Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2024/0752

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Г*******

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо

Хариуцагчийн төлөөлөгч: Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Б*******

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 23 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, хариуцагчийн төлөөлөгч И.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч З.Г*******аас Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 23 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хэргийн нөхцөл байдлын талаар:

2.1. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар тогтоолоор ...Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд 34 дүгээр тойрогт Үндэсний эвслээс нэр дэвшсэн Зундуйн Г*******ын баримт бичгийн бүрдэл Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан шаардлагыг тус тус хангаагүй тул бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

2.2.Нэхэмжлэгчээс дээрх тогтоолыг хүчингүй болгуулахаар 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэлд 128/ШЗ2024/7752 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

3. Нэхэмжлэгч З.Г******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 

“...З.Г******* миний бие Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Үндэсний эвслээс Баянзүрх дүүргийн 34 дүгээр тойрогт нэр дэвшсэн. Хуулийн дагуу нэр дэвшигчээр бүртгүүлэх материал бүрдүүлж дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлсэн.

Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23 тоот тогтоолоор татварын өр төлбөртэй буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан.

Хариуцагчаас 09 дүгээр сарын 11-ний өдөр “...татварын лавлагаан дээр байгаа татварын өрийг төлж барагдуулж, 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөрт багтааж хүсэлтээ Сонгуулийн хороонд ирүүлбэл хуулийн 32.2 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигчээр бүртгэх боломжтой...” гэж мэдэгдсэн. 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр татварын өр төлбөрийг барагдуулахаар Татварын ерөнхий газрын https://etax.mta.mn/ цахим сайтаас авсан лавлагаагаар *** төгрөгийн өртэй гарсан. Миний бие З******* ХХК-ийг 100% дангаар эзэмшдэг.

Иймд 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Татварын ерөнхий газрын харилцах дансанд нийт *** төгрөгийг З******* ХХК төлж барагдуулсан. Татвар төлсний дараа тухайн өдөр авсан татварын лавлагаагаар татварын өр төлбөр 0.00, харин ч *** төгрөгийн илүү төлөлттэй гэсэн тодорхойлолт гарсан. Татварын өр төлбөрийг төлж барагдуулсан тул Үндэсний эвслийн 2024 оны 09 дүгээр зарын 15-ны өдрийн *** тоот албан бичгээр дүүргийн сонгуулийн хороонд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2-т заасан шаардлагыг хуулийн хугацаанд хангасан тул нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтийг дахин гаргасан.

Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагчаас “...Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс ирүүлсэн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн *** тоот албан бичгээр хувь хүний *** төгрөг, З******* /РД: 2*******/ ХХК-иар *** төгрөгийн төлөгдөөгүй өр төлбөр байгаа учраас нэр дэвшигчээр бүртгэхгүй, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23 тоот тогтоол хүчинтэй хэвээр учраас дахин тогтоол гаргахгүй...” гэдэг хариултыг амаар өгсөн.

Миний бие өөрт хамааралтай татварын 16 сая төгрөгийн өр төлбөрт 20 гаруй сая төгрөг бодитоор төлж, илүү төлөлттэй байхад Сонгуулийн хороо, татварын цахим систем, татварын хэлтэс зэрэг төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй, баримт мэдээллийг нягтлан шалгах үүргээ дутуу хэрэгжүүлснээс үүдэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байх үр дагаварт хүрээд байна.

Түүнчлэн З.Г******* надад холбогдох захиргааны акт гаргахдаа шийдвэр гаргах нөхцөл байдлыг бодитоор тогтоож, надад сонсох ажиллагаа явуулж, тайлбар авалгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэснийг зөрчсөн гэж үзнэ. Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23 тоот тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“З.Г******* нь Баянзүрх дүүргийн 34 дүгээр тойрогт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвшихээр хүсэлт гаргаж, хууль, тогтоомжид заасан холбогдох баримт, материалуудыг бүрдүүлж Сонгуулийн хороонд өгсөн. Сонгуулийн хороо 09 дүгээр сарын 11-ний өдөр маргаан бүхий нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 23 тоот тогтоолыг гаргасан. Энэ тогтоолыг гаргахдаа Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл татварын өр төлбөрийн асуудал байна, та 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө энэ өр төлбөрөө барагдуулаад ирэх юм бол бид таныг нэр дэвшигчээр бүртгэх боломжтой гэдэг хариуг өгснийг бид 09 дүгээр сарын 13-ны өдрийн баасан гарагт гардаж авсан. Тухайн өдрөө Баянзүрх дүүргийн татварын хэлтэс дээр татварын өр төлбөрөө нягтлах гэж очиход тус өдөр татварын баярын өдөр таарч байсан. Тийм учраас Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн ажилтнууд бүгд амралт зугаалгад явсан, 1 татварын улсын байцаагч жижүүрээр ажиллаж байсан. Тухайн татварын улсын байцаагчаас иргэнээр болон хуулийн этгээдээр хэдэн төгрөгийн өр төлбөртэй байгаа лавлагаа авъя гэхэд энэ мэдээлэл одоогоор харагдахгүй байна, авто зам хариуцсан иргэн, аж ахуйн нэгж хариуцсан байцаагч нар байхгүй байна, даваа гарагт ирж мэдээлэл аваарай гэдэг хариу өгсөн. Ингээд бидний зүгээс 09 дүгээр сарын 14-ний өдөр өөрт байгаа хамгийн ойр мэдээллийн цэг болох Киоск системээс лавлагаа авсан. Киоск системээс татварын өр төлбөр харахад нийтдээ 24 нэхэмжлэх үүссэн байсан. Бид сонгуульд нэр дэвших шийдвэр гаргасан байсан учраас 09 дүгээр сарын 03-ны өдөр агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрт нийт *** төгрөгийг төлсөн байдаг. 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр киоск системээр нийтдээ 24 нэхэмжлэлээр *** төгрөгийн татварын өр төлж барагдуулаад тухайн өдрөө татварын системээс татварын өртэй эсэх тухай тодорхойлолт авахад татварын өргүй гэдэг тодорхойлолт гарсан. Тухайн тодорхойлолтуудыг Сонгуулийн хороонд гаргаж өгч, зөрчлийг арилгасан тул нэр дэвшигчээр бүртгэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Сонгуулийн хорооны зүгээс 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, 09 дүгээр сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн албан бичгээр хугацаа хэтэрсэн нийт *** гаруй төгрөгийн өр байна, тиймээс 09 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоол хүчинтэй хэвээр дахин шинээр тогтоол гарахгүй гэдэг хариуг амаар өгсөн. 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Сонгуулийн хорооноос өгсөн хариуг мэдсэн даруйдаа Захиргааны хэргийн шүүхэд эрх ашгаа хамгаалахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч З.Г*******ын хувьд нэлээн тулгаж нэр дэвших шийдвэр гаргасан. Хуулийн этгээдийн өр төлбөртэй байсан гэдгээ бид хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Сонгуулийн тухай хуулиар зөрчлөө арилгаад дахин хүсэлт өгөх эрх нь нээлттэй. Бид өнөөдөр бодит байдал дээр *** гаруй төгрөгийн татварын өр төлбөрөө төлсөн. Нэр дэвшигч тухайн сонгуульд оролцох, сонгогдох эрхээ хангалттай илэрхийлсэн үйл баримт байна гэж үзэж байна.

Мөн хариуцагч Сонгуулийн хороо хууль тогтоомж, процессын хувьд хэд хэдэн алдаа гаргасан гэж үзэж байна. Нэгдүгээрт 09 дүгээр сарын 11-ний өдөр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай шийдвэр гарч, бидэнд 09 дүгээр сарын 17-ны өдөр амаар мэдэгдсэн. Эдгээр хариу өгсөн баримтуудаа шүүхэд гаргаж өгсөнгүй. Ямар баримт байх вэ гэвэл Аймаг, нийслэлийн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт сонгуулийн хороо аливаа асуудлыг хуралдаанаар шийдвэрлэнэ. Хуралдаанаар шийдвэрлэхдээ хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална гэж хууль тогтоомжид зааж өгсөн. Сонгуулийн хорооны хурал бодитоор болсон уу, үгүй юу үүнтэй холбоотой татгалзал баримтаа өнөөдөр шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Үүнийг хариуцагч тал нотолсон байх ёстой.

Хоёрдугаарт, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд баримтлах ёстой зарчим, хуулийн зохицуулалтуудыг сонгуулийн хороо баримтлах ёстой. Яагаад гэвэл Сонгуулийн хороо захиргааны байгууллага гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны байгууллагуудын баримтлах ёстой үйл ажиллагааны зарчмыг маш тодорхой хуульчилж өгсөн. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа нууцад хамаарахаас бусад тохиолдолд ил тод, нээлттэй байх ёстой. Иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах гэж байгаа бол тэдгээрт заавал урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангаж, тайлбар санал авах ёстой. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт хууль ёсны итгэлийг хамгаалах ёстой. Эдгээр зарчмуудыг хуульд тусгаж өгсөн. Гэтэл захиргааны байгууллага буюу сонгуулийн хороо эдгээр зарчмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллаагүй. Бид татварын хэлтсийн эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг аваад шийдвэр гаргасан гэдэг асуудлыг ярьж байна. Гэтэл тухайн татварын байгууллагын тодорхойлолт нь үнэн зөв юм уу гэдгийг нягтлан шалгах үүрэг сонгуулийн хооронд байсан. Гэтэл энэ үүргээ огт биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл татварын байгууллага 09 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолтоор хугацаа болоогүй буюу 4 дүгээр улиралд төлөх ёстой татварын өрнүүдийг төлөх ёстой мэтээр тодорхойлолт гаргаад өгсөн байхад мэргэжлийн байгууллагын тодорхойлолт учир үүнийг үндэслэж шийдвэр гаръя гэж шийдвэр гаргасан байна. Гэтэл 09 дүгээр сарын 15-ны өдөр дахин нэр дэвших тухай хүсэлтээ өгөхөд энэ нөхцөл байдал илэрч байсан бол сонсох ажиллагаа явуулаад тайлбар, санал хэлэх боломжоор хангах ёстой байсан. 09 дүгээр сарын 15-ны өдрийн 00 цаг өнгөрсөн тохиолдолд З.Г*******ыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байх эрсдэл үүснэ. Үндэсний эвсэл нам буюу З.Г*******ын нэр дэвшиж байгаа нам, эвсэл тухайн Баянзүрх дүүргийн 34 дүгээр тойрогт нөхөн нэр дэвшүүлэх боломжгүй болох сөрөг үр дагавар үүсэхээр байсан. Эдгээр үр дагаврыг хариуцагч тал мэдэж байсан хэр нь 09 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн тодорхойлолт, өөрөөр хэлбэл нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан байхад дахиж өргүй гэдэг 09 дүгээр сарын 15-ны өдрийн тодорхойлолтыг шалгаад байгаа нь Сонгуулийн хорооны үйл ажиллагаа хууль бус гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Гуравдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим нэхэмжлэгч З.Г*******ын тохиолдол дээр зүй ёсоор яригдах ёстой. Учир нь 09 дүгээр сарын 03-ны өдөр татварын системээс тодорхойлолт авахад хувь иргэнээр өр төлбөргүй гэдэг тодорхойлолт гарсан. Бид 09 дүгээр сарын 15-ны өдөр бүх өр төлбөрөө төлөөд тодорхойлолт авахад дахин өр төлбөргүй гэдэг 2 тодорхойлолт гарсан учраас баримтуудаа бүрдүүлээд 09 дүгээр сарын 15-ны өдөр Сонгуулийн хороонд дахиж хүсэлтээ өгсөн. Хүсэлт өгснөөр нэхэмжлэгчид ямар үр дагавар бий болсон гэхээр зөрчлөө арилгасан учраас нэр дэвшигчээр бүртгэгдэнэ гэдэг хууль ёсны итгэл үүссэн. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид үүсээд байгаа итгэл хууль ёсны итгэл юм. Тиймээс энэ итгэлийг Захиргааны хэргийн шүүх заавал хамгаалах ёстой эрх ашиг гэж үзэж байна.

Сонгуулийн хорооны үйл ажиллагаа цахим болсон. Өмнөх 2016, 2020 оны сонгуульд хүсэлт, саналаа заавал цаасаар өгдөг байсан. Одоо Сонгуулийн хороонд холбогдох татвар хураамж, төлбөрийн тодорхойлолтуудыг онлайнаар авч байгаа. Онлайнаар аваад өгсөн тодорхойлолтыг эргэлзээтэй гэж үзсэн учраас шалгасан гэж хэлээд байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд нэр дэвшиж байгаа бүх нэр дэвшигчид татварын тодорхойлолтыг татварын системээс онлайнаар авч өгч байгаа. Татварын хэлтэс дээр очиж биечилж уулзан, цаасаар авдаг цаг өнгөрсөн. Хариуцагч өөрөө үүнийг мэдсээр байж заавал Татварын хэлтсээс бичгээр гаргах ёстой гэж байгаа нь үндэслэлгүй. Өр төлбөр яагаад татварын систем дээр харагдсан талаар бидэнд мэдээлэл байхгүй учраас хэлж мэдэхгүй байна. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Монгол Улсын татвар ямар төлбөр хураамжаас бүрддэг нь таны хэлснээр 48 нэр төрлийн татвар байна. Татварын төлбөр хураамж дотор авто зам ашигласны төлбөр гэдэг татвар байхгүй. Тиймээс татварын систем дээр байгаа өр төлбөрийг бид өр төлбөр гэж үзэхгүй байгаа. Тиймээс маргаан бүхий Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчийг бүртгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

4.Хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Б******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд тус дүүргийн 34 дүгээр тойрогт нэр дэвшүүлэх тухай хүсэлт ирүүлсэн Зундуйн Г******* нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй тул Сонгуулийн хорооноос “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар тогтоол гаргасан.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс Зундуйн Г******* нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаандаа төлөөгүй өртэй болохыг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 1/4894 тоот албан бичгээр ирүүлсэн.

Тус дүүргийн Сонгуулийн хорооноос баталсан 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар тогтоол хүчин төгөлдөр бөгөөд зөрчлийг хуулийн хугацаанд арилгаагүй тул Зундуйн Г*******ыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгээгүй.

Иймд З.Г*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь холбогдох хуулийн хүрээнд үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4.1.Хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга И.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлд нэр дэвшигчийг бүртгэхтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг зааж өгсөн. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2-т өр төлбөртэй байх юм бол бүртгэхгүй байх хуулийн зохицуулалттай. Татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр хураамжаас бүрдэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон бүх төрлийн төлбөр, хураамж, татвар, албан татвараас бүрдэх тухай хуулийн заалттай. Монгол Улсын татварын хуулиар нийтдээ 48 төрлийн татвар байгаа. Энэ 48 төрлийн татварын нэгэнд нь төлбөр орж байгаа юм. Киоск машинаас гарч ирсэн татварын тодорхойлолтыг бүрэн авахгүй бол үлдэж гардаг.

Сонгуулийн хорооны чиг үүргийн хүрээнд нэр дэвшигчидтэй холбоотой лавлагаа, тодорхойлолт авах үүргийн хүрээнд нэр дэвшигч З.Г*******тай холбоотой татварын өртэй эсэх лавлагаа авахад татварын өртэй гэсэн хариу ирсэн. Өөрөөр хэлбэл 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд өр төлбөрийг бүрэн барагдуулах боломжийг улсын хэмжээнд нэр дэвшиж байгаа нэр дэвшигч нарт олгосон. Татварын тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т татвар төлөгч өөрийн татварын тайланг өөрөө гаргаж тайлагнах үүрэгтэй. Энэ тайлагнасан тайланг татварын байгууллага хянаж үзээд татвар тогтоодог. Бид мэргэжлийн байгууллагаас тодорхойлолтуудыг ойлгомжгүй ирүүлсэнтэй холбоотой татварын байгууллагаас лавлагаа авахад 09 дүгээр сарын 11-ны өдрийн байдлаар З.Г******* татварын өртэй байна гэх лавлагаа ирсэн. Лавлагаа ирсэн даруй бид намуудад мэдээллийг хүргэсэн. Үндэсний эвсэл намаас 09 дүгээр сарын 12-ны өдөр татварын өртэй эсэх мэдээллийг хүлээн авсан. Үүнээс хойш 4 хоногийн хугацаанд татварын зөрчлөө арилгалгүй, киоск машинаас авсан татварын өргүй гэсэн лавлагаагаар маргаж байгаа юм.

Бид Үндэсний эвсэл намаас 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан зөрчлөө арилгасан тул нэр дэвшигчээр бүртгэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу 09 дүгээр сарын 16-ны өдөр татварын байгууллагаас дахин лавлагаа авахад 3 төрлийн татварын өр төлбөртэй байна гэж ирсэн. Хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2-т заасан зөрчлийг арилгаагүй байсан тул нийтэд мэдээлээд хуулиар хүлээсэн татварыг төлж барагдуулаагүй байна гэх үндэслэлээр татгалзсан.

Сонсох ажиллагаа хийгдээгүй гэдэг асуудлыг ярьж байна. Процесстой холбоотой асуудал нэхэмжлэлийн шаардлагад огт дурдагдаагүй. Хэрэв маргаан бүхий тогтоол гарахтай холбоотой процесс алдаа гарсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх нь зүйтэй байх. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч З.Г*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

          1. З.Г******* нь Баянзүрх дүүргийн сонгуулийн хороонд холбогдуулан Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

          2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгуулахаар маргасан.

2.1.Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23 тоот тогтоолоор татварын өр төлбөртэй буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан.

2.2.Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос татварын лавлагаан дээр байгаа татварын өрийг төлж барагдуул гэж мэдэгдсэний дагуу 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Татварын ерөнхий газрын харилцах дансанд нийт 20,723,150 төгрөгийг З******* ХХК төлж барагдуулсан тул нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлтийг дахин гаргасан.

2.3.Миний бие өөрт хамааралтай татварын 16 сая төгрөгийн өр төлбөрт 20 гаруй сая төгрөг бодитоор төлж, илүү төлөлттэй байхад Сонгуулийн хороо, татварын цахим систем, татварын хэлтэс зэрэг төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй, баримт мэдээллийг нягтлан шалгах үүргээ дутуу хэрэгжүүлснээс үүдэн сонгогдох эрхийг хязгаарлаж байна.

3.Хариуцагчаас “Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1/4894 тоот албан бичгээр “... Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс Зундуйн Г******* нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаандаа төлөөгүй өртэй болох”-ыг мэдэгдсэн зөрчлийг арилгаагүй тул З.Г*******ыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгээгүй” гэж маргадаг.

          4. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн 1/4789 дүгээр албан бичгээр ирүүлсэн З.Г******* болон З******* ХХК-ийн татварын өртэй талаарх албан бичгийг үндэслэн “...Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд 34 дүгээр тойрогт Үндэсний эвслээс нэр дэвшсэн З.Г*******ын баримт бичгийн бүрдэл Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан шаардлагыг тус тус хангаагүй тул бүртгэхээс татгалзаж” шийдвэрлэжээ.

           5.Нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрт нийт 533,500 төгрөгийг төлсөн бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Татварын албаны системээс тодорхойлолт авахад хувь иргэнээр “өр төлбөргүй” гэдэг тодорхойлолт гарсан боловч сонгуулийн хорооны тогтоолд дурдсан зөрчлийг арилган Төрийн үйлчилгээний цахим системээс гарсан 24 нэхэмжлэлүүдийн дагуу 2024 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр 20,690,752 төгрөгийн татварын өр төлбөрийг төлснөөр уг татварын системээс “өр төлбөргүй”  гэсэн тодорхойлолт авч, Үндэсний эвсэлийн 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 01/08 дугаар албан бичгээр дахин нэр дэвшигчээр бүртгүүлэх хүсэлт гаргасан.

           

6.Сонгуулийн хороо нь татварын системээс дахин авсан “өр төлбөргүй”  гэсэн тодорхойлолтыг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаар албан бичгээр тодруулснаар З.Г******* болон З******* ХХК-ийн татварын өртэй талаарх албан бичгийг үндэслэн нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн байна. Уг албан бичигт Татварын удирдлагын нэгдсэн системээс “З.Г******* Авто зам ашигласан, агаарын бохирдлын төлбөрийг хугацаандаа төлөөгүй *** төгрөгийн өр, З******* ХХК-ийн *** төгрөгийн татварын өр, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын *** төгрөгийн өр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын *** төгрөг, нийт *** төгрөгийн хуулийн хугацаандаа төлөөгүй татварын өр бүртгэлтэй байна” гэх мэдээллийг гарган ирүүлжээ.

          7.Татварын албаны системээс авсан “өр төлбөргүй” тухай тодорхойлолтууд Татварын удирдлагын нэгдсэн системийн мэдээлэлтэй зөрүүтэй байгаа нь нэхэмжлэгчийн нэр дэвшигчээр бүртгүүлэх эрхийг хязгаарлах үндэслэл болсон бөгөөд үүнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.

          Учир нь нэхэмжлэгч нь Татварын албаны системээс авсан нэхэмжлэлүүдийн дагуу татварын бүх өр төлбөрийг төлсөн болох нь дээрх системээс авсан тодорхойлолт, өр төлбөрийг төлсөн баримтуудаар бүрэн нотлогджээ.

8.Түүнчлэн энэхүү зөрүүтэй мэдээллийн дагуу Татварын ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаар албан бичгээр “... дээрх өрийг судлан үзэхэд авто зам ашигласны төлбөрийг татварын хууль тогтоомжоор тогтоогоогүй, ... аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “... жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлнө” гэсэн, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр төлнө.” гэж заасны дагуу тус тус татварын өрд тооцохгүй болно.” гэсэн хариу өгчээ.

9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2-т “татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх.”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Нэр дэвшүүлсэн нам, эвсэл хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш гурав хоногт багтаан дараах баримт бичгийг тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ:”, 31.2.5-т “энэ хуулийн 28.3.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан эсэх талаарх татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт;” мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т “энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй” гэж тус тус заасан зөрчлийг арилган дахин бүртгүүлэх хүсэлт гаргасан З.Г*******ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль бус байх тул мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.”Нэр дэвшигчийг тухайн шатны сонгуулийн хороо бүртгэж, үнэмлэх олгоно.” гэж заасны дагуу З.Г*******ыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь үндэслэлгүй байна.

10.Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ., Арван зургаадугаар зүйлийн 9 дэх заалтад Монгол Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй, Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй ... гэж хуульчилсан. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйлийн 1.Хүн бүр улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй,  Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 25 дугаар зүйлд ...иргэн бүр аливаа алагчлалгүйгээр болон үндэслэлгүй хязгаарлалтгүйгээр (а) төрийн хэргийг явуулахад шууд болон чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох; (b) сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох; эрхийг баталгаажуулжээ.

11. Иймд Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар тогтоолоор З.Г*******ын нэр дэвшигчээр бүртгүүлэх эрхийг хөндсөн гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй боловч уг тогтоолын дагуу зөрчлөө арилган татварын өр төлбөрөө барагдуулж, нэр дэвшигчээр бүртгүүлэхээр дахин ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны үйлдэл хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд 34 дүгээр тойрогт Үндэсний эвслээс нэр дэвшигч Зундуйн Г*******ыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

12. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр байгаа нь З.Г*******ыг нэр дэвшигчээр дахин бүртгэхэд саад болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэл зорилгод нийцсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.2, 31 дүгээр зүйлийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, З.Г*******ын нэр дэвшигчээр дахин бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны үйлдэл хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд 34 дүгээр тойрогт Үндэсний эвслээс нэр дэвшигч Зундуйн Г*******ыг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АДЪЯАСҮРЭН