Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 208/МА2020/00050

 

 

Ж.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2020/00093/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Хариуцагч Н.*******

Бие даасан шаардлага гаргасан

гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.*******

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 328 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдсан гомдлоор Ж.*******ийн нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох хууль бус өмчлөлөөс орон сууц чөлөөлүүлэх тухай, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэгч Ж.******* иргэн П.*******,С.******* нарын хооронд 2017 оны 08 сарын 31-ны өдөр байгуулсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 16 дугаар байр 20 тоотод хаягтай 28,95 мкв талбай бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Ү-1317000870 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулж шударга өмчлөгчийг тогтоолгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ж.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн 16 дугаар байрны 20 тоот 2 өрөө орон сууцыг иргэн С.******* болон нөхөр М.******* нартай худалдах худалдан авах гэрээний дагуу авснаар тус орон сууцны өмчлөгч болсон билээ.

Гэтэл тухайн орон сууцыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээ авсны дараагаар Хилийн цэргийн 0101-р анги нь манай хөрөнгө гэж маргаж, худалдагч тал болох С.*******д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч С.*******гийн байр худалдсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй болох нь шүүхээр тогтоогдсон.

Тиймээс тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрүүгийн хэрэг маргаан нэгэнт эцэслэн шийдвэрлэгдсэн учраас тус шүүхэд эд хөрөнгөө хамгаалуулах эрхээ хэрэгжүүлэхээр хандаж байна. ...Худалдагч болох С.******* нь тухайн орон сууцыг цэргийн ангид ажиллаж байхдаа худалдаж авсан гэж тайлбарласан ба улсын эрхийн бүртгэл нь албан ёсны гэдгийг судалж үзсэний үндсэн дээр тухайн орон сууцыг үнэ тохиролцон худалдан авсан. Бидний хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Н.******* нь анхан шатны шүүхэд гаргасан  болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Миний оршин суудаг Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 2 дугаар баг 16 дугаар байрны 20 тоот орон сууц нь Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн өмч бөгөөд тус анги нь Хилийн цэргийн удирдах газрын 2001 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 679 тоот тушаалын дагуу 2001 оны 11 дүгээр сарын 12-нд дээрх орон сууцыг төсвийн хөрөнгөөр худалдан авсан байдаг. ...Миний бие 2017 оны 08 дугаар сараас одоог хүртэл байгууллагатай гэрээ байгуулан тус орон сууцанд амьдарч байгаа. Ж.******* гэгчийн надад холбогдуулан нэхэмжлэл гаргаад байгаа орон сууц нь Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн өмч /төрийн өмч/ тул миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, орон сууцыг чөлөөлөх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь анхан шатны шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Ж.*******ийн нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох Бусдын хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг албадан чөлөөлүүлэх" шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 16 дугаар байр 20 тоотод хаягтай 28,95 мкв талбай бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Ү-1317000870 дугаартай гэрчилгээг хүчингүйд тооцуулж шударга өмчлөгчийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 328 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 16 дугаар байр 20 тоотод хаягтай 28,95 мкв талбай бүхий орон сууцыг хариуцагч Н.*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Ж.*******т олгож, гуравдагч этгээд 0101 дүгээр ангийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 16 дугаар байр 20 тоотод хаягтай 28,95 мкв талбай бүхий орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, шудрага эзэмшигчийг тогтоолгох, мөн худалдах-худалдан авах гэрээний үр дагаврыг шийдвэрлүүлэх тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Н.******* миний бие хилийн 0101 дүгээр ангид захирагчийн I орлогч, штабын дарга албан тушаалд 2017 оны 08 дугаар сарын 01-нд томилогдон ирж, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай, Монгол Улсын иргэний хуульд заасны дагуу албан тушаалын албаны орон сууц болох Цэнхэрийн 16 дугаар байрны 20 тоот байранд тус ангийн барилга, орон сууцны албатай байр эзэмших гэрээ байгуулан гэр бүлийн хамт одоог хүртэл амьдарч байна.

...Тухайн орон сууцыг хилийн 0101 дүгээр ангийн мэдлийн улсын өмч гэдгийг мэдсээр байж хууль бусаар авсан явдлыг таслан зогсоож, ёс зүй, шударга ёсны зарчмын дагуу шийдвэрлэж Анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 328 дугаар шийдвэр, Ж.*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: ...Маргааны зүйл болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн 16 дугаар байрны 20 тоотод орших 28.95 кв.м талбай бүхий 2 өрөө орон сууц нь хилийн 0101 дүгээр ангид штабын даргаар томилогдон ажиллах хугацаанд оршин суух зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, түүнийг анх хэрхэн худалдан авч байсан, улмаар хуульд заасан зохицуулалтын улмаас өмчлөх эрхийн гэрчилгээ хэрхэн 2000-2006 онд тус ангид штабын даргаар ажилласан П.*******гийн нэр дээр гарсан, П.******* нь өөрийн өмчлөл биш болохыг хүлээн зөвшөөрч Хил хамгаалах ерөнхий газарт хэрхэн өргөдөл өгч шийдвэрлүүлэхийг хүсч байсан талаар, мөн энэ байдпыг түүний эхнэр Цагдаагийн байгууллагад эрүүгийн журмаар шалгагдах явцдаа хэрхэн хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, цаашлаад 2017 онд улсын бүртгэлийн гэрчилгээ хэрхэн шинэчлэгдэж, уг гэрчилгээг ашиглажП.*******, Ж.******* нар өөрсдөө байхгүй байхад хэрхэн Орон сууь худалдах, худалдан авах гэрээ нотариатаар баталгаажиж Ж.*******ийн нэр дээр уг орон сууц шилжив гээд энэ иргэний хэрэгт төрийн өмч үрэгдэж, завшигдах өөрийн өмч хөрөнгөө хамгаалахад Хилийн 0101 дүгээр ангийн эрх ашиг ноцтой хөндөгдөх нөхцөл байдал бий болсоноос улбаалж дээр дурдсан шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон билээ.

Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээр дурьдсан, хэрэгт нотлох баримтаар тогтоогдсон хууль бус үйл ажиллагаануудад хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн Ж.*******ийн өмчлөлд бүртгэгдсэн гэрчилгээнд хөтлөгдөх замаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Үндсэн нэхэмжпэлийн шаардлагын Иргэний хуулийн 106 дугаар зүйлд тулгуурлан шийдвэрлэхдээ юун түрүүнд хуульд 2 нөхцөл байгааг анхаарах ёстой юм. Өмчлөгч өөрийн өмчийг бусдын хууль бус эзэмшлээс шаардахдаа өөрөө хууль ёсны өмчлөгч байх ёстой ба тухайн өмчийг эзэмшиж байгаа этгээдийн хууль бус эзэмшилд байгааг нотлох ёстой.

Ж.*******ийн хувьд өөрөө мэдээчгүй байхдаа 2 өрөө орон сууцтай болсон байдаг. Энэ нь юугаар нотлогддог вэ гэвэл түүний төрсөн дүү Ж.Саранчимэг эрүүгийн журмаар мэдүүлэг өгөхдөө үүнийг баталдаг ба гэрээний гарын үсэгт хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр ч Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-нд Ж.******* гарын үсэг зураагүй болох нь тогтоогдсон байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар П.******* нь уг орон сууцыг өөрийнх нь гарын үсгийг дуурайлган зурж, бусдад шилжүүлж байгааг мэдээгүй. Ийм бүдүүлэг, хуульт ёс, хууль гэж байхгүй юм шиг аашилж, төрийн өмчийг завшсан гэдэг нь тодорхой байхад анхан шатны шүүх хэргийг дээрх байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж хэргийг давж заалдах шатны шүүхээр хянуулах үндэслэл болж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 328 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсч энэхүү давж заалдах гомдолыг гаргаж байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийг үндэслээд хууль ёсны өмчлөгч нь өөрийн эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардахын тулд хоёр шаардлага байдаг.

1. Өөрөө хууль ёсны өмчлөгч байх ёстой

2. Тухайн хөрөнгө бусдын хууль бус эзэмшилд байх ёстой. Энэ хоёр шаардлагыг анхааралгүйгээр зөвхөн улсын бүртгэлийн гэрчилгээ, хүчин төгөлдөр бус гэрээгээр шилжсэн гэрээ байдаг. Иймд давж заалдах гомдлоо дэмжиж, шүүх хуралдаанд оролцож байна. Хилийн цэргийн 0-101 дүгээр ангийн бие даасан шаардлага юу вэ гэхээр хуульд заасан шаардлагыг хангахгүйгээр бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нь зүйтэй байна. өмчлөгч нь Ж.******* мөн байна гэж дүгнэдэг. Өмчлөгч болохынхоо хувьд хууль ёсных байх ёстой. Хууль бусаар өмчлөгч болчхоод бусдын эд хөрөнгийг завшсан учраас бие даасан шаардлага гаргаж шүүхэд хандаад байгаа юм. Шаардлагын асуудлыг шаардлагынх нь хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Энэ орон сууц анх 1998 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бүртгэгдээд, 4 удаагийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Энэ 47 удаагийн шилжилт хөдөлгөөнөөр Хилийн цэргийн 0-101 дүгээр ангийн өмч гэсэн ямар ч үг, өгүүлбэр байхгүй. Өөрөөр хэлбэл 20 жилийн хугацаанд Хилийн цэргийн 0-101 дүгээр анги энэ хэрэг дээр холбоотой гэсэн баримт байхгүй. ... Өнөөдөр ямар ч баримт байхгүй байж Хилийн цэргийн 0-101 дүгээр ангийн өмч гэж яриад яваад байх юм. Улсын бүртгэлд хүртэл тухайн орон сууц 101 дүгээр ангийн өмч гэсэн бүртгэл байхгүй. Тийм учраас хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэхээр хариуцагч талын талд шийдвэрлэх нотлох баримт байхгүй. ... Хэрэв төрийн өмч гэж үзэж байсан бол тухайн үед баримтаа гаргаад, хамгаалаад явах боломж байсан. бие даасан шаардлага гаргасан этгээдийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 16 байр 20 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх  тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч  миний бие байгууллагын өмчлөлийн орон сууцанд гэрээгээр оршин сууж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Хилийн цэргийн 0101 дүгээр анги нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлт гаргаж, гуравдагч этгээдээр оролцон нэхэмжлэгч Ж.*******т холбогдуулан Ж.******* иргэн П.*******, С.******* нарын хооронд 2017 оны 08 сарын 31-ний өдөр байгуулсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 баг 16 байр 20 тоотод хаягтай 28,95 м.кв талбай бүхий орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, уг гэрээний үр дагаврыг шийдвэрлүүлэх, орон сууцны шударга эзэмшигчийг тогтоолгох тухай шаардлагыг гаргажээ.

 

Хэргийн үйл баримтын талаар: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 баг 16 байр 20 тоотод хаягтай 28,95 м.кв талбай бүхий орон сууц нь иргэн П.*******, С.******* нарын өмчлөл эзэмшилд 2001 онд шилжсэн ба 2006 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд гуравдагч этгээд болох Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн эзэмшилд байгаа, нэхэмжлэгч Ж.******* нь 2017 оны 08 сарын 31-ний өдөр тухайн орон сууцыг иргэн П.*******, С.******* нарын өмчлөлөөс орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлэн авч, улсын эрхийн бүртгэлд 2017 оны 09 сарын 01-ний өдөр бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар: Маргаан бүхий орон сууц нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсний дараа гуравдагч этгээд болох Хилийн цэргийн 0101 дүгээр анги нь орон сууцыг төсвийн хөрөнгөөр 2001 онд тухайн үед штабын даргаар ажиллаж байсан П.*******гийн нэр дээр худалдан авч өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа тул тухайн орон сууцны өмчлөгч гэж маргаан үүсгэжээ.

Гуравдагч этгээд нь байгууллагын хөрөнгийг хууль бусаар бусдад худалдсан гэх үндэслэлээр Цагдаагийн газарт гомдол гарган улмаар П.*******гийн эхнэр С.*******д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхээс түүнд холбогдох хэргийг С.*******гийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж цагаатгажээ.

Өнөөдрийн байдлаар маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээдийн зөвшөөрлөөр хариуцагч Н.******* эзэмшиж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь түүний эзэмшлийг хууль бус гэж үзэн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр маргаан бүхий орон сууцны түүхчилсэн лавлагааг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулахад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 16 дугаар байр 20 тоотод хаягтай 28,95 м.кв талбай бүхий орон сууцыг төрөөс хувьчилж орон сууц өмчлөх эрхийг анх удаа 1998 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Гэндэнжамцын Ганболд бүртгүүлж, 1999 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Халтарын Сэржханд, Чинболдын Гүнбаяр нарт худалдсан, 2001 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №000537404, Ү-1317000870 тоот гэрчилгээгээр Пэрэнлэйнамжилын *******, *******гийн Хандсүрэн, Самданрэнцэнгийн ******* нарын өмчлөлд, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №00537414, Ү-1317000870  дугаартай гэрчилгээгээр Ж.*******ийн өмчлөлд тус тус бүртгүүлжээ.

Нэхэмжлэгч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан С.*******, П.*******, Ж.******* нарын хооронд 2017 оны 08 сарын 31-ний өдөр байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ, Ү-1317000870 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн бол хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс Хилийн цэргийн удирдах газрын даргын 2001 оны 10 сарын 05-ны өдрийн 579 тоот тушаал, иргэн П.*******гийн Хил хамгаалах ерөнхий газарт гаргасан өргөдөл, Хил хамгаалах ерөнхий газрын 2015 оны 12 сарын 24-ний өдрийн 30/2190 дугаартай албан бичиг, Эрүүгийн хэргийн материалаас 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 37 дугаартай Шинжээчийн дүгнэлт болон эрүүгийн хэрэгт гэрчээр Ж.Саранчимэг, С.******* нарын өгсөн мэдүүлэг зэргийг хуулбарлан ирүүлжээ.

Дээрхи нотлох баримтуудаас үзвэл: Нэхэмжлэгч Ж.******* нь худалдах худалдан авах гэрээний дагуу орон сууцыг худалдан авч эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр орон сууцны өмчлөгч болсон байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын хувьд: Нэхэмжлэгч Ж.******* иргэн П.*******, С.******* нарын хооронд байгуулсан 2017 оны 08 сарын 31-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, 16 дугаар байр 20 тоотод хаягтай 28,95 м.кв талбай бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээний үр дагаврыг арилгуулах тухай шаардлагаа Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлийн аль хэсэгт заасан үндэслэлээр гаргасан, нэхэмжлэгч Ж.*******ийн бусадтай байгуулсан гэрээ нь гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хэрхэн зөрчсөн, ямар үндэслэлээр нэхэмжлэлийг түүнд холбогдуулан гаргаж байгаа талаар гуравдагч этгээд тайлбарлаж чадаагүй байна гэж үзлээ.

Маргаан бүхий орон сууц нь иргэн П.*******, С.******* нарын өмчлөлд 2001 оноос 2017 он хүртэл байсан гэж гуравдагч этгээд тайлбарладаг боловч орон сууцыг бусдад худалдах хүртэлх хугацаанд гуравдагч этгээд болон П.******* нарын хооронд орон сууцны өмчлөлийн талаар хоорондоо хэрхэн тохиролцсон, гуравдагч этгээдийн зүгээс орон сууцаа П.*******гаас буцаан шаардаж байсан эсэх нь тодорхойгүй, тухайн хөрөнгийн өмчлөгч гэдгээ шүүхэд нотлоогүй, шүүхэд ирүүлсэн баримтаар гуравдагч этгээдийг маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн гуравдагч этгээд нь тус ангид штабын даргаар ажиллаж байсан П.*******гийн нэр дээр орон сууцаа худалдан авсан гэж тайлбарладаг хэдий ч П.******* нь 2006 онд өөр албан тушаалд томилогдон ажиллахаар тус ангиас шилжсэн үеэс өөрийн эрх ашиг зөрчигдснийг мэдэх боломжтой байсан ч эрхээ хэрэгжүүлээгүй нь тэдгээрийн тайлбараар нотлогджээ.

Тус байранд оршин сууж байсан П.*******гаас орон сууцыг байгууллагын нэр дээр шилжүүлж авах талаар Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн зүгээс шаардлага гаргаж байсан талаарх холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийг өөрийн эрх зөрчигдсөн тухай мэдэж байсан боловч хуульд заасан хугацаанд шаардлага гаргаагүй Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан  шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь нэхэмжлэгч Ж.******* болох нь тогтоогдож байгаа тул түүний бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 29-ний өдрийн 328 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН