Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00113

 

 

                             Д.Жамъянлодойд холбогдох захиргааны

                                                    зөрчлийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191 дүгээр шийтгэвэртэй, Д.Жамъянлодойд холбогдох захиргааны зөрчилтэй хэргийг, зөрчил гаргагч Д.Жамъянлодойгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982-08-31-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 6а-21 тоотод оршин суух, ИЦ82083117 регистрийн дугаартай, Зуун цагаан гэр овогт Донжмаагийн Жамъянлодой.

 

Орхон аймгийн Цагдаагийн газраас:

 

Д.Жамъянлодой нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэн бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан зөрчил гаргасан тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт ирүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191 дүгээр шийтгэврээр:

 

Монгол Улсын Захиргааны Хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Д.Жамьянлодойд 14 / арван дөрөв/ хоног баривчлах шийтгэл ногдуулж, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт байхгүй, зөрчил гаргагч Ж.Жамьянлодойд шийтгэврийн хувийг гардуулж, шийтгэвэрт зөрчил гаргасан этгээд, хохирогч, өмгөөлөгч шийтгэврийн хувийг хүлээн авсанаас хойш 10 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагч Д.Жамъянлодой давж заалдах гомдолдоо: “Донжмаа овогтой Жамъянлодой миний бие нь 34 настай, өөрийн ээж болох Аюурзана овогтой Донжмаагийн асран хамгаалагч юм. 2016 оны 05 дугаар сарын 26-нд миний эхнэр болох А.Өнөрбуян гэр бүлийн маргааны улмаас намайг Цагдаагийн газарт баривчилгаанд өгөөд ээжийг маань айлд орхин өөрөө гэрээ ачаад 2 хүүхдийг маань аваад сураггүй болсон. Ээжийг минь асран хамгаалах хүнгүй байгаа тул баривчлагаанаас суллаж өгнө үү.

 

Ээж минь айлд байгаа зураг болон миний эхнэр болох А.Өнөрбуян өөрийн ах дүүсийн хамт намайг зодож маажсан зураг, эмнэлгийн тодорхойлолт, багийн засаг даргын албан тоотыг хавсаргав” гэжээ.

 

ХЯНАВАЛ :

Зөрчил гаргагч Д.Жамъянлодой нь 2016-05-26-ны өдөр архидан согтуурч, гэртээ агсан тавьж эхнэр А.Өнөрбуянтай маргалдан түүнийг хэл амаар доромжилж амгалан, тайван байдлыг нь алдагдуулан танхайран бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны журам зөрчсөн зөрчил гаргасан болох нь зөрчил гаргагчийн өөрийн тайлбар болон зөрчлийн тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Иймд анхан шатны шүүх Д.Жамъянлодойд 14 хоног баривчлах шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан зөрчлийн хэмжээ, шинж байдалд тохирсон байх тул шийтгэврийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1., 31 дүгээр зүйлийн 31.3.2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 191 дүгээр шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Д.Жамъянлодойгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалын хувийг Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд хүргүүлсүгэй.

3. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.