Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/511

 

 

 

 

 

 

  2023             05            16                                        2023/ДШМ/511

 

 

        М.Н-т холбогдох

                                                  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Б,

хохирогч Г.С,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/204 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.С-ын гаргасан давж заалдах гомдлоор М.Н-т холбогдох ................................. дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч М.Н нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр .............. дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт ................ сургуулийн спорт зааланд тоглож байхдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хохирогч Г.С-ын хамар хэсэгт цохиж, нүүр хэсэгт өвдөглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Н-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Н-ийг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Н-ийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр М.Н-т миний хамар хэсэгт цохиж, хамрын  яс 2 хугарсан, баруун таславч далийсан гэх шүүх шинжилгээний дүгнэлтээр хөнгөн гэмтэлтэй гэж тогтоогдсон. М.Н нь миний эмчилгээний зардлыг бүрэн төлнө гэж хэлсэн ба эхний мэс ажилбар хийлгэх үед хамт байж 200.000 төгрөг төлсөн. Тус эмнэлэгт хамрын хагалгаанд ороход 3.900.000 төгрөг болох ба хагалгааны дараах хэвтэн эмчлүүлэх 500.000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Намайг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг ятгасан. Би уг хүсэлтийг зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан боловч М.Н нь эмчилгээний зардлын төлбөр төлөөгүй алга болсон. М.Н нь одоо гадаад улсад байгаа. Миний хагалгааны тов хоёр удаа хойшилж байна. Тийм учраас эмчилгээний төлбөрийг олгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд М.Н-ээс нэхэмжилсэн зүйл байгаагүй “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн. Шүүх үүнийг нь үндэслэж шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж дүгнээд 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээд байгаа боловч прокурор, шүүхийн аль ч шатанд баримт гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.Н нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ............ дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрт ............... сургуулийн спорт зааланд тоглож байхдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хохирогч Г.С-ын хамар хэсэгт гараараа цохиж, нүүр хэсэгт өвдөглөсний улмаас хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамарт шарх, духанд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.С-ын “...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зааланд тоглож байхад эхлээд би Н-тэй маргалдсан ба түүнийг над руу хүрээд ирэхээр нь би түлхэх гэж байгаад санамсаргүй шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон байдаг. Энэ үед найз А баруун талын хацар луу 2 удаа цохисон, тэгсэн чинь Н намайг хөөж ирээд миний хамар луу нэг удаа гараараа цохихоор би тонгойход миний нүүр рүү 2-3 удаа өвдгөлсөн. Бас А нь миний дагз хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Ингээд би аргагүй эрхэнд Н-ийн бэлэг эрхтнээс базсан ба сагс тоглож байсан хүүхдүүд салгасан. ...” /хх 11/,

гэрч М.С-ын “...2022 оны 10 дугаар 02-ны өдөр Т-ийн ойролцоо байдаг “Э” их сургуулийн зааланд арван жилийн найзууд болох А, Н, Г, Э, Э, С нарын хамт сагс тоглосон юм. Тэгээд зааланд 2 баг болоод тоглож байхад С, Н хоёр сагсны алдаа хийсэн гэж хоорондоо маргалдаад С бөмбөгөө Н рүү шидээд зүүн гараараа Н-ийн нүүр лүү нь нэг удаа цохисон чинь А, Н-ийг өмөөрөөд хажуу талаас нь орж ирээд С-ын шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь Н цохиулсан уурандаа хажуу талаас нь орж ирээд гараа атгаж байгаад С-ын хамар руу нь нэг удаа хүчтэй цохисон чинь С хамраа бариад тонгойж тэр хоёр барьцалдаад газарт унацгаасан. Тэгээд бид нар салгаад босгоход С-ын хамраас цус гарсан байсан. Өөр сүртэй зодоон болоогүй А хажуугаас орж С-ыг шанаа хэсэг рүү нь цохиход С-ын хамраас цус гараагүй байсан ба Н-ийг хамар руу нь цохих үед С-ын хамраас цус гарч гэмтсэн байсан юм...” /хх 21/,

гэрч Г.Г-ийн “...Зааланд тоглож байхад эхлээд С, Н хоёр хоорондоо маргалдсан чинь С нь Н рүү сагсны бөмбөг шидээд зүүн гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон чинь дундуур нь А орж ирээд С-ын зүүн шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон. Н хажуу талаас орж ирээд гараа саваад С-ын хамрыг хүчтэй цохисон. С хамраа бариад тонгойсон чинь барьж аваад нүүр рүү өвдөглөөд газар унагаасан. Тэгсэн чинь С, Н-ийн бэлэг эрхтнээс нь базсан чинь Н орилсон ба С бид хоёр салгасан. Тэгээд С босоод ирэхэд хамраас нь цус гарчихсан байсан. Өөрөөр С-ыг унагаачихаад дээрээс нь өшиглөөд зодож цохиод байсан сүртэй асуудал байхгүй. Н гараараа цохиод С-ын хамрыг хугалчихсан юм. Харин А-ыг С-ын шанаа руу нь цохиход хамраас нь цус гараагүй байсан. ...” /хх 27/,

яллагдагч М.Н-ийн “...С-ын хамрыг би хугалсан. Бас би дух болон нүүр рүү нь өвдөглөн түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Би энэ үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /хх 53/ гэсэн мэдүүлгүүд,

“...Г.С-ын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамарт шарх, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13593 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 31-32/

гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 5/, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх 6/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч М.Н-ийг хохирогч Г.С-ын хамар хэсэгт цохиж, нүүр хэсэгт өвдөглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг бодитой тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч М.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Г.С “...Эмчилгээний төлбөрийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед хохирогч Г.С нь эмчилгээтэй холбоотой төлбөр нэхэмжлээгүй, өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх бөгөөд анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогч Г.С-ын “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч М.Н-ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэснийг буруутгах  хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин хохирогч Г.С хөнгөн гэмтлийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/204 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч Г.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Г.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ