацаатай 25 сая төгрөг олж өгөөч гэсэн Г.Э хүнээс асууя гэсэн, дараа нь “мөнгө олчихлоо, сарын 2 хувийн хүүтэй мөнгө олчихлоо” гээд надад цувуулаад нийт 24.900.000 төгрөгийг өөрийн Капитрон банкны ......... дугаарын дансаар шилжүүлж өгсөн. Тэгээд би 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Г.Эд үндсэн зээл болон хүүгийн мөнгө гэж 3.900.000 төгрөгийг Г.Эын данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш мөнгө төлөлт хийж чадаагүй. Тухайн үед Г.Э надад 02 дугаар сарын 27-ны өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл өгсөн 3.900.000 төгрөгөөс 1.500.000 төгрөг нь хүү, 2.400.000 төгрөгийг үндсэн зээлд тооцож авлаа шүү гэсэн. Тэгээд 04 дүгээр сарын 05-ны өдөр “.....” ХХК цагдаад гомдол гаргаж өгсөн. Тэгсэн үүнээс хойш би Эд мөнгө өгч чадахгүй болсон чинь Эд өөр зүйл яриад энэ компанид чамаас удаан ажилласан, би машинаа барьцаанд тавьж мөнгө өгсөн, чамаас нийлээд хүүтэй мөнгө нэхэмжилнэ гэж хэлж, мессеж бичиж байсан. Сүүлд 6 дугаар сарын 15-ны өдөр яриад мөнгө төгрөгийг чинь өгнө гэсэн чинь Э “эртхэн хэлэхгүй яасан юм би цагдаад гомдол гаргасан байгаа” гэсэн. Үүнээс хойш би утсаар яриагүй. ...Г.Этой хамтарч ажиллах төсөл хөтөлбөрийн дэнчингийн мөнгө төгрөг гэж аваагүй. ...Би Эс хүүтэй мөнгө зээлсэн, ямар нэг байдлаар хамтарч ажиллах талаар ярьж байгаагүй. ...Г.Эс авсан мөнгийг өөрийнхөө өрөндөө өгсөн. Тийм учраас би сарын хугацаатай зээлсэн. Тухайн үед Эд би өрөндөө өгөх гэж байгаа талаар хэлж байсан. Одоо би Эд 21.000.000 төгрөгийг өгнө. ...дансанд байгаа мөнгөө надад 2 хувийн хүүтэй өгвөл ашигтай юм байна гэж хэлж байсан...” (1хх 193) гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Г.Эс шүүгдэгч Б.А руу мөнгө шилжүүлсэн талаарх баримтууд (1хх 156-160)

шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тогтоолын хуулбар 1 хуудас, шүүгдэгч өөрийн хувийн байдлыг тодорхойлсон гэрлэлтийн лавлагаа, гэрлэлт дуусгавар болсон лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг 5 хуудас баримт,

хохирогч Г.Э, түүний өмгөөлөгч М.Жамъяандорж нараас хохирол төлбөр бүрэн хүлээн авсан шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлт бүхий 9 хуудас баримт,

хохирогч Б.О хохирол төлбөр барагдсан шүүх хуралд оролцохгүй, гомдол саналгүй гэх хүсэлт бүхий 5 хуудас бүхий баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг хангалттай нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Б.Агийн үйлдлийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Ш.Мягмарцэрэн нарын “хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудын үндэслэлийг хянан үзвэл:

Шүүгдэгч Б.А нь хохирогч Б.От учруулсан 29,962,000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Эд учруулсан 24,950,000 төгрөгийн хохирол, нийт 54,912,000 төгрөгийн хохирлыг сайн дураар төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт, мөнгө хүлээлцсэн баримт, хохирогч Г.Э, Б.О нарын гомдол, саналгүй, хохирол бүрэн барагдсан тухай хүсэлт /1хх 232, 2хх 31-32, 42-56/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Мөн хөгшин настай эхийгээ асардаг, бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эх болох нь гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2хх 37/, гэрлэлт дуусгавар болсон лавлагаа /2хх 38/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2хх 40, 41/ зэрэг баримтуудаар тогтоогдож  байна.

Шүүгдэгч Б.А нь урьд өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан боловч уг ялыг төлж барагдуулсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн дээрх хувийн байдлууд болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.Ад оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлэх шаардлагагүй гэж үзэн шүүгдэгчид анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын сарын хугацаагаар хорих ялыг тухайн зүйл, хэсэгт зааснаар 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Дээрх торгох ялаас шүүгдэгч Б.Агийн шийтгэх тогтоол гарсанаас хойш цагдан хоригдсон 34 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт торгох ялаас 510 нэгж буюу 510.000 төгрөгийг хасаж тооцон, торгох ялын нийт хэмжээг 11.490.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар дээрх 11.490.000 төгрөгийн торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/215 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Аг 02 (хоёр) жил, 6 (зургаа) хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Аг 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Агийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 34 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 510 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 510.000 төгрөгийг эдлэх ялаас нь хасаж түүний торгох ялыг хэмжээг 11.490.000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 11.490 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.490.000 төгрөгийн торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай” гэсэн,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.А нь торгох ялыг шүүхээс хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Ш.Мягмарцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч Б.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, нэн даруй суллаж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, 34 /гучин дөрөв/ хоног цагдан хоригдсоныг дурдсугай,

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                                       Т.ШИНЭБАЯР

            ШҮҮГЧ                                                                       Б.БАТЗОРИГ