| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 133/2024/00092/И |
| Дугаар | 183/ШШ2024/04803 |
| Огноо | 2024-11-19 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2024/04803
2024 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2024/04803
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ......... байрлах Ч нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ..... давхарт байрлах, М ХХК-нд холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэл, алданги 275.539.229 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Х, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газартай харилцагч М ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын хуулиар зохицуулна, Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ...Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн,хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч журмаар даатгуулна 7.2.1 дэх хэсэгт Өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан, 32.2.1 дэх Хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтныг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах хүсэлтэй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйл Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, 2.1.1-д Ажил олголт даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос тооцон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө, Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйл Ажил олгогчийн эрх, үүрэг 32.2.2 дэх хэсэгт Орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгаж энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй.
Хариуцагч компани 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 189.127.597 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 86.411.632 төгрөг, нийт 275.539.229 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 44 дүгээр зүйл Хууль тогтоомж зөрчигчид хүлээх хариуцлага 44.1.2 дахь хэсэгт Төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 44.7-д Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчигчид алданги тооцох, торгох шийтгэх оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөл үндэслэл болохгүй. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр Дүрэм, журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар Нийгмийн даатгалын байгууллагын дүрэмийн 3 дахь хэсгийн 3.3.1-д заасан Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 275.539.229 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Шүүх хуралдааны явцад хариуцагч нь 13.000.000 төгрөг төлсөн тул багасгаж, 262.539.229 төгрөг шаардаж байна гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын төлөлт нь 176.127.597 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэвэл манай байгууллагын тайлангийн дүн хоёр талаасаа баталгаажаад явсан. 86.411.632 төгрөгийн алдангийг бол хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өмнөх шүүх хуралдаанаар гаргаж өгсөн. Засгийн газрын тогтоолуудтай холбоотой 2021 оноос 2023 оныг дуустал үйл ажиллагаа явуулах хүндрэлтэй байсан. Манай байгууллагын гол хэрэглэдэг зүйл нь ОХУ-ны улсад үйлдвэрлэсэн техник хэрэгсэл ашигладаг дээрээс нь ОХУ-аас орж ирсэн дизель түлш гол түүхий эд болох хэмжээнд хэрэглэгддэг нийт зардлын дийлэнх хувийг эзэлдэг. Зарим талаараа ОХУ-ын дайнтай холбоотой давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнөөс түлш шатахуун тасалдах үйл ажиллагаа явуулахад хүндрэлүүд учирж байсан. Ковидын хугацаанд үйл ажиллагаа явуулахад туйлын хүндрэлтэй байсан. Манай компанийн гол худалдан авагч М Г ХХК байдаг. Энэ компани нь Говь-Алтай аймгийн дулааны асуудлыг 90 хувийг хангаж ажилладаг. Гэтэл нөгөө байгуулагат төрийн байгууллагуудаас нь мөнгө орж ирэхгүй гэх шалтгаанаар манай дээр өр авлагын асуудал гарч ирдэг байсан. Ийм өр авлагын холбоотой асуудлыг төрийн байгууллага нь нэг талдаа төлбөр мөнгөө төлдөггүй. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас төлбөр мөнгө нь хоцрогдол асуудал байдаг. Нийгмийн даатгалын байгууллага нэхэмжлэл гаргахдаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 44 дугаар зүйлийг үндэслэл болгоод 86.000.000 төгрөгийг шаардсан. Нийгмийн даатгалын тухай хууль нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон байдаг. Нөгөө талаар мөн хуулийн заалт байдаггүй. Алдангитай холбоотой асуудлыг зөвшөөрөхгүй байна. Түрүүчийн шүүх хурал дээр эвлэрэх хүсэлт гаргаж байсан. Энэ талаар хурлаас өмнө 50 хувийг төлөхөөр ярилцсан байсан. Алтны уурхайгаас мөнгө орж ирэх ёстой байсан боловч мөнгө нь орж ирсэнгүй. Дараагийн 7 хоногийн сүүлээр орж ирнэ гэж ярьж байсан. Алдангийг хүлээн зөвшөөрлөө гэхэд цаашид үйл ажиллагаагаа явуулах нөхцөл байдлыг хааж хязгаарласан бодиттой эрсдэл байгаад байна. Нийгмийн даатгалын байгууллага нь манай байгууллагын дансны хөдөлгөөнийг хязгаарласнаас болоод бид нар үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байна. Банк санхүүгийн байгууллагаас зээл авах гэхээр нийгмийн даатгалын өр нь зээл авах шалгуурыг хязгаарлачихаад байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс талаас: 2024.02.07-ны өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Х-ын иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 12 сарын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, М ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 2023.03.01-ний өдрийн Ч ээс М ХХК-д нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах тухай мэдэгдэл, 2023.03.21-ний өдрийн Ч Хаан банкинд дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай албан бичиг, 2023.03.21-ний өдрийн Ч Капитрон банкинд дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай албан бичиг, 2023.03.21-ний өдрийн Ч хэлтэсээс Төрийн банкинд дансны зарлагын гүйлгээг зогсоож төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай албан бичиг, 2023.03.21-ний өдрийн Ч хэлтэсээс Голомт банкинд дансны зарлагын гүйлгээг зогсоож төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай албан бичиг, 2023.03.21-ний өдрийн Ч х-ээс Худалдаа хөгжлийн банкинд дансны зарлагын гүйлгээг зогсоож төлөгдөөгүй шимтгэл, алдангийг гаргуулах тухай албан бичиг, данс хаах жагсаалт, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2023 оны нийт цалингийн хүснэгт, М ХХК-д Заавал даатгах даатгуулагчийн НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, М ХХК-д Заавал даатгах даатгуулагчийн НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, М ХХК-д Заавал даатгах даатгуулагчийн НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, 2024.01.30-ны өдрийн М ХХК-ийн алданги тооцсон хүснэгт, 2024.04.04-ний өдрийн итгэмжлэл, 2024.11.11-ний өдрийн итгэмжлэл, А ХХК-ийн ажил олгогчийн болон даатгуулагчийн 2021 оны 6 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлтийн тайлан баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагч талаас: 2024.03.11-ний өдрийн итгэмжлэл, хариу тайлбар өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч хариуцагч М ХХК-нд холбогдуулан гэрээний нийгмийн даатгалын шимтгэл, алданги 275.539.229 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч М ХХК үндсэн төлбөр 176.127.597 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, алданги 86.411.632 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргана.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт, талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
М ХХК нь 2021 оны 01 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 189.127.597 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр үүссэн болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 12 сарын тайлан, М ХХК-нд ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 12 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 2023 оны 3 сарын 01-ний өдрийн 00000 дугаартай улсын байцаагчийн албан шаардлага, тооцооны үлдэгдлийн баталгаа, алданги тооцсон хүснэгт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч нь Нийгмийн даатгалын тухай /1994/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж зааснаар хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн зөвөөр нь тодорхойлж, тогтоосон хугацаанд нь төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Ч нь хариуцагч М ХХК-тай 2023 оны 1 сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд М ХХК 187.127.597 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гэж тооцооны үлдэгдлийн баталгааг үйлджээ.
Ч хэлтэс 2024 оны 2 сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа алданги 86.411.632 төгрөг шаардсан бөгөөд 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д Тооцооны алдаа гаргаснаас шимтгэлийг дутуу төлсөн бол дутуу төлсөн шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс тооцооны алдаа гарснаас хойших хугацааны хоног тутамд 0,1 хувийн алданги ногдуулах ба алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байхад 189.127.597 төгрөгөөс алданги тооцохдоо буруу тооцоолсон гэж үзэв.
Хариуцагч М ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 13.000.000 төгрөгийг өр төлбөрийг төлсөн, үлдэх 176.127.597 төгрөгөөс 30 хувийн алданги тооцоход 52.838.279 төгрөг байна.
М ХХК нь тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөөгүйгээс дутуу төлөгдсөн шимтгэл 176.127.597 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай /1994/ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар хуулийн дагуу тогтоосон алданги буюу төлбөл зохих шимтгэлийн 30 хувиас хэтрүүлэлгүйгээр алданги тооцох байхад 86.411.632 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй байх тул 30 хувиас хэтрүүлэхгүй алданги 52.838.279 төгрөг байна гэж үзэв.
Иймд хариуцагч М ХХК-иас нийгмийн даатгалын дутуу төлөгдсөн шимтгэл 176.127.597 төгрөг, алданги 52.838.279 төгрөг, нийт 228.965.876 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33.573.352 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Ч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.302.779 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай /1994/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хариуцагч М ХХК-аас дутуу төлөгдсөн нийгмийн даатгалын шимтгэл болон алдангид нийт 228.965.876 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч газарт олгож, үлдэх 33.573.352 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Ч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч М ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 1.302.779 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО