Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2018/ШЦТ/47

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Х.Золжаргал

Улсын яллагч П.Итгэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр

Шүүгдэгч Г.Г- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Г-од холбогдох эрүүгийн 1738003920138 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Г-,

Шүүгдэгч Г.Г- нь 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод хашаанаас М.Б-ий эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Г.Г- нь 2017 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод хашаанаас М.Б-ий эзэмшлийн улсын дугааргүй ногоон өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.780.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч М.Б-ий: Би өнөө орой буюу 2017 оны 10 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед Мөрөн сумын 10 дугаар хорооны ... тоотод байх найз Бямбадоржийнд очсон. Очоод мотоциклио хашааных нь гадаа гарыг нь нугасаар нь түгжээд данхраадаад орхисон бөгөөд найзындаа сууж байгаад барагцаагаар 1 цаг 30 минут болсон байх явахаар хашааны гадаа гартал мотоцикль алга болсон байсан. Тэгээд гайхаад тэр хавиар найзтайгаа жаахан хайж байгаад ерөөсөө цагдаад мэдэгдье гээд би өөрөө утсаар залгаж дуудлага өгсөн.: Цагдаа нар ирж миний мотоцикль байсан газраас мөр илрүүлэн сөргөж хөөж явсаар 14, 9 дүгээр хороог нэвт гараад 12 дугаар хороонд оруулаад мөр нь бүдгэрсэн. Тэгээд харанхуй шөнө 00 цаг өнгөрсөн байсан болохоор гар чийдэнгийн зай суугаад мөрдөхөө зогсоосон. Би саяхан 2 сар шахуун өмнө зах дотор байдаг Мустанг-2 дэлгүүрээс шинээр нь худалдаж авч байсан. Содон шинж тэмдэг гэвэл суудал нь хөх алаг өнгөтэй савхирхуу материалтай бүрээстэй, зүүн талдаа нэг тольтой, гэрэл дохио бүрэн бүтэн бөгөөд бүгд асдаг, хянах самбарын доохно талдаа ягаан өнгийн дөрвөлжин хэлбэртэй хөгжим зоосон, 4 өсгөгчтэй, баруун талын дөрөөний ачаа нь гагнаас нь салсан, яндангийн хойд үзүүр дээр тайрагчаар үрсэн оромтой, урд хойд 2 дугуйны кирланд машины шаврын хаалт тайрч хийсэн шаврын хаалттай зэрэг содон шинж тэмдэгтэй гэх мэдүүлэг /хх-ийн 31-36-р тал/,

Гэрч Б.Б-йн: 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19 цаг болж байхад би ажлаасаа тараад гэртээ ирсэн байж байсан. Манайд манай эхнэр бид 3 байж байхад манай найз М.Б- ирсэн. Манайх энэ өнгөрсөн намар шинэ гэр барьсан болохоор найздаа хүндэтгэл үзүүлж хоол цай хийж өгсөн. Тэгэхэд М.Б- мотоцикльтойгоо ирсэн гээд хашааны гадаа данхраадаад тавьчихлаа гэж байсан. Хоол цай хийж байх хооронд М.Б- бид хоёр гадаа гарч бие засангаа тамхилаад мотоциклио гарч харсан тэгэхэд байж байсан. Тэр үед 20 цаг өнгөрч байсан байх. Тэгээд хоол цай идэж уугаад бид 2 жаахан ярьж, хөөрч сууж байгаад М.Б- явахаар болоод би гаргаж өгсөн чинь мотоцикль нь алга болчихсон байсан. Тэгээд бид хоёр тэр хавиар жаал мөр харж байгаад баруун тийшээ явсан юм шиг байхаар нь жаахан дагаж явж байгаад ер нь олдохгүй гол гарчихсан юм шиг болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар тэр даруй ирээд хэргийн газарт үзлэг хийгээд намайг хөндлөнгийн гэрчээр оролцуулаад хэргийн газар дахь ул мөрийг бэхжүүлж байсан. Би тэгээд цагдаа нартай хамт мотоциклийн болон гутлын мөрийг мөрдөхөд хамт явалцсан. Эхлээд манай гудамжны баруун үзүүр байдаг Тэнүүн хүслэн дэлгүүрийн камерт орсон боловуу гээд камерыг нь шүүж үзэхэд байгаагүй . Тэгэхээр нь гутлын мөрийг нь сөргүүлж хөөс гээд мотоциклио тавьсан байсан газраас гутлын мөрийг хөөгөөд гар чийдэн тусгаж явсан. Тэгэхэр тэр мөр явсаар 14 дүгээр багийн 13 дугаар гудамжны урдуур баруун тийш явсаар Мөрөн дэлгүүрийн тушаа маягтай орж очсоноо уг дэлгүүрийн урдуур гараад 9 дүгээр хорооны -- тоот хашаа руу мөр нь ороод явчихсан. Тэр хашааны хаалга нь улаан төмөр хаалгатай байсан бөгөөд цагдаа нар хашаа руу нь орж үзэж байсан. Би гадаа зогсож байсан. Тэгээд цагдаа нар гарч ирээд нөгөө мөрийг цааш нь үргэлжлүүлэхэд 9 дүгээр хорооны засмал замыг баруун тийш хөндлөн гараад Гурван-Эрдэнэ сургуулийн  урд байдаг эмийн сангийн үүдэнд мөр нь гарсан. Тэгээд явж байгаад гар чийдэнгийн зай нь дуусаад цааш гэрэлтүүлэх боломжгүй болоод тэгээд ч цаг нилээн орой болсон байсан. Шөнө дунд өнгөрчихсөн байсан. Цагдаа нар ажлын газар руугаа явсан гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал/,

Гэрч Э.Б-: Тэгээд орой болоод манай хүү ханиалгаа д нус гоожоод байхаар нь эм авахаар 9 дүгээр хорооны засмалын наана байдаг эмийн сан орохоор гэрээсээ гараад баруун тийшээ алхаж явтал гудамжны үзүүрээс нээх их хурц гэрэлтэй чийдангийн гэрэл над руу тусаад миний өөдөөс яваад байсан. Тэгж явж байгаад нөгөө хүнтэй тулж иртэл намайг нэг хүн ирснээ сайнуу юу байна гэхээр нь харахад миний танил Гээгий буюу  Г.Г- зогсож байсан. Тэгээд бид 2 хамтдаа 9-ийн хар замын цаана байдаг Гурван-Эрдэнэ сургуулийн урд байдаг Маргад билүү Марал билүү нэртэй эмийн сан орж хүүхдэд эм авсан. Тэгээд бид 2 чигээрээ явсаар манайд ирсэн ба би аавынд ороход Г.Г- дагаад орсон. Тэгээд Г.Г- хэсэгхэн сууснаа удалгүй явлаа гээд яваад өгсөн. Би дагаж гараад хашааны хаалгыг түгжсэн гэх мэдүүлэг /хх-ийн 42-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-14-р тал/,

Тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-р тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19-р тал/

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 107 дугаартай:

  • Хэргийн газраас илрүүлсэн 5,6 дугаартай гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ.
  • Шинжилгээнд тэнцэж байгаа 6 дугаартай гутлын мөр нь Г.Г-ын гэр болох 13-27-12 тоот хашаанаас бэхжүүлсэн 12 дугаартай гутлын мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна гэх дүгнэлт /хх-ийн 57-р тал/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 61-р тал/,

зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, шүүгдэгч Г.Г- нар хулгайн гэмт хэрэг үйлдээгүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үгүйсгэх нотлох баримт авагдаагүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр хохирогчоос таньж олуулах ажиллагааг /хх-ийн 16-р тал/-д Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 1-д заасан журмыг зөрчиж алдагдсан зүйлийн талаар хохирогчоор хэлүүлэлгүй шууд таниулах ажилаагаа явуулсан гэх боловч хохирогч М.Б- хохирогчоор 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хохирогчоор өгсөн мэдүүлэгт алдагдсан эд зүйлийн шинж чанарын талаар “...Содон шинж тэмдэг гэвэл суудал нь хөх алаг өнгөтэй савхирхуу материалтай бүрээстэй, зүүн талдаа нэг тольтой, гэрэл дохио бүрэн бүтэн бөгөөд бүгд асдаг, хянах самбарын доохно талдаа ягаан өнгийн дөрвөлжин хэлбэртэй хөгжим зоосон, 4 өсгөгчтэй, баруун талын дөрөөний ачаа нь гагнаас нь салсан...” /хх-ийн 32-р тал/ гэж дэлгэрэнгүй мэдүүлсэн байх тул хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангасан, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд зааснаар бэхжүүлсэн байна гэж үзлээ.

 Хохирогч М.Б- нь алдагдсан хөгжим тольны ирмэгт цаас чихэж тогтоосон талаар онцлог шинжийг мэдүүлсэн нь эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлтэй содон шинж чанарын хувьд таарсан, тухайн орой шүүгдэгч Г.Г- нь мотоцикль алдагдсан цаг хугацаанд гэрч Э.-тэй таарсан тэдний хашаагаар ороод гарсан талаарх мэдүүлгийг гэрчээр Э.-э нь /хх-ийн 42-р тал/ өгсөн ба шүүгдэгч нь гэрчтэй уулзаагүй талаар мэдүүлэг өгсөн боловч тухайн үед хаана хэний хамт явсан талаараа нотолж чадаагүй, хохирогчийн алдагдсан мотоциклийн сэлбэг шүүгдэгчийн гэрээс олдсон байх тул тухайн гэмт хэргийн үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Г- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /106, 118-121, /-аар тогтоогдож байна.

Хэрэгт шүүгдэгчийн эрхзүйн байдлыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч нь мотоциклийн мотор эвдэрсэн тул үнийг нэхэмжилсэн боловч холбогдох материалыг ирүүлээгүй байх тул Иргэний хуулийн 497.1-т зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хулгайлагдсан гэх мотоциклийг буцаан өгсөн байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн хөгжим, 2 ширхэг хөх өнгийн өсгөгч, 2 ширхэг цагаан саарал өсгөгч, 1 ширхэг толь болон иш, гарны зөөлөвч, консны тросс 1 ширхэгийг хохирогч М.Б-д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 17380003250029 дугаартай хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.Г-ыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Г.Г-од 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Г-од оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн дөрвөлжин хэлбэртэй /плаш, мемори картны оролттой/ хөгжим, түүний дагалдах хэрэгсэл болох хөх өнгийн зууван дугариг хэлбэртэй 2 өсгөгч, мөн адил өнгийн цагаан саарал өнгийн 2 ширхэг, 1 ширхэг толь болон толины иш, урд гарын хооронд байдаг ногоон өнгийн зөөлөвч, консны тросс 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хохирогчид буцаан олгохыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгасугай

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь М.Б- нь иргэний журмаар мотоцикльд учирсан гэмтэл буюу зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Н.АРИУНЖАРГАЛ