Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ДШМ/465

 

 

 

 

 

 

 

   2023            4              27                                          2023/ДШМ/465

 

 

Ч.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Саруул-Ирээдүй,

шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Э.Энххэрлэн, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/280 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2206 00000 3623 дугаар хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            О овгийн Ч Б, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр .... аймгийн .....суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт .... дүүргийн .. дүгээр хороо, ...... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, РД:Д.......;

            Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” хотхоны .... дугаар байрны .... тоотод хамтран амьдрагч болох хохирогч Б.Гг жирэмсэн болохыг нь мэдсээр байж “миний найзтай алцганасан” гэх шалтгааны улмаас гараараа цохиж, зүүн талын 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл, хөлөөрөө дэвсэж өвчүү, баруун талын 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал гэмтэл, мөн

гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зүүн чихний хэнгэрэг, зүүн нүдний доод зовхи, хүзүү, хоолой, зүүн чиний дэлбэн, баруун шуу, бугалга зүүн шуу, ар нуруу, зүүн гуя зэрэгт олон тооны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “онц харгис хэрцгийгээр”, “жирэмсэн болохыг мэдсээр байж” бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэмт хэрэгт,

            мөн дээрх цаг хугацаанд үргэлжилсэн үйлдлээр .... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” хотхоны .... дугаар байрны .... тоотод хамтран амьдрагч болох хохирогч Б.Гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэгт,

            2022 оны 5 дугаар сарын эхээр ... дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” хотхоны гадна хохирогч Б.Гийн эзэмшлийн УНР улсын дугаартай, цагаан өнгийн Хонда Фит /Honda Fit/ маркийн тээврийн хэрэгсэл дотор түүнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар тээврийн хэрэгслийн хөгжмийг хөлөөрөө өшиглөж, үргэлжилсэн үйлдлээр тус хотхоны .... дугаар байрны ... тоот гэрт нь байхдаа Оппо А93 маркийн гар утсыг газарт шидэн хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ч.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О овогтой Ч Быг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр, жирэмсэн болохыг мэдсээр байж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 90 хоног буюу 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3 дахь заалтад тус тус зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 90 хоног буюу 3 сарын хугацаагаар тогтоосон ялыг тус тус нэмж нэгтгэж, түүний биечлэн эдлэх ялын хугацааг 4 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч Б.Г нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Э.Энххэрлэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/280 дугаартай шийтгэх тогтоолоор Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.3 дахь хэсэгт зааснаар 2 жил, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 90 хоног буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 3 сарын хугацаагаар тогтоосон хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай тохирсонгүй. Учир нь, Ч.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийнхээ гэм буруу болон бусад байдалд ямар нэгэн маргаан байхгүй, хохирогч Б.Гд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан юм. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаас санал болгосон эрүүгийн хариуцлагаас хэт өндөр хорих ял оногдуулсан нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцсэнгүй. Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Ч.Бын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан, хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тухай бүр зүйлчилсэн зүйл заалтын хамгийн багаар тогтоон хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэв.

            Прокурор Б.Саруул-Ирээдүй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ял хөнгөрүүлэх асуудал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд яригдана. Шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Б нь “Би энэ гэмт хэргийг үйлдээгүй” гэж гэм буруугийн талаар маргаж оролцсон тул түүнийг гэм буруугаа хүлээсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Нөгөө талаар ялыг яаж оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал учир энэ талаар тусгайлан гаргах саналгүй. Иймд шүүгдэгч Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр .... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” хотхоны ... дугаар байрны .... тоотод хамтран амьдрагч болох хохирогч Б.Гг жирэмсэн болохыг нь мэдсээр байж “миний найзтай алцганасан” гэх шалтгааны улмаас гараараа цохиж, зүүн талын 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл, хөлөөрөө дэвсэж өвчүү, баруун талын 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал гэмтэл, мөн гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зүүн чихний хэнгэрэг, зүүн нүдний доод зовхи, хүзүү, хоолой, зүүн чиний дэлбэн, баруун шуу, бугалга зүүн шуу, ар нуруу, зүүн гуя зэрэг олон тооны цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулахдаа “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “онц харгис хэрцгийгээр”, “жирэмсэн болохыг мэдсээр байж” бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэмт хэрэг,

            мөн дээрх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.....” хотхоны ... дугаар байрны ... тоотод хамтран амьдрагч болох хохирогч Б.Гийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг,

2022 оны 5 дугаар сарын эхээр .... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” хотхоны гадна хохирогч Б.Гийн эзэмшлийн УНР улсын дугаартай, цагаан өнгийн Хонда Фит /Honda Fit/ маркийн тээврийн хэрэгсэл дотор түүнтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар тээврийн хэрэгслийн хөгжмийг хөлөөрөө өшиглөж, үргэлжилсэн үйлдлээр тус хотхоны .... дугаар байрны .... тоот гэрт нь байхдаа Оппо А93 маркийн гар утсыг газарт шидэн хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Гийн өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Ч.Б гэх хүнтэй танилцаад 10 сар болж байна. Нэг гэрт хамт амьдраагүй. Дундаасаа хүүхэдгүй, үерхдэг найзууд юм. 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Б бид хоёр ... дүүргийн .... дугаар хороо, “...” хотхоны ... тоотод манай гэрт архи уусан. Хамт хоносон, маргааш бас хамт хоносон. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ч.Б найз Аийг дуудсан. Тэгээд бид архи уусан. Орой найз А нь явсны дараа Ч.Б намайг найзтайгаа хардаад “чи миний найзтай алцганалаа” гээд намайг зодож эхэлсэн. Тухайн өдөр миний үснээс зулгааж чирээд, толгой руу гараараа маш олон удаа цохисон. Би зугтаагаад өөр өрөө рүү орохоор араас орж ирээд намайг огт дэргэдээсээ холдуулахгүй байсан. Тэгээд хэсэг гайгүй болоод цуг хоноод маргааш өдөр нь Ч.Б дахиж архи уугаад агсраад миний нуруу руу хөлөөрөө өшиглөөд, миний толгой руу гараараа цохиод 00-н өрөө орохоор дагаж ороод өөрөөсөө бас холдуулаагүй, орой болохоор гайгүй болоод хамт хоноод маргааш нь дахиж намайг зодоод энэ байдал 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл давтагдсан. 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл давтагдаж, намайг 6 өдрийн турш зодсон. Энэ хооронд надад боломж олдох үед нь би 2 удаа 102 дугаарын утсанд өөрийн 8.... дугаарын утаснаас дуудлага өгсөн. Намайг дуудлага өгснийг мэдээд үүдэнд цагдаа ирээд хаалга тогшихоор миний амыг дараад хоолой боогоод цагдаа нарыг явтал нь хүлээж байгаад цагдаа нарыг явсны дараа намайг үргэлжлүүлэн зодож эхэлдэг байсан. Энэ 6 хоногийн хугацаанд Ч.Б порно бичлэг үзэж, намайг хүсээгүй байхад өдөр бүр бэлгийн харьцаанд ордог байсан...” /хх-10-11/,

хохирогч Б.Гийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр дахин өгсөн: “...Өвчүү болон баруун талын 2, 3, 4, 5, 6 дугаар хавирга бол Ч.Б намайг унагаад дээшээ хараад хэвтэж байх үед миний цээжний баруун хэсэгт 2 удаа маш хүчтэй дэвсэж учруулсан. Харин зүүн талын 9 дүгээр хавирганы хугарлыг Ч.Б гараа атгаж байгаад миний зүүн хавирга хэсэг рүү 2 удаа цохиж үүсгэсэн...” /хх-13/,

хохирогч Б.Гийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дахин өгсөн: “... Ч.Б бид 2 бол урьд өмнө нь бэлгийн харилцаанд бол ордог байсан. Гэхдээ 2022 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл хугацаанд намайг гэмтсэн байхад бэлгийн харилцаанд орох гэхээр нь би “миний бие өвдөөд байна, хиймээргүй байна” гэж хэлэхээр Ч.Б “битгий янгуучлаад бай” гээд хүч хэрэглээд хувцас тайлаад өдөр бараг 7-8 удаа бэлгийн харилцаанд орсон. Бэлгийн харилцаанд орох явцдаа миний бие өвдөөд “болиоч ээ” гэж хэлэхээр орилохоор “битгий маяглаад бай” гээд ам дарах, хоолой боох үйлдэл гаргадаг байсан. Ч.Б миний эзэмшлийн Оппа 92 эс гар утсыг 2022 оны 5 дугаар сарын эхээр манай гэрт байхдаа газарт шидээд эвдчихсэн. Мөн миний Хонда фит машины хөгжмийг тухайн өдрөө хөлөөрөө өшиглөөд эвдчихсэн. Мөн манай гэрийн Хайер маркийн 32 инчийн зурагтыг 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр газарт унагааж эвдэлсэн. Ч.Б нь 7 хоног манай гэрт байх хугацаандаа намайг “би чамайг цонхоор шидэж алаад явна, надад нас байгаа, би 45 хүрээд шоронгоос гараад ирнэ” гэх зэргээр хэлдэг. Мөн архи уугаад байхаар нь архийг нь асгахаар “чи архи асгалаа” гэж зодож байсан. Намайг бие засуулахгүй, усанд оруулахгүй байх зэргээр маш их сэтгэл санааны дарамт учруулсан. Надад гарч зугтах ямар ч боломжгүй болгож, хүүхдийн аминд хүрсэн гэж үзэж байна...” /хх-15/,

гэрч Б.Г өгсөн: “... 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Б.Г над руу залгахаар нь би утсаа автал “Энэ намайг аймаар зодчихлоо, би өнөөдөр цагдаад өгөөд, цагдаагаар явж байгаад оройхон хүүхдээ авъя” гэж хэлсэн. Тухайн үедээ Б.Гийн дуу хоолой нь нэг л сонин байсан учраас шууд гэрийнх нь гадаа яваад очтол тагтны хаалга нь онгорхой, мөн жижиг өрөөний цонх нь онгорхой байж байсан. Тэгээд би дотогш ороод хаалгыг нь нүдтэл хаалгаа онгойлгохгүй байхаар нь буцаж гараад цонхыг нь хартал онгорхой хэвэндээ байсан. Тэгээд 17 цагаас хүүхдээ сургуулиас нь аваад гэртээ хүргэж өгөөд 18 цаг өнгөрч байхад Б.Гийн гэрийн гадна иртэл тагтны хаалга болон жижиг өрөөний цонх нь хаачихсан байсан. Тэгээд би гэрт нь хүн байгаа юм байна гэж мэдээд Ч.Б гэх залуугийн ээжтэй нь холбогдоод “танай хүүхэд чинь манай дүүг зодчихсон юм шиг байна, надад сэжигтэй санагдаад байна, амьд л юм байна, ямар ч байсан өнөөдөр гаргаж авмаар байна” гэж хэлтэл ээж нь “миний хүүхэд хүн зодох хүн бишээ” гэх зэргээр өмгөөлөх юм ярьсан. Тэгээд 20 цагийн үед Ч.Б гэх залуугийн ээж нь ирээд, би цагдаад дуудаад, цагдаа нар ирээд хаалгыг нь нүдтэл мөн онгойлгохгүй байсан. Тэгээд цагдаа нар дахин дуудлагатай байна, хаалгыг нь эвдэх хүн дуудчих гэж хэлээд явсан. Цагдаа нар явсны дараа Ч.Б нь Ч.Гийн утсаар ээж рүү залгаад, түүний дараа Ч.Б дахин над руу залгахаар нь “одоо цагдаа байхгүй байгаа дээр хаалгаа онгойлгочихоо, эсвэл би хаалга эвдэх хүн дуудлаа, бид нар цагдаад хэлэхгүй ээ” гэж хэлтэл хаалгаа онгойлгосон. Дотогш ортол Б.Г үүдний хэсэгт гадуур хувцсаа өмсчихсөн, нөгөө Ч.Б гэх залуу нь цаад талд нь зогсож байсан. Б.Г нилээн зодуулсан байдалтай байхаар нь би “чи хүүхэд ийм болгоод байхдаа яадаг юм, одоо цагдаа руу явъя” гэж хэлээд Б.Г болон Ч.Б гэх залууг ээжтэй нь өөрийнхөө машинд суулгаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэсэн мэдүүлгүүд /хх-17-18/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13932 дугаартай “Б.Гийн биед өвчүү, баруун талын 2, 3, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал, зүүн талын 9-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-23-24/,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын ЦХ-3 Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас “...гэр бүлийн хүчирхийлэл болоод байна гээд утас тасарсан, дуудлага өгсөн утас 8........10/07/2022 20:14:19 гэсэн дуудлага хүлээн авсан баримт, БЗДЦГ ЦХ-3 Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас “...нөхөр согтуу намайг зодоод байна...” гэх дуудлага өгсөн утас 8.......10/07/2022 03:44:43 гэсэн дуудлага хүлээн авсан баримт /хх-29-30/,

хөрөнгө үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01/180 дугаартай “...32 инчийн телевизор /Наiег/ ...300.000 төгрөг...Орро А92 маркийн гар утас ...850.000 төгрөг...нийт 1.150.000 төгрөг” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-56-57/,

хөрөнгө үнэлгээний “Арвижих эстимейт” ХХК-ний 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21396 дугаартай “ ...уг машины хөгжим хагарсан байв...180.000 төгрөг” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-59-60/,

хохирогч Б.Гаас гаргаж өгсөн эмнэлгийн байгууллагын холбогдох баримт бичиг /хх-67-75/, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ВКК-д оруулах нь 4451 “Б Г 36 настай, эмэгтэй, .... дүүргийн .. дугаар хороо, ... тоотод оршин суудаг, 03-р 111-Ш 11-12 недель 10/8 толгой, цээжний компьютер томограф хийлгэсэн тул жирэмслэлтийг цааш тээх боломжгүй тул жирэмслэлтийг таслах санал оруулж байна...” гэх эмчийн тэмдэглэл /хх-68/ зэрэг баримтуудаар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Бг үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр, жирэмсэн болохыг мэдсээр байж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн үргэлжилсэн үйлдлээр хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

Шийтгэх тогтоолын удиртгал болон тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар дүгнэлт хийхдээ хохирлын хэмжээг яллах дүгнэлтээс өөр байдлаар буюу 300.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нийт 1.030.000 төгрөгийн хохирол учирсныг зөвтгөн дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Мөн шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй...” гэсэн атлаа тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй...” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцохоор заасан.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийг шинжлэн судлахад, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр танилцуулжээ. Хэдийгээр шийтгэх тогтоолд зөрүүтэй бичигдсэн боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан зөрчилд хамаарахгүй тул давж заалдах шатын шүүхээс зөвтгөн дүгнэх нь зүйтэй байна.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийг үндэслэх нь гэж буруу бичсэнийг анхаарвал зохино.

Шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн “...шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тухай бүр зүйлчилсэн зүйл, заалтын хамгийн багаар тогтоож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлын хувьд, анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэлийг оногдуулсан байх тул шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/280 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Бын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/280 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ