Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/535

 

 

 

 

 

   2023            5             18                                           2023/ДШМ/535

 

 

Б.ОЭ, Ү.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мөнхтүвшин,

хохирогч Ч.Ц,

шүүгдэгч Б.ОЭ, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч Ү.Брын өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/319 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ч.Ц, шүүгдэгч Б.ОЭ, Ү.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.ОЭ, Ү.Б нарт холбогдох эрүүгийн 2208 03791 2038 дугаар хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ц овогт Үын Б, .... оны .. дугаар сарын ....-ны өдөр Завхан аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч дүү нарын хамт .... сумын ... дүгээр багт оршин суух бүртгэлтэй боловч тодорхой оршин суух хаяггүй, /РД:.../, 

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг хойшлуулсан,

-2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

-2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хорих ял эдэлж байсан, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2. Т овогт Бгийн ОЭ, ... оны .. дугаар сарын ...-ны өдөр Булган аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эгч, хүргэн ах, 3 дүү нарын хамт ..... дүүргийн ....... дугаар хороо, ...... тоотод оршин суух хаягтай боловч тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй, /РД:......../,

Шүүгдэгч Ү.Б, Б.ОЭ нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны автомашины зогсоол дээр байрлуулсан Б.Бсын эзэмшлийн УНП улсын дугаартай “Хонда Фит” загварын тээврийн хэрэгслийг түлхүүр тааруулан онгойлгож, хууль бусаар авч хохирогч Б.Бт 4.350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 136 байрны зүүн талын ил зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Ж.Эы эзэмшлийн УБК улсын дугаартай “Тоёота приус-10” загварын тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж буюу түлхүүр ашиглан онгойлгон нэвтэрч орж, иргэн Ж.Эны эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсны улмаас бусдад 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Офицер таун” хотхоны гадна байрлуулсан. Ч.Цгийн УНП улсын дугаартай, “Хонда Фит” загварын тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж буюу түлхүүр ашиглан онгойлгон нэвтэрч орж, иргэн Ч.Цгийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсны улмаас 4.073.958 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 2 дугаар орцны харалдаа байрлуулсан байсан иргэн Ч.Бмын эзэмшлийн УБУ улсын дугаартай “Хонда Фит-3” загварын тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж буюу түлхүүр ашиглан онгойлгон нэвтэрч орж, иргэн Ч.Бмын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсны улмаас 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.ОЭ, Ү.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокуророос шүүгдэгч Б.ОЭ, Ү.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс “2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ү.Б, Б.ОЭ нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ү.Брыг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.ОЭнийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон шүүгдэгч Ү.Брын 102 хоног, Б.ОЭнийн 61 хоногийг тэдний эдлэх хорих ялд тус тус оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Брын эдлэх 5 жил хорих ял, Б.ОЭнийн эдлэх 3 жил 6 сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Браас 2.771.024 төгрөг, Б.ОЭээс 2.771.024 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Ч.Цд 4.073.958 төгрөг, хохирогч Ч.Бд 1.468.090 төгрөгийг тус тус олгож, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Б, Ч.Ц нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Ү.Б, Б.ОЭ нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2023.3.13-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.ОЭ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн хувьд 5 сартай жирэмсэн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг багасгаж миний амьдралд гүн туслалцаа үзүүлж өгнө үү.

Би маш их гэмшиж байгаа ба цаашид гэмт хэргийн замаар явахгүй байж чадна гэдгээ батлан тангараглаж байна. Цаашид ажил хөдөлмөр эрхэлж, хүүхдээ төрүүлж өсгөн, сайн ээж байж чадна. Миний амьдралын хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Манай нагац ах хохирол төлбөрөөс боломжоороо төлж өгнө гэсэн.

Анхан шатны шүүх хуралдаан 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хуралдсан боловч шийтгэх тогтоолыг огноо 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөр бичигдсэнд гомдолтой байна. Ахынхаа машиныг зөвшөөрөлгүй унаж яваад осол гаргаж, төлбөрт унасны улмаас гэмт хэрэг үйлдсэндээ туйлын их харамсаж, гэмшиж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.ОЭ надаас 2.771.024 төгрөгийг хохирогчид гаргаж төлүүлэхээр шийдвэрлэсэн. Хохирлыг миний бие төлж барагдуулах болно.

Миний бие одоо 30 недель /7 сартай/ жирэмсэн бөгөөд 7-8 сард төрнө. Мөн миний бие мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад хүндрэл учруулаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлын хэмжээ, хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа болон хувийн байдлыг минь харгалзан үзэж ялыг минь бууруулж, хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ү.Б давж заалдах гомдолдоо: “Миний холбогдсон гэх хэргийг миний бие санаачилж хамт хэрэгт холбогдсон хамууд болох Б.ОЭ, Д.МЭ нарыг дарамталж “Тэгж хэлэхгүй бол ална” гэснээс болж энэ хэргийг үйлдсэн. Би өмнө нь хүүхдийн хорих, Багануурын хорих ангид хоригдож байсан болохоор надаас айсан. Би “Гарч ирээд ална” гэж дарамталсан тэгээд хүчээр дарамтад байлгаж энэ хэргийг үйлдсэн. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж нийт хохирол болох 5.542.048 төгрөгийг өөр дээрээ авч барагдуулахыг хүсэж байна. Миний дарамтаас болж хамтрагч минь ял шийтгэл эдлээсэй гэж хүсэхгүй байна. Хийсэн хэргийнхээ хохирол, хор уршгийг миний бие төлж барагдуулна. Энэхүү давж заалдах хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хохирогч Ч.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Ц миний бие нь 2022 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн УНП улсын дугаартай цэнхэр өнгийн “Хонда фит” загварын автомашинаа хулгайд алдаж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн билээ. Улмаар энэ хэргийн мөрөөр 2208 03791 2038 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хурал 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хуралдсан. Гэтэл энэ хэргийн холбогдогч нараас Х.Н гэгч нь бичиг баримтгүй, гэмт хэрэг үйлдэж олсон автомашиныг мэдсээр байж авч, бусдын өмчийг дур мэдэн захиран зарцуулж ашиг олж, хохирол учруулсныг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ү.Брын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанаар Х.Нтай холбоотой асуудал яригдсан байдаг. Б.ОЭ, Ү.Б нар Ах, эгчийнхээ машиныг бичиг баримтгүй зарах гэж байнагэдэг байдлаар Х.Нт машиныг өгсөн. Х.Наас мэдүүлэг авахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх хуралдааны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Шүүгдэгч Ү.Бын хувьд гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд маргадаггүй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Ү.Бын өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирлын хэмжээтэй нь уялдуулан нийт хорих ялын хугацаанаас 1 жилийг хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.ОЭнийн өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.ОЭнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Б.ОЭнийн хувьд хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруудаа маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг гэж давж заалдах гомдол гаргасан. Миний үйлчлүүлэгч Б.ОЭ 7 сар гарантай жирэмсэн, 2 сарын дараа төрөх нөхцөл байдалтай байгаа. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын асуудлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлөхөөр нагац ах нь хөөцөлдсөн, харамсалтай нь өнөөдрийг хүртэл хугацаанд төлж амжаагүй, төлбөрийн чадвар тааруу нөхцөл байдалтай байсан. Уг нь ...давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирол, төлбөрийг төлнө... гэж хохирогч нарын дансыг авсан байдаг. Шүүгдэгчийн зүгээс эрүүл мэндийн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялын хугацааг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

Прокурор Г.Мөнхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ү.Б, Б.ОЭ нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Ү.Бт 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.ОЭд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч нар хулгайлах гэмт хэргийг үйлдэж, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон учраас анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь үндэслэлтэй тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч Ч.Ц, шүүгдэгч Б.ОЭ, Ү.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ү.Б, Б.ОЭ нар нь бүлэглэн:

1. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны автомашины зогсоол дээр байрлуулсан Б.Бын эзэмшлийн  УНП улсын дугаартай “Хонда Фит” загварын тээврийн хэрэгслийг түлхүүр тааруулан онгойлгож, хууль бусаар авч 4.350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны, 5 дугаар орцны үүдэнд автомашины зогсоол дээр иргэн Бын УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан...” гэх тэмдэглэл /1хх 4/,

-2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 5-6/,

-Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны Өнөр-13 СӨХ-ны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Хяналтын камерын бичлэг нь тус байрны 5 дугаар орцны үүд хэсгийг харуулсан байх бөгөөд “Тоуота Фит” загварын автомашин харагдах ба 01:33:33 цагт хар саарал өнгийн малгайтай хоёр хүн “Тоуота фит” загварын машины ард зогсож байгааг улаан өнгөөр, 01:34:15 цагт нэг нь “Тоуота Фит” загварын машины жолоочийн эсрэг талын хаалгыг хүчээр нээгээд сууж байгааг шар өнгөөр, 01:34:27 цагт нөгөө этгээд нь арын хаалгаар сууж байгааг ногоон өнгөөр, 01:36:22 цагт хулгайлсан машинаа асаагаад хөдөлж байгааг нь ягаан өнгөөр тодруулав...” гэх хяналтын камерт үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 10-13/,

-хохирогч Б.Бын “..2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн үед ажлаасаа буугаад өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 13 дугаар байрны 5 дугаар орцны үүдэнд байрлах автомашин зогсоол дээр өөрийн УНП улсын дугаартай “Тоуота Фит” загварын тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр урагшаа харуулж хөндлөн байрлуулсан. Тухайн тээврийн хэрэгслийн түлхүүр ганцхан надад байдаг юм өөр илүү түлхүүр байдаггүй... Би хулгайд алдсан тээврийн хэрэгслээ буцааж авсан...” /1хх 28-29, 32/ гэсэн,

-гэрч Ш.Агийн “... 2022 оны 11 дүгээр сарын 22-ны орой над руу нэг үл таних хүн залгаад “Хонда Фит загварын автомашин худалдаж авах уу хямд өгнө, мөнгөний хэрэг яаралтай гараад байна” гэж хэлсэн ба тэр үед нь “асуудалгүй машин уу, ямар учиртай машин бэ” гэхэд “Хэнтий аймаг Дадал суманд мал маллаж малчин хийдэг байж байгаад хүний хоёр морь алга болсон, би 3.000.000 төгрөгийн өрөнд орсон энэ машин бол миний ахын автомашин бичиг баримт байхгүй” гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө нөгөө үл таних машин зарна гэсэн хүн над руу дахин утсаар холбогдож “машинаа аваад ирлээ, 72 дугаар сургуулийн хажууд” гэж хэлсэн. ...Тэгээд би буцаад “Хонда Фит” загварын автомашин дээр очсон чинь хөдөөний царай үс нь дээшээ өрвийсөн онигор нүдтэй залуу болон тайрмал үстэй охин болон шар царайтай жижиг хүүхэд байсан. Тэр үед үс нь өрвийсөн онигор нүдтэй залуу надад хандаж “энэ цагаан өнгийн Хонда Фит загварын автомашиныг яаралтай зарахгүй бол ял шийтгэл эдлэх гээд байна та энэ машины худалдаад авчих, надад 3.000.000 төгрөг хэрэгтэй юм” гэж хэлсэн. Тухайн үед би тэр залуугаас “энэ машин асуудалгүй биз дээ, хэний машин юм бэ” гэж асуусан чинь тэр залуу надад хандаж “манай ахын автомашин, ах хөдөө явчихсан, надад энэ машиныг ашиглаарай гэж хэлээд надад өгсөн, асуудалгүй” гэж хэлсэн. Тэр үед бас нөгөө тайрмал үстэй охин болон жоохон хүүхэд хоёр хажуугаас манай ахын асуудал машин гэх зэргээр хэлээд байхаар нь би итгэсэн. Тэгээд тэр залуу надад хандаж “энэ машин асуудалгүй, та 500.000 төгрөгөөр худалдаж ав” гэхээр нь би хулгайн автомашин гэж мэдээгүй шууд 500.000 төгрөгийг мобайл банк ашиглаж өгөх гэсэн боловч тэр машин зарна гэсэн залуу “бэлэн өгчих” гэж хэлсэн ба машин зарна гэсэн үл таних эмэгтэй хүнийг дансаа ашиглуулахыг гуйж, би мобайл банк ашиглаж ...... тоот данс руу 500.000 төгрөгийг 8.... “Fit mashin zadargaand awlaa” гэх утгатай шилжүүлсэн...Би тэр өдөр бичлэг хийгээд баталгаажуулсан...” /1хх 53-54/ гэсэн,

-насанд хүрээгүй гэрч Д.МЭнийн“...Би 2022 оны 11 дүгээр сар 21-ний өдөр өөрийн нагац ах болох Б /цаашид Б/, танил эгч болох ОЭ /цаашид З/ нарын хамт гадуур Зийн ахынх нь автомашин болох саарал өнгийн “приус-20” загварын машинтай явж байгаад зам тээврийн осол хийгээд тухайн автомашины хохирлыг барагдуулж өгөхөөр болсон... Б ах надаас “мөнгө олох хурдан арга байна уу” гэхээр нь би “орой үдэш гадаа зогсоол дээр зогсож байгаа машины эд ангийг хулгай хийж зарж мөнгө олъё” гэж хэлтэл Б, З 2 намайг дэмжээд бид 3 хулгай хийхээр гадуур явж эхэлсэн. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо 13-р байрны гадна зогсоолд байсан автомашин дундуур явж байтал Б ах “машин онгойлгож чадах уу” гэхээр нь би “онгойлгож чадна” гэхэд “ер нь машин барьж чаддаг хүн байгаа юм чинь нэг мөсөн машин унаад явчихъя” гэхээр нь З эгч бид 2 дэмжээд тухайн байрны гадна байсан цагаан өнгийн “Хонда фит” загварын машиныг “машины түлхүүрээр” онгойлгоод асаахад З эгч жолоон дээр суугаад тухайн автомашиныг жолоодоод явсан. Тэгээд бид 3 Хан-Уул дүүргийн яармагийн хуучин эцсийн орчим З эгчийн ахынх нь гэрт /гэр нь эзэнгүй байсан/ очиж хоноод маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед гарч хулгай хийсэн цагаан өнгийн фит машинтайгаа гадуур халтуурт /таксинд явах/ явж байсан...Фейсбүүкээс “машин сэлбэгээр авна” гэсэн зарын дагуу Чингэлтэй дүүрэг, хайлаастын хуучин эцэс орчим аваачиж зарсан... Хурдан хугацаанд мөнгө олох гэж машиныг түлхүүр тааруулж онгойлгон асаадаг байсан...” гэсэн /1хх 50-51/,

-шүүгдэгч Ү.Брын яллагдагчаар өгсөн “... Би ОЭ, МЭ нарын хамтаар явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 13 дугаар байрны гадна байсан “Хонда фит” загварын тээврийн хэрэгслийг авахаар болж бид гурав ярилцаад МЭ халааснаасаа машины түлхүүр гаргаж ирээд тухайн цагаан өнгийн фит загварын тээврийн хэрэгслийг онгойлгоод ОЭ машиныг нь асаагаад бид гурав Яармагт байрлах ОЭнийн хамаатны ахын гэрт нь очиж хоносон. Маргааш нь тухайн тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад 21 дүгээр хороолол орчим явж байтал унтраад асахгүй байсан...Чирээд Хайлаастад аваачин зарахаар явсан. Фейсбүүкээр Хонда фит загварын тээврийн хэрэгсэл авна гэсэн зарын дагуу би холбож, зарахаар болсон, 500.000 төгрөгөөр зарсан...” гэсэн /1хх 149-150/,

-шүүгдэгч Б.ОЭнийн яллагдагчаар өгсөн ”... Би 2022 оны 11 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө 01 цагийн үед Б, МЭ нарын хамтаар явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 13 дугаар байрны гадна байсан “Хонда фит” загварын тээврийн хэрэгслийг авахаар болж бид гурав ярилцаад МЭ халааснаасаа машины түлхүүр гаргаж ирээд тухайн цагаан өнгийн фит загварын тээврийн хэрэгслийг онгойлгоод намайг машин барьдаг гэдгийг мэдэж байсан учир намайг машин барьчих гэхээр нь би зөвшөөрсөн. Маргааш нь тухайн тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад 21 дүгээр хороолол орчимд явж байтал унтраад асахгүй байсан...”Хонда фит” загварын автомашины ченж рүү Б яриад тус автомашиныг 500.000 төгрөгөөр зарсан...” /1хх 158-159/ гэсэн мэдүүлгүүд,

-“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 1762 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “....Хонда фит загварын тээврийн хэрэгсэл 3.800.000 төгрөг, гар дрилл 190.000 төгрөг, багажийн түлхүүр 140.000 төгрөг, цахилгаан тестер багаж 140.000 төгрөг, өнхрүүшийн гар 10.000 төгрөг, опли 2 ширхэг, тэгшлэгч 1 ширхэг 3000 төгрөг, запас дугуй 40.000 төгрөг, нийт 4.350.000 төгрөг..” /1хх 64-65/ гэх дүгнэлт зэрэг баримтуудаар,

2. 2022 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 136 байрны зүүн талын ил зогсоол дээр байрлуулсан байсан иргэн Ж.Эны эзэмшлийн УБК улсын дугаартай “Тоёота приус-10” загварын тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж буюу түлхүүр ашиглан онгойлгон нэвтэрч орж, иргэн Ж.Эны эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсны улмаас 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 115-117/,

-хохирогч Ж.Эны ”...Би 39-04УНК “Приус-10” автомашинаа Сонгинохайрхан дүүргийн 18 Дугаар хороо 136 байрны зүүн талын зогсоол дээр 2022 оны 11 дүгээр сарын 22-нд байрлуулсан. Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өглөө 06 цаг 40 минутын үед машинаа шалгатал миний машин байхгүй байсан...Тухайн үед тээврийн хэрэгслийн бүх хаалга цоожтой байсан...” /2хх 121, 124/ гэсэн,

-гэрч Ш.Агийн “...2022.11.23-ны өдөр анх “Хонда фит” автомашинаа зарсан тухайн өдөр тэр хүмүүс саарал өнгийн “Тоёота приус-10” загварын автомашин дугааргүй унаад яваад байхаар нь яагаад дугааргүй машин унаад байгаа юм гэж хэлсэн чинь ахаас авсан миний машин, би жолооны эрхээ хасуулчихсан учир ах машины номер, бичиг баримтыг бүгдийг нь нуучихсан, олж чадахгүй учир нууцаар унаад явж байна гэж хэлсэн... Тэр үед нь тэр машин зарсан залуутай хамт явж байсан тайрмал үстэй эмэгтэйд хандаж чи ингээд яваад байж болохгүй байх аа цагдаа зогсоодоггүй юм уу гэж хэлсэн чинь зүгээрээ нэг удаа таарсан, та энэ машиныг худалдаж авахгүй юм уу би найздаа тус болоод энэ машиныг зарна дараа нь найз бид хоёр болох байхаа гэж хэлсэн....Би 2022.11.23-ны өдөр Хонда пит загварын автомашиныг авсан тэр өдөр надад 500.000 төгрөг байсан учир өөр машин аваагүй... Гэтэл маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нөгөө хонда фит загварын автомашин зарсан хүмүүс над руу дахин залгаад машинаа авчхаач, мөнгө хэрэг болоод, манай найз цагдаагаас салгах гээд байна хохирол өгөх юм бол гайгүй сална гэж хэлсэн. Тэгээд би тэр үед нь та нар өчигдөр хаашаа явсан юм гэж хэлэхэд тэр хэд надад хандаж цагдаа дээр өдөржингөө байсан, яасан залхаадаг юм бэ, суугаад байсан гэж хэлэхээр нь би итгэсэн юм. Тэгээд 2022.11.24-ний өдөр надад Хонда фит зарсан залуу болон тайрмал үстэй эмэгтэй мөн жоохон хүүхэд гурав ирээд надад хандаж та энэ машиныг 1.500.000 төгрөгөөр авчих гэж хэлэхээр нь би тэд нарт хандаж надад тийм их мөнгө байхгүй байна. 1.000.000 төгрөгөөр авъя гэж хэлэхэд тэр хүмүүс зөвшөөрсөн...Тэд нар бичиг баримт аваагүй болохоор данс нээлгээгүй гээд нөгөө залуу цаашаа яваад архи уудаг хүн дагуулж ирээд дансыг нь ашиглаад надаас 750.000 төгрөгийг аваад мөн бэлэн 150.000 төгрөг авсан. Тэр үеэс хойш тэр хүмүүс дахин ирээгүй мөн уулзаагүй холбогдоогүй байж байхад тэр хүмүүс утсаар залгаад 100.000 төгрөгөө авъя яаралтай мөнгөний хэрэг гараад байна буян ажил гарсан гэж хэлсэн мөн дараа нь бас цагдаагаас яг салах гээд байна гэж хэлээд мөнгө нэхээд байхаар нь надад мөнгө байхгүй байна мөнгөний боломж байвал өгнө гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр цагдаа ирээд хулгайн автомашин гэдгийг мэдсэн... Надад байгаа би тэр машинаас юу ч салгаагүй хашаандаа тавьсан бусдад худалдаж борлуулсан зүйл огт байхгүй, бичлэг хийж баримтжуулсан...” /1хх 53-55/ гэсэн,

-насанд хүрээгүй гэрч Д.МЭнийн “...Бид гурав 2022.11.22-ны 22 цагийн үед цэнхэр цагаан өнгийн 9 давхар байрны гадна зогсоол дээр “приус-11” загварын автомашин байхаар нь би тухайн автомашиныг өөр машины түлхүүрээр онгойлгоход З эгч, Б ах нар тухайн машинд суугаад голын хайрцгийг онгойлгоход тухайн машины илүү түлхүүр нь гараад ирэхээр нь би тухайн түлхүүрээр тухайн машиныг асаатал З эгч унаад ...Тэгээд маргааш нь унаж явж байгаа приус-11 загварын автомашиныг өмнө аваачиж өгсөн Чингэлтэй дүүргийн Хайлаастын хуучин эцсийн орчим аваачиж зарахаар болоод, тухайн машин худалдаж авч байгаа үл таних ах бэлэн 740,000 төгрөг, 100 юань /хятад улсын мөнгөн тэмдэгт/ зэргийг өгөөд үлдэгдэл 100,000 төгрөгийг дараа өгье гэж хэлсэн. Тэгээд бид 3 явган явцгаасан...” /1хх 50-51/ гэсэн,

-шүүгдэгч Б.ОЭнийн яллагдагчаар өгсөн “...Тухайн үед зогсоол дээр байсан приус загварын тээврийн хэрэгсэл байхаар бид гурав ярилцаад МЭ жижиг түлхүүрээр онгойлгоод дотор нь ороход илүү түлхүүр байхаар нь тухайн түлхүүрээр асаагаад явсан. Тэгээд гудамжинд үлдээсэн “Хонда Фит” загварын тээврийн хэрэгсэл дээр очоод приус загварын тээврийн хэрэгслээр чирээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хайлаастад аваачиж зарахаар явсан. Хайлаастын буудал дээр очиход орой болчихоор нь бид машиндаа хоноод маргааш нь ченж руу Б ярьж, 500.000 төгрөгөөр зарсан. Тэгээд маргааш нь приус загварын тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад Яармагт байрлах эгчийнхээ гэрт очиж хоносон. Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр анх машин худалдаж авсан хүн рүү Б яриад приус загварын тээврийн хэрэгслээ зарахаар болж тохироод дахиад Хайлаастын эцсийн буудал дээр очоод 900.000 төгрөгөөр зарахаар болж ярилцаад 740.000 төгрөг, 100 юань бэлнээр, 100.000 төгрөгийг дараа авахаар болж тохироод явцгаасан...” /1хх 158-159/ гэсэн,

-шүүгдэгч Ү.Брын яллагдагчаар өгсөн “...Тэгээд бид 3 тухайн Хонда тээврийн хэрэгслийг гудамжинд орхиод байрны голоор алхаад явж байгаад зогсоол дээр приус загварын тээврийн хэрэгсэл байхаар бид гурав ярилцаад МЭ жижиг түлхүүрээр онгойлгоод, дотор нь илүү түлхүүр байхаар нь асаагаад явсан. Гудамжинд үлдээсэн “Хонда Фит” загварын тээврийн хэрэгслээ чирээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хайлаастад аваачиж зарахаар явсан. Тухайн Фитийг авч явхаас өмнө фейсбүүкээр “Хонда Фит” загварын тээврийн хэрэгсэл авна гэх зарын дагуу би холбож зарахаар болсон. Хайлаастын буудал дээр очиход орой болчихоор нь машиндаа хоноод маргааш нь би ченж руу яриад 500.000 төгрөгөөр зарсан. Үүнээс хойш нэг хоногийн дараа 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр анх машин худалдаж авсан хүн рүү дахин яриад приус загварын тээврийн хэрэгслээ зарахаар болж тохироод дахиад Хайлаастын эцсийн буудал дээр очоод 900.000 төгрөгөөр зарахаар болж 100.000 төгрөгийг дараа бэлнээр авахаар болж тохироод явцгаасан...” /1хх 149-150/ гэсэн мэдүүлгүүд,

-“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2295 дугаартай “..Тоёота Приус 10 загварын тээврийн хэрэгсэл 4.500.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 147-148/ зэрэг нотлох баримтуудаар,

3. 2022 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Офицер таун” хотхоны гадна байрлуулсан. Ч.Цгийн УНП улсын дугаартай, “Хонда Фит” загварын тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж буюу түлхүүр ашиглан онгойлгон нэвтэрч орж, иргэн Ч.Цгийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсны улмаас 4,073,958 төгрөгийн хохирол учруулсан болох:

-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан “... Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Офицер таун хотхоны зүүн талын нарийн авто зам дагуу байрлуулсан УНЛ улсын дугаартай Хонда фит загварын цайвар цэнхэр өнгийн автомашин 2022.11.25-наас 26-нд шилжих шөнө хулгайд алдагдсан...” гэх тэмдэглэл /2хх 216-217/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 218-220/,

-камерын бичлэгт үзлэг хийсэн: Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Офицер таун хотхоны гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийв. Үзлэгээр 2022 оны 11 дүгээр сарын 26-ны 02 цаг 32 минут 06 секундэд эхлэв. 2 цаг 32 минут 22 секундэд гурвуулаа бараан өнгийн хувцастай гурван хүн тус алдагдсан автомашины хажууд очиж нэг хүн нь жолоочийн хаалгыг нээж суусан, нөгөө хоёр хүний нэг нь жолоочийн хажуу талд нэг хүн нь ард талд сууж байна. 2 цаг 32 минут 22 секундэд тус автомашиныг асаагаад буцаж гарахын тулд эргэх хөдөлгөөн хийж 2 цаг 36 минутад жолоодоод явж байгаа бичлэг байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 223-224/,

-хохирогч Ч.Цгийн “...Би өөрийн эзэмшлийн цайвар өнгийн “Хонда фит” загварын 55-27УНЛ улсын дугаартай автомашиныг өчигдөр буюу 2022.11.25-ны шөнийн 23 цаг 40 минутад байрныхаа гаднаас зүүн талын нарийн зам дагуу хойш харуулж байрлуулаад түгжээд үлдээсэн, өглөө 7 цагт машинаа халаах гээд гартал миний машин байхгүй байхаар нь үүдний харуулын камер шүүхэд 3 залуу манай байрны орцноос гарч, хаалгыг нь татаж үзэж байгаад жолооч талаар нь онгойлгоод асаагаад 3 удаа ухрах, урагшлах үйлдэл хийгээд урагшаа эргээд явж байгаа нь бичигдсэн байна. Би машинаа 2015 онд хувь хүнээс 5 сая төгрөгөөр худалдаж авч байсан, саяхан мотороо 2 сая төгрөгөөр сольсон, одоо машинаа 5 сая төгрөгөөр үнэлнэ. Машины түлхүүр надаас өөр хүнд байхгүй. Миний машин 2002 онд үйлдвэрлэсэн, 2016 онд орж ирсэн...” /2хх 227-228, 231-232/ гэсэн,

-насанд хүрээгүй гэрч Д.МЭнийн “...2022 оны 11 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 16-р хороо 196 байрны гадна зогсоол дээр байсан усан цэнхэр өнгийн хонда фит загварын автомашин байхаар нь би өөр машины түлхүүр тааруулж онгойлгоод тухайн машиныг асаагаад Заяа эгч жолоо бариад, Б ах бид 2 тухайн машинд суугаад Хан-Уул дүүргийн яармагийн хуучин эцсийн орчимд Заяа эгчийн ахынх нь гэрт очиж хоноод маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр фейсбүүк үзэж байгаад “Хонда фит машиныг задаргаанд авна” гэсэн зар байхаар нь Б ах өөрийнхөө 9..... дугаарын утсаараа ярьж байгаад Сонгинохайрхан дүүргийн Их нарангийн орчим машин худалдаж авна гэсэн хүнд аваачиж 750.000 төгрөгөөр худалдсан...” /1хх 50-51/ гэсэн,

-гэрч Х.Нрын “...Би Хонда фит загварын автомашины сэлбэг зардаг, мөн засвар үйлчилгээ хийдэг. Хэзээ гэдгийг мэдэхгүй байна, фейсбүүк үзэж байтал цэнхэр өнгийн Хонда фит загварын автомашин зарна гэсэн зарыг М гэх фейсбүүк цахим хаягт байршуулсан байсан, хүмүүс зөндөө коммент бичсэн байсан ба партизанд байгаа машин хямд өгнө гэсэн байсан. Гэтэл манай засварчин залуу Ш рүү 9..... дугаараас залгаж, машин авах уу, 2-3 жил хөдлөөгүй, эгчийн машин гэж хэлсэн байсан. Тэр үед Ш надад тэр автомашины зургийг үзүүлээд, утасны дугаарыг нь өгсөн. Би залгаад асуухад манай эгчийн машин, 2-3 жил яваагүй, татвар оношилгоонд ороогүй удсан, удаан хугацааны дараа машины нэр шилжинэ, хямд машины задаргаанд өгчихмөөр байна, би өөрөө приус 20 загварын автомашинтайгаа хүний машин мөргөөд, мөнгөний хэрэг болоод, эгчид энэ талаараа хэлэхэд машинаа зарахыг зөвшөөрсөн гэж хэлсэн. Би аваад ир, үзэж байгаад үнэ тохирно, хэрэв үнэ тохирвол авна гэж хэлсэн. Тэгээд 2022.11.26-ны өдөр намайг ажил дээрээ буюу Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, 21-1 тоотод байж байхад Цэнхэр өнгийн Хонда фит загварын автомашин ирсэн. Тэр үед тэр машинаас арзайсан үстэй шар цамцтай залуу болон намхан жижиг эрэгтэй хүүхэд мөн тайрмал үстэй эмэгтэй 3 бууж ирсэн. Арзгар үстэй эрэгтэй нь надад хандаж, “энэ машиныг шууд 2.000.000 төгрөгт өглөө” гэхээр нь би “энэ машиныг ийм үнэтэй авахгүй, задаргаанд хямд” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө арзайсан үстэй надад хандаж “та ядаж 750.000 төгрөгөөр авчих, нөгөө мөргөсөн автомашиныхаа хохирлыг өгчхөөд үлдсэн мөнгөөр нь эмээдээ эм авч очих юм” гэж хэлсэн. Тэгээд би 750.000 төгрөгөөр тэр автомашиныг худалдаж авахаар болоод “за дансаа өгөөрэй” гэж хэлэхэд арзайсан үстэй залуу надад хандаж бид нарт карт данс байхгүй бэлэн авна гэж хэлсэн...” /1хх 57-58/ гэсэн,

-шүүгдэгч Б.ОЭнийн яллагдагчаар өгсөн “...Тэр приус автомашиныг авч, зарснаас хойш хэд хоногийн дараа Баянзүрх дүүргийн 16 хороо 196 байрны гадна зогсоол дээр байсан усан цэнхэр өнгийн “Хонда фит” загварын тээврийн хэрэгсэл байхаар нь Б, МЭ нар “энийг авъя” гэхээр нь би зөвшөөрөөд МЭ халааснаасаа жижиг түлхүүрээр онгойлгоод түлхүүр хийж үзэхэд ассан. Тэгээд би бариад бид гурав таксинд явж байгаад яармаг байрлах гэрийнхээ гадна машин дотроо хоноод маргааш нь фейсбүүкээр зар харж байгаад, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их нарангийн буудал дээр үл таних ченжид 750.000 төгрөгөөр өгсөн...” /1хх 158-159/ гэсэн,

-шүүгдэгч Ү.Брын яллагдагчаар өгсөн ”...Тухайн үед Баянзүрх дүүргийн хороо 196 байрны гадна зогсоол дээр байсан усан цэнхэр өнгийн “Хонда фит” загварын тээврийн хэрэгсэл байхаар нь МЭ халааснаасаа жижиг түлхүүрээр онгойлгоод, түлхүүр хийж үзэхэд ассан. ОЭ тухайн машиныг барьж яармагт машин дотроо хоноод маргааш нь фейсбүүкээр зар харж байгаад, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их нарангийн буудал дээр үл таних ченжид 750.000 төгрөгөөр өгсөн...” /1хх 149-150/ гэсэн мэдүүлгүүд,

-“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...2002 онд үйлдвэрлэгдсэн, цайвар цэнхэр өнгийн Хонда фит загварын УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг Зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар үнэлгээ нийт 4.073.958 төгрөг...” /3хх 4-5/ зэрэг баримтуудаар,

4. 2022 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 2 дугаар орцны харалдаа байрлуулсан байсан иргэн Ч.Бмын эзэмшлийн УБУ улсын дугаартай “Хонда Фит-3” загварын тээврийн хэрэгслийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж буюу түлхүүр ашиглан онгойлгон нэвтэрч орж, иргэн Ч.Бмын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсны улмаас 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-дуудлага лавлагааны ”...УБУ улсын дугаартай машинаа өчигдөр өдөр тавиад сая машинаа халаах гээд гарсан байхгүй байна...” гэх хуудас /2хх 6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 7-9/,

-камерын бичлэгт үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо “Өнөр-32” СӨХ-н 32 дугаар байрны гадна талын хяналтын камерын бичлэгт 2022 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө 01 цаг 50 минут болж байхад замын хашлага дагуу байрлуулсан “Хонда фит” загварын тээврийн хэрэгслийг хар өнгийн хувцастай, юүдэнтэй малгайтай цамц өмссөн эрэгтэй хүн баруун талын хаалгыг онгойлгох бөгөөд энэ үед зүүн талаас нь шар өнгийн юүдэнтэй цамцтай хар өнгийн куртиктэй хүн болон хар өнгийн куртик, хар өнгийн өмдтэй хүн наад талаас нь очиж зогсов. Улмаар тухайн тээврийн хэрэгслийн хаалгыг анх тээврийн хэрэгсэл дээр ирсэн хар өнгийн хувцастай хүн онгойлгон сууж эсрэг талын урд хаалгыг онгойлгох үед шар өнгийн хувцастай эрэгтэй сууж хар өнгийн хувцастай эмэгтэй хүн жолооч талын хаалга руу машиныг тойрч очиж жолоочийн талын суудалд суув. 01 цаг 52 минутад тээврийн хэрэгслийг барьж явж байлаа...” гэх тэмдэглэл /2хх 14-15/,

-хохирогч Ч.Бмын “...Хонда фит загварын 2004 онд үйлдвэрлэсэн 2011 онд Монголд орж ирсэн машин ба 2022 оны 09 дүгээр сард 3.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан, УБУ улсын дугаартай. 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11 цагийн үед манай нөхөр Ч.М нь Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32 дугаар байрны 02 дугаар орцны үүдэнд УБУ улсын дугаартай Хонда фит загварын тээврийн хэрэгслээ байрлуулж үлдээсэн. Маргааш өдрийн 12 цагийн үед манай нөхөр машинаа асуух гээд гараад машин алдагдсаныг мэдсэн, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Камер шүүхэд 3 хүн байсан ба тэднийг сэжиглэж байна, тээврийн хэрэгслээ 4.500.000 төгрөгөөр үнэлж байгаа. Би тээврийн хэрэгслийг журмын хашаанаас очиж авсан. Тэгээд авто зогсоолд оруулаад засвар үйлчилгээ хийсэн. Ингээд нийт 1.468.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн байна. Үүнээс гадна машинаас ачуулж засварч үйлчилгээнд хүргүүлсэн, мастер плазагаас хүргүүлж засуулахад 130.000 төгрөг авсан. Мөн голын толь 50.000 төгрөгөөр худалдан авч, радиатор солиулж, шингэн хийлгэсэн 230.000 төгрөг. Би 1.878.000 төгрөгийг нэхэмжилж байна...” /2хх 19-20, 23-24/ гэсэн,

-насанд хүрээгүй гэрч Д.МЭнийн “...2022 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17-р хороо 32-р байрны гадна зогсоол дээр байсан саарал өнгийн хонда фит загварын автомашины байхаар нь би өөрийн машины түлхүүрээр тухайн машиныг ойлгож, асаахад З эгч жолоо бариад, би, Б ахын хамт суугаад Хан-Уул дүүргийн яармагийн хуучин эцэст Згийн ахынх нь гэрт очиж хоноод маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн их наран орж, Цыг гэрээс нь авч, баруун салаа руу яваад Б ахын найз гэх 2 эрэгтэй хүн аваад бид бумбатын рашааны орчим явж байтал тухайн машины бензин нь дуусахаар нь ойролцоох Тэс нэртэй шатахуун түгээх станц руу түр ороод 20,000 төгрөгөөр бензин хийгээд асаах гэтэл буцаад асаагүй тул станцын хашаанд үлдээгээд явсан...” /1хх 50-51/ гэсэн,

-насанд хүрээгүй гэрч Д.Цмын “...Анх МЭ, Б, З гэх хүүхдүүдтэй 2022 оны 11-р сарын 27-ны өдөр машингүй уулзаад юм ярьж алхаж байгаад явсан. 11-р сарын 29-ны өдөх видео колл хийгээд уулзах юм уу гэж ярьсан. Тэр шөнө бол гарч уулзаагүй. Маргааш оройны 21 цагийн орчимд залгаад гараад ир гэхэд нь уулзсан. Гарч уулзахад Б, МЭ, З гэх хүүхдүүд машинтай байсан. Тэгээд тэр 3-тай яваад Сонгинохайрхан дүүрэг, Хилчин хотхон, зээлээс 2 хүүхэд аваад тэндээсээ баруун салаа бумбатын рашаан оръё гээд бөөнөөрөө явж байтал бензин нь дуусаад унтарсан. Доош нь түрж яваад бензин клонк орсон. МЭ гэх хүүхдэд 53 загварын гар утас байсан, тэрийгээ үлдээгээд 20,000 төгрөгт бензин хийгээд асахгүй байсан бөгөөд нэг хүнээс машин холбоод өгөөч гэж гуйсан, бас асахгүй байсан, тэгээд алхаад гэр рүүгээ явсан...” /2хх 32-33/ гэсэн,

-шүүгдэгч Б.ОЭнийн яллагдагчаар өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32-р байрны гадна зогсоол дээр байсан саарал өнгийн “Хонда Фит” загварын тээврийн хэрэгслийг МЭ миний халаасанд байсан түлхүүрээр онгойлгож, асаагаад би унаж яваад таксинд явж байсан...Бензин дуусаж, түрж явж байгаад Тэс колонк дээр аваачиж орхиод явсан. Ингээд маргааш нь Яармагт байрлах гэртээ байж байтал цаг даа нар ирсэн. МЭ дандаа тээврийн хэрэгсэл онгойлгож асаадаг, би тээврийн хэрэгслийг жолоодож явдаг. Харин Б ченж нартай холбогдож зарж борлуулдаг байсан...” /1хх 158-159/ гэсэн,

-шүүгдэгч Ү.Брын яллагдагчаар өгсөн “...2022.11.27-оос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 32-р байрны гадна зогсоол дээр байсан саарал өнгийн “Хонда Фит” загварын тээврийн хэрэгслийг МЭ түлхүүрээр онгойлгож, асаагаад ОЭ бариад гадуур явж байгаад миний ходоод өвдөөд баруун салааны рашаан орчхоод буцаад явж байтал баруун салааны 6 дугаар буудал дээр бензин дуусаад түрж явж байгаад Тэс колонк дээр аваачиж орхиод явсан...” /1хх 149-150/ гэсэн мэдүүлгүүд,

-“Сүлд” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...2004 онд үйлдвэрлэгдсэн, мөнгөлөг өнгийн Хонда фит загварын УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн Зах зээлийн үнэлгээ нийт 4.500.000 төгрөг...” /2хх 60/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Ү.Б, Б.ОЭ нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “...учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж,” гэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Ү.Брын “би Б.ОЭ, Д.МЭ нарыг дарамталснаас болж тэд гэмт хэрэг үйлдсэн, бүх хохирлыг би төлнө” гэх давж заалдах гомдлыг судлан үзэхэд, гомдолд дурдсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, шүүгдэгч Ү.Б, Б.ОЭ нар хамтран гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч Ү.Брын гаргасан давж гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Б.ОЭ нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээ ойлгон гэмшиж байгаа байдал болон жирэмсэн гэх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жил 6 сар болгон хөнгөрүүлэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруудаа гэмшиж байгаа, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.ОЭнийн ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хохирогч Ч.Цгийн нэхэмжилсэн 5.000.000 төгрөгийн хохирол барагдаагүй бөгөөд гомдолд дурдагдсан Х.Н гэх хүнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй, иргэний хариуцагчаар хэрэгт татаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж хуульчилсан. Анхан шатны шүүхээс ирүүлсэн хэргийн хүрээнд энэ талаар дүгнэлт хийх боломжгүй тул хохирогч Ч.Цгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Ү.Б, Б.ОЭ нар гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу хохирогч Ч.Цгийн УНП улсын дугаартай “Хонда Фит” загварын тээврийн хэрэгсэл, хохирогч Ж.Эны эзэмшлийн УБК улсын дугаартай “Тоёота приус” 10 загварын тээврийн хэрэгсэл, хохирогч Б.Бсын эзэмшлийн УНП улсын дугаартай “Хонда Фит” загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулж орлого олсон болох нь шүүдэгч болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Энэ талаар прокурор болон анхан шатны шүүхийн шатанд дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүх нөхөн дүгнэлт хийж, шийтгэх тогтоол нэмэлт заалт оруулан гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хурааж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд хохирогч Ч.Ц, шүүгдэгч Ү.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.ОЭнийн ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/319 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ү.Б, Б.ОЭ нараас шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2.150.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлогод шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...шүүгдэгч Б.ОЭийг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар...” гэснийг “...шүүгдэгч Б.ОЭнийг 2 жил 6 сарын хугацаагаар...” гэж,

- 5 дахь заалтад “...Б.ОЭнийн эдлэх 3 жил 6 сар хорих ялыг...” гэснийг “...Б.ОЭнийн эдлэх 2 жил 6 сар хорих ялыг...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.ОЭнийн ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хохирогч Ч.Ц, шүүгдэгч Ү.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Б, Б.ОЭ нарын 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

 

ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ