Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/533

 

        

 

 

   2023            5            18                                            2023/ДШМ/533

 

 

М.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч У.Батцэцэг,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/153 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Анхцэцэгийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.Бд холбогдох эрүүгийн 2110 00000 1241 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогтой Мийн Б, .... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамтаар ..... дүүргийн ..... дугаар хороо, ...... дугаар гудамж ..... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:...../.

Шүүгдэгч М.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ О.Гтой бүлэглэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-ийн автобусны буудлын хажууд “....” хүнсний дэлгүүрийн гадна 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 07 цагийн үед иргэн О.Цг хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газар нь цохиж, өшиглөн О.Цгийн биед тархины няцралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун талын бөмбөлгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, ховдол дахь цус харвалт, сан хураа бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг алсан,

-мөн ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 31-нээс 2019 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө .... дүүргийн ... дугаар хороо, ........... тоотод хойд эцэг Х.Отэй маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхэж унагаан гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархайн, зулай ясны шугаман хугарал, тархины дух, дагз хэсгийн эд дэх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цус хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь хэсэг, уртавтар тархины гүүр ба дунд тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай хэсэг, баруун чамархайн булчингийн цус хуралт бүхий гавал тархины хүнд гэмтлийг учруулан, хүнийг алж, улмаар хоёр хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Блийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт, үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Х овгийн Мгийн Бийг ганцаараа болон бүлэглэж хоёр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Блийг 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 20 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийн цагдан хоригдсон 374 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн ноосон цамцны хайчилсан 5 хэсэг даавуу зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Анхцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ О.Гтой бүлэглэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-ийн автобусны буудлын хажууд "...." хүнсний дэлгүүрийн гадна 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 07 цагийн үед иргэн О.Цг хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газар нь цохиж, өшиглөн О.Цгийн биед тархины няцралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун талын бөмбөлгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, ховдол дахь цус харвалт, цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг алсан. Мөн ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 31-нээс 2019 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод хойд эцэг Х.Отэй маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхэж унагаан гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархайн, зулай ясны шугаман хугарал, тархины дух, дагз хэсгийн эд дэх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цус хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь хэсэг, уртавтар тархины гүүр ба дунд тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай хэсэг, баруун чамархайн булчингийн цус хуралт бүхий гавал тархины хүнд гэмтлийг учруулан хүнийг алж, улмаар хоёр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Бд холбогдох 2110 00000 1214 дугаартай хэргийг хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсгийн 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой ба шүүгдэгч М.Б нь бусадтай бүлэглэж О.Цгийн амь нас хохироосон гэм буруу дээрээ маргаж, гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүхээс ял оногдуулахдаа прокурорын санал дүгнэлтийг харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ”Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно гэж зааснаар шүүгдэгч М.Бийн эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн байна.

Дээрх дүгнэлт нь М.Б ганцаараа болон бусадтай бүлэглэн хоёр хүнийг алсан байхад шүүхийн шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-т шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болох хууль зүйн дүгнэлтийн 2-т эрүүгийн хариуцлагын талаар дурдаж, Х.Оийг алсан талаар огт дурдаагүй. Энэ нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг хангаагүй байна.

Мөн шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг нь хууль зөрчөөгүй боловч оногдуулсан ялд дээрх хууль зүйн дүгнэлт нөлөөлж, хоёр хүн алсан этгээдэд оногдуулсан ял нь хөнгөдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, М.Бийн ганцаараа болон бусадтай бүлэглэн 2 хүнийг алсан хэргийн нэг үйлдэлд 20 жил оногдуулж, нэг үйлдэлд ял оногдуулаагүй, хэргийн бодит байдалд оногдуулсан эрүүгийн хариуцлага тохироогүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.

Шүүгдэгч М.Б нь О.Цгийн амь насыг бусадтай бүлэглэн хохироосон буюу хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруудаа маргадаг. Энэ гэмт хэргийг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлэг, хөндлөнгийн нотлох баримт болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр М.Бийг Гтой бүлэглэн хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсон. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Гт ял шийтгэл оногдуулсан байдаг. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд М.Б нь толгойн тус газар нь цохисон үйлдэл тодорхой харагддаг. Тус үйлдлийн улмаас амь хохирогч ухаангүй байдалтай болсон дүрс бичлэг байгаа. Иймд анхан шатны шүүхээс М.Бийг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй” гэв.

Шүүгдэгч М.Б давж заалдах гомдолдоо: “М овогтой Б миний бие эрүүгийн 2110 00000 1241 дугаартай хэрэгт холбогдож Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар 20 жилийн ялаар шийтгүүлсэн. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргалаа.

М.Б миний бие 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө .... дүүргийн .... дугаар хороо .... дугаар гудамж .... тоотод хойд эцэг болон Х.Оийг “унтаж амар” гээд ор луу нь түлхсэний улмаас тархины гэмтэл авч нас барж, хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогдсон.

Мөн М.Б миний бие 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 19 дүгээр автобусны буудлын хажууд “.....” хүнсний дэлгүүрийн гадна би болон Г түүний эхнэр Ц мөн Гийн найз болох талийгаач Ц нар байж байтал Г, Ц хоёр маргалдаж, зодолдож, би салгасан боловч дийлээгүй намайг зодох гээд байсан. Тухайн үед би айсандаа талийгаачийг цээж хэсэг рүү нь 1-2 удаа зөөлхөн хүрэх төдий өшиглөсөн. Энэ нь камерын бичлэгт байдаг. Миний энэ 2 удаагийн өшиглөсөн үйлдэл нь Гоос айсандаа талийгаачийг өшиглөсөн. Энэ хүнийг алья гэсэн санаа сэдэл огт байгаагүй. Ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, харамсаж байна. Миний уг 2 удаагийн өшиглөсөн өшиглөлт нь үхэлд хүргэх шалтгаан биш гэж бодож байна. Миний бие Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 20 жил хаалттай хорих ялаар шийтгүүлсэн. Надад хүнийг санаатай алах хүсэл зорилго огт байгаагүй. Надад оногдуулсан ялыг шударга ёсны зарчимд нийцүүлж, тохирсон ялыг оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч М.Блийн өмгөөлөгч У.Батцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Бд 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

М.Б нь О.Цийн амь нас хохирсон үйлдлийн хувьд тухайн үед Гийн зодож байхад нь салгаж, түүний цээж хэсэг рүү 1-2 удаа өшиглөсөн гэж мэдүүлдэг. Анхан шатны шүүх дүгнэхдээ “М.Б нь Х.Ц холдуулж, О.Цийн хажууд очих бөгөөд 39 минут 40 секундэд тэрээр зүүн хөлөөрөө 1 удаа өшиглөж, ...40 минут 11 секундэд зүүн, баруун гараараа О.Цийн толгой хэсэг рүү тус бүр 1 удаа алгадах ба энэ үед баруун талаас М.Б ирж зүүн хөлөөрөө 2 удаа өшиглөж түүний гараас татан суулгах мэт хийх боловч О.Ц ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй байв...” гэх үйл баримт тогтоогдож байна гэдэг боловч М.Б нь амь хохирогчийн хаана нь зүүн хөлөөрөө 2 удаа өшиглөсөн гэдэг нь тодорхойгүй. Уг өшиглөсөн үйлдэл нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн үйлдэл мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож мөн шүүгдэгч М.Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Б нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ О.Гтой бүлэглэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-ийн автобусны буудлын хажууд “...” хүнсний дэлгүүрийн гадна 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 07 цагийн үед иргэн О.Цг хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газар нь цохиж, өшиглөн О.Цгийн биед тархины няцралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, баруун талын бөмбөлгийн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, ховдол дахь цус харвалт, сан хураа бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 17-20/, 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 31-34/

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оын “...2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр таньдаг залуу Д “хүү чинь гэмтлийн эмнэлэгт байгаа” гэж хэлсэн. Яваад очтол эрчимт эмчилгээний тасагт хүнд зодуулан биеийн байдал маш муу гэж хэлсэн... 2021 оны 08 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн үед гэмтлээс нас барсан гэж хэлсэн...” гэсэн /1хх 38/,

- гэрч Л.Лын “...2021 оны 08 дугаар сарын 22-ны өглөө би ажилтай хөдөө ногоо тарьж байгаа тус шөнө гэртээ ирсэн. Өглөө 7 цагийн үед “.” дэлгүүр орсон чинь үүдэн хэсэгт газарт талийгаач О.Ц хэвтэж байсан. Хүнд зодуулсан амьсгалж байсан бөгөөд тус “....”-гийн худалдагч эмэгтэй надаас “энэ хүнийг таних уу” гэхэд би “танина” гэж хэлсэн. Манай энэ хавиар архи уугаад яваад байдаг гэж хэлсэн...Би дэлгүүр ороод талх аваад гараад ирэхэд цагдаа, түргэн ирсэн. Эмнэлгийн машин аваад явахад тус дэлгүүр хажуу талын ТҮЦ-нд ногоо зардаг миний үеийн залуу надад “шөнө 2 эрэгтэй, 1 эмэгтэй маргалдаад тэр гурван хүний нэг залуу нь удаан зодсон” гэж хэлсэн. Шөнө наанаа хоносон байна гэж хэлсэн... Ц “.....” хүнсний дэлгүүрийн гадаа үүдэн хэсэгт хөдөлж байсан. Толгойноос цус гарсан байдалтай, би нээх сайн анзаарч хараагүй. Ямартай ч гар нь хөдлөөд би амьд байгаа юм байна даа гэж хэлээд худалдагчтай хамт цагдаад дуудлага өгсөн юм...” гэсэн /1хх 111/,

- гэрч Л.Зийн “...Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 үйлчилгээний төвийн хөшөөтэй автобусны буудлын ар талд ухаангүй согтуу хүн зодуулсан байдалтай байна гэх дуудлага Хан-Уул дүүргийн цагдаагаас ирсэн. Дуудлагын дагуу тус газарт 2021 оны 08 угаар сарын 22-ны өглөө 7-8 цагийн хооронд очсон. Очиход “...” гэх дэлгүүрийн үүдэн хэсэгт цементэн дээр ухаангүй 20-30 орчим насны эрэгтэй хүн хэвтэж байсан. Хамраас нь цус гарсан, нүүр хэсэг болон толгойны ар хэсэг гэмтэлтэй хавдсан байдалтай, ухаангүй согтуу хүн байсан. Тус хүнийг өргөөд машинд оруулаад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Нүүр хэсэг нь хамар хэсгээс нь цус гараад бохирлогдсон байсан, ариутгаж цэвэрлэж, хүчилтөрөгч өгөөд ГССҮТ-ийн яаралтай хүлээн авах тусламжийн төвд хүлээлгэн өгсөн...Дуудлагаар очиход ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй, ухаангүй, амьсгалж байсан...” гэсэн /1хх 117/,

- гэрч Ц.Эын “...2021 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Хан-уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19-ийн автобусны буудлын ард “....” гэх хүнсний дэлгүүрийн урд талын үүдэн хэсэгт 25-30 орчим насны эрэгтэй ухаангүй байдалтай хэвтэж байсан. Очоод дуудаж үзэхэд сэрэхгүй амьсгалж байхаар нь 109 дугаарт дуудлага өгч нөхцөл байдлыг жижүүрийн ахлахад хэлсэн. 103 15-20 минутын дараа ирээд тус ухаангүй хүнийг үзээд тархиндаа гэмтэл авсан, тархи нь хавдсан байна гэж хэлсэн. Тэгээд тус хүнийг ГССҮТ-ийн яаралтай тусламжийн эрчимт эмчилгээний тасаг руу авч явсан. Тус ухаангүй залууг харахад нүүр хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсан яг хаанаас нь цус гарсныг мэдэхгүй, олгой хэсэг нь хавдсан байсан бөгөөд хувцас нь шороо тоос болсон байдалтай...Ухаангүй хүнийг Ц гэдгийг тус газарт байсан Тэмүүжин хэлсэн...” гэсэн /1хх 122/,

- О.Гн сэжигтнээр өгсөн “...Бтэй таараад хамт архи хувааж уусан. Тэгээд “Д....” нэртэй дэлгүүр ороод хамт архи уухаар болоод хүрэл хөшөөтэй автобусны ард байрлах “....” дэлгүүрээс архи аваад Б /Э хочтой/, Т, манай эхнэр Ц, бас надад зодуулдаг Ц нартай 0.75л архи хувааж уусан. Тэгээд Б гэх хамт архи ууж байсан залуугаа автобусанд суулгаж өгчхөөд буцаж архи ууж байсан газраа ирээд Г байсан тал шил архийг хамт хувааж уугаад би муудсан. Тухайн үед нэг хүнтэй маргалдаад зодолдоод байх шиг байсан. Тэгээд Дунд голын эрэг дээр сэрсэн... Өмнө 2-3 удаа хамт архи хувааж ууж байсан. Тэр өдөр би Цтэй юунаас болоод маргасан талаараа санахгүй байгаа. Гэхдээ цохиж зодсон асуудал бол үнэн. Би нүүр лүү нь гараараа олон цохисон. Тэгээд толгой руу нь олон удаа өшиглөсөн. Яг хаана нь хэдэн удаа зодож цохисон талаараа нарийн сайн санахгүй байна...” гэсэн /1хх 87/,

- Х.Цийн сэжигтнээр өгсөн “...Ц гэх залуу манай нөхрөөс ариун цэврийн цаас асуусан. Тэгсэн чинь манай нөхөр Г “би чиний бөгсний алчуурыг бэлдэх ёстой юм уу” гэж уурлаад Ц гэх залууг цохиод унагаасан. Тэгээд Б “би найзыгаа өмөөрдөг” гээд тэр хоёр толгой нүүр лүү өшиглөөд байсан...Гийг болиоч гэж хэлж байсан, гэтэл согтуу хүний үгэнд орохгүй Цийн нүүр, толгой хэсэг рүү нь өшиглөөд байх шиг харагдсан. Би “болиоч ээ ханиа, наадах чинь бараг үхчихэж байгаа юм биш үү” гэж хэлэхэд тоохгүй байхаар нь тэр хүнийг нь очоод өшиглөсөн...” гэсэн /1хх 102/,

- Х.Цийн яллагдагчаар өгсөн “...Манай нөхөр Г “би чиний бөгсний алчуурыг бэлдэх ёстой юм уу” гэж уурлаад Ц гэх залууг цохиод унагаасан. Тэгээд Б “би найзыгаа өмөөрдөг” гээд тэр хоёр толгой нүүр лүү нь өшиглөөд байсан...Би “болиоч ээ ханиа, наадах чинь бараг үхчихэж байгаа юм биш үү” гэж хэлээд тоохгүй байхаар нь тэр хүнийг нь очоод өшиглөсөн...Цийн нүүр хэсэг рүү нь 1-2 удаа алгадсан. Тэгээд хөл рүү нь өшиглөсөн санагдаж байна...” гэсэн /1хх 210/,

- О.Гийн яллагдагчаар өгсөн “...Ц уулзахаас өмнө нэлээн согтуу байсан бөгөөд юунаас болж маргалдсан нэлээн согтуу, ухаан санаа орж гараад байсан болохоор тэгээд би баруун гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. Гэтэл Ц хойшоо саваад газарт унасан. Би түүний нүүр толгой хэсэгт хэд хэдэн удаа гар болон хөлөөрөө ээлжилж цохиж өшиглөсөн...” гэсэн /1хх 216-217/,

- шүүгдэгч М.Б “...Г Цг цохиж байсан. Эхлээд би салгасан боловч Г над руу уурлаад намайг зодох гээд байсан. Тэгээд Ц газарт унасан үед Г элэг нүүр лүү нь өшиглөж, гараараа цохиж байсан. Би Цгийн элэг рүү хоёроос гурван удаа өшиглөсөн...Хүний амь насанд хүрсэндээ харамсаж байна...” гэсэн мэдүүлгүүд /2хх 9-10/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1762 дугаартай “...амь хохирогч нь тархины няцралт, аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, баруун тал бөмбөлгийн хатуу хальсны дээрхи, доорхи цусан хураа, ховдол дахь цус харвалт, цусан хурааны улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна...” гэсэн /1хх 175/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмчийн 64 дугаартай “...М.Б нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна... М.Б нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна... М.Б нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /2хх 15-16/ зэрэг нотлох баримтуудаар,

мөн ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 31-нээс 2019 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө .... дүүргийн ..дугаар хороо, .... тоотод хойд эцэг Х.Отэй маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхэж унагаан гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархайн, зулай ясны шугаман хугарал, тархины дух, дагз хэсгийн эд дэх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цус хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь хэсэг, уртавтар тархины гүүр ба дунд тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай хэсэг, баруун чамархайн булчингийн цус хуралт бүхий гавал тархины хүнд гэмтлийг учруулан, хүнийг алсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 31-34/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Оийн “...би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байхад манай эгч О 13 цагийн үед над руу залгаад талийгаачийг гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд ирсэн байна харвасан юм уу, зодуулсан юм шиг шинжтэй байна гэж хэлсэн... тэгээд би гэртээ хүлээгээд байж байхад 13:40 цагийн орчимд эгч О над руу залгаад өнгөрсөн байна гэсэн... Тэгээд талийгаачийг харахад цээж болон гарын хэсэгт зулгаралт гэмтэлтэй, нүүрний хэсэгт унаад шалбарсан шархтай байсан юм... толгойных нь зүүн талын хэсэгт нь үс нь цус болоод хатсан байдалтай байсан... Тэгээд бас 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү Чс эрүүл саруул ухаантай гарсан. Гараад явахдаа орой эргээд ирнэ, танай гэрт байгаад хүүхдүүдийг чинь харж өгнө гэж хэлсэн байсан. Тэгээд тэр өдөр гэрээс нь гарч яваад эргэж ирээгүй, маргааш нь эмнэлэгт хүргэгдсэн байсан. Тэр өдөр манай эгч О нь талийгаачийн хамт амьдарч байсан гэрт нь явж очиход М нь сандраад, гар нь салгалаад гэрээ цэвэрлэж байсан. Хоёр гарын бугуй орчимд нь хөхөрсөн байдалтай, духны орчимд хумсаар маажсан гэмтэлтэй байсан гэсэн. Тэгээд манай эгч юу болсон талаар асуухад талийгаачийг согтуу байсан, гаднаас согтуу орж ирсэн, орилж байгаад унтсан, тэгээд унтаж байгаа юм байлгүй, согтуу гэж хэлсэн болохоор гэрийнхэнд хэлээгүй гээд өглөө нь босоод харахад хэвийн биш байхаар нь түргэн дуудсан гэж хэлсэн байсан. Тэгээд урд өмнө нь бас хамтран амьдрагчийн хүү Б нь талийгаачийг нэг хоёр удаа цохиж байсан гэж сонсогдож байсан...гомдолтой байна...” гэсэн /2хх 77-78, 81/,

- гэрч Х.Огийн “...Х.О надад хэлэхдээ “эхнэр нь ах, дүү нар чинь хааччихсан бэ” гээд дарамтлаад байна гээд уйлж байсан. Х.Огийг надтай утсаар ярьж байхад М нь согтуу орилоод байсан. Х.О надад хэлэхдээ “айлын том болсон эрэгтэй хүүхэдтэй хамт байх хэцүү байдаг юм байна” гэж хэлж байсан. Мтын хүүтэй таарамж муутай байдаг юм шиг байна лээ. Оийн бага хүү ТӨ надад хэлэхдээ аав над руу залгаад “М хүү намайг зодчихлоо, миний хүү хүрч ирээд энэ хүүг нь зодоод өг” гэж байсан юм байна лээ... би Мтын хүү миний ахыг зодсон байх гэж бодож байна... Тэгээд шөнөжингөө Х.О таталт өгч, өмдөндөө шээж хоносон байгаа юм. Тэгэхэд нь тусламж үзүүлж дуудлага өгөөгүй байгаа юм. Тэрэнд нь гомдоод, хардаад байгаа юм... М өөрөө ч дуудлага өгөөгүй хашаанд нь байдаг дүү нь орж ирээд дуудлага өгсөн гэж байгаа юм...” гэсэн /2хх 94-95/,

- гэрч О.ТӨийн “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө манай хуучин дарга болох Г над руу “аав чинь нас барчихсан байна” гэж захиа бичсэн байсан...2018 оны 12 сард талийгаач аав маань над руу залгаад “Мтын хүүхэд намайг зодчихлоо” гэж ярьсан. Тэгээд намайг “хүрч ирээд Мын хүүхдийг зодоод өг” гэж байсан... Тэгэхээр нь би Мын хүүхэдтэй утсаар ярьсан... тэгсэн чинь манай аав Мтын хүүхдийн эхнэр рүү нь салаавч гаргасан юм шиг байна лээ. Тэгээд Мтын хүүхэд миний эцэгт гар хүрсэн юм шиг байна лээ. Тэгэхээр нь Мтын хүүхдэд анхааруулаад өнгөрсөн...” гэсэн /2хх 96-97/,

- гэрч Ц.Мтын “...Гэртээ ирээд талийгаачийн авч ирсэн “Сэржим” нэртэй архийг бид хоёр хувааж уугаад дуусгасан. Тэрнээс бол өөр хэн нэгэн хүмүүстэй цуг архи уугаагүй. Тэгээд бид хоёр ууж байсан архиа дуусгаад хоолоо ч идээгүй тасраад унтаад өгсөн... Тэгээд өглөө нь сэрсэн юм. Шөнө дунд юу болсон талаар сайн сонсож, ажиглаагүй өглөө нь сэрээд харсан тэгээд талийгаачийг эвгүй болсон байна гэж мэдсэн...” гэсэн /2хх 100-101/,

- гэрч Д.Дрын “...2019 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагийн үед манай баруун талын айлын хүн болох манай эхнэрийн төрсөн эгч Ц.М манай гэрт орж ирээд “түргэн дуудаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд “юу болов” гэж асуухад “манай хүн амьсгалахгүй” байна гэж хэлэхээр нь би өөрийн утсаар түргэн дуудаад гэрт нь яваад орох үед байшингийн баруун хойд буланд байх матрас дээр талийгаач Х.О дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд намайг очоод үзэхэд талийгаач амьсгалж байсан бөгөөд огт сэрэхгүй байсан...” гэсэн /2хх 104/,

- шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “...гавал тархины гэмтэл нь зулай, чамархайн ясны шугаман хугарлаас гадна, хажуугийн ховдол болон 3, 4-р ховдол, тархины "үүр хэсэгт цус харвалт, няцралтай байсан учир дээрх барилуудад амьсгал зүрх судлын төвүүд байрлах ба мэс заслын аргаар эмчлэх боломжгүй юм...” гэсэн /2хх 144/,

- шүүгдэгч М.Блийн “...би талийгаачийг зогсож байхад нь зүүн гараараа цээж хэсэг рүү нэг удаа “унтаач ээ” гэж хэлээд түлхтэл талийгаач хойшоо байшингийн хана толгойныхоо дагз хэсгээр мөргөөд уначихсан. Тэгээд талийгаач сэрэхгүй байхаар нь би дээшлүүлээд матраас дээр хэвтүүлсэн...Би дээрх гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” /2хх 148, 3хх 37/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 214 дугаар цогцост шинжилгээ хийсэн “...Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархайн, зулай ясны шугаман хугараг тархины дух, дагз хэсгийн эд дэх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн хэсгийн хатуу хальсан доор хялтаслаг цус хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь хэсэг, уртавтар тархины гүүр ба дунд тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, толгойн хуйхны дотор зүүн талын зулай, чамархай хэсэг, баруун чамархайн булчингийн цус хуралт зүүн хацар, зүүн шуу, цээжний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй...” гэсэн /2хх 132-134/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1325 дугаар “...Х.О цогцост тогтоогдсон зүүн чамархай, зулай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн дух, дагзны дэлбэнгийн эд дэх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн аалзан хальс доорх голомтлог цус харвалт баруун, зүүн хажуу болон 3, 4-р ховдлын цус харвалт, баруун тал бөмбөлгийн суурь хэсэг, уртавтар тархины гүүр ба дунд тархины эдийн няцрал, тархины эдийн тархмал цэгчилсэн цус харвалт, зүүн чамархай, зулайн хуйхны дотор тал болон зүүн чамархайн булчингийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба хүчтэй савж, савагдах хана мөргөж унах үед үүсэж болно...” /2хх 138-142/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,

- 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх 240-243/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч М.Блийн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ О.Гтой бүлэглэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19-ийн автобусны буудлын хажууд “...” хүнсний дэлгүүрийн гадна 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 07 цагийн үед иргэн О.Цг хувийн таарамжгүй харьцааны улмаас толгойн тус газар нь цохиж, өшиглөн хүнд гэмтэл учруулж хүнийг алсан, мөн ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 31-нээс 2019 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө ... дүүргийн ..., ... тоотод хойд эцэг Х.Отэй маргалдаж, улмаар түүнийг хана руу түлхэж унагаан тархины хүнд гэмтлийг учруулан, хүнийг алж, улмаар хоёр хүнийг алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Блийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад заасан буюу ганцаараа болон бүлэглэн хоёр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх ба ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Шүүгдэгч М.Б болон түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарын “О.Гтой бүлэглэн О.Цгийн амь насыг хохироосон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд гэрч Х.Цгийн “...манай нөхөр Г “би чиний бөгсний алчуурыг бэлдэх ёстой юм уу” гэж уурлаад Ц гэх залууг цохиод унагаасан. Тэгээд Б “би найзыгаа өмөөрдөг” гээд тэр хоёр толгой нүүр лүү нь өшиглөөд байсан...” /1хх 210/ гэх мэдүүлэг, шүүгдэгч М.Блийн “..Би Цгийн элэг рүү хоёроос гурван удаа өшиглөсөн...Хүний амь насанд хүрсэндээ харамсаж байна...” /2хх 9-10/ гэх мэдүүлэг, камерын бичлэг үзлэг хийсэн “...үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд халзан, улаан өнгийн малгайтай цамцтай бор өнгийн өмдтэй, хар өнгийн үүргэвчтэй цүнхтэй, хөх өнгийн пүүз өмссөн 30-40 орчим насны этгээд хохирогч Цг гар болон хөлөөрөө зодож байгаа нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 20 цаг 38 минут 04 секундэд хяналтын камерын бичлэгт үлдсэн байв...” /1хх 31-34/ гэх тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б нь О.Гтой бүлэглэж О.Цгийн амь насыг хохироосон болох нь нотлогддог. Хэдийгээр шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй боловч түүний О.Гтой бүлэглэж О.Цг алсан гэм буруу дээрээ маргасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан ял үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Б болон түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн прокурор Х.Анхцэцэгийн “...шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг хангаагүй, зөвхөн О.Гтой бүлэглэн О.Цг алсан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт хийсэн, шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн учир шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх эсэргүүцлийн үндэслэлийг хянаж үзэхэд анхан шатны шүүх шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын дүгнэлт хэсэгт “...Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой ба шүүгдэгч М.Б нь бусадтай бүлэглэж О.Цгийн амь нас хохироосон гэм буруу дээрээ маргаж, гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүхээс ял оногдуулахдаа прокурорын санал, дүгнэлтийг харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтад зааснаар 20 (хорь) жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч М.Блийн эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй...” гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн дан ганц О.Гтой бүлэглэн О.Цг алсан үйлдэлд дүгнэлт хийсэн нөхцөл байдал харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч М.Блийн ганцаараа болон бүлэглэн хоёр хүний амь насыг хохироосон үйлдэлд бүхэлд нь гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд дээрх байдлаар бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүх хуралдааныг “хаалттай” явуулсан мэтээр бичсэнийг давж заалдах шатны шүүхээс “нээлттэй” гэж залруулах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурор Х.Анхцэцэгийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/153 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурор Х.Анхцэцэгийн бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ