Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/534

 

 

 

 

   2023            5              18                                          2023/ДШМ/534

 

 

М.Сд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Алтангэрэл,

шүүгдэгч М.Сгийн өмгөөлөгч Г.Баяржаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О, түүний өмгөөлөгч А.Туул,

иргэний хариуцагч “Таван Богд Фүүдс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Жүгдэрдорж,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/173 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оийн өмгөөлөгч А.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.Сд холбогдох эрүүгийн 2110 00000 1074 дугаар хэргийг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн М С, 1992 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зочид буудлын удирдлага мэргэжилтэй, “Таван Богд” ХХК-ийн “КFС” сүлжээ хоолны газрын .... салбарт ерөнхий менежер ажилтай, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ..... хорооллын ..... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:......./,

Шүүгдэгч М.С нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... 1 давхарт “Таван Богд” ХХК-ийн “КFС” түргэн хоолны газрын ажилчдын хаалганы шатнаас 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн орчимд О.ХЭнийг түлхэж унагаан О.ХЭнийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас О.ХЭ нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокуророос Х овогт Мын Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Х овогт Мын Сг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан энэ хэрэгт яллагдагчаар цагдан хоригдсон 22 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Таван Богд Фүүдс” ХХК-аас 18.762.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.От олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нотлох баримтаа бүрдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий 8 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.С давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч надад эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх нөхцлийг бүрэн тусгаагүй болон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний үндэслэлийг тусгалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдлыг гаргаж байна.

1. Шийтгэх тогтоолын 10 дугаар талд “Шүүгдэгч М.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол, төлбөр, хор уршгийг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл” гэж дүгнэжээ. Ийнхүү дүгнэхдээ дараах нөхцөл байдлуудыг орхигдуулсан.

1.1 Шийтгэх тогтоолын 11 дүгээр талд “М.С нь “Таван Богд Фүүдс” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж... түүний бусдад учруулсан хохирлыг “Таван Богд Фүүдс” ХХК хариуцан төлөх үүрэгтэй.

....”Таван Богд Фүүдс” ХХК-аас 18.762.000 төгрөгийг гаргуулан хохирлыг хууль ёсны төлөөлөгч Л.О олгох нь зүйтэй” гэжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг иргэний хариуцагч “Таван Богд Фүүдс” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэж төлбөрийг бүрэн барагдуулсан ба шүүгдэгч надаас гаргуулах хохирол төлбөр байхгүй тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзэхээр байна.

1.2 Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хохирол төлбөрийг “Таван Богд Фүүдс” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэснийг үндэслэжээ. Энэхүү үндэслэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан албан тушаалын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамрагдуулж болохоор байна гэж шүүгдэгч миний бие үзэж байна.

1.3 Миний бие албан үүргээ гүйцэтгэж байхдаа хохирогчийн гараа өргөж дайрсан болон түүний гаргасан зүй бус үйлдлийн улмаас түүнийг түлхсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан болсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөлд тооцогдох боломжтой. Иймд шүүгдэгч надад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.

2. Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага тооцохдоо нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаар шийтгэхээр хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, хамгийн хүндрүүлэх нөхцөл байдлаар эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа таван жилээр хорих ялаар шийтгэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн атлаа миний өмгөөлөгч Г.Баяржаргалын гаргасан санал дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг дурдаагүй орхигдуулж, прокурорын гаргасан хамгийн хүнд шийтгэлийн саналыг харгалзан 3 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их харамсаж байна. Хохирсон иргэнийг гэмтээх, хохироох санаа байгаагүй, харамсалтай зүйл болсонд үнэхээр их гэмшиж бас харамсаж байна. Би ганц бие өрх толгойлсон эмэгтэй, 10 настай 2 ихэр охины хамт амьдардаг. Охид маань ерөнхий боловсролын сургуулийн 4 дүгээр ангид суралцдаг. Одоогоор хүүхдүүд маань миний ээж дээр байгаа, ээж минь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй. Бас 6 дугаар ангийн бага насны дүүг маань хардаг. Миний хувьд өөрийн 2 охиноос гадна төрсөн дүүгээ мөн харж хандаж, тэжээж тэтгэдэг юм. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж ажил хөдөлмөр эрхэлж, орлого олж өөрийн охид болон ганц дүү, ээжийгээ харж хандах боломж олгоно уу” гэжээ.

Шүүгдэгч М.Сгийн өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгч М.Сд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь хүндэдсэн, хэргийн бодит байдалд нийцээгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасны дагуу гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байтал хүнд ял шийтгэл оноосон гэж гомдол гаргаж байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу миний үйлчлүүлэгчийн үйлдсэн хэрэгт хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоож хорих ял оногдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж заасны дагуу давхар хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоож хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах боломжтой байсан гэж дүгнэж байна. Шүүгдэгч М.С нь “Таван Богд Фүүдс” ХХК-д 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Хэрэг учрал гарах үед хэдийгээр шөнийн 02 цаг болж байсан боловч хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн салбарын ерөнхий менежерийн ажил үүргээ гүйцэтгэж тооцоо нийлэх, цэвэрлэгээ хийлгэх, салбарын ажилчдын орой ээлжийг буулгах зэрэг хариуцсан албан үүргээ гүйцэтгэж байгаад зөвхөн байгууллагын дотор журмыг хангах субъектив санаа зорилготойгоор санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн. Бага насны 2 хүүхэдтэй жирийн нэгэн эмэгтэйд хорих ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэхгүй гэж дүгнэж байна. М.С нь гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж, шүүн таслах ажиллагаанд оролцсон. Шүүхээс ажил олгогч “Таван Богд Фүүдс” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоож, Иргэний хуулийн зохицуулалтаар гэм хор учруулсны нөхөн төлбөр 18.762.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах гомдолд хохирол төлсөн баримтыг хавсаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны эрхэм шүүх бүрэлдэхүүнд миний үйлчлүүлэгч М.Сд хорихоос өөр төрлийн ял шийтгэл буюу тэнсэн харгалзах ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн гомдол, хүсэлт гаргаж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Огийн өмгөөлөгч А.Туул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Л.О шүүхэд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтуудад ламаар ном уншуулсан, тогооч, жолооч нарын хөлсийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бодит зүйлийг гаргаж өгсөн, монгол ёс заншлынхаа дагуу ламаар ном уншуулж, хоол хийдэг тогоочоор хөлсийг нь өгч хоол хийлгэсэн газарт болон ажил явдалд оролцсон жолоочид хөлс өгснөө л бичсэн, үүнийг шүүх он, сар, өдөргүй гэдгээр хасаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Хүн өнгөрсөн өдрөөс эхлэн гаран гартал ном уншуулсан нэг ч удаа шүүх дээр асуугаагүй мөртлөө хасаж тооцохдоо шүүх хурал хэлэлцэж байхад миний хүүг хэдийд өнгөрснийг мэдсэн болоод энэ хурлыг хийсэн байлгүйдээ гэж ундууцаж, уурлан хэлж байсан. Энэ хэрэг гараад жил гаран болоход шүүгдэгч М.С нь олон удаагийн хурал хойшилж байхад нэг ч удаа уучлалт гуйгаагүй атлаа гомдолдоо өөрийн үр хүүхэд ээж дүүгээ асардаг халамжилдаг гэж бичсэн нь хорвоод ганцхан үр төрүүлсэн миний үйлчлүүлэгчид М.С шиг хүүхэд байхгүй. Талийгаачийн ажил явдлыг 34.981.000 төгрөгөөр хийсэн. Үүнээс 18.762.00 төгрөгийг “Таван Богд Фүүдс” ХХК төлсөн, гэхдээ үлдэгдэл 16,219,900 төгрөгийг төлөөгүй бөгөөд бүрэн мөнгө төгрөгөө төлж барагдуулсан юм шиг зан араншин гаргаж байгаа нь намайг доромжилж байгаа гэж үзэж байна. Үнэн шударга гарсан мөнгийг нэхсэн нэг жил гаруй хугацаанд М.С нь гадуур даалтад ажлаа хийгээд цалингаа аваад ажилласаар ирсэн, энэ хугацаанд миний үйлчлүүлэгчид нэг ч төгрөг гаргаж өгөөгүй, зээл хөөцөлдөж байна гээд хуураад өнөөдрийг хүрсэн. Л.О нь дахин дахин сэтгэл санааг нь унагаж, гаргасан хэдэн төгрөгийг гүйцэт өгчхөж чадахгүй байгаад гомдолтой байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байгаа” гэв.

Иргэний хариуцагч “Таван Богд Фүүдс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Жүгдэрдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч М.С нь  “Таван Богд Фүүдс” ХХК-ийн Кэй Эф Си .... салбарын ерөнхий менежер буюу удирдах албан тушаалтан юм. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Сг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ гэж заасан. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. гэж заасан. Эдгээр хөнгөрүүлэх нөхцөл байдлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх харгалзан үзээгүй гэж үзэж байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх шинжийг хангасан гэж үзэж байна. Шүүгдэгч М.Сгийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ганц бие байгаа. Мэдүүлэгтээ нөхөртэй гэсэн боловч гэрлэлтээ цуцлуулсан гэх асуудал байдаггүй, хамтран амьдрагч Т нь одоогоор байхгүй. Манай байгууллага нь давж заалдах шатны шүүхээс хохирлын хэмжээг ихэсгэсэн тохиолдолд төлж барагдуулна. Харин багасгасан тохиолдолд хохирогчоос буцаан нэхэмжлэхгүй гэсэн байр суурьтай байгаа” гэв.

Прокурор А.Алтангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокуророос шүүгдэгч М.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс тодорхой нөхцөл байдлуудыг үнэлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн. Прокурорын зүгээс дээрх зүйлчлэлийг үндэслэлтэй гэж үзсэн учраас эсэргүүцэл бичээгүй. Шүүгдэгч М.Сг гэм буруудаа маргасан гэж үзэж байгаа. Учир нь, тухайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн шатанд хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй. Иргэний хариуцагч болон шүүгдэгч М.Сгийн хувьд шүүхээс гэм буруутайд тооцсон тохиолдолд хохирол, төлбөрийг төлж барагдуулна гэсэн байр суурьтай байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй, хууль ёсны гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оийн өмгөөлөгч А.Туулаас хохирол, хор уршигтай холбоотой асуудлын талаар ярьж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирол, хор уршигтай холбоотой асуудлын талаар тодорхой зааж өгсөн. Тухайн үед нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.С нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... 1 давхарт “Таван Богд” ХХК-ийн “КFС” түргэн хоолны газрын ажилчдын хаалганы шатнаас 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02:00 цагийн үед О.ХЭийг түлхэж унагаан О.ХЭнийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас О.ХЭ нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн болох нь:

цагдаагийн байгууллагад ирүүлсэн дуудлага, лавлагааны хуудас /1хх 6/,

2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-10/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 11-15, 193-196/,

Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “KFC” хоолны газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх 16-30/,

гэрч А.Өын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 33-36/,

хохирогч Л.Оийн “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өглөө над руу цагдаагаас залгаад ХЭ эрүүлжүүлэхэд байгаа та ирж авна уу гэсэн. Би хүрээд ирэхэд хүү маань эрүүлжүүлэхэд хоносон байсан учир хүүгээ авахаар ирсэн. Цагдаа надад хэлэхдээ хүү чинь өчигдөр гудамжнаас согтуу олдсон. Хаяг болон таны утасны дугаар зэргийг асуухад хэлж чадахгүй байсан. Харин халаасанд нь зээлийн гэрээ байсны дээр таны утас тэмдэглээтэй байсан учраас таныг залгаж дуудлаа гэсэн. Юм ярьж чадахгүй байна гэсэн. Би хүүгээсээ “миний хүү яасан юм бэ“ гэхэд надад “би ангийнхаа хүүхдүүдтэй архи уусан” гэж хэлэхээр нь би “Бтай Гэгээнтэнд уусан уу” гэхэд “тийм ээ” гэсэн. Тэгэхээр нь би “та нар хэрэлдэж зодолдсон юм уу” гэж асуутал хариу хэлж чадалгүй “шээс хүрээд байна” гээд хариулаагүй...ингээд яаралтай эмнэлэг явъя гээд ГССҮТ эмнэлэг орсон. Тэнд эмчид үзүүлээд тархины зураг авхуулаад шууд л тархи нугасны тасагт хэвтүүлсэн. Зураг үзээд эмч тархинд гэмтэлтэй байна, яаралтай хэвтүүлж, тархинд үүссэн цус хуралтыг шимэгдүүлэх эмчилгээ хийнэ гэсэн. Тэгээд тайвшруулах эмчилгээ хийгээд хурхираад унтаад байх шиг байснаа өглөө үүрээр 06:30 цагийн орчим гэнэт хурхирахаа болиод гар уруул нь хөхрөөд удалгүй нас барсан...миний хүү бол эрүүл чийрэг, архаг хууч өвчингүй, цоо эрүүл хүүхэд байсан...” гэсэн /1хх 50/,

шүүгдэгч М.Сгийн гэрчээр өгсөн “...хөл дээрээ зогсож чадахгүй шахам их согтуу байсан. “Гар” гэж хэлээд огт гарахгүй өөдөөс доромжлоод байхаар нь би “гар” гээд цээж орчимд нь гараараа түлхээд хаалгаа хаах гэсэн боловч нөгөө согтуу залуу шатан дээрээс хөл алдаад арагш унасан...” гэсэн /1хх 55-57/,

            гэрч Ц.Пмын “...2021 оны 11 сарын 13-ны шөнө 02 цаг 24 минутад намайг ажил дээрээ буюу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо ..... КФС-ийн хойд хаалган дээр менежерүүдийн өрөөнд тайлан тооцоогоо С менежертэй тулаад байж байсан чинь гаднаас манай хойд хаалгаар нэг үл таних согтуу хүн ороод ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад 102-т дуудлага өгөх гэсэн боловч утсаа 5 удаа аваагүй. Тэгээд би гаднаас “согтуу хүн ороод ирлээ, гаргаарай” гээд Ө, С нарыг дуудсан. Тэгээд тэр хоёр тэр согтуу хүнийг гаргаад 77 дугаар байрны 1 дүгээр орцны цаад талын сандал дээр суулгачихлаа гээд надад хэлсэн. С дээшээ 2 дугаар давхар руу гарсан, харин Ө доор үлдсэн. Тэгээд би Стай үргэлжлүүлээд тооцоогоо хийгээд байж байтал нөгөө согтуу хүн ахиад ороод ирсэн. Тэгсэн чинь манай менежер уурлаад “чи одоо яах гээд байгаа юм бэ, манайх хаачихсан байна, үйл ажиллагаа зогсчихсон байна, наад хүнээ цааш нь гаргаач” гээд Өд хэлээд намайг дуудлага өгөөч гээд байсан. Тэгсэн чинь нөгөө согтуу хүн нь “чи одоо хэн болчхоод намайг гар энэ тэр гээд хөөгөөд байгаа юм бэ” гэсэн. Тэгээд нөгөө согтуу хүн хаалган дээр орох гээд дайраад орилж чарлаж байхад нь Ө хаалган дээр оруулахгүй гээд зогсож байсан, гэтэл манай менежер С өрөөнөөсөө гараад очоод нөгөө согтуу хүний мөр рүү түлхсэн чинь нөгөө хүн нь халтираад шатаар доошоо уначихсан...” гэсэн /1хх 59-60/,

            гэрч А.Өын “...тэгээд 2 давхарт гараад хувцсаа солих гээд сууж байтал доороос “С, Ө” гэж дуудсан тэгэхээр нь би гутлаа өмссөн байсан болохоор түрүүлээд доошоо буусан. Тэгтэл нэг согтуу хүн үүдний хэсэгт ороод ирсэн байсан. Тэгээд С гэх залуу гаргах гээд зогсож байсан. Тэгээд ганцаараа явуулж чадахгүй болохоор нь хоёр талаас нь бариад гадаа гаргасан. Тэгээд цаад талын сандал дээр суулгаад С шууд хувцсаа солих гээд гүйгээд орсон бөгөөд би алхаад ажил руу орох гэж байсан. Араас нөгөө согтуу хүн “хөөе” гэж дуудсан тэгэхээр нь би тоохгүй орхиод дотогшоо ороод дотор талаас нь түгжээг нь эргүүлсэн юм. Тэгтэл хаалга түгжигдээгүй байсан бөгөөд нөгөө залуу араас орох гээд хаалга нээсэн тэгтэл би хаалга хаах гэтэл гар, хөлөө хавчуулах гээд байсан. Тэгээд байж байтал цаанаас ерөнхий менежер С “Гараач ээ чи” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө согтуу хүн “Би энд хүнтэй уулзах гэж байна” гэж хэлэхээр нь би “Энд КФС ажилладаг уулзах хүн чинь байхгүй” гэж хэлсэн. Тэгээд 10-20 секунд орчим орох гэж үзээд байж байхад нь ерөнхий менежер “цагдаа дуудаад өгнө шүү чамайг” гэж хэлтэл “цагдаагаа дуудаач” гэж хэлсэн. Тэгээд дахиад ерөнхий менежер “чиний уулзах хүн байхгүй, чи гараач” гэж хэлтэл нөгөө залуу “чи ямар сонин пизда вэ” гэж хэлтэл ерөнхий менежер босож ирээд наашаагаа ойртоод иртэл тухайн залуу бага зэрэг хойшоо болсон. Тэгээд ерөнхий менежер мөр хэсэгт бага зэрэг түлхтэл хойшоогоо нэгээс хоёр алхаад унаад өгсөн. Тэгээд би гүйж очоод бариад сэгсэрсэн. Тэгээд ерөнхий менежер гарч ирээд “яах уу, цагдаа дуудах уу, түргэн дуудах уу” гэж асуусан. Тэгээд сандраад гүйгээд байсан бөгөөд хэсэг хугацааны дараа С-У гарч ирээд хөлөөс нь өргөөд цаашаа орцонд оруулаад хэвтүүлсэн, тэгэхэд бага зэрэг ухаантай байсан бөгөөд бид хоёр сэргээх гээд би ажил руу ороод ус авч гарч ирээд уулгасан. Тэгтэл өөдөөс бөөлжөөд эхэлсэн. Тэгэхээр нь бөөлжиснөөс нь холдуулаад байж байтал манай ажлын охин П цагдаа дуудаад 20 орчим минутын дараа цагдаа нар ирээд аваад явсан...тухайн залуу бага зэрэг ухаантай нүдээ нээгээд ус уусан бөгөөд унахаасаа өмнө хэрүүл хийгээд байсан унаснаасаа хойш дахиж үг хэлээгүй...” гэсэн /1хх 66-67/,

            гэрч Н.СУлын “...намайг гараад ирэхэд ерөнхий менежер рүү тухайн согтуу залуу дайраад байсан юм шиг байсан. Тэгээд цаашаа бай гээд санаандгүй түлхээд унагаасан гэж Н.Ө надад хэлсэн...” гэсэн /1хх 71/,

            гэрч Т.Сн “...Ө бид хоёр тухайн хүнд огт хүч хэрэглээгүй, энэ газар хаачихсан байгаа гэж хэлээд хоёр талаас нь сугадаж түшээд доошоо шатаар буугаад гадаа сандал дээр аваачиж суулгасан...” гэсэн /1хх 80/,

            гэрч Ю.Лгийн “...тухайн хүн О.ХЭ гэдэг хүн байсан. О.ХЭнийг саатуулах байранд хүлээн авахын өрөөнд камерын доор хажуугаар нь харуулаад хэвтүүлсэн. О.ХЭ нь жаахан шингэн зүйлээр бөөлжсөн. Тэгээд биеийг нь үзэхэд амин үзүүлэлт нь гайгүй даралт нь 140, 100-тай байсан. Тэгээд камерын доор архийг нь гартал эрүүлжүүлсэн. Эрүүлжүүлсэн хүний бүртгэлийн картыг хөтөлж биед нь үзлэг хийсэн. Халаасанд нь иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Анхилун гэсэн эмэгтэй хүний сурагчийн үнэмлэх, бас сургуулийн үнэмлэх, зээл хүссэн өргөдөл байсан. Тэгээд О.ХЭнийг камерын өрөөнд оруулаагүй коридорт байлгасан. Тэгээд өглөө 08:40 цагийн орчим О.ХЭ босож ирээд хөл дээрээ тогтож чадахгүй, царай нь цонхигор байхаар нь архины хордлогод орсон байх шиг харагдахаар нь дэд ахлагч Х.Батдэлэгийг дагуулаад “дүүргийн эмнэлэгт үзүүлчих” гээд явуулсан. Тэгсэн удаагүй Х.Батдэлэг, О.ХЭ хоёр зүгээр ороод ирсэн. Тэгээд “эмч юу гэж байна” гэсэн чинь даралт нь бага зэрэг өндөр байна даралтын эм өгсөн. О.ХЭ нь амандаа үглээд байсан учир сэтгэцийн өөрчлөлтэй хүн байж магадгүй шар хадны эмнэлэгт үзүүлээрэй гэж эмч хэлүүлсэн байсан. Тэгээд ХЭнээс ар гэрийн хүмүүсийн утасны дугаарыг асуухад хэлж чадахгүй нэрээ хагас хэлж байсан. Тэгээд биед байсан зээлийн хүсэлт дээр байсан ээж О гэсэн утасны дугаар байхаар нь манай цагдаа Батбаяр яриад дуудсан. Тэгээд 11:40 цагийн үед О.ХЭнийн ээж нь ирээд авах гэхэд нүдэнд нь жаахан өөрчлөлт орсон байхаар нь хар тамхи хэрэглэсэн байж магадгүй гээд шээсээр шинжилгээ авхуулсан чинь зүгээр байсан. Тэгээд ээж нь ХЭ гэх залууг аваад явсан...” гэсэн /1хх 85/,

             гэрч Б.Млын “...манай барилгын талбай дээр ямар нэг осол, аваар гараагүй. Манай барилгын талбай дээр ХХАБЭА ажилтан Х байнга байдаг. Барилга дээр болон хоолны газар, караокед байхад талийгаач ХЭ ямар нэг бэртэл, гэмтэл аваагүй...” гэсэн /1хх 129-130/,

            гэрч Д.Гын “...манай барилгын талбай дээр ямар ч үйлдвэрийн осол гараагүй. Бид нарын ажил үүргийн хуваарь бол туслан гүйцэтгэгчийн хийж байгаа ажилд хяналт тавих үүрэгтэй юм. Талийгаач О.ХЭ барилгын талбай дээр бэртэж гэмтсэн зүйл байхгүй. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр талийгаач О.ХЭ зүгээр байсан ажил дээр инээгээд ярилцаад ажлаа хийж байсан. Орой нь ресторанд хоол идэхэд талийгаач ХЭ бид нар нэг ширээнд байсан энгийн зүгээр хоол идээд инээгээд сууж байсан...” гэсэн /1хх 134-136/,

            гэрч Г.Эгийн “...тухайн газраас 00 цаг орчим бүгд гараад М, Ч, Н гурвыг таксинд суулгаж өгөөд би Е, У, талийгаач бид дөрөв тооцоогоо хийгээд тухайн газраас Е, У хоёр түрүүлж явсан. Би ер нь согтолттой байсан учир Е, У хоёр яг яаж явсан талаар санахгүй байна. Харин би гараад дуудлагын жолооч дуудаад өөрийн машинтай ганцаараа. 00:25 минутад ирэхэд эхнэр унтаагүй байсан. Намайг явах үед талийгаач найзтайгаа уулзана гээд надаас эсрэг зүгт алхаад явсан...” гэсэн /1хх 140-141/,

            гэрч А.Бний “...талийгаач ХЭ тухайн үед хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй...” гэсэн /1хх 144-146/,

            гэрч Б.Еын “ажлынхан болон талийгаач нь хэн нэгэн хүнтэй маргалдаж муудалцсан зүйл огт байхгүй. Тус газруудад байхдаа унаж барьсан зүйл байхгүй...” гэсэн /1хх 148-149/,

шүүгдэгч М.Сгийн яллагдагчаар өгсөн “...тэр залуу гараа өргөөд дайраад байхаар нь очоод гарыг нь цаашаа түлхсэн чинь 1-2 шат уруудаж алхаж байгаад хөл дээрээ тогтож чадахгүй арагшаа унасан...” /2хх 247-248/ гэсэн мэдүүлгүүд,

            2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2497 дугаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...талийгаач О.ХЭнийн цогцост дух яс, баруун нүдний ухархайн дээд хана, титэм заадас, суман заадас, лямбда заадас, баруун чамархай ясны далд хугарал, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун, зүүн тал, бөмбөлгийн духны дэлбэнгийн цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, зулай, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт, баруун, зүүн сарвуу, хуруу, баруун, зүүн өвдөг, зүүн тохой, зүүн шуу, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...талийгаач дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ... дух яс, баруун нүдний ухархайн дээд хана, титэм заадас, суман заадас, лямбда заадас, баруун чамархай ясны далд хугарал, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины баруун, зүүн тал, бөмбөлгийн духны дэлбэнгийн цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал бүхий гэмтлүүд нь хүнд зэрэгт хамаарна...талийгаачид яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь нас аврах боломжгүй. Дээрх гэмтлийг авснаас хойш тархины эдийн цусан хураа нэмэгдэж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдал үүсэх хүртэл идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломжтой...” гэсэн /1хх 184-189/,

            2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 559 дугаартай Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын “...О.ХЭнийн биед учирсан дух яс, баруун нүдний ухархайн дээд хана, титэм заадас, суман заадас, лямбда заадас, баруун чамархайн ясны далд хугарал, тархины аалзан хальсан доор тархмал цус харвалт, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн цусан хураа, тархины баруун, зүү- тал бөмбөлгийн духны дэлбэнгийн цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал зулай, зүүн чамархай, дагзны хуйханд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэл буюу шатнаас унах үед үүсэх боломжтой...бусад гэмтэл болох 2 гарын сарвуу, хуруу, 2 хөлийн өвдөг, зүүн тохой, зүүн шуу, баруун өвдөг, баруун шилбэнд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл нь шатнаас унах үед үүсээгүй байна... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл буюу унах, цохигдох, нидрэгдэх үед үүсэх боломжтой гэмтлүүд байна...” гэсэн дүгнэлтүүд /2хх 229-236/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

            Шүүгдэгч М.С нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... 1 давхарт “Таван Богд” ХХК-ийн “КFС” түргэн хоолны газрын ажилчдын хаалганы шатнаас О.ХЭнийг түлхэж унагаан О.ХЭнийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас О.ХЭ нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нас барсан, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

            Анхан шатны шүүх М.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгчид энэ зүйл, хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд түүнд оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, түүний гэмт үйлдэлдээ хандсан хандлага, гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарын ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Шүүгдэгч М.Сийн давж заалдах гомдлын үндэслэлийг судлан үзэхэд шүүгдэгч М.С нь хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан хохирлыг иргэний хариуцагч “Таван Богд Фүүдс” ХХК төлж барагдуулсан, шүүгдэгч нь албан тушаалын эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгч болон гэрчүүдийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх боловч анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгчийн ажиллаж байсан байгууллага болох иргэний хариуцагч “Таван Богд Фүүдс” ХХК-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар 18.762.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.От олгохоор шийдвэрлэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нотлох баримтаа бүрдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын болон бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэл бүхий байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Огийн өмгөөлөгч А.Туулын гаргасан давж заалдах гомдолд дурдагдсанаар шүүгдэгч болон иргэний хариуцагч “Таван Богд Фүүдс” ХХК-аас нэмж хохирол гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч М.Сгийн бага насны хүүхдүүд болох ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн Х И, ... оны ... дүгээр сарын ...ны өдөр төрсөн Х И нарын асрамжийн асуудлыг шийдвэрлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар нөхөн дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/173 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт:

            “Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сгийн төрсөн хүүхдүүд болох .... оны ... дүгээр сарын ...ны өдөр төрсөн Х.И, .... оны .... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн Х.И нарын асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэхийг шүүгдэгчийн оршин сууж байсан газар болох .... дүүргийн Засаг даргад даалгасугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

            2. Шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Огийн өмгөөлөгч А.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сгийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Ц.ОЧ

                   

                                 ШҮҮГЧ                                                      Т.ШИНЭБАЯР

                                

 

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ