Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 48

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөлгөөнөөр хөтлүүлж

            Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч: С.Т  нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овгийн Сү Т д холбогдох эрүүгийн 1712002720034 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч С.Т  нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт баг, Дөрвөлжин гэх газарт иргэн А.Ц гийн 28 тооны алдуул ишгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч С.Т  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тэр айлын ишигнүүд манай хотонд ирээд 2 хоносон. 2 хоногийн 3 дахь хоног дээр нь дүүгээ утсаар дуудаад зарсан. Хохирогч Цэцгээгийн ишигнүүд гэж мэдээгүй. Аав маань нас барсан байсан учраас 49 хоног нь дуусгаад ишигнүүдийг нь эзэнд нь аваачиж өгнө гэж бодож байсан. Өөр хэлэх зүйл байхгүй гэжээ. 

 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч А.Ц гийн өгсөн: ...Манайх 2017 оны  09-р сарын 06-ны өдөр Өгийнуур сумын Дойт багийн Дөрвөлжин гэх газраас 28 тооны ишгээ бэлчээрээс алдсан. Тэгээд хонь ямаагаа бэлчдэг газраар эрж хайсан боловч олдоогүй хоёр хоногийн дараа манай сумын Дойт багт байдаг И.Хүрэлбаатарын хонь ямаан дунд манай алдсан 28 тооны ишигний сураг гараад очоод үзтэл уг айлын хонинд байгаагүй. Гэрийн эзэн И.Хүрэлбаатар би аймаг яваад хэд хоноод гэртээ ирлээ танай алдсан ишигний талаар мэдэхгүй гэж хэлсэн. И.Хүрэлбаатарын малыг хардаг хүүхэд манай хүү С.Хатанбаатарт танай алдсан ишигнүүд манай хонинд байж байгаад алга болсон хаашаа явсныг нь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд намаржин эрж хайсан ойролцоо сум болох Хотонт, Хархорин сум Хархорин сумын Баянголын амаар Төвшрүүлэх Дэнхэр хүртэл эрж хайсан боловч олдоогүй. Тэгээд манай сумын хэсгийн төлөөлөгч надад 2017 оны 11 сарын 14-ний өдөр Орхон багийн Улаан худагийн ойролцоо байдаг Ш.Отгонбаяр гэдэг хүний хонь ямаанд очоод бэлчээрээс алга болсон ишигнүүдээ үзээдэх гэж хэлсэн. Тэгээд уг айлд манай нөхөр О.Сономдагва Н.Банзрагч Ү.Бурмаа миний бие 4-лээ Ш.Отгонбаярын гэрийг сураад очтол манай алдсан 28 ишигнээс 27 ишиг зүсээрээ уг айлд байсан. Уг айлын эзэн Ш.Отгонбаяраас манай ишигнүүдийг хэн энд авчирсан юм бэ? гэж намайг асуухад Жанаа буюу Жанчив өөрийн эхнэр С.Хишгээ нар машинтай ачиж манайд намар 9-р сард авчирсан гэж хэлсэн. Тэгээд уг айлд сууж байтал Жанчив С.Хишгээ нар гаднаас орж орсон. Энэ хоёр хүнээс би та нар манай алга болсон олон тооны ишгийг Ш.Отгонбаярынд авчирсан байна яагаад та нар манай ишигнүүдийг хулгай хийсэн юм бэ? гэж асуутал бид хоёр эдгээр ишигнүүдийг С.Хишгээ “би өөрийн төрсөн эгч С.Т гаас худалдаж авсан. Нэг бүрийг 20000 төгрөгөөр авсан” гэж харуулсан. Тэгээд бид олсон 27 ишигнийхээ зургийг гар утсаар аваад хулгайд алдсан ишигнүүдийг минь та нар гэрт хүргэж өгөөрэй гэсэн. Удалгүй 5 хоногийн дараа Жанчив С.Хишгээ хоёр өөрийн машинаараа 27 ишгийг маань гэрт хүргэж өгсөн. Ш.Отгонбаярынд 28 ишиг авчирсан нэг ишгийг Ш.Отгонбаяраас асууя гэсэн. Манай алдсан 28 ишигний имийг нь өөрчилсөн байсан. Алдсан ишигнүүд бүгд зөв чих араасаа ухам цуулбар имтэй байсан. Тэгтэл мухар болгоод чихийг нь хайчилсан мөн эврийн хөх өнгийн будгаар будсан байсан. Намайг С.Т тай 2017 оны  11-р сарын 19-ны өдөр уулзахад С.Т  уйлж унжаад энэ хэрэгт манай дүү С.Хишгээг битгий оруул би хулгай хийсэн миний буруу би дүүдээ өгөөд өөр газар Орхон баг луу гаргачихсан юм би таны хохирлыг төлнө та битгий хэсгийн төлөөлөгчид хэлээрэй гээд уйлаад байсан. Энэ үед би олон тооны ишгээ алдаад танай гэрээр олон удаа ирж асууж сурахад чи мэдэхгүй гэж хэлдэг байсан. Тэрэнд чинь би их гомдож байна. Чи надад үнэнээ хэлсэн бол надаас олон газраар ишгээ эрж хайсан зардал гарахгүй байх байсан. Бид алдсан ишгээ цагдаагаас мэдээлэл сонсож олоогүй бол чи хэзээ ч надад авснаа хүлээхгүй гэж хэлсэн. 2017 оны 11 дүгээр сарын 20-ын үеэр өөрийн 27 тооны ишгийг хүлээж авсан юм. Тэр үед манай нэг ишгийг төв дээр ирээд алга болчихлоо гээд авчирч өгөөгүй. Тухайн үед таны нэг ишгийг авчирч өгнө гэж байсан. Одоо хүртэл өгөөгүй байгаа. Намайг залгахаар утсаа авахгүй байгаа юм. С.Т  нь манай ишигнүүдийг намайг байхгүй байхад манай малчин хүүхдэд хүлээлгэж өгсөн байсан. Би ишигнүүдээ 09 дүгээр сард алдсан. Манай ишигнүүдийг 2017 оны 11 дүгээр сарын дундуур хүйтэн сэрүүн орчихсон байхад доор нь бууц өтөг дэвсэлгүйгээр ачаад аваад ирсэн байснаас болоод ишигнүүд маань нуух нулимс нь гоожчихсон маш сул ирсэн. Тэрнээс болоод 5 ишиг үхчихсэн. Бусад ишигнүүд нь гэсэн их муу байгаа юм. Угаасаа энэ жил цаг муу байгаа болохоор тэр ишигнүүдийг өвс тэжээлээр бордоод л нэг юм болгож байна. С.Т  надад 2017 оны 12 дугаар сарын 15-16-ны үеэр 500.000 төгрөг өгсөн. Би энэ ишигнүүдийг 09 дүгээр сард алдчихаад 2017 оны 11 дүгээр сар хүртэл ойр хавийн баг сумаар хайж их хэмжээний бензин шатахуун зарлагдаж зардал чирэгдэл учирсан. Тэгж явсны хүчинд би энэ хэдэн ишгээ олж авсан юм. Би одоо С.Т гаас бензин шатахууны зардал, ишигнүүдийг тэжээх тэжээлийн үнэ 1.000.000 төгрөг нэхэмжилнэ. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 15-19 хуу/

 

Гэрч Н.Банзрагчийн өгсөн: ...Манай сумын А.Ц  О.Сономдагва нар 2017 оны  09-р сарын эхээр 28 тооны ишгээ бэлчээрээс алдчихлаа гээд манай гэрээр эрж сурж ирсэн. Тэгээд 2017 оны 11-р сарын дундуур А.Ц  О.Сономдагва хоёр манай бэлчээрээс алдсан ишигний сураг гарлаа хамт яваад хайя гэсэн. Тэгээд манай нөхөр  бид дөрөв Орхон багт байдаг Ш.Отгонбаяр гэдэг айлд очоод А.Ц , О.Сономдагва нар Ш.Отгонбаярт ишгээ хайж яваа талаар хэлээд Ш.Отгонбаярын хонь ямаанд алдсан ишгээ үзтэл алдсан ишигнүүд маань байна яг зүс имээрээ таарч байна гэсэн А.Ц  О.Сономдагва нар тухайн үед Ш.Отгонбаярын гэрт ороод эдгээр ишигнүүдийг хэн танайд хэдийд авчирсан юм бэ? гэж А.Ц г асуухад Ш.Отгонбаяр Б.Жанчив С.Хишигжаргал нар 2017 оны  09-р сарын үед авчирсан гэж хэлсэн удалгүй гаднаас Б.Жанчив, С.Хишигжаргал хоёр орж ирсэн энэ хоёр хүнээс А.Ц  манай алдсан ишигнүүдийг та хоёр энд авчирч энэ хүнд хариуцуулж өгсөн байна яагаад манай ишигнүүдийг хулгай хийсэн юм бэ? гэж асууж байсан. Тэгтэл С.Хишигжаргал эдгээр ишигнүүдийг нөхөр бид хоёр С.Т гаас нэг тус бүрийн 20000 төгрөгөөр худалдаж авсан гэж хариулж байсан. Тэгээд А.Ц  алдсан ишигнүүд бүгд байна тоо ёсоор нь гэрт хүргэж өгөөрэй гээд бид дөрөв гэрлүүгээ буцсан. А.Ц гийн алдсан ишигнүүдийн зүс имийг би сайн мэдэхгүй манайх зун өвөл намар хавардаа эднийхээс хол амьдардаг болохоор малынхан зүсийг мэдэхгүй 2017 оны  09-р сард 28 тооны ишиг алдсаныг нь сайн мэднэ...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/

 

Гэрч Б.Жанчивын өгсөн: ...2017 оны  09-р сарын эхээр манай хадам эгч С.Т  манай эхнэр С.Хишигжаргал бид хоёр луу утсаар ярьсан эхнэр бид хоёрыг хөдөө байдаг гэртээ хүрээд ир манай хонь ямаатай олон тооны ишиг ирээд нийлцэн хоёр хонож байна хүн ирж эдгээр ишигнүүдийг асууж сурахгүй байна. Та хоёр худалдаж авах уу, манайд хүрээд ир гэж утсаар ярьсан. Тэгээд эхнэр бид хоёр өөрсдийн приус машинтай С.Т гийнд очсон. Тэгээд 28 тооны ишгийг С.Т гийн нөхөр И.Хүрэлбаатарын хөх өнгийн портер машинд ачаад уг машиныг би жолоодоод Орхон багт байх өөрийн мал дээрээ 28 тооны ишигнүүдийг аваачиж тавьсан. Тэгээд 2017 оны  11-р сарын арав дээр манай манай малыг хардаг Ш.Отгонбаярынд О.Сономдагва А.Ц  нар хоёр танихгүй хүнтэй ирж мал дотроос ишгээ шүүж үзээд манай алдсан 28 тооны ишиг яахаараа энэ малд байдаг билээ гэж А.Ц г асуухад би наад ишигнүүдийг чинь нэг бүрийн 20000 төгрөгөөр С.Т гаас авснаа хэлсэн. Энэ үед А.Ц  манай ишигнүүдийг тоо ёсоор нь гэрт хүргэж өгөөрэй гээд  явцгаасан. Удалгүй би хоёр хоногийн дараа 28 тооны ишигийн хөх өнгийн И.Хүрэлбаатарын машинд ачиж хүргэж өгсөн хүргэж өгөх явцад нэг ишиг алга болсон замд унасан болов уу гэж бодож байна. С.Т д 460,000 төгрөг ишиг ачиж авч явсаны маргааш нь бэлнээр өгсөн. Тэр үедээ хэн эдгээр ишигнүүдийг алдсаныг мэдээгүй сүүлд хэд хоногийн дараа А.Ц гийнх бэлчээрээс алдсаныг мэдсэн. 2017 оны 10-р сарын сүүлчээр би С.Т тай уулзаж ярилцсан. Эдгээр ишигнүүдийг чинь эзэн нь хайгаад байна. Буцаагаад өгье гэж би С.Т д хэлэхэд С.Т  бүгдээрээ буруугаа хүлээгээд өгнө гэж ярьж тохирсон. Бид тэгтэл хадам аав маань нас бараад бид нар буяны ажилтай зав чөлөө гараагүй. Тэгтэл Д.Цэцэгээ өөрөө ишгээ сураад манай мал байдаг газраас ишгээ олсон...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/ 

 

Гэрч Л.Бат-Эрдэнийн өгсөн: ...2017 оны 09- дугаар сарын үед Өгийнуур сумын Дойт баг Хуваа үзүүрийн зүүн хамар гэх газар зусаж байсан. А.Ц гийнх Дойт багийн Дөрвөлжинд, С.Т гийнх Дойт багийн Чулуут толгой зүүн талд шонгийн модны ойролцоо зусаж байсан. А.Ц  С.Т  нарын гэрүүд 3 километр зайтай байсан. Энэ хоёр айлын мал бэлчээрээр нийлэх боломжтой. Бог мал өдөрт 3-аас 4-км газар бэлчээр хөөж явна намардуу салхитай үед бүр олон километр газар явж бэлчин өнгөрсөн зун намар их салхитай байсан. Бог мал тогтохгүй бэлчээр хөөгөөд салхинд уруудаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуу/

 

С.Т гийн яллагдагчаар өгсөн: ...Манайх өнгөрсөн намар Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт баг Чулуут гэх газар намаржиж байсан юм. 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр манай хоньтой 28 тооны улаан голдуу зүстэй ишигнүүд ирээд нийлчихсэн байсан. Тэгээд манай хоньтой 2 хоног бэлчээрт дагаж явсан. Тэр ишигнүүдийг хүн амьтан ирж сурахгүй болохоор нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн төрсөн дүү Хишгээ рүү залгаад манай хонинд айлын ишигнүүд ирээд нийлчихсэн. Хүн сурж ирэхгүй байна, та хоёр ирээд энэ ишигнүүдийг худалдаад ав гэж хэлсэн. Тэр өдрөө дүү өөрийн нөхөр Б.Жанчивын хамт приүс маркийн машинтай ирээд нөгөө ишигнүүдийг манай нөхрийн 31-00 АРА улсын дугаартай Портер маркийн машинд ачаад аваад явсан. Би тухайн үед хэний шиг гэдгийг мэдээгүй юм. Би тухайн үед хүний юмыг авч болохгүй гэдгийг бол мэдэж байсан гэхдээ хуулийн хариуцлагатай гэдгийг бол мэдээгүй. Би тэр ишигнүүдийг эзэн нь сураад ирвэл өгнө гэж бодож байсан. Тэгээд хоёр хоноод хүн сурж ирэхгүй болохоор нь дүү нартаа зарчихсан юм. Дээрхи 28 тооны ишгийг өөрийн төрсөн дүү С. Хишигжаргал, хүргэн Б.Жанчив нарт 560.000 төгрөгөөр зарсан. Дүү нар надад 560,000 төгрөг өгөөд ишигнүүдийг манай нөхрийн портер маркийн машинд ачаад явсан. Би тэр ишигнүүдийг зарсны дараахан манай аавын бие муудаад би хот руу аавыгаа авч яваад 7 хоноод ирсэн. Тэгсэн манайд мал хардаг хүүхэд Цэцэгээгийнх ишгээ алдчихаад эрээд яваад байна гэж хэлсэн. Тэгээд би тэр ишигнүүд Цэцэгээгийх байсан юм байна гэдгийг мэдсэн юм. Манай аав 10 дугаар сарын сүүлээр өнгөрчхөөд надад Цэцэгээгийн ишигнүүдийг буцааж аваачиж өгөх боломж олдоогүй юм. Манай И.Хүрэлбаатар тэр үед өөрийн приүс маркийн машинаа засуулах гээд аймаг орчихсон байсан. Намайг айлын ишигнүүдийг бусдад зарсан талаар би сүүлд нь мэдсэн юм. Манай дүү тэр айлын ишигнүүдийг буцааж хүргэж өгсөн. Тэгэхдээ 1 тооны ишиг нь алга болчихсон байсан гэсэн. Тэгээд 27 тооны ишгийг буцаан хүлээлгэн өгсөн. Мөн бензин шатахууны төлбөрт 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо 1 тооны ишиг өгөх дутуу байгаа тэрийг нь би төлж барагдуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 60-63 хуу/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5, 7, 10 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6, 8, 11 хуу/

Хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 46 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 71-72 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Т д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт баг, Дөрвөлжин гэх газарт иргэн А.Ц гийн 28 тооны алдуул ишгийг завшсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Т  нь өөрийн үйлдэл болон завшсан малын тооны хувьд маргаагүй бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч А.Ц , гэрч Н.Банзрагч, Л.Бат-Эрдэнэ, Б.Жанчив нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 192 дугаартай хохирлын үнэлгээний тайлангаас / хх-ийн 46 хуу/  үзэхэд алдагдсан 28 тооны ишигний үнэлгээг 580.000 /таван зуун наян мянган/ төгрөгөөр тогтоосон байх бөгөөд энэ нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байх тул С.Т гийн бусдын алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Аймгийн Прокурорын газраас С.Т гийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.Т г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

Хохирогч А.Ц  нь алдсан малаа эрж хайхад гарсан зардал болон ишигнүүдийн тэжээлд тооцож 1.000.000 /нэг сая/ төгрөг нэхэмжилж байгаа боловч үүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч нь 500.000 / таван зуун мянган/ төгрөгийг хохирогчид хохиролд тооцож өгсөн, мөн завшсан 28 ишигнээс 27 ишгийг нь буцааж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Т  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч С.Т  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    

                                          

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн С-ын Т г алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Т  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш таван сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Хохирогч А.Ц  нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ