| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/02025/И |
| Дугаар | 183/ШШ2024/04682 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2024/04682
2024 оны 11 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2024/04682 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: БНСУ-ын Сөүл, Ж.... тоотод байрлах, Ж ХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Эв нэгдлийн гудамж , М ХХК-ийн өргөтгөл байрлах, М ХХК /РД:00000/-д холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 121.824.351 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б , С.Н нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ж ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын хуулийн этгээд Ж ХК нь эмнэлгийн тариур үйлдвэрлэх, тоног төхөөрөмж болон түүний орц материалыг үйлдвэрлэдэг 1989 оны 02 сарын 12-нд байгуулагдсан компани юм. БНСУ-ын хуулийн этгээд Ж ХК нь Монгол улсын хуулийн этгээд нь М ХХК-тай харилцан тохиролцон 1 тонн нь 1.900 ам.доллар буюу нийт 64.600 ам.долларын үнийн дүн бүхий 34 тонн полипропиленг 2015 оны 04 сарын 24-ний өдөр, 1 тонн нь 1.800 ам.доллар буюу нийт 17 тонн полипропиленг 2015 оны 09 сарын 01-ний өдөр тус тус нийлүүлсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нийт 95.200 ам.долларын үнийн дүн бүхий 51 тонн полипропилен /цаашид Бараа гэх/-г хариуцагчид нийлүүлсэн. Дээрх бараануудын үнийн нэхэмжлэхийг 2015 оны 04 сар, 2015 оны 08 сард тус тус харуицагч М ХХК рүү хүргүүлсэн байдаг бөгөөд хариуцагчаас нэхэмжлэх хүлээн авч, компанийн тамга дарж баталгаажуулсан. Хариуцагч М ХХК нь нийлүүлсэн барааны зарим төлбөрийг дараах байдалаар төлсөн. Үүнд: 2015.04.14-нд 30.600 ам.доллар, 2015.08.28-нд 15.300 ам.доллар, 2017.12.29-нд 3.000 ам.доллар, 2021.07.06-нд 5.000 ам.доллар, 2021.08.31-нд 3.300 ам.доллар, 2021.10.12-нд 1.500 ам.доллар, 2021.11.03-нд 1.500 ам.долларыг тус тус төлснөөр өнөөдрийн байдлаар 35.000 ам.долларын үлдэгдэлтэй байна.
Ийнхүү хариуцагч М ХХК нь удаан хугацаанд барааны төлбөрийн үлдэгдэлтэй байсан тул нэхэмжлэгчээс төлбөр төлөхийг удаа дараа шаардаж ирсэн.Нэхэмжлэгч БНСУ-ын хуулийн этгээд Ж ХК-ийн гүйцэтгэх захирал Жу Хүн Ги нь 2023 оны 06 сарын 06-ны өдөр Монэнзиммед ХХК-тай биечлэн уулзаж, барааны үлдэгдэл төлбөрийг хэрхэн барагдуулах талаар уулзалт хийсэн. М ХХК-аас үлдэгдэл төлбөр 35.000 ам.долларыг төлөхөө илэрхийлж, үлдэгдэл 35.000 ам.долларыг 2023 оны 9 сарын 29-ний өдөр 11.670 ам.доллар, 2024 оны 01 сарын 31-ний өдөр 11.670 ам.доллар, 2024 оны 05 сарын 30-ны өдөр 11.660 ам.доллароор тус тус хуваан төлөхөө амлаж төлбөр төлөх тухай албан бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгсөн. Мөн үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд сар бүр 1.25 хувийн торгууль төлөхөө илэрхийлсэн. Хариуцагч Монэнзиммед ХХК нь төлбөр төлөх албан бичигт заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байх тул Монгол улсын хуулийн этгээд М ХХК-иас барааны үлдэгдэл төлбөр болох 35.000 ам.доллар буюу 118.181.000 төгрөг, торгууль 1079 ам.доллар буюу 3.643.351 төгрөг, нийт 121.824.351 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай М ХХК нь эмнэлгийн хэрэгсэл болох нэг удаагийн тариур үйлдвэрлэдэг үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж юм. Манай компани нь нэхэмжлэгч БНСУ-ын хуулийн этгээд Ж ХК-аас 2015 онд нийт 51 тонн Полипропилен зээлээр худалдан авсан. 2015-2021 оны хооронд нийт 60.200 ам.доллар төлж, 35.000 ам.долларын өр төлбөр үлдсэн. Нэг удаагийн тариурын улсаас зарлаж буй тендерийн босго үнэ маш бага байдгийн улмаас Манай компани өөрөө тендерт шууд орох эдийн засгийн үзүүлэлтийн шаардлага хангаж чадахгүй улмаас өөр компаниар дамжуулж тендерийн борлуулалт хийдэг алдагдалтай ажилласаар өнөөдрийг хүрсэн. Үүнээс үүдэн эргэлтийн хөрөнгийн дутагдалд орж нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өр төлбөрөө төлж чадахгүй улмаас 2022 оны 04 сарын 15-ны өдөр ХУДүүргийн Татварын Хэлтсээс 339.122.802,59 сая төгрөгийн татварын өр төлбөрийн дүнгээр Манай компаний харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан болно. Өнөөдрийн байдлаар татварын өр төлбөр төлөгдөж дуусаагүй байгаа тул харилцах данс битүүмжтэй хэвээрээ байгаа. Дээрхи шалтгааны улмаас 2022 оноос эхлэн тус компаний төлбөрийн үлдэгдэлтэй 35.000 ам.долларыг төлж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Бидний зүгээс 35.000 ам.долларын өр төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч сар бүрийн хугацаандаа төлөөгүйн 1.25 хувийн торгуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь талуудын гэрээнд торгууль алданги төлөх заалт байхгүй бөгөөд тухайн үеийн гүйцэтгэх Захирал Б.Батсуурь хувьцаа эзэмшигчийн нэрийг хуурамчаар ашиглаж Жисон корпорэйшн ХК-д 2023 оны 06 сарын 06-ны өдрийн 080 тоот албан тоот явуулсан. Б.Б-д ийм эрх хэмжээ олгогдоогүй байсан тул дээрхи үйлдэлтэй холбоотой 2023 оны 10 сарын 04-ний өдрийн 110 тоот тушаалаар ажлаас халагдсан. Мөн Санхүүгийн зөвлөх албан тушаалтай М.А нь хувьцаа эзэмшигч Б.Одгэрэлийн зөвшөөрөлгүйгээр түүний өмнөөс дур мэдэн дээрхи албан тоот дээр гүйцэтгэх захирал Б.Б-ийн шахалтаар гарын үсэг зурсан. М.А-т дээрх үйлдэлтэй холбоотой 2023 оны 10 сарын 04-ний өдрийн Б/000 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авсан. Дээрхи нөхцөл байдлын улмаас 35.000 ам.доллар өр төлбөрийг төлж барагдуулахад маш хүндрэлтэй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.03.19-ний өдрийн Монголбанкнаас зарласан валютын ханшны лавлагаа, Нотариатын баталгаажуулалт, 2024.02.20-ны өдрийн итгэмжлэл, баталгаажуулалт, 2024.02.20-ны өдрийн Татварын ерөнхий газрын баримт, 2023.06.06-ны өдрийн М ХХК-иас Ж ХК-д төлбөрийн тухайд бичиг, хавсралт, 2015.04.02-ны өдрийн нэхэмжлэх, 2015.09.01-ний өдрийн нэхэмжлэх, 2015.05.03-ны өдрийн тээвэрлүүлэгчийн өгсөн дэлгэрэнгүй мэдээлэл, 2015.09.06-ны өдрийн тээвэрлүүлэгчийн өгсөн дэлгэрэнгүй мэдээлэл, 2015.04.24-ний өдрийн нэхэмжлэх, 2015.09.01-ний өдрийн нэхэмжлэх, 2015.04.24-ний өдрийн Баглаа боодлын жагсаалт, 2015.09.01-ний өдрийн баглаа бодлын жагсаалт, 2024.03.20-ны өдрийн байдлаарх торгуулийн тооцолол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
БНСУ-ын хуулийн этгээд Ж ХК полипропилен бодис нийлүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөр 35.000 ам доллар буюу 118.181.000 төгрөг, алданги 1079 ам доллар буюу 3.643.351 төгрөг, нийт 121.824.351 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг М ХХК-д холбогдуулан шаарджээ.
Хариуцагч М ХХК-д нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 35.000 ам доллар төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги төлөхөөс татгалзаж маргасан байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Ж ХХК 2015 оны 4 сарын 02-ны өдөр нэг бүр нь 1.900 ам долларын үнэтэй полипропилен бодис 34 тонн буюу нийт 64.600 ам доллар Монэнзиммед ХХК-нд, 2015 оны 9 сарын 01-ны өдөр нэг бүрийн үнэ 1.800 ам долларын үнэтэй полипропилен бодис 17 тонн буюу нийт 30.600 ам долларын барааг нийлүүлжээ.
Хариуцагч М ХХК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн талаар маргаагүй, үлдэгдэл төлбөр 35.000 ам долларыг төлнө гэх бөгөөд алданги 1079 ам долларыг төлөхгүй гэж маргажээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдаагүй бөгөөд худалдааны нэхэмжлэх, бараа материал нийлүүлсэн зэрэг баримтаар энэ гэрээний харилцаа үүсчээ.
Зохигч бараа материал нийлүүлсэн үндсэн төлбөр 35.000 ам долларт маргаагүй бөгөөд алданги төлөхгүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж хуульчилсан бөгөөд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй бөгөөд хариуцагч М ХХК-ийн 2023 оны 6 сарын 06-ны өдрийн 080 албан тоотоор алданги гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл хуульд бичгээр байгуулсан гэрээнд тохирсон алданги гаргуулахаар зохицуулсан бөгөөд хариуцагчийн алданги төлнө гэх албан бичгээр түүний гаргуулах боломжгүй юм.
Иймд хариуцагч М ХХК-иас 35.000. ам доллар буюу 118.181.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, алданги 1079 ам доллар буюу 3.643.351 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т зааснаар ам долларын ханшийг нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан үе буюу 2024 оны 3 сарын 19-ний байдлаар нэг ам долларыг 3.376,60 төгрөгөөр тооцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 118.181.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч БНСУ-ын хуулийн этгээд Ж ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.643.351 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ж ХК-иас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 767.071 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 748.855 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО