Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2024/04685

 

 

 

2024 оны 11 сарын 13 өдөр                                Дугаар 183/ШШ2024/04685                                    Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ......тоотод оршин суух, Х  овогтой Т-ын У  /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах,  Б холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.У  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Нэхэмжлэгч Т.У би Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/0000 дугаар шийдвэрээр 457.477.965,89 төгрөгийг Г ХХК-д төлөх болсон. Дээрх шийдвэрийг гүйцэтгэхдээ хариуцагч нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн, Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Зайсан /17023/, Зайсан гудамж, 15г байр, 0тоот, 147 м.кв 3 өрөө орон сууцыг Т ХХК-иар үнэлгээ хийлгэхэд орон сууцыг 776.600.000 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдлийг төлбөр төлөгч надад 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдсэн болно. Хариуцагч байгууллагын мэдэгдэл нь 2024 оны 02 сарын 15-ны өдрөөр огноологдсон байхаас гадна талуудаас санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилсон үнэлгээ тогтоолгосон гэжээ. У миний бие 1.150.000.000 төгрөг үнийн санал өгсөн, Голомт банк 457.477.956,89 төгрөгний үнийн санал тус тус өгсөн. Төлбөр төлөгч миний бие хөндлөнгийн шинжээч Т ХХК-ийн гаргасан үнэлгээний огт зөвшөөрөхгүй байна. Учир нь Т ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо үнэлгээний ямар аргыг хэрэглэсэн нь тодорхойгүй, орон сууцыг бодитоор үзээгүй, зах зээлийн өнөөгийн ханш ямар байгааг харьцуулсан баримтгүй, өмчийн эзэнд мэдэгдэлгүйгээр ямар нөхцөл байдлыг үндэслэн үнэлгээ хийсэн нь ойлгомжгүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байгааг шүүх хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дүгээр сарын 27-ны өдрийн 000 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч нараас 457.477.965 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үүссэн. Төлбөр төлөгч нарт удаа дараа төлбөрийг төлөх талаар мэдэгдсэн боловч төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Барьцаа хөрөнгийг битүүмжилэн хураагаад үнийн санал авахад Г ХК үнийн санал ирүүлээд төлбөр төлөгч нараас үнийн санал ирүүлээгүй. Тийм учраас Т ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээг заасан хугацаанд хүлээж аваад 02 дугаар сарын 15-ны өдөр дуудахад төлбөр төлөгч н.Э  ирээд Т.У  ирээгүй учраас түүний оршин суугаа газар руу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Ирэхгүй байж байгаад албадан дуудлага худалдааг зарлахад ирээд шүүхэд гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.02.15-ны өдрийн №3/000 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банкны төлбөр барагдуулах газраас  Д.Э, Т.У, Э.Анарт өгсөн мэдэгдэл, 2024.03.11-ний өдрийн 3/0000 тоот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банкны төлбөр барагдуулах газраас Д.Э, Т.У, Э.А нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2024.03.11-ний өдрийн 0/0 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023.02.27-ны өдрийн 183/ШШ2023/0000 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2024.02.15-ны өдрийн Т ХХК-ийн тайлан зэрэг баримт гаргаж өгсөн.

 

5. Хариуцагчаас: 2024.04.22-ны өдрийн итгэмжлэл, 2023.05.11-ний өдрийн 183/ГХ2023/0000 дугаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, 2023.05.11-ний өдрийн 183/ШЗ2023/0000 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн иргэний анхан шатны шүүхийн 2023.02.27-ны өдрийн 183/ШШ2023/0000 дугаар шүүхийн шийдвэр, 2023.06.21-ний өдрийн 00000 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2021.06.21-ний өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.11.08-ны өдрийн 000000000 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023.11.08-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024.01.17-ны өдрийн 00000000 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024.01.17-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024.01.19-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банкны төлбөр барагдуулах газраас Д.Эрдэнэ-Очир, Т.У, Э.А нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2024.01.24-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024.01.25-ны өдрийн 0/0 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, 2024.11.25-ны өдрийн  Шинжээчид эрх, үүрэг хариуцлага танилцуулсан тэмдэглэл,  Т  ХХК-ийн тайлан, 2024.02.15-ны өдрийн №3/000 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банкны төлбөр барагдуулах газраас Голомт банкинд илгээсэн мэдэгдэл, 2024.02.15-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024.02.15-ны өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банкны төлбөр барагдуулах газраас Д.Э, Т.У, Э.А нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2024.02.16-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024.02.15-ны өдрийн №3/714 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын банкны төлбөр барагдуулах газраас Д.Э, Т.У, Э.А нарт хүргүүлсэн мэдэгдэл, 2024.02.16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг баримтууд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.У  хариуцагч үүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөхгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргасан.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 2 сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/0000 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн  22 дугаар зүйлийн 1 дэх  хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Э, Т.У нараас зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 376.320.000 төгрөг, хүү 81.157.767,13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198,76 төгрөг, нийт 457.477.965,89 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч нар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд иргэн Д.Э, Т.У, Э.А нарын өмчлөлийн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Зайсан /17023/, Зайсангийн гудамж, 15Г байрны 0 тоотод байрлах, 147 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000000 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулаж шийдвэрлэжээ.

 

Төлбөр төлөгч Д.Э, Т.У нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 сарын 11-ний өдрийн 183/ГХ2023/0000 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсний дагуу хариуцагч Банкны төлбөр барагдуулах газар 2023 оны 6 сарын 21-ний өдрийн 0000 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2023 оны 11 сарын 08-ны өдрийн 23360646/05 дугаар тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 0000 дугаар тогтоолоор Д.Э, Т.У, Э.А нарын өмчлөлийн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Зайсан /17023/, Зайсангийн гудамж, 15Г байрны 0 тоотод байрлах, 147 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан болох нь хариуцагч талаас гаргасан нотлох баримтаар тогтоогдох бөгөөд тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар зохигчид маргаагүй болно.

 

Харин нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөд хийгдсэн үнэлгээг эс зөвшөөрч, хөрөнгийг ... үнэлгээний ямар аргыг хэрэглэсэн нь тодорхойгүй, орон сууцыг бодитоор үзээгүй, зах зээлийн өнөөгийн ханш ямар байгааг харьцуулсан баримтгүй, өмчийн эзэнд мэдэгдэлгүйгээр ямар нөхцөл байдлыг үндэслэн үнэлгээ хийсэн нь тодорхойгүй... гэх агуулга бүхий тайлбар гарган үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч болон төлбөр авагчаас хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал асуухад талууд харилцан тохиролцоогүй нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан бөгөөд улмаар хариуцагч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар дуудлага худалдаанд санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар 2024 оны 01 сарын 25-ны өдрийн 0/0 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Т ХХК-ийн шинжээч Н.Х-дыг шинжээчээр томилсон нь хуульд нийцсэн байна.

 

Шинжээчээр томилогдсон Т ХХК-ийн үнэлгээчин Н.Х  нь Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Зайсан /17023/, Зайсангийн гудамж, 15Г байрны 0 тоотод байрлах, 147 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 776.600.000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн авч, 2024 оны 02 сарын 15-ны өдрийн 3/414 тоот мэдэгдэлүүдээр төлбөр төлөгч Д.Э-рт “2024.02.15-ны өдбр хариуцагчийн 0 тоот өрөөнд уулзаж танилцуулсан, энэ талаар Т.У-рт дамжуулаарай гэхэд за гэсэн” , Т.Ур түүний оршин суугаа Сүхбаатар дүүрэг 2-р хороо Шинэ төгөл хотхон Б-0 тоот хаягаар баталгаат шуудангаар хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.У  2024 оны 3 сарын 11-ний өдөр хөрөнгийн үнэлгээг өөрийн биеэр очиж мэдсэн гэх боловч энэ нь хариуцагчийн мэдэгдэл хүргүүлсэн тэмдэглэлээр няцаагдаж байх бөгөөд түүний 2024 оны 3 сарын 11-нд мэдсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн дотор нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Т ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд заасан эрх үүргийн хүрээнд бодит үнэ цэний суурийг хэрэглэж, зах зээлийн хандлагын аргаар үнэлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцсэн байх тул ...үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлсэн.. гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэл, тайлбар няцаагдаж байна.

 

Түүнчлэн, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх гомдлын шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.

 

Иймд хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банкны төлбөр барагдуулах газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч томилж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээч дүгнэлт гарган үнэлгээ тогтоосон, дээрх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул дээрх үндэслэлээр Т.У-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Б  газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Т.У-рын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                           Г.СОЛОНГО