| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0527/З |
| Дугаар | 128/ШШ2024/0789 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2024/0789
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А” ХХК /РД: /
Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулж гаргасан “...Хот байгуулалт, хотын стандартын газрын хүсэлт шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргахыг даалгах” шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Э.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас “Хот байгуулалт, хотын стандартын газрын хүсэлт шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргахыг даалгах” тухай шаардлага гаргасан.
2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “” ХХК, “А” ХХК-иуд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 10-р хороо Цагдаагийн академийн дугаарт байрлах газар болон тус газарт байрлах үл хөдлөх хөрөнгийг “А” ХХК нь худалдан авсан,
3. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/83 тоот захирамжийг үндэслэн дээрхи хаягт орших 22790 м.кв газрыг “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор”-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж 0000 дугаар бүхий аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч компанид олгосон.
4. Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Эрчим хүчний яаманд хандаж 01/08/146 дугаар албан бичгээр “...тус ажлын хүрээнд дулаан дамжуулах сүлжээ, дулаан хуваарилах төв, цахилгаан дамжуулах шугам, дэд станц, хуваарилах байгууламжийн хамгаалалтын зурвасыг Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн дагуу шинэчлэн баталгаажуулж хот байгуулалтын мэдээллийн сан, геопортал системд байршуулах...”-ыг мэдэгдсэн.
5. “А” ХХК, “Т*******” ХХК-ийн 2023 оны 06 сарын 28-ний өдөр “Агуулахын барилгын эх загвар, зураг төсөл боловсруулах тухай” гэрээ байгуулсан, мөн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 06/3234 дугаар албан бичгээр “...хамгаалалтын зурваст орсон байх тул ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх хариуг “А” ХХК-д хүргүүлсэн,
6. 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдөр “А” ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газарт хандаж “...Баянзүрх дүүрэг, 10-р хороо, цагдаагийн академийн тоот, 13******* нэгж талбарт орших газарт барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож өгнө үү” гэх хүсэлт, мөн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “...2024 оны 01 сард 4 байгууллагаас тодруулга авахыг шаардсаны дагуу А*******, Н*******, Ц******* ТӨХК-ний Улаанбаатар салбар болон Х******* руу албан бичиг хүргүүлж бичгээр ирсэн хариуг ******* и-мэйл хаягаар 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүргүүлсэн. Ингээд манай компанийн хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт хурлаар оруулахаар болсон гэсэн боловч өнөөдрийг хүртэл хурлын тов гараагүй, дарга байхгүй гэсэн шалтгаанаар хүсэлтийг шийдвэрлээгүй, ...хүсэлтийг яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан,
7. Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 01/62 дугаар албан бичгээр “2016 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн Эрдэнэ толгой, ******* орчмын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн сувгийн хамгаалалтын зурваст Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн академийн тоот, А ХХК-ийн 13******* нэгж талбар нь хамаарч байна” гэх, мөн 2024 оны 08 дугаар 28-ний өдрийн Хот байгуулалт, хотын стандартын газрын 01/037 дугаар албан бичгээр “Баянзүрх дүүрэг, 10 дугаар хорооны нутагт нэгж талбарын 13******* дугаартай газар нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мэдээллийн санд үерийн шугамын хамгаалалтын зурваст хамрагдсан байна” гэх хариуг тус тус нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн байна.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хот байгуулалт, Хотын стандартын газарт гаргасан хүсэлт шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай.
Манай компани анх 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүрэг 10-р хороо, Цагдаагийн академийн тоот, 13******* нэгж талбарт орших газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан бөгөөд газрыг шилжүүлэн авснаас хойш хуулиар болон гэрээгээр хүлээсэн газар эзэмшигчийн үүргийг чандлан биелүүлж ирсэн.
Уг газрын эдийн засгийн хувьд ашигт чанарыг гарган хэрэглэж, үр өгөөж хүртэх зорилгоор уг газарт “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор"-ын зориулалттай барилга барихаар шийдвэрлэсэн бөгөөд барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах хүсэлтдээ холбогдох баримтыг бүрдүүлэн 2023 онд Хот байгуулалт, Хотын стандартын газарт гаргасан.
Гэтэл 2024 оны 01 дүгээр сард Хот байгуулалт, Хотын стандартын газраас утсаар холбогдож А*******, Н*******, Ц******* төрийн өмчит хувьцаат компани Улаанбаатар салбар, Х*******наас хүсэлттэй холбогдуулан тодруулга авч ирэхийг шаардсан. Н******* нь манайд хамааралгүй гэсэн хариуг, бусад байгууллагууд нь тухайн газарт барилга барихад татгалзах зүйлгүй гэсэн хариуг тус тус өгсөн.
Эдгээр хариуг хавсарган 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хот байгуулалт, Хотын стандартын газарт хүргүүлсэн. Гэтэл тус газарт барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар гаргахаас татгалзах нөхцөл бүрдээгүй байхад манай компанийн хүсэлтийг шийдвэрлэхгүй өдийг хүрч байгаа нь манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Хот байгуулалт, Хотын стандартын газрын хүсэлт шийдвэрлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дох хэсэг “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 16 дугаар зүйлийн 12 дох хэсэг “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэг “хуульд үндэслэх”, 4.2.2 дох хэсэг “шуурхай, тасралтгүй байх”, 4.2.8 дах хэсэг “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж тус тус заасанд нийцэхгүй байна.
Иймд Хот байгуулалт, Хотын стандартын газрын хүсэлт шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргахыг даалгаж өгнө үү” гэв.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хүсэлтэд 20-ны өдөр хариу ирсэн. Энэ хариуг урьдчилсан байдлаар гарсан гэж үзэж байна. Тухайн хариунд төмөр замын, үерийн далан сувгийн, цахилгааны шугамын хамгаалалтын зурваст орсон бүстэй давхардсан гэсэн хариу ирсэн. Хариуцагч тал ямар байдлаар давхцал үүсэж байгааг нотлох баримтаар тодорхойлоогүй учраас үндэслэлгүй гэж үзэж байна.
2024 оны 01 дүгээр сард Хот байгуулалт, Хотын стандартын газраас утсаар холбогдож А*******, Н*******, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Х*******наас хүсэлттэй холбогдуулан тодруулга авч ирэхийг шаардсан. Н******* нь манайд хамааралгүй гэсэн хариуг, бусад байгууллагууд нь тухайн газарт барилга барихад татгалзах зүйлгүй гэсэн хариуг Хот байгуулалт, Хотын стандартын газрын хариуцсан мэргэжилтэн н.Н*******эд мэйлээр явуулсан.
Хүсэлт өгснөөс хойш удаа дараа очиж уулзахад мэргэжлийн зөвлөлийн хурал товлогдохгүй байна гэсэн тайлбар өгдөг байсан. Энэ нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж байна.
Шүүхэд хандах 30 хоногийн хугацаа хэтэрсэн гэж тайлбарлаж байна. Биеэр уулзахад мэргэжлийн зөвлөлийн хурал товлогдоогүй байна, удахгүй хариу өгнө гэх байдлаар хойшлуулж байсан учраас шүүхэд нэхэмжлэл гарсан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэв.
10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...А” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Яармаг Хангарди нэг цэгийн үйлчилгээгээр ирүүлсэн Баянзүрх дүүрэг 10 дугаар хороо Цагдаагийн академийн тоот 13******* нэгж талбарын дугаар бүхий худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар олгосон 22790 м.кв газарт Архитектур төлөвлөлтийн даалгавар олгох тухай хүсэлтийг судлахад тус байршил нь Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т олон нийтийн ажил хэргийн бүсэд хамаарч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн Үйлдвэр-4 нэгж хороолол” хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд үйлдвэрийн бүсэд хамаарагдаж, төлөвлөлтийн холбоо, цэвэр усны, Улаанбаатар хотын шугамын хамгаалалтын зурвасаар тусгагдсан, төлөвлөлтийн зүүн бүсийн 16 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд зам тээврийн бүсийн төмөр замын, үерийн далан сувгийн, цахилгааны шугамын хамгаалалтын зурваст орсон байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг заасан бөгөөд 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” 14.1.1 дэх заалтад “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу дээд шатны захиргааны байгууллага буюу Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Ерөнхий Архитекторт гомдол гаргаагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэх заалтыг хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “А” ХХК нь “Хот байгуулалт, Хотын стандартын газарт хүсэлт гаргасан боловч шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах хүсэлтдээ холбогдох баримтыг бүрдүүлж өгсөн, 2024 оны 01 дүгээр сард Хот байгуулалт, Хотын стандартын газраас утсаар холбогдож бусад байгууллагуудаас тодруулга авч ирэхийг мэдэгдсэний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тодруулгыг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хүсэлтийг шийдвэрлээгүй...” гэж тодорхойлсныг хариуцагчаас “...тус байршил нь...зам тээврийн бүсийн төмөр замын, үерийн далан сувгийн, цахилгааны шугамын хамгаалалтын зурваст орсон тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэж тайлбарлан маргаж байна.
Хэрэгт, нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газарт хандаж гаргасан “...архитектур төлөвлөлтийн даалгавар авах” тухай хүсэлт нь нотлох баримтаар авагдаагүй хэдий ч нэхэмжлэгчээс 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 206 дугаар “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг энэ талаархи хүсэлт мөн гэж тайлбарласан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...А” ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Яармаг Хангарди” нэг цэгийн үйлчилгээгээр...22790 м.кв газарт Архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлт ирүүлсэн” гэх тайлбар ирүүлсэн зэргээс үзвэл нэхэмжлэгч компаниас “Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахаар хүсэлт гаргасан” гэх үйл баримтыг талууд хүлээн зөвшөөрч харин хүсэлтийг шийдвэрлээгүй татгалзсан үйл баримттай маргаж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь Хот байгуулалт, хөгжлийн газарт хандаж “...Баянзүрх дүүрэг, 10-р хороо, цагдаагийн академийн тоот, 13******* нэгж талбарт орших газарт барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгож өгнө үү” гэх хүсэлт хүргүүлсэнд Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 06/3234 дугаар албан бичгээр “...хамгаалалтын зурваст орсон байх тул ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг, мөн 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 01/62 дугаар албан бичгээр “...үерийн хамгаалалтын барилга байгууламжийн сувгийн хамгаалалтын зурваст хамаарч байна” гэх, мөн 2024 оны 08 дугаар 28-ний өдрийн 01/037 дугаар албан бичгээр “...мэдээллийн санд үерийн шугамын хамгаалалтын зурваст хамрагдсан байна” гэх хариуг тус тус нэхэмжлэгч байгууллагад хүргүүлсэн болох нь тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 64 дүгээр албан бичгээр хариуцагчийн тавьсан шаардлагын дагуу “А*******” ТӨХК, Н*******, “Ц*******” ТӨХК зэрэг байгууллагуудаас “...барилгын ажил эхлүүлэхэд татгалзах зүйлгүй” гэх тодорхойлолтуудыг авч хүргүүлсэн байна.
Хот байгуулалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Орон сууц, олон нийтийн бүсэд эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх үндсэн шаардлагыг хангаж, байгалийн гэрэлтүүлгийн холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу төлөвлөгдсөн орон сууц, сургалт, соёл, үзвэр, шинжлэх ухаан, эмнэлэг, амралт, сувилал, спорт, худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээ, тээвэр, холбооны чиглэлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай барилга байгууламж төлөвлөх бөгөөд амьдрах, аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөө үзүүлж болохуйц бусад барилга байгууламж төлөвлөхийг хориглоно” гэж, мөн Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 3.4-т “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аймаг, нийслэлийн ерөнхий архитектор батална” гэж тус тус заасан.
Мөн Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “өргөдөл” гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаас бусад асуудлаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан хүсэлтийг хэлэхээр, 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно...” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.
Дээр дурдсан хуулиуд болон дүрмийн заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчээс ирүүлсэн “Архитектур төлөвлөлтийн даалгавар авах” хүсэлтийн талаар бусад байгууллагуудаас тодруулга авч ирэхийг шаардсанаар нэхэмжлэгч компани холбогдох баримтыг нэмж хүргүүлсэн байхад түүний хүсэлтийг хуульд заасан хугацааны дотор шийдвэрлээгүй нь хууль бус эс үйлдэхүй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч байгууллагаас татгалзлын үндэслэлээ “...үерийн шугамын хамгаалалтын зурваст хамрагдсан” гэж тайлбарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс удаа дараа шаардсаны дагуу “Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн сан”-гийн зургийг ирүүлсэн ба тухайн зураг болон шүүхээс хийсэн үзлэгийн явцад ч нэхэмжлэгч компанийн эзэмших эрх бүхий газар нь үерийн хамгаалалтын зурваст хамрагдсан болох нь тогтоогдоогүй болно.
Түүнчлэн “нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж маргасан боловч Нийслэлийн ерөнхий архитекторын тухайд дээд шатны захиргааны байгууллага байхгүй тул нэхэмжлэлийг шууд шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол...нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.
Иймд “А” ХХК-иас Хот байгуулалт, хотын стандартын газарт хандаж гаргасан “Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах хүсэлт”-ийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Харин уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд “А” ХХК нь хариуцагч захиргааны байгууллагад хандаж, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр дахин “Архитектур төлөвлөлтийн даалгавар авах” хүсэлт хүргүүлсэн, уг хүсэлтийг хариуцагч хүлээн авснаар ажиллагаа хийгдэж байгаа, энэ тохиолдолд “Архитектур төлөвлөлтийн даалгавар олгох”-ыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “А” ХХК-ийн “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулах хүсэлт”-ийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж, нэхэмжлэгч компанид Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг Хот байгуулалт, хотын стандартын газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН