| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0572/З |
| Дугаар | 128/ШШ2024/0781 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2024/0781
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э******* ******* ХХК /РД:*******/
Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч Т.О, Б.М******* нарын хооронд үүссэн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн НА-2224******* тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т*******, хариуцагч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э******* ******* ХХК нь Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Т.О, Б.М******* нарт холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн НА-2224******* тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.
2. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/10 дугаар тушаалаар баталсан удирдамж, хяналт шалгалт хийх 22219******* дугаар томилолтын дагуу Э******* ******* ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалтыг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн. Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О, Б.М******* нар нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай НА-2221******* дугаар нөхөн ногдуулах актыг үйлдсэн.
3. Нэхэмжлэгч Э******* ******* ХХК нь дээрх актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын маргаан таслах зөвлөлд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гомдол гаргасныг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 45 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийн хэмжээг өөрчилсөн байна.
4. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2022/0723 дугаар шийдвэрээр дээрх актыг хүчингүй болгож, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2023/0045 дугаар магадлалаар тус шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг 2023 оны 06 дугаар сарын 06 өдөр дахин хэлэлцээд 128/ШШ2023/0511 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2023/0529 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон.
6. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 83 дугаар тогтоолоор магадлалд өөрчлөлт оруулж маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
7. Дээрхи тогтоолын дагуу Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О, Б.М******* нар 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр НА-2224******* дугаар нөхөн ногдуулалтын актаар ...Толгой компани болох М******* ХХК-с хөрөнгө оруулалтаар шилжин ирсэн 28 зүтгүүрийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2020 онд 4,320,000.00 төгрөгөөр дутуу ногдуулсан нь Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д "бүх төрлийн ачааны автомашин", 5 дугаар зүйлийн 3-т "энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын их хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтооно", Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/06 дугаар тогтоолын 1-д "Аймгийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварын хэмжээг хавсралтаар баталсугай", хавсралт 1-д "ачааны машин 20-30 тонны даацтай 160,000.00 төгрөг, 30-40 тонны даацтай 180,000.00 төгрөг" гэсэн Заалтыг тус тус зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 4,320,000 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд Татварын ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн. дүгээр зүйлийг удирдлага болгон Татварын ерөнхий хуулийн 42.1, 79.1, 79.4.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ: Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1., 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн 4,320,000 төгрөгийн нөхөн татвар, 1,728,000 төгрөгийн торгууль, 920,246.4 төгрөгийн алданги, нийт 6,968,246.4 төгрөгийн төлбөр төлүүлэх-ээр тогтоосон.
8. Нэхэмжлэгч Э******* ******* ХХК нь дээрх актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх ба Маргаан таслах зөвлөл 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 27 дугаар тогтоолоор Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.10, Татварын маргаан таслах зөвлөлийн ажиллах журам-ын 7.1.3-д заасныг тус тус удирдлага болгон Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйл, 4 дүгээр зүйлийн 1, 5, 7, 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус баримтлан Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн НА-2224******* дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн.
9. Үүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гарган, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Т.О, Б.М******* нар Э******* ******* ХХК-ийн 2017-2020 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийгээд 28 чиргүүлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2020 онд 4,843,600 төгрөгөөр дутуу ногдуулсан гэж үзэн 2021.10.22-ны өдөр №НА-2221******* тоот Нөхөн ногдуулалтын акт гаргасан. Манай компани уг актыг эс зөвшөөрч шүүхэд хандсан бөгөөд хамгийн сүүлд Улсын дээд шүүхээс ЗХШХШТ хуулийн 106.3.11-т зааснаар хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу татварын улсын байцаагч Т.О, Б.М******* нар нь "28 зүтгүүрийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2020 онд 4,320,000 төгрөгөөр дутуу ногдуулсан" гэж үзэн 2024.02.05-ны өдөр НА-2224******* тоот Нөхөн ногдуулалтын акт гаргасныг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Үүнд: НЭГ. Манай компанийн ашиглаж байгаа 28 зүтгүүр нь ачааны автомашин биш юм. Тодруулбал: уг 28 зүтгүүр нь өөр дээрээ тэвшгүй, өөр дээрээ ямар нэгэн ачаа ачих боломжгүй, зөвхөн зориулалтын чиргүүлийг зөөх зориулалттай тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл юм. Энэ талаар: Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 4.5-д "Үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин" гэж хуульчилсан, Түүнчлэн MNS ISO 3833:2010 Автотээврийн хэрэгсэл. Төрөл, нэр томьёо, тодорхойлолт стандартын 3.1.3.1-т тусгай зориулалтын ачааны автомашин "холбогдох үзүүлэлтийн хувьд ачааны автомашинд хамаарахгүй" автомашиныг ойлгохоор, 3.1.4-т хийц ба тоноглолын хувьд зөвхөн тусгай зориулалтын ажлын зорилгоор (зориулалтын хэлбэр янз бүр байна) ашиглах автомашиныг ойлгохоор зохицуулснаар тус тус нотлогдох юм. Түүнчлэн Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5-р зүйлд тусгай зориулалтын автомашины албан татварын хэмжээг дараах байдлаар бусад тээврийн хэрэгслүүдээс, тодруулбал ачааны автомашинаас ялгаатай байдлаар тогтоосон. Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5.3-т заасан "Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно" гэсэн зохицуулалтын дагуу Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010.12.28-ны өдрийн №6/06 тогтоолын №7-д тусгай зориулалтын автомашины татварын хэмжээг 20,000 төгрөг байхаар тогтоосон байх тул манай компанийн тухайд 28 зүтгүүрийн татварыг 2020 онд хуулийн дагуу ногдуулсан гэж үзэж байна. Татварын алба нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын ногдуулалтыг татварын цахим системд үүсгэж өгдөг ба татвар төлөгч өөрөө ногдуулах, цаанаасаа үүсгэж өгсөн тоог өөрчлөх боломжгүй байдаг тул манай компанийг татварыг дутуу ногдуулсан гэж үзэж нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй юм. Тодруулбал; 2020 оны ногдуулалт болох 20,000 төгрөгийг Нийслэлийн татварын алба цахим системд цаанаас нь өөрсдөө автоматаар үүсгэсний дагуу манай компани төлсөн. Гэтэл татварын албанаас цаанаасаа ногдуулалт хийгдэж байгаа татварыг төлсөн атал татварын хяналт шалгалтаар нэмж торгууль, алданги ногдуулах нь татвар төлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил юм. Татварын улсын байцаагч Т.О, Б.М******* нар нь 2021.10.22-ны өдөр № НА-2221******* тоот Нөхөн ногдуулалтын акт гаргахдаа 28 чиргүүлийн татварыг дутуу ногдуулсан, харин 28 зүтгүүрийн татварын ногдуулалт төлөлт зөв байна гэж дүгнэсэн атлаа шүүхийн маргаан явагдсаны эцэст акт үндэслэлгүй болох нь тогтоогдоод ирэхээр 2024.02.05-ны өдөр НА-2224******* тоот Нөхөн ногдуулалтын акт гаргахдаа 28 чиргүүл асуудалгүй, харин 28 зүтгүүрийн татвар ногдуулалт буруу байна гэж буюу нэг талаас татварын байгууллагаас цаанаас нь систем дээр автоматаар ногдуулж өгч байгаа, нөгөө талаас өмнө нь хяналт шалгалт хийхдээ зөрчилгүй гэж үзсэн асуудлыг зөрчилтэй мэт болгож байгаа нь татварын хяналт шалгалт хийсэн л бол ямар ч хамаагүй аргаар заавал төлбөр тавих ёстой гэсэн хандлагаас үүдэлтэй үндэслэлгүй шийдвэр төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5.зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.1.хуульд үндэслэх, 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг ноцтой зөрчсөн, 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. 24.4. Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэсэн шаардлагуудыг зөрчсөн гэжээ.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 онд татварын хяналт шалгалт хийж акт тавьсан. 2021 онд акт тавихдаа чиргүүлд дутуу татвар төлсөн гэж үзэж чиргүүлд акт тавьсан. Гаалийн байгууллагаас лавлагаа гаргуулж, чиргүүл 70-80 тонны ачаа ачиж байгаа гээд 70-80 тонны даацтай ачааны автомашин гэж үзэж 400.000 төгрөг тооцож акт тавьсан. Ачааны хэмжээгээр татвар ногдуулахгүй, татварын улсын байцаагч тээврийн хэрэгслийн даацыг тогтоох эрхгүй, Авто тээврийн байгууллага хуулиар тогтоосон эрх олгосон байгууллага чиргүүлийн даацыг тогтоож, татварын улсын байцаагч хэрэглэх ёстой гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан. Шүүхийн 3 шатыг дамжиж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасныг баримтлан шинэ акт гартал 6 сар түдгэлзүүлэх шийдвэр гарсан.
2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шинэ акт гаргахдаа зүтгүүрийг 70-80 тонны даацтай тээврийн хэрэгсэл гэж үзэж Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан ачааны автомашины 70-80 тонны даацын хэмжээгээр 400,000 төгрөг гэж тооцож, өмнө нь төлсөн татварыг хасаж зөрүү тооцож бодсон.
Манай талаас ачааны автомашин биш гэж маргаж байна. Яаж ачааны авто машин болох вэ гэхээр зүтгүүр, чиргүүлийг нийлүүлж 70 тонн даацтай нүүрс ачдаг. Зүтгүүр, чиргүүлийг тус тусад нь худалдаж авдаг. Зүтгүүр дангаараа ачаа ачих зориулалтгүй учраас авааны автомашин биш тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл юм. Зүтгүүр нь чиргүүлийг чирэх зориулалттай, өөрөөр ашиглах боломжгүй учраас тусгай зориулалттай тээврийн хэрэгсэл. Тусгай зориулалттай тээврийн хэрэгслийн татварын хэмжээ чиргүүлийн татварын хэмжээнээс өөрөөр тогтоосон. Тиймээс тусгай зориулалтын тээврийн хэрэгслийн татвар ногдуулах ёстой гэсэн үндэслэлээр маргаж байна. Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүснэгтийн 7 дугаарт тусгай зориулалтын автомашинд ногдуулах албан татварын хэмжээг 16,000-48,000 төгрөгөөр тооцохоор заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт хүснэгтэд заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтооно гэж заасан. Үүний дагуу Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 6/06 дугаартай тогтоолд тусгай зориулалтын автомашинд 20,000 төгрөгийн албан татвар ногдуулахаар заасан. Татварын байцаагч нар уг тогтоолын 70-80 тонны ачааны автомашин гэдэг хэмжээгээр 400,000 төгрөгөөр албан татвар ногдуулсан.
Манай талаас албан татварын хэмжээ их, бага түүнийг төлөхгүй гэдэгт маргаан байхгүй. Албан татварын хувьд алданги, татварыг төлсөн. Яагаад маргаж байна гэхээр хуульд заасан зохицуулалтыг хэрэглэх ёстой гэж үзэж маргаж байгаа. Татварын байцаагч нар дураараа албан татварын хэмжээг өөр өөр хэмжээгээр ногдуулдаг. Тиймээс хуулийн дагуу албан татварын хэмжээг тогтоож өгнө үү гэж хүсэж байна.
Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 6/06 дугаартай тогтоолд тусгай зориулалтын автомашинд 20,000 төгрөгийн албан татвар ногдуулахаар зааснаар татвараа төлсөн. Татвараас цахим системдээ автоматаар татварын хэмжээг оруулж, түүнийг нь төлсний дараа хяналт шалгалт хийж нөхөн ногдуулалтын акт тавьсан. гэжээ.
11. Хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа Нийслэлийн татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О, Б.М******* нар "Э******* *******" ХХК-ны 2017-2020 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд "Хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр-Иж бүрэн" татварын хяналт шалгалтыг хийсэн. Нийслэлийн татварын газрын НА-2224******* тоот нөхөн ногдуулалтын актыг үйлдэхдээ 2024 оны 01 сарын 25 өдрийн Авто тээврийн газраас ирүүлсэн албан тоот түүний хавсралт үндэслэсэн авто тээврийн хэрэгслийн шалгуур хангасан мэдээнд үндэслэн ногдуулсан гэжээ .
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны гол асуудал нь тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл мөн эсэхийг тогтоох явдал юм. Татварын албыг дураараа албан татвар тогтоодог гэж хэлж байна. Үүнийг нотлох баримттай ярих ёстой гэж бодож байна.
Нэхэмжлэгчийн автомашин нь чиргүүлтэй нийлэхээрээ ачаа зөөх зориулалттай чулуу зөөх, нүүрс, мод төмөр гэх мэтчилэн ачаа зөөнө.
Тусгай зориулалтын автомашин нь үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тээврийн хэрэгслийг ойлгоно гэж заасан байдаг. Энэ тээврийн хэрэгсэлд үйлдвэрлэгчээс тоноглосон байх бөгөөд сүү, бензин гэх мэтчилэн ганцхан л нэр төрлийн зүйл ачих ёстой тээврийн хэрэгслийг ойлгоно.
Нэхэмжлэгч талаас татварыг төлсөн гэж байна. Тухайн машиныг ачаа зөөх гэж оруулж ирсэн. Хуульд ачааны машин гэж заасан учраас
Чиргүүл дангаараа ачаа ачихгүй, зүтгүүртэйгээ нийлж иж бүрдлээрээ байхдаа ачааг тээвэрлэнэ. Чиргүүлтэйгээ нийлэхээрээ ямар үүрэг гүйцэтгэж байна гэдгээр тухайн автомашины зориулалт тодорхойлогдож байна. Тиймээс тухайн автомашиныг тусгай зориулалтын автомашин гэж үзэх боломжгүй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч Э******* ******* ХХК нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн НА-2224******* тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах-аар маргаж, түүний үндэслэлээ ...манай компанийн ашиглаж байгаа 28 зүтгүүр нь ачааны автомашин биш тусгай зориулалтын автомашин байхад ачааны автомашин гэж үзэж байгаа нь буруу, хариуцагч нар 2021 онд зүтгүүрүүд дээр акт тавиагүй, чиргүүлүүд дээр акт тавьснаа 2024 онд чиргүүлүүд дээр акт тавиагүй, зүтгүүрүүд дээр акт тавьж байгаа нь үндэслэлгүй, татвар төлөгчийн эрхийг зөрчсөн гэж, хариуцагчаас ...тухайн зүтгүүрүүд нь тусгай зориулалтын автомашин биш, ачааны автомашин... гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/10 дугаар тушаалаар баталсан удирдамж, хяналт шалгалт хийх 22219******* дугаар томилолтын дагуу Э******* ******* ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалтыг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.О, Б.М******* нар нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай НА-2221******* дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн, уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын маргаан таслах зөвлөлд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гомдол гаргаснаар төлбөрийн хэмжээг өөрчилсөн байх ба нэхэмжлэгчээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2022/0723 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн павж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 221/МА2023/0045 дугаар магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0511 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 221/МА2023/0529 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгосон, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 83 дугаар тогтоолоор маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Улсын дээд шүүх уг тогтоолыг гаргахдаа хариуцагч захиргааны байгууллагыг тодорхой үйлдэл хийсний үндсэн дээр дахин шинэ акт гаргахыг даалгасан, тухайлбал тогтоолын хянавал хэсгийн 14-т ...хариуцагч татварын улсын байцаагч нар "Э******* *******" ХХК-ийн эзэмшилд буй автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээнд "зүтгүүр"-ээр бүртгэгдсэн авточиргүүлийг чирэгч автотээврийн хэрэгсэл, түүнчлэн Монгол Улсын Хүнд даацын автотээврийн хэрэгсэл. Техникийн шаардлага MNS 6278:2011 стандартад тусгагдсан автоугсраа нь Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд заасан ачааны автомашин эсхүл тусгай зориулалтын автомашин-ы алинд нь хамаарахыг тодорхой болгосны эцэст, авточиргүүлд ногдох татварыг үнэн зөв тооцсон эсэхэд дүгнэлт өгөх байжээ, Э******* *******" ХХК-ийн 2020 онд тээвэрлэлт хийсэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг зөв тодорхойлох, ялангуяа чиргүүлийг чирж байгаа чирэгч толгой нь дангаараа эсхүл чиргүүлийн хамт хуульд заасан "ачааны автомашин" эсхүл "тусгай зориулалтын автомашин"-ы алинд хамаарахаас шалтгаалж татварын хувь хэмжээг тодорхойлохоор байна, тухайн ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн... гэж дүгнэсэн байна.
Гэтэл хариуцагч улсын байцаагч нар дахин шинэ акт гаргахдаа шүүхээс тогтоосон, гүйцэтгэвэл зохих үйлдэл, үйл ажиллагааг гүйцэд бүрэн хийлгүйгээр Толгой компани болох М******* ХХК-с хөрөнгө оруулалтаар шилжин ирсэн 28 зүтгүүрийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2020 онд 4,320,000.00 төгрөгөөр дутуу ногдуулсан нь Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дугаар зүйлийн 3, Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 6/06 дугаар тогтоолын 1, хавсралт 1 заалтыг тус тус зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 4,320,000 төгрөгийн зөрчил илэрсэн гэж дүгнэн, тодруулбал нэхэмжлэгч компанийн эзэмшлийн 28 ширхэг авточиргүүлийг чирэгч автотээврийн хэрэгслийг ачааны автомашинд хамааруулж маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.
Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:, 5.1.2-д тодорхой байх, 41 дүгээр зүйлийн 41.1-д Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчимд нийцсэн байх шаардлагыг тус тус заасан.
Дээрхи хуулийн зохицуулалтаас үзэхэд татварын албаны хяналт шалгалт хийх үйл ажиллагаа нь тодорхой байх зарчим-д нийцэх, улмаар тухайн хяналт шалгалтын явцад эрх бүхий албан тушаалтны гаргаж буй захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх учиртай бөгөөд хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь эдгээр зарчмыг бүхэлдээ зөрчсөн гэж шүүх дүгнэв.
Тодруулбал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 83 дугаар тогтоолд хариуцагч байгууллагын тодруулах үйл ажиллагаа, асуудлуудыг нэгбүрчлэн дурдаж маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байхад хариуцагч нар нь дахин хяналт шалгалтын ажлыг явуулахдаа шүүхээс тогтоосон тодорхой ажиллагаануудыг бүрэн, гүйцэд хийгээгүйгээс одоог хүртэл нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд ...авточиргүүлийг чирэгч автотээврийн хэрэгсэл нь ачааны автомашин эсхүл тусгай зориулалтын автомашин-ы алинд хамаарах нь маргаантай хэвээр, тодорхой болоогүй, өмнө үүссэн нөхцөл байдал үргэлжилсээр байна.
Гэтэл хариуцагч нар нь тухайн асуудлыг тодорхой болгох ажиллагааг гүйцэд хийлгүйгээр, Авто тээврийн газраас ирүүлсэн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 16 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Э******* ХХК-ийн нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагааг үндэслэсэн нь Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 83 дугаар тогтоолын зорилгод нийцэхгүй, шүүх тогтоолдоо ...автотээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээнд "зүтгүүр"-ээр бүртгэгдсэн авточиргүүлийг чирэгч автотээврийн хэрэгсэл... гэж тодорхой заасан байхад дахин тээврийн хэрэгслийн лавлагаанд үндэслэн дүгнэсэн нь үндэслэлгүй, хуулийн 41.1-д заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж, 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж тус тус заасан, түүнчлэн Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №6/06 тогтоолын 1 дүгээр хавсралтаар тусгай зориулалтын автомашинд 20000 төгрөг, ачааны машин 20-30 тонны даацтай 160000 төгрөг,70-80 тонны даацтай 400000 төгрөг байхаар ялгамжтай тогтоосноос үзвэл тухайн авточиргүүлийг чирэгч автотээврийн хэрэгсэл нь ямар ангилалд хамаарахыг тодорхой тогтоосны үндсэн дээр төлбөрийг тогтоохоор байсан гэж үзнэ.
Мөн Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 4.4-д Гүйцэтгэх үе шатанд татварын улсын байцаагч дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:, 4.4.3-д хяналт шалгалтын явцад татварын ногдуулалт төлөлттэй холбоотой зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичиг, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч баримтжуулах, зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх; 4.4.10-д шаардлагатай тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагаас лавлагаа тодруулга гаргуулах, шинжилгээ хийлгэх, мэргэжлийн туслалцаа авах зэргээр хамтран ажиллах үүрэгтэйг нарийвчлан заасан боловч хариуцагч нар нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа эдгээр ажиллагаануудыг хийлгүй орхигдуулсан байна.
Иймд Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч Т.О, Б.М******* нарын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн НА-2224******* тоот Нөхөн ногдуулалтын акт-ыг хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.
Энэ шүүхийн шийдвэр нь хариуцагч захиргааны байгууллагыг өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсан ажиллагааг гүйцэтгэж, түүний үндсэн дээр захиргааны шинэ акт гаргахад саад болохгүйг дурдав.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э******* ******* ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч Т.О, Б.М******* нарын гаргасан, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн НА-2224******* тоот Нөхөн ногдуулалтын акт-ыг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН