Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2018/ШЦТ/43

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн

Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Сэндэнсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-т холбогдох эрүүгийн ****************тоот хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н.Б-,

Шүүгдэгч Н.Б- нь Хөвсгөл аймгийн Б**********ийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн Олон Улсын ********************* судлалын төвтэй хамтран “Б******************мент” мэргэжилээр Хөвсгөл аймгийн Багш нарыг магистрын сургалтад хамруулах гэрээг 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3 жилийн хугацаатай байгуулан хамтран ажиллах хугацаандаа өөрийн хууль ёсны эхнэр Б.Б-ы гүйцэтгэх захиралаар ажилладаг Хөвсгөл аймгийн Багш нарын холбооны Төрийн банкны дансаар 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд дээрх гэрээний дагуу магистрантурт суралцсан оюутнуудын төлбөрийн 20 хувь болох 28.904.061 төгрөгийг нийт 3 удаагийн үйлдлээр гаргуулан авч хувьдаа болон өөр зориулалтаар ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон  гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Н.Б- нь Хөвсгөл аймгийн Б**********ийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн Олон Улсын ********************* судлалын төвтэй хамтран “Боловсрол судлал, менежмент” мэргэжилээр Хөвсгөл аймгийн Багш нарыг магистрын сургалтад хамруулах гэрээг 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 3 жилийн хугацаатай байгуулан хамтран ажиллах хугацаандаа өөрийн хууль ёсны эхнэр Б.Б-ы гүйцэтгэх захиралаар ажилладаг Хөвсгөл аймгийн Багш нарын холбооны Төрийн банкны дансаар 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд дээрх гэрээний дагуу магистрантурт суралцсан оюутнуудын төлбөрийн 20 хувь болох 21,967,761 төгрөгийг нийт 3 удаагийн үйлдлээр гаргуулан авч хувьдаа болон өөр зориулалтаар ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Ц.М-ийн: “...2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хамтран ажиллах гэрээг баталж манай сургуулийн захиралаар ажиллаж байсан Т.Б********** нь гарын үсэг зурж баталгаажуулж нэг талаас Ш******-ийн ************-ийн захиралаар ажиллаж байсан Л.Б- нөгөө талаас Хөвсгөл аймгийн Б**********ийн газрын дарга Н.Б- нар нь гэрээ байгуулсан байсан. Хөвсгөл аймагт Боловсролын үйл ажиллагааг явуулахын тулд багш нар болон бусад ажил гүйцэтгэгчийн сургалтын орчинг сайжруулахын тулд  суралцагчдын сургалтын төлбөрийг 20 хувийг буцаан Хөвсгөл аймгийн багш нарын холбооны дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу 28.904.061 төгрөгийг Хөвсгөл аймгийн Багш нарын холбооны данс руу шилжүүлсэн байна. Тухайн мөнгийг Н.Б- нь өөрийн хууль ёсны эхнэр Б.Б-ы гүйцэтгэх захиралаар ажилладаг Хөвсгөл аймгийн Багш нарын холбооны дансаар шилжүүлнэ гэж гэрээнд тусгуулсан. Яагаад Хөвсгөл аймгийн Б**********ийн газар буюу тухайн байгууллагын данс руу шилжүүлж болоогүй нь өөр байгууллагын дансаар хувьдаа гаргуулан авах, бусадтай үгсэн тохиролцож албан тушаалаа ашиглаж давуу байдал бий болгож хувийн ашиг сонирхолын зөрчилтэйгээр хандаж байгууллагын мөнгийг завших санаа зорилготойгоор хандсан нь харагдаж байна. Тухайн гэрээг байгуулж манай ОУБДБСТ-ийн захирлаар ажилаж байсан Л.Б- нь өвчний улмаас нас барсан байсан, түүнийг Н.Б-той нийлж хувьдаа мөнгө төгрөг авсан үгүйг мэдэхгүй болохоор хамтран ажиллах гэрээгээр хувьдаа давуу байда бий болгосон Н.Б- гэх хүнээс Хөвсгөл аймгийн Багш нарын холбооны дансанд шилжүүлсэн суралцагчдын 20 хувийн төлбөр болох 28.904.061 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 237-238-р тал/,

Гэрч Ш.О-ийн: “...2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Ш******-ийн ************-ийн захирал Л.Б- болон тухайн үеийн Хөвсгөл аймгийн Б**********ын газрын дарга Н.Б- байгуулсан гэрээний талаар мэдэжбайсан. Миний бүртгэлээр 70 хүн өнөөдрийн байдлаар төгссөн. Сургалтын төлбөрийн хувьд магистрын сургалтын төлбөр 2 сая орчим төгрөг байсан боловуу. Магистрын сургалтыг манай аймгийн Боловсролын газар дээр зохион байгуулж байсан ба хичээл заах багш нар нь 1 жилд 3-4 удаа ирдэг, 1 ирэхдээ 14 хоногийн хугацаатайгаар сургалтаа зохион байгуулчихаад яваад өгдөг. Н.Б- захирал Л.Б- захиралд 16.250.000 төгрөгийг өгснө талаар мэдэх зүйл байхгүй байна. Тэр талаар ярьж байгаагүй. 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн сургуулиудын захиралууд ОХУ-ын Улан-Үдэ, Иркутск хот руу явсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-30-р тал/,

Гэрч Ц.Б-гийн: “...Манай дарга Н.Б- нь 2016 оны эхээр тус газарт канон, принтер  /хувилагч машин/ авчирсан. Гэхдээ тоног төхөөрөмжүүдийг байгууллагын бүртгэлд бүртгэж орлогод авч болохгүй шүү гэсний дагуу бүртгэлд аваагүй, манай ажил дээр дээрх тоног төхөөрөмж нь байж байдаг. Эдгээрийн үнэ ханшийг нарийн сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,

Гэрч Б.А-йн: “...би Хөвсгөл аймгийн Б**********ийн газрын дарга манай дарга хоёрын хооронд байгуулсан гэрээний талаар мэдэж байсан ба Ш******-ийн ************-ийн магистрын сургалтын 2013-2014 оны хооронд 1 кредитийн төлбөр 64.412 төгрөг, 2014-2015 онд 1 кредит нь 74.175 төгрөг байдаг байсан. Ингээд 2013-2015 онд Хөвсгөл аймагт явсан сургалтаар 23 хүн төгссөн, үүний нийт төлбөр 55.983.909 төгрөг Ш******-ийн дансанд орсон байдаг. Гэрээний дагуу сургалтын төлбөрийн 20 хувь болох 11.196.781 төгрөгийн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн багш нарын холбооны төрийн банкны дансанд шилжүүлсэн. Үүний дараа 2014-2015, 2015-2016 онд Хөвсгөл аймагт явуулсан магистрын сургалтаар 19 хүн суралцаж төгссөн. Суралцагчдын сургалтын төлбөр 55.668.860 төгрөгийн 20 хувь буюу 11.113.590 төгрөгийг буцаан төлөх байснаас манай төвийн докторын сургалтанд хамрагдсан Ш.О-ийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 2.372.768 төгрөг, Н.Б-ын 1.285.968 төгрөг, магистрын сургалтад хамрагдсан Ж.Б**********гийн сургалтын төлбөрийн үлдэгдэл 1.367.574 төгрөг нийт 5.026.610 төгрөгийг суутгаад үлдэгдэл төлбөр 6.107.280 төгрөгийг Хөвсгөл аймгийн Багш нарын холбооны дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-39-р тал/,

            Гэрч Б.Б-ы: “...манай Хөвсгөл аймгийн Багш нарын холбоо нь Ш******-ийн ************-тэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээгээр суралцагчдын төлбөрийн 20 хувийг буцаан олгохоор заасан энэ мөнгийг танай холбооны дансаар шилжүүлэн гаргаж болохуу гэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд манай холбооны дансанд Ш******-ийн ************өвөөс 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд нийт 3 удаагийн үйлдлээр 28.904.061 төгрөг орж ирсэн. Орж ирсэн мөнгийг бүгдийг нь Н.Б-т өгсөн. Дээрх мөнгөнөөс би өөрөө хувьдаа авч зарцуулсан асуудал байхгүй, зарцуулалтыг нь би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83-р тал/,

            Гэрч С.Т-йн: “...манай нөхөр Л.Б- 2013-2015 онд Ш******-ийн ************-ийн захирлаар ажиллаж байгаад элэгний хүнд өвчний улмаас нас барсан. Миний санаж байгаагаар 2013 оноос эхлэн Хөвсгөл аймгийн Боловсролын газартай хамтран ажиллахаар болсон аймгийн багш нарыг докторантурт, магистрантурт элсэн авч сургалт явуулахаар болж байгаа гэж хэлсэн. Хөвсгөл аймаг руу 1 жилдээ 1-2 удаа очдог байсан. 2014 онд Хөвсгөл аймаг руу очиж хичээл заах үед хамт явж тус аймгийн Б**********ийн газрын дарга Н.Б- гэх хүнтэй танилцаж байсан. Тухайн үедээ 1 удаа л уулзсан ба түүнээс хойш дахиж уулзаагүй, ямар нэг найз нөхдийн дотно харилцаа холбоо байгаагүй. Талийгаачид Н.Б- гэх хүн 16.250.000 төгрөгийг 2-3 удаагийн үйлдлээр өгсөн талаар надад мэдэх зүйл байхгүй. Хэрэв манай нөхөр 16 орчим сая төгрөгийг хуваагаад ч болтугай авсан бол надад заавалчгүй хэлж мэдэгднэ. Хүнд өвчтэй байх үед эмчилгээний мөнгө дутаад байхад нөхөр маань надаас мөнгө нуугаад байх хүн бишээ. Үүнийг баттай хэлнэ. Тэр Н.Б- гэх хүнээс мөнгө авсан, өгснө тухай баримт ч манайд байхгүй, талийгаачийг нас барах үед Хөвсгөл аймгийн багш нар гэх хүмүүсээс 300-400 орчим мянган төгрөг өгсөн.  Үүнээс өөрөөр мөнгө орж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 241-243-р тал/,

            Гэрч Ч.Т-ын: “...Би Н.Б-ыг урьд нь манай төвд ирж сургалтанд сууж байсан болохоор нь мэдэх юм. Н.Б-т хандаж манай ************ нь магистрын сургалтын хөтөлбөр хэрэгжлүүлж байгаа. Тухайн хөтөлбөрийг танай аймагт хэрэгжүүлж болох тухай Н.Б- захиралаас асуусан. Тэгтэл манай аймагт ирж хичээл зааж болох юм бол асууж тодруулъя гэхээр нь би манай төвийн захиралаар ажиллаж байсан Л.Б- захиралтай удалгүй уулзуулсан. Тэгээд Н.Б- нь аймаг руугаа буцаж яваад удалгүй Улаанбаатар хотод ирээд Л.Б- захиралтай уулзсан. Л.Б- захирал намайг Дарханы ТИС-ийн гэрээний загвараар Хөвсгөлтэй гэрээний драфт гаргаад Н.Б-т танилцуулаарай гэсэн. Би хэлснийх нь дагуу гэрээний драфтыг Н.Б-т танилцуулахад 10 хувь нь манай Хөвсгөл аймгийн Боловсрол, соёлын газарт шилжиж ирэх нь бага юм байна, зардал их гарах учраас үүнийг нэмж 20 хувь болгож болохуу гэж Л.Б- захиралаас асууж өгөөч гэсэн, хариуд нь та өөрөө ороод захиралтай ярилцсан нь дээр байхаа гээд тэр 2-ыг уулзуулсан. Түүнээс хойш гэрээний талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77-р тал/,

            Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газрын дарга Ш******-ийн ************-ийн дарга нарын хамтран ажиллах тухай 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээ /хх-ийн 100-101-р тал/,

            2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн бичиг баримтад үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэлээр Хөвсгөл аймгийн Төрийн банкны 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 294 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хөвсгөл аймгийн Багш нарын холбооны ********* дугаартай дансны хуулга, /хх 103-р тал/,

            Ш******-ийн ************-ийн тус төвд оюутнуудийн элсэлт болон төгсөлтийн Ректорын тушаал, төлбөр, тооцоо, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөний төлбөрийн баримтаар, Улаанбаатар хотоос Хөвсгөл аймагт очиж хичээл заасан багш нарын томилолтын зардлын төсөв,

            Шүүгдэгчийн зүгээс 16.000.000 төгрөгийг Л.Б- гэгчид өгсөн талаар мэдүүлэг өгсөн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримтын хэмжээнд хавтаст хэрэгт авагдсан гэрч С.Т******гийн “...манай нөхөр Л.Б- өвчний учир нас барсан эмчилгээний зардал олдохгүй байсан. Хэрэв өгсөн бол надад хэлэх байсан.” /хх 241-243/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдохгүй, шүүгдэгч өөрийн эхнэр Б.Б-ы дансаар 28.904.061 төгрөг гаргуулан авсан болох нь дансны хуулга болон бусад баримтаар тогтоогдож байх тул өөртөө авч ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Ш******-тай хамтран байгуулсан гэрээний 3 дахь заалтанд сургалтын орчныг бүрдүүлж, материал хэвлэхэд сургалтын төлбөрийн 20 хувийг зарцуулахаар тусгасан нь хэдийгээр хууль зүйн үндэслэлтэй боловч хэт ерөнхий гэрээний агуулга тодорхой бус байх тул Эрүүгийн хээрг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг баримтлан шүүгдэгч Н.Б-ыг Оросын Холбооны Улсад сургуулийн багш, захиралыг дадлага, туршлага солилцуулахаар явахдаа замын зардалд зарцуулсан жолоочтой тээвэрлэлтийн гэрээ хийж төлбөр төлсөн гэх хөлсөөр ажиллах гэрээгээр 5.000.000 төгрөг, /1-р хх-ийн 20-21-р тал/  сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулахаар авсан Самсунг МЛ-3310 принтер, Канон 2318 хувилагч зэргийг 1.936.300 төгрөгөөр Боловсрол Соёлын газарт өмчийн бүртгэлд авхуулсныг гэмт хэргийн улмаас учирсан гэх бодит хохирлоос хасах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Б-ыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн хохирол 28.904.061 төгрөгөөс хасч, 21.967.761 төгрөгийг Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 2.5.5 дахь хэсэгт “шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж зааснаар гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд тооцох нь зүйтэй.

Харин шүүгдэгч Н.Б-оос сургуулийн захиралуудын Оросын Холбооны Улсад туршлага солилцохоор явсан хоол буудлын зардалд зарцуулсан гэх зардлын баримт нь /1-р хх-ийн 26-р тал/  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, монгол хэл дээр орчуулаагүй, орчуулагч томилоогүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн дагуу цуглуулж бэхжүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар /1-р хх-ийн 22-25-р тал/ хавсаргасан 3.241.440 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаас хасах нь зүйтэй байна.

Аймгийн прокурорын газраас 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулсан гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.1-т заасан үлэмж хэмжээний хохирол “төрийн албан тушаалтан эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа ашиглан” учруулсан гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдснээс хойш 6 сар буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 58-р тал/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн ****************дугаартай хэрэгт хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь хохирол төлбөрөө нөхөн төлсөн тухай 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн хохирогчтой хийсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36.7, 36.7.3.3, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Н.Б-ыг төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Н.Б-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн ****************дугаартай хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ