Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2024/0773

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн даргалж, Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч А.Мөнх-Өлзий нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:******* ******* овогт Х.*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.*******

Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.*******

Иргэдийн  төлөөлөгч Б.*******

Нэхэмжлэлийн шаардлага: “Х.*******ийн тэтгэврийг 17 жил, 8 сараар тооцон тэтгэвэр тогтоосон Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын шийдвэр хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг 26 жил, 8 сараар тооцон тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах” маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.*******, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Түмэндэмбэрэл нар оролцов.           

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

“Х.*******ийн тэтгэврийг 17 жил, 8 сараар тооцон тэтгэвэр тогтоосон Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын шийдвэр хууль бус болохыг тогтоож, тэтгэврийг 26 жил, 8 сараар тооцон тогтоохыг Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгах”

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрээр Х.*******ийг 1982 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2003 оныг дуустал ******* аймгийн сумын болон ХХК-д жолооч, механикчаар ажиллаж байсныг тогтоосон.

2.2.Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Х.******* өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст /хуучин нэрээр/ хандахад тус хэлтсээс Х.*******ийн ажилласан жилийг 17 жил, 8 сар болгон хасаж тооцсоныг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газарт 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргажээ.

2.3.Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 06/90 дугаар албан бичгээр “... шүүхийн шийдвэрээр тогтоосон нийт хугацаанаас 1995-2003 онуудыг тэтгэврийг тогтооход баримтлах шимтгэл төлж ажилласан хугацаанд оруулан тооцоогүй нь үндэслэлтэй байна.” гэх хариуг өгчээ.

2.4.Х.*******ийн нэхэмжлэлээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 128/Ш32023/6856 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн болно.

Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Миний бие ******* аймгийн суманд тракторч эмчилгээ тэжээлийн цэгт жолоочоор ажиллаж байгаад 1979 онд цэргийн албанд татагдаж, Барилгын цэргийн албанд 1979 оны 7 дугаар сараас эхлэн Барилгын цэргийн удирдах газрын дэргэдэх ын газарт 3 жил жолоочоор ажиллаж байгаад 1982 оны 8 дугаар сард цэргийн албаны хугацаа дуусаж халагдсан.

Дараа нь ******* аймгийн суманд 1982 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс тус сумын нэгдлийн даргын жолоочоор, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус нэгдэлд механикаар томилогдон ажилласан. сумын Социализмын зам нэгдлийн суурин дээр нэртэй ХХК байгуулагдаж би хөдөө, аж ахуйн техник хэрэгслийг хариуцан, газар тариалангийн салбар нэгжид ажиллаж, 2003 оны 11 дүгээр сараас биеийн байдал муудаж харвалт өгсөн учир ажлаасаа гарч өөрөө хувиараа үйлдвэрлэх зорилго бүхий нэртэй хуулийн этгээд байгуулан ажилласан. Миний бие нийтдээ 26 жил 8 сар ажиллаж 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход тус нэгдэлд ажиллаж байсан баримт байхгүй байсан.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгосон ба 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрээр миний бие 1982 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2003 оныг дуустал ******* аймгийн сумын болон ХХК-д жолооч, механикчаар ажиллаж байснаа тогтоолгосон.

Ингээд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно" хэмээх шалгуурыг бүрэн хангасан тул өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хандсан.

Гэтэл миний ажилласан жилийг 17 жил 8 сараар тооцон 9 жилийг минь хасаж тэтгэвэр тогтоосон бөгөөд үүнийг эс хүлээн зөвшөөрч 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан боловч ХХК нь 1995-2003 онуудад ажиллаж байсан нь тогтоогдсон хэдий ч ажил олгогчоос төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тул ажилласан жилд оруулан тооцохгүй гэсэн хариуг өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар шүүхийн шийдвэрээр 1982 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2003 оныг дуустал ******* аймгийн сумын болон ХХК-д жолооч, механикчаар ажиллаж байсныг тогтоосон. Нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр гараад ч ямар нэгэн үр дагаваргүй юм бол миний бие анхнаасаа ажилласан байдлаа шүүхийн журмаар тогтоолгох шаардлагагүй байсан. Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэл төлөөгүй гэх үндэслэлээр холбогдох хууль, журмын дагуу гарсан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч миний ажилласан жилийг 17 жил 8 сараар дутуу тооцон тэтгэвэр тогтоосонд маш их гомдолтой байна.

Миний бие ХХК-д ажиллаж байсан нь нэгэнт тогтоогдсон ба ажилтан цалин авч ажиллаж байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх ёстой. Тодруулбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” мөн хуулийн 6.2 дах хэсэг “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж толно” хэмээн зааснаас гадна дээрх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг “Ажил олгогч нь даатгуулагчийн толбол зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүрдээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр суутгаж, тухайн сард багтаан нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлнэ” гэж зааснаар ажил олгогч байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч намайг ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэж буруутган өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хязгаарлаж байгаад гомдолтой байна.    

Мөн ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт тавих үүрэг нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “нийгмийн даатгалын байгууллага хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хяналт тавих”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар "тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах” эрхийг тус тус нийгмийн даатгалын байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтанд олгосон.

Шүүхээс нэхэмжлэгч намайг 26 жил 8 сар ажилласныг тогтоосоор байтал миний тэтгэврийг үнэн зөв тогтоохгүйгээр 17 жил 8 сараар тооцон тэтгэвэр олгож, миний хууль ёсны эрх, ашиг ноцтой хөндөж зөрчсөөр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газраас Х.******* миний тэтгэврийг 17 жил 8 сараар тооцон тэтгэвэр тогтоосон шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн тэтгэврийг 26 жил 8 сараар тооцон тогтоохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон дүгнэлтдээ:

“Нэхэмжлэгч Х.******* нь 26 жил 8 сар ажилласан гэж тодорхойлж үүнийхээ дагуу 60 нас буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход тус нэгдэлд ажиллаж байсан баримт байхгүй байсан тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрээр 1982 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2003 оныг дуустал ******* аймгийн сумын Социализм зам нэгдэл болон ХХК-д жолооч, механикчаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоосон.

Энэхүү шүүхийн шийдвэрийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврээ тогтоолгохоор хандсан боловч 17 жил 8 сараар тооцон тогтоосныг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан.” гэв.

3.3.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай шийдвэрээр Х.*******ийг 1982 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2003 оныг дуустал ******* аймгийн сумын болон ХХК-д жолооч, механикчаар ажиллаж байсныг тогтоожээ. Гэвч ХХК-ийн 1995-2003 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд таны нэр байхгүй, таны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаагаар нотлогдож байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, Нийгмийн даатгалын сангаас олrox тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн дагуу олгох тэтгэвэр тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан тогтооно” гэж тус тус заасан. 1995-2003 онуудад ажиллаж байсныг шүүхээс тогтоосон хэдий ч уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь төлөөгүй тул тэтгэвэр тогтооход баримтлах шимтгэл төлж ажилласан хугацаанд оруулан тооцох үндэслэлгүй болно.

Иймд шүүхээс тогтоосон нийт хугацаанаас шимтгэл нь төлөгдөөгүй хугацаа буюу 1995-2003 онуудад ажилласан 9 жилийг хасаж тэтгэвэр тогтоосон нь хуульд нийцэх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэв.

3.4.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 “Нэхэмжлэгчийн тэтгэврийг Нийгмийн даатгалын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 17 жил 8 сараар тогтоосон. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрээр 1982 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2003 оныг дуустал ******* аймгийн сумын болон ХХК-д жолооч, механикчаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг тогтоосон энэ шийдвэр нь тэтгэвэр тогтооход ажилласан жилд нь тооцож орох асуудал нь нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдлаар тэтгэвэр тогтоолгох үйл явцад заавал байх шаардлагатай.

болон ХХК нь тухайн үед хөдөлмөрийн дэвтрийн бичилт, ажилд орсон болон гарсан тушаал зэрэг зүйлс нь баримтаараа баталгаажвал нийгмийн даатгалын улсын байцаагч үнэлээд ажилласан жилд нь оруулдаг. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр нь зөвхөн ажиллаж байсан гэдгийг тогтоосон. Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг бол даатгуулагч болон ажил олгогчоос авдаг шимтгэл бөгөөд төлсөн хэмжээгээрээ тэтгэвэр тэтгэмжүүдээ авдаг хуулийн зарчимтай энэ агуулгын хүрээнд ирсэн нотлох баримтыг үнэлж 17 жил 8 сараар тогтоосон. Аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа эрхлэх явцдаа улсын бүртгэлийн байгууллага болон нийгмийн даатгал, татварын хэлтэст бүх зүйлээ бүртгүүлж тайлан илгээдэг. Энэ нь гол асуудал болох шимтгэл төлөөгүй нөхцөл байдалд нийгмийн даатгалын байгууллага үүнийг тогтоох үндэслэл болохгүй.” гэв.

3.5.Иргэдийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний бие иргэний төлөөлөгчөөр оролцож буй Х.*******ийн нэхэмжлэл дээр өөрийн дүгнэлтээ өгч байна. Тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан ХХК-ийн буруутай үйлдэл. Улсын бүртгэлд бүртгэл байхгүй компанийн тайланг тухайн үеийн Нийгмийн даатгалын хэлтэс авсан нь эргэлзээтэй. ХХК-д нөхөн тайлан өгүүлж, асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс /хуучин нэрээр/  Х.*******ийн ажилласан жилийг 1978 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 11 сар, 13 өдөр, 1979 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 3 жил, 1 сар, 29 өдөр, 1982 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 12 жил, 3 сар, 8 өдөр буюу нийт 17 жил, 8 сар, 21 өдөр ажилласнаар тооцсоныг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Хариуцагчаас “иргэний хэргийн шүүх Х.*******ийн 1995-2003 онд ажиллаж байсныг тогтоосон боловч ажил олгогч нь уг хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй учраас ажилласан жилийн хугацаанд оруулан тооцох тэтгэвэр тогтоох боломжгүй, шимтгэл төлсөн байж тэтгэвэр авах ёстой” гэж үзэн шүүхээс тогтоосон ажилласан жилд тооцсон хугацааг өндөр насны тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцохоос татгалзсан.

3.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 184//ШШ2019/02217 дугаар шийдвэрээр Х.*******ийг 1982 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2003 оныг дуустал ******* аймгийн сумын болон ХХК-д жолооч, механикчаар ажиллаж байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоож шийдвэрлэсний дагуу Х.*******ийн ажилласан жил нь 1982 оны 09 дүгээр сарын 23-наас 2003 оны оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 20 жил, 8 сар, 8 хоног нь ажилласан жилд тооцогдсон байна.

4.Х.*******ийн өндөр насны тэтгэврийг тогтоосон хугацаан дээр дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаа нэмж тооцогдох үндэслэл дараах байдлаар тогтоогдож байна.

5.Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Х.*******ийн ажилласан жилийг 1978 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 17 жил, 8 сар, 21 өдөр ажилласнаар тооцсон нь 1994 оны Нийгмийн даатгалын хуулийн 21 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “нийгмийн даатгалын шимтгэл” гэж нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг”, мөн хэсгийн 7-д “шимтгэл төлөгч” гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг” гэж, 6 дугаар зүйлийн 1-т “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй” гэж тус тус заасанд нийцээгүй.

6.Нийгмийн даатгалын хуулиар /1994 оны/ тэтгэвэр тогтоолгох хугацааг “нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа”-гаар тооцож эхэлсэн боловч уг хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж, 16 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэжээ.

7.Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1-т “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ гээд, мөн хэсгийн 1 дэх заалтад “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 2-т “шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх, 3-т “нийгмийн даатгалын холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, тайлан тэнцэл гаргах”, 4-т “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд уг зөрчлийг арилгах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх” гэж зааснаас үзвэл нийгмийн даатгалын шимтгэлийн ажил олгогч суутган нийгмийн даатгалын санд төлөх, энэ талаар тайлан мэдээг гаргах үүрэг хүлээсэн байна.

8.Түүнчлэн дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 1-т “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах дараахь үндсэн чиг үүргийг Нийгмийн даатгалын байгууллага  хэрэгжүүлэхээр, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэл хөтлөөгүйгээс хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлох боломжгүй болсон ажил олгогчид түүнтэй адилтгах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ажил олгогчийн жишгээр шимтгэл оногдуулах”, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4, 5-д “шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах, ... эрхийг Нийгмийн даатгалын байгууллагад олгосон.

9.Ийнхүү харьяалах нийгмийн даатгалын байгууллага нь 1994 оны Нийгмийн даатгалын хуулиас хойш ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх, тайлагнах ажиллагаанд хяналтаа тавих үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч Х.*******ийн тэтгэвэр тэтгэмж авах суурь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бөгөөд ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж төлөөгүй шимтгэлийг Х.*******д хамааруулж, уг хугацаанд хамаарах өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан нь хуульд нийцээгүй байна.

10.Мэдээж 1994 оны Нийгмийн даатгалын хуулиар ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж төлөх үүрэгтэйгээс гадна, ажилтан Х.******* өөрийн цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогоос зохих хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй хэдий ч уг шимтгэлийг суутгаж төлөх нь ажил олгогчийн үүрэг болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

11.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Х.*******ийн ажилласан жилийг 1978 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар тооцож, тогтоохыг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй.

12.Нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа “Х.*******ийн тэтгэврийг 17 жил, 8 сараар тооцон тэтгэвэр тогтоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн тэтгэврийг 26 жил, 8 сараар тооцон тогтоохыг хариуцагчид даалгах” гэж тодорхойлсончлон түүний иргэний хэргийн шүүхээс ажилласан жилээр тогтоогдсон 1978 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2003 оны оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал  хугацааг оруулан тооцох үндэслэлтэй боловч шүүхээс нийгмийн даатгалын байцаагчийн эрх хэмжээг хэрэгжүүлж өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй тул Х.*******ийн иргэний хэргийн шүүхээр тогтоогдсон ажилласан жилийг харгалзан өндөр насны тэтгэврийг тооцон тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

13.Шүүх хариуцагчаар Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг /хуучин нэрээр/ татсан бөгөөд хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа “хариуцагч биш тул чөлөөлж өгөх” хүсэлт гаргасан, түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргах нэхэмжлэлийн шаардлага байхгүй болохыг тодруулсан болно.

14.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа хариуцагчаар зөвхөн  Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрыг тодорхойлсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино” гэж зааснаар жинхэнэ хариуцагчаар Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газрыг оролцуулсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын хуулийн /1994 оны/ 6 дугаар зүйлийн 1, 2, 24 дүгээр зүйлийн 1, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4, 5 заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Х.*******ийн ажилласан жилийг 1978 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааг тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжийг хариуцагчаас  нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.АДЪЯАСҮРЭН

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ДУЛАМСҮРЭН

                     ШҮҮГЧ                                     А.МӨНХ-ӨЛЗИЙ