Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 208/МА2020/00052

 

 

Х.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 150/2018/00180/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Г.Давааренчин

Б.Эрдэнэхишиг

 

Оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.*******

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 135 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлоор Х.*******гийн нэхэмжлэлтэй Ш.*******д холбогдох Рапсын үнэ 8.662.500 төгрөгийг гаргуулах тухай 1 хавтас иргэний хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Орхон сумын иргэн Ш.*******тэй би 2018 онд рапсны наймаа хийж 3 тонн үр өгсөн. 50 хувийнх нь мөнгийг өгөөд 50 хувийнх нь мөнгийг намрынхаа ургацаас төлье гэж ярьж тохироод нотариатаар батлуулж гэрээ байгуулсан. 6.300.000 төгрөгийг нь дараа төлөхөөр хоёулаа тохироод рапсаа өгсөн. Ингээд рапсны үнийг намар нь бололцооны хэмжээний ургац авсан атлаа төлбөрөө барагдуулахгүй утсаа авахгүй алга болчихсон. Иймээс шүүхэд үүнийг барагдуулж өгнө үү.

Ш.******* рапсыг өөрөө надаас биеэрээ гардаж авсан. Би өөрөө хүлээлгэж өгсөн. Портер машинаар хоёр удаа ачиж явсан. Авсан гэдгээ яриад бид хоёр ингэж тохиролцож байна гээд нотариат дээр дүүтэйгээ суулгаж байгаад гэрээ хийсэн тул гэрээний дагуу рапсын үнийг гэрээнд заасан алдангийн хамт нэхэмжилж байна ... гэжээ

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч Х.******* нь гэрээний 2.2-т заасны дагуу рапсны үрийг хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн. Мөн 2.3-т заасны дагуу рапсны үрийг хүлээлгэн өгсөн баримт үйлдэж, уг баримт нь тухайн худалдах, худалдан авах гэрээний салшгүй хэсэг байна гэж гэрээндээ тусгаж заалт оруулж өгсөн.

Нэгэнт дээрх баримт байхгүй учраас Х.******* нь Ш.*******д уг рапсны үрийг хүлээлгэж өгөөгүй гэдэг нотолгоо байхгүй тул аваагүй зүйлээ Ш.******* төлөх нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна... гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 135 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Х.*******гийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.*******гээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6.300.000 төгрөг, алданги 2.362.500 төгрөг нийт 8.662.500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.500 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад буруу дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Гэрээний дагуу рапсаа өөрийн биеэр ачуулсан байхад намайг хүлээлгэн өгөөгүй гэж зөвхөн гэрээний нэг заалтыг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг баримталсан гэж үзэж байна. Мөн хариуцагч зөвхөн төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өөрөө үнэнээс зугтан шүүхэд ирэхгүй байна гэж бодож байна.

Хариуцагч Ш.Бат-ирээдүй надаас 2018.05.09-ний өдөр 3тонн рапсыг портер маркийн машинаар 2 удаа зөөж авч тариалаад өөртөө 100 сая гаруй төгрөгийн ашиг олчихоод алгын чинээ падаан хүлээлгэж, гаргаж өгөөгүй гэж огт аваагүй мэтээр ярьж, мэлзэж байгаа Ш.******* зөрчсөн байгааг шүүх огт дүгнэлт өгөөгүй. Би өөрийн биеэр түүнд хүлээлгэж өгсөн шүү дээ, надад худал ярих, хүн гүтгэх шаардлага байхгүй. Нотариатаар батлуулсан гэрээ байсаар байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2, 2.3-т заасан рапсны үрийг хүлээлгэн өгөөгүй тул үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-т заасан заалт үндэслэлгүй тул нэхэмжлэгч Х.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1-т заасан үндэслэлгүй гэж байгаа нь чухам ямар зүйлийг үндэслэлгүй гэж үзсэн нь тодорхой бус, утга агууламжийн хувьд ойлгомжгүй байна. Хэрвээ 2018.05.09-ний өдрийн Х.*******, Ш.******* нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчингүйд тооцоод байгаа бол энэ талаар шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хууль зүйн үндэслэлээ зааж дурдаагүй байна.

Харин миний ойлгож байгаагаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон гол үндэслэлээ худалдах-худалдан авах гэрээний 2.3-т заасан ...бүтээгдэхүүнийг өгсөн авсан баримтыг үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулна. Энэхүү баримт гэрээний салшгүй хэсэг болно гэсэн заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 118-р зүйлийн 118.5-т заасан заалтыг зөрчиж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд 2020 оны 05 сарын 27-ны өдрийн 135-р шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Х.******* хариуцагч Ш.*******д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг, рапсын үрний үнэ 6.300.000 төгрөг, алданги 2.362.500 төгрөг, нийт 8.662.500 төгрөгийг гаргуулах тухайн нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэгч нь гэрээнд заасан рапсын үр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

  

Хэргийг судлан үзвэл: Зохигчдын хооронд 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 3 тонн рапсын үрийг 12.600.000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохирч гэрээг бичгээр байгуулан нотариатаар батлуулснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Худалдах, худалдан авах тухай  гэрээ байгуулагдсан байна.

Тус гэрээний 2.2-т Худалдагч  нь 3 тонн рапсын үрийг  2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр худалдан авагчид шилжүүлэн өгөх бөгөөд худалдан авагч нь үнийг хэлэлцэн тохирсон хугацаанд төлж дуусгасан байна.

Гэрээний  2.3-т Зээлээр худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн, авсан баримтыг үйлдэж гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулна. Энэхүү баримт нь гэрээний хавсралт болох ба үндсэн гэрээний салшгүй хэсэг болно... гэж талуудын гэрээгээр хүлээх үүрэг болон гэрээ хэзээ хүчин төгөлдөр болохоор тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл худалдагч нь рапсын үрийг худалдан авагч талд хүлээлгэн өгөх үүргийг, худалдан авагчид худалдан авагчаас үрийг хүлээн авч баримт үйлдсэнээр үрийн үнийг төлөх үүрэг тус тус үүсэх ба үр хүлээн авсан тухай баримтад талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болохоор тохиролцсон гэж үзэхээр байна.

Гэрээний талууд нь хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээнийхээ агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул талуудын гэрээндээ эрх үүргээ нарийвчлан тодорхойлсон нь хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар  нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй өөрөөр хэлбэл гэрээний үүргээ биелүүлсэн буюу рапсын үрийг хүлээлгэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй ба шүүхэд нотлох баримтын талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж хариуцагч Ш.*******д 3 тонн рапсын үрийг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж удаа дараа тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй байна.

Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтад хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 135 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 153.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН