| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/05772/И |
| Дугаар | 183/ШШ2024/04683 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2024/04683
2024 оны 11 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2024/04683 Улаанбаатар хот
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ........ тоотод оршин суух, З овогтой Г-йн М /РД:::::::::/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .........х хаягтай нийтийн байранд оршин суух, Х овогт Ч-ын Д /РД:000000000/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Г.М, хариуцагч Ч.Д, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 онд Ч.Д-нтай танилцаж, 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гэрлэлтээ батлуулан хамт амьдарч эхэлсэн. 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүү М.Ч мэндэлсэн бөгөөд ХУД-н 0 дугаар хороо, Буянт ухаа 25 гудамж, 0 тоот хаягт эцэг эхийн хашаанд гэр барьж амьдарч байсан. Миний бие БГД-ын Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт эргүүлийн офицер албан тушаалтай ажилладаг. Бид хоорондын таарамжгүй харилцаа болон хардалтын улмаас 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тусдаа амьдарч байна. Цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй бөгөөд хүү болох М.Ч-ыг эхийн асрамжинд үлдээн, тэтгэмж төлөхөөс татгалзахгүй, гэр бүлийн дундын хөрөнгө гэх зүйлгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн хүү М.Ч-тай сард 4 удаа уулзаж, хамт хонож байх хүсэлтэй байна гэв.
2. Хариуцагч Ч.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахад надад татгалзаад байх зүйл байхгүй. Хүүхэдтэйгээ 7 хоногийн 3 өдөр уулзуулдаг баймаар байна гэдгийг зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл хүүхдийн цэцэрлэг эднийхээс зайтай. Би ажилтайгаа ойрхон өглөө орой өөрөө авдаг. Өөрөө 24/48 гардаг эргүүлийн офицер болохоор хүүхэдтэйгээ хүссэн үедээ хамт байж чадахгүй ажлаа зохицуулахгүй бол амжихгүй. Би бас хааяа ийш тийшээ явах ажил гарна. Тогтсон 7 хоног уулзана гэсэн зүйл байхгүй. 7 хоног тутам уулзана гэхээр бид хоёр тусдаа амьдарч байгаа учраас манай хүүхэд жаахан болохоор ээж нь аваад, аав нь аваад байвал хүүхдийн сэтгэл санаанд хүнд тусах байх гэж бодож байна. Харин 1 сард 4 хоног уулзах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын хаягиын бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, 2024.08.13-ны өдрийн №0000 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай тэмдэглэл, 2024.08.28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, газар эзэмших эрхийн лавлагаа зэрэг баримтуудыг өгсөн байна.
Хариуцагчаас: Нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Г.М гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Ч.Д-д холбогдуулан шүүхэд гаргажээ.
2. Г.М, Ч.Д нар 2017 онд гэр бүл болсныг хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлэн гэр бүл болж, тэдний дундаас 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүү М.Ч төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагааг хийсэн боловч тэд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж эвлэрэхээс татгалзаж эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, гэрлэгчид 2023 оноос хойш тус тусдаа амьдарсан, хэн алин нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж Г.М, Ч.Д нарын гэрлэлтийг цуцлах зүйтэй гэж дүгнэв.
3. Гэрлэгчдийн хүүхэд болох хүү М.Ч-ыг эх Ч.Д-ны асрамжид үлдээхийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүү М.Ч-ыг, эх Ч.Д-ы асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
4. Ч.Д хуульд заасны дагуу хоёр хүүхэддээ тэтгэлэг гаргуулна гэснийг нэхэмжлэгч Г.М зөвшөөрсөн, мөн хүүхдийн эрхийн үүднээс хариуцагчаас тэтгэлэг гаргуулах нь хуульд нийцэх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүү М.Ч-выг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.М-ор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
5. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
Г.М хүү М.Чи-тай 1 сард 4 хоног уулзаж, хамт хонох хүсэлт гаргасныг хариуцагч Ч.Д хүлээн зөвшөөрсөн тул хүүг эцэг Г.М-той 1 сард 4 хоног уулзуулж байхыг Ч.Д-нд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Зана овогтой Г-гийн М /РД:000000/, Х овогт Ч-н Д /РД:0000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 0000 оны 8 сарын 18-ны өдөр төрсөн хүү С М.Ч-ыг эх Ч.Д-ы асрамжид үлдээсүгэй.
3. Зохигч эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 0000 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүү М.Ч-авыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.М-ор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
5. Хүү М.Ч-авыг 1 сард 4 хоног эцэг Г.М-ой уулзуулж байхыг хариуцагч Ч.Дэ-д даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Улсын бүртгэлийн Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Отгон-Эрдэнэд даалгасугай.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Дэлгэрсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мөнхсорд олгосугай.
9. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО