Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/565

 

 

Ц.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Анужин,

шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ж.Батзоригт,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/250 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.О болон түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ж.Батзоригт нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.От холбогдох эрүүгийн 2105000001456 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Э овгийн Цгийн О, 1968 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Э-д хууль, тогтоомж хариуцсан ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Ц.О нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн ажлын байран дээр иргэн Б.Аийг “хадам аавдаа хүүхэн олж өгдөг хүүхэн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн, өдөөн хоргоож улмаар толгойн тус газар нь цохих, баруун талын чихнээс татаж зулгаан, цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, чихэнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Э овогт Цгийн Оийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.От оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой гарсан болон цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ц.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2021 он бол ковидын цар тахлын өндөр дэгдэлттэй хөл хорионы үе байсан. Тэр үед нөхөр Н, хүү Бын хамт 361 граммын хашаанд байрлах гэртээ тусгаарлалттай байсан. Би 2021 оны 9 сард “Барилгын комплекс их дэлгүүр” дээрээ 18 цаг 30 минутын үед цаг үеийн нөхцөл байдалд ямар байгаа бол гэж санаа зовон очсон. Гэтэл А гаднаас орж ирээд дайрч довтлон “муу авгай минь, битгий давраад байгаарай, чамд энэ дэлгүүрт орж ирэх ямар ч эрх байхгүй, яагаад ирж байгаа юм, чи Нээс бичгээр зөвшөөрөл авч ирээрэй, чиний гэх юм энд байхгүй, намайг чи ажилд аваагүй, Н ажилд авсан, муу авгай минь, чи чаддаг юм бол намайг алгадчих” гэж дайрч довтлон доромжилсон. Үүнээс үүдэлтэй маргалдсан. Харин энэ хүний мэдүүлээд байгаа шиг би түүнийг огт зодоогүй. Харин би “юу болоод байна аа, уулзъя” гээд бэлхүүсний орчим куртикнээс нь татсан, булга хэсэгт нь ёвроход тэр далдичин нүүрээ гараараа далдалсан. Би дэлгүүрээсээ гараад гэртээ харьсан.

            Харин А энэхүү маргалдаж муудалцсан асуудалд маш олон хуурамч баримт бүрдүүлэн нөхөртэйгөө хуйвалдаж, хуурамч мэдүүлэг өгч эрүүгийн хэрэгт холбогдуулсан. Энэ хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль зүйн шаардлага хангаагүй байхад, хянаж бүрэн судлалгүй торгуулийн ял оногдуулсан явдалд маш их гомдолтой байна. Иймд хэргийг тал бүрээс нь хянаж, шийдвэрлэж өгнө үү.

Аийн гэмтсэн гээд байгаа чихэнд анхны үзлэг хийсэн эмч гэх Бгийн үзлэгийн баримт нь А5 хэмжээтэй цаасан дээр чихний цууралт гэдэг оношийг бичиж, түүндээ “Э” ХХК гэсэн тамга дарсан. Эдгээр нь хууль бус, хуурамч баримт бичиг болох нь Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Д чих хамар хоолойн эмнэлэг”-т эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг олгоогүй гэж мэдэгдсэн албан бичиг, Д эмнэлгийн захирал, хүний их эмч С.Оийн “Б гэдэг эмч урьд болон одоо манай эмнэлэгт ажиллаж байгаагүй нь үнэн болно” гэж албажуулсан албан бичиг, түүний мэдүүлэг, Бг эмч гэхийг нотолсон хүний их эмчийн тамга одоог хүртэл хэрэгт авагдаагүй, Эрүүл мэндийн тухай хууль, журамд заасан 5 жилийн хугацаатай эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээ олгогдоогүй. Түүнчлэн, мөрдөгчийн хэрэгт хавсаргасан “Д нүд, чих, хамар, хоолой, сонсголын эмнэлэг” гэх зурагт зөвхөн нүдний оношилгооны аппаратын зураг байсан. Энд дурдагдсан Бгийн бичсэн чихний цууралт гэдэг онош нь Эрүүл мэндийн салбарт баримталдаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталсан Өвчний олон улсын ангилалд огт байдаггүй. Энэ баримт дээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Т нь 9295 дугаартай шинжээчийн дүгнэлтдээ эмчийн үзлэгийг хийгээгүй. Оношилгооны бусад төрлийн албан ёсны мэдээлэлд тулгуурлаагүй чихний цоорол гэдэг зөрүүтэй оношийг бичиж, гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан байдаг. Үүнийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзээд Баянгол дүүргийн прокурорт буцаасан. Баянгол дүүргийн прокурорын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Нэмэлт шинжилгээ хийлгэх тухай” 8 дугаар тогтоолоор “...шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021.10.06-ны өдрийн 9295 дугаартай шинжээчийн дүгнэлтэд нэмэлт шинжилгээ хийж, Б.Аийн баруун чихэнд үзлэг хийн дүгнэлт гаргахыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч,..-д: 2.1-д шинжээч эмч Н.Тгийн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдөр гаргасан 9295 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэх, 2.2-т хохирогч Аийн баруун талын чихний хэнгэрэн хальсанд цооролт, цууралт гэмтлийн аль нь үүссэн эсэх, 2.5-д хэнгэргэн хальсны цооролт, цууралт гэмтэл үүсээд эдгэрсэн бол ямар байдлаар мэдэгдэх эсэх, хэрэв хэнгэргэн хальсанд цооролт, цууралт гэмтэл үүсээд эдгэсэн бол хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой эсэх, 2.6-д булаг гоожих, бусад үрэвслийн эмзэгшлээс болж хэнгэрэг цоорсон байх боломжтой эсэхийг тогтоон дүгнэлт гаргахыг даалгаж 9295 дугаартай шинжээчийн дүгнэлт, Аийн Энхсонор эмнэлэгт үзүүлсэн 2 хуудас баримтыг шинжээч эмч (П.Г, Д.А, Б.Д, О.Б, Г.Энхбаатар)-д шилжүүлсэн. Мөн А уг тогтоолтой танилцаад шинжээч эмч нарыг татгалзаагүй зөвшөөрч өмгөөлөгчийн хамт гарын үсэг зурж баталгаажуулсан боловч шинжээч эмч нарын хэнээр нь ч үзлэг, оношилгоог хийлгүүлээгүй, мөн шинжээч эмч нарын аль нь ч прокурорын даалгаснаар Аийн баруун чихэнд эмчийн үзлэг, оношилгоог хийж, дүгнэлт гаргаагүй байсан. Эдгээр шинжээч эмч нар нь эрүүл мэндийн салбарт ажилласан туршлагатай, мэргэжлийн зөвлөх болон тэргүүлэх зэрэгтэй, тухайн мэргэжлийн чиглэлээр мэргэшсэн, тусгай мэдлэг, мэргэжлийн баг байсан бөгөөд тэдний ажиллаж байгаа Улсын нэгдсэн төв эмнэлэг нь төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлж, оношлох бүрэн боломжтой магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллага юм. Гэтэл А 2022 оны 03  дугаар сарын 14-ний өдөр татан буугдсан “И” эмнэлгийн байранд байрлах анхан шатны тусламж үзүүлдэг “Э” эмнэлгийн эмч ЭнхТд үзүүлсэн буюу үзүүлэхдээ “сонсгол муудсан, баруун чихнээс үе үе булаг гарна” гэсэн шинж тэмдэг илэрсэн зовиуртай байхад нь хэнгэрэг сорвижиж, битүүрч эдгэсэн гэж оношилсон байсан. Булаг бол идээт үрэвслийн гол шинж тэмдэг бөгөөд, хэнгэргэн хальсны аль нэг цоорхой хэсгээс гардаг. Мөн ЭнхТ эмчээс ирүүлсэн чихний зурагт “хэнийх гэж нотлох овог, нэр, регистрийн дугаар, нас, хуйс, он, cap, өдөр, цаг, минут, аль чихний зураг болох хэнгэргэн хальсны аль хэсэгт сорвижиж битүүрч эдгэснийг бичиж тэмдэглэсэн ямар ч тэмдэглэгээ байдаггүй. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэний бүх төрлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ нь тухайн иргэний хувийн мэдээллийг заавал агуулах бөгөөд энэ нь бусад үйлчлүүлэгчээс ялгах гол эрүүл мэндийн статистик үзүүлэлт юм. Тухайлбал, Д эмнэлэгт 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, Э эмнэлэгт 2022 оны 03 дугаар сарын 4-ний өдөр туc тус үзүүлсэн мэдээлэл огт байдаггүй. Хэрэв үзүүлсэн бол эрүүл мэндийн цахим бүртгэлийн Health-info программд бүртгэгдсэн байх ёстой. Харин 2021, 2022 онд бусад эмнэлгийн амбулатори, стационарын тусламж, үйлчилгээ авсан мэдээлэл нь Э-ийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны 621 албан тоот бичгийн хавсралтаар ирсэн байсан. Албан тоотод дурдсанаар Health-info программ нь эрүүл мэндийн салбарын албан ёсны тоон мэдээллийг улсын хэмжээнд иргэний эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг нэгтгэн боловсруулдаг мэдээллийн бааз юм. Мөн А эмчийн үзлэгт бичигдсэн сонсголын бичлэгийг огт хийлгээгүй уг нь өөрийнхөө хэлээд байгаа сонсгол муудсан, баруун чихнээс үе үе булаг гээд байгаа асуудлыг ASSR сонсголын аппаратаар оношлуулсан бол ямар хугацаанд, ямар шалтгааны улмаас үүссэн нөхцөл байдлыг тогтоолгох боломжтой байсан. /зургаа тайлбарлах/ Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 391 дугаартай дүгнэлт нь зөвхөн хэргийн материалд шинжилгээ хийсэн. Ингэж хийхдээ ямар ч үзлэг, оношилгоо хийлгэсэн баримтгүй Бгийн цаасан бичсэн тэмдэглэл, үүнийг үндэслэн гаргасан шинжээч Н.Тгийн 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн шинжээчийн 9295 дугаартай дүгнэлтийг баримтлан гаргасан. Шинжээч Агийн мэдүүлгээр “цооролт гэдэг нь өвчний нянгаар өвчлөн үүссэн өвчлөлийн үед, цууралт нь уг механик гэмтлийн үед үүсдэг, үүнийг чих хамар хоолойн эмчийн чих харах багаж, дуран, тонометрээр оношлогдоно” гэж мэдүүлдэг боловч эдгээр үзлэг оношилгоог аль ч эмч нь хийгээгүй, А энэ үзлэг оношилгоонд огт хамрагдаагүй байсан. Харин шинжээч Агийн мэдүүлгээр цооролт гэдэг нь өвчний нянгаар өвчлөн үүссэн өвчлөлийн үед үүсдэг гэж мэдүүлсэн мэдүүлэгтэй Аийн ЭнхТ эмчид үзүүлэхдээ булаг гоождог хэлж тэмдэглүүлсэн зовиуртай таараад байгаа.

Мөн дүгнэлтдээ: “Аийн баруун чихний хэнгэргэн хальсанд цууралт гэмтэл үүссэн бөгөөд цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байна” гэж тэмдэглэсэн. Гэвч Бгийн тэмдэглэл, шинжээч Тгийн 9295 дүгнэлтэд шинэ гэмтэл гэж тодорхойлсон зүйл огт байдаггүй зөрүүтэй баримтууд их байна. Энэ хэргийн материалд ажилласан шинжээч 6, болон Б, ЭнхТ эмч нарын аль аль нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 дүгээр тушаалаар батлагдсан нийтээр дагаж мөрдөх журамд заасны дагуу хууль ёсны Эмнэлгийн магадлагаа, чих хамар хоолойн эмчийн үзлэгийн маягтыг хөтлөөгүй, чих хамар, хоолойн эмчийн заавал баримтлалд үйлдлийн стандарт буюу Монгол Улсын стандарт 5095:2017-д заасан чихний уян дуран болон дурс оношилгооны аппаратын тусламжтайгаар төрөлжсөн үзлэг оношилгоог хийж баримтжуулаагүй. “Энхсонор” эмнэлгийн чихний зурган мэдээлэл хэнийх болох тодорхойгүй, эрүүл мэндийн цахим бүртгэлийн Health-info программын мэдээллийн баазад үзүүлсэн гэх мэдээлэл бүртгэгдээгүй, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн шинжээч байцаагч Аийн баруун чихэнд бодит үзлэгийг хийж, баримтжуулан хэрэгт хавсаргасан зураг огт байдаггүй, эргэлзээтэй бөгөөд нотлогдохгүй баримтууд байна.

Мөн Аийн нөхөр Б төрсөн хүүг нь мэдрэл муутай, согогтой хүүхэд гэж доромжилдог, энэ байдал одоо хүртэл хэвээр байгаа гэж намайг гүжирдэн хуурамч мэдүүлэг өгсөн. Би ийм зүйл огт ярьж үзээгүй болно. Харин Б өөрөө хүүхдээ аймшигтайгаар зодож байдаг бөгөөд эхнэр А нь хүүхдээ зодуулаад бичлэг хийгээд хариуд нь нөхрөө янз бүрээр дарамталж, хуурамч мэдүүлэг өгүүлж байна. А надтай муудалцсан бичлэг болон нөхрийнхөө хүүхдээ зодож байгаа бичлэгийг манай бэр Агийн болон гэр бүлийн фасебүүк группт байршуулсан байсныг надад өгсөн юм. Харин би Быг намайг гүжирдэж хуурамч мэдүүлэг өгч байгааг хуулийн байгууллагаар шалгуулж холбогдох бичлэгийг хүлээлгэн өгч шийдвэрлүүлнэ. Хууль сахиулах байгууллага хуурамч мэдүүлэг, хүүхдийн хүчирхийлэлтэй эвлэрэхгүй гэдэгт бүрэн итгэж байна. Миний гаргасан гомдлыг хуулийн дагуу хянан үзэж, хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...

Хурлын явцад судлан шинжлүүлэх материалуудаа тодорхой болгох хэрэгтэй байх, гэтэл 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч Чинбат “танай бэр А гомдол гаргасан, хэрэгтэй танилцаарай” гэж утсаар мэдэгдсэн. Тэгээд очиж танилцахад бэр А намайг огт үйлдээгүй хэрэгт гомдол гаргасан байсан. Тухайн үед би “наад хүн чинь өөр хүнд зодуулсан байсан” гээд Аийн “2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүнд зодуулсан, өмгөөлөгч авмаар байна” гэж миний Facebook хаягт бичиж, өөрийнхөө биеийн хөхөрсөн, бяцарсан, нүдний шилнийхээ хугарч гэмтсэн, үсээ зулгаалгуулсан, ээмгээ гээсэн, машиныхаа хаалгыг эвдүүлсэн зургийг авч над руу явуулж байсныг хэрэгт өгсөн. ...” гэв.

            Шүүдэгч Ц.Оийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ж.Батзоригт нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ гаргасан тайлбартаа: “...Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлөх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу хэргийн бодит байдА нийцээгүй шийтгэх тогтоол гаргасан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд өмгөөлүүлэгч Ц.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн хангалттай үндэслэл тогтоогдоогүй билээ.

Хэргийн материалд “Энх Сонор” чих хамар хоолойн эмч Б.ЭнхТ нь гэрчээр мэдүүлэхдээ: “...Б.А гэх хүн нь баруун чихний хэнгэрэг бүтэн сорвижилттой, эдгэсэн шалтгаантай гэсэн оношоор надад үзүүлсэн. ...Тухайн үед үзүүлсэн үзлэг хийсэн тэмдэглэл өгсөн. Манай байгууллага CD дээр буулгадаггүй, дэлгэц дээрээс зураг дарж авсан. Үзлэг хийсэн талаар ийм байдА хэмээн мэдүүлсэн байдаг ба энэхүү мэдүүлгээр тухайн сорвижилт хэзээ үүссэн болохыг тогтоох боломжгүй байна. Шинжчээ эмч Д.А нь мэдүүлэхдээ: “...Гэмтлийн гарА цооролт нь ирмэг нь нийлсэн болон салсан, босоо буюу тууш цууралт харагдана. Цууралт нь хэрэв нянгаар бохирлогдоогүй үед цэвэр сорвижилттой эдгэдэг. Сорвижилт харагдана. Энэ сорвижилтоор ийм гэмтлийг үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. “...Дүгнэлт дээр гарсан шинэ гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэнийг анхны эмчийн дүгнэлт нотолж байна. ...” гэж мэдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, бүрэлдэхүүнтэй шинжээч томилох болсон гол шалтгаан нь анхны үзлэгийг хийсэн гэх Б.Б гэгчийн үйлдсэн баримт бичиг онош нь эргэлзээтэй байх тул хөндлөнгийн буюу түүний үйлдсэн баримтад тулгуурлалгүйгээр мэргэжлийн түвшинд дүгнэлт хийлгүүлэх зорилготой байсан. Гэтэл шинжээч эмч Д.А нь “...энэ сорвижилтоор ийм гэмтлийг үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэсэн атлаа тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн болохыг анхны эмчийн дүгнэлт нотолж байна хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Б.Б гэгчийн хууль бус баримтад тулгуурласан болохоо мэдүүлсэн байна. Дээрх хоёр гэрчийн мэдүүлгээр өмгөөлүүлэгч Ц.О нь Б.Ат гэмтэл учруулсан гэж дүгнэх боломжгүй эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байхад шүүх анхаарч үзсэнгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн гол шинж нь холбогдогчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн зэргийн бодит гэмтэл учирсан байх, учирсан гэмтэл нь тусгай мэдлэг бүхий эмчийн хуульд нийцсэн үзлэгийн баримт бичиг болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байхыг шаарддаг. Хохирогч Б.Ат учирсан гэмтлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н.Т нь 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 9295 тоот дүгнэлтээрээ гэмтлийн “хөнгөн” зэрэг гэж дүгнэсэн байдаг ба ийнхүү дүгнэлтийг гаргахдаа гол үндэслэлээ болгосон баримт нь хохирогчийн гаргаж өгсөн зөвхөн “чих, хамар хоолойн эмчийн үзлэг”-ийн баримтад тулгуурласан болохоо шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцохдоо мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, шинжээч эмч нь тухайн чиглэлийн нарийн мэргэжлийн үзлэгийг явуулах боломжгүй учир хохирогч гэх Б.Аийн гарган өгсөн гэх нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийн баримтад зөвхөн тулгуурлаж дүгнэлтийг гаргасан болохоо мэдүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан “чих хамар хоолойн эмчийн үзлэг”-ийн баримт болон “эмчийн магадлагаа” /хх 83-84/-ны зүүн дээд буланд “Д эмнэлэг” гэж бичигдсэн боловч “Э” гэх тамга дарагдсан, мөн чихний хэнгэрэг цууралттай /цооролт биш/ гэж бичсэн эргэлзээтэй нотлох баримтад шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй, учир дутагдА болжээ.

Мөн хохирогч гэх Б.А нь шүүхийн хэлэлцүүлгийн үед мэдүүлэхдээ “Баянгол дүүргийн 6 дугаар хороо, П.Шастины нэрэмжит нэгдсэн Гуравдугаар эмнэлгийн хажууд байрлах “Д” гэдэг чих хамар хоолойн эмнэлэгт Б.Б гэх эмчид үзүүлж эмчийн үзлэг магадлагаа бичүүлж авсан” гэж мэдүүлдэг. Гэтэл дээрх “чих хамар хоолойн эмчийн үзлэг”-ийн баримт болон “Эмчийн магадлагаа” нь хуурамч болох нь өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд шинээр гарган өгсөн дараах нотлох баримтуудаар нотлогддог. Үүнд:

Д” эмнэлгийн захирал, их эмч С.Оийн гарган өгсөн “Б гэдэг эмч урьд болон одоо манай эмнэлэгт огт ажиллаж байгаагүй нь үнэн болно” гэх албан бичиг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын “...Д эмнэлэг нь “Б” ХХК-ийн эзэмшилд байх бөгөөд -ны 01, 02 тоот хаяг хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болно” гэх албан бичгүүдээр Б.Б гэх эмчийн гарын үсэгтэй эмчийн үзлэгийн баримт болон эмчийн магадлагаа нь хуурамчаар үйлдсэн болох нь нотлогддог. Мөн С.О нь гэрчээр мэдүүлэгтээ: “...Манай эмнэлгийн үүрэг бол хүүхэд үзэх, эмчлэх чиглэлтэй байгууллага юм. Манай эмнэлэгт Б.Б гэх эмч ажилладаггүй” гэж мэдүүлсэн байдаг /2хх 12/. Б.Б гэрчийн мэдүүлэгтээ: “...Би нүд чих хамар хоолойн “Д” нэртэй эмнэлэг ажиллуулж байгаа.” /2хх 5/ гэж мэдүүлсэн. Гэвч тэрээр гэрчээр дахин мэдүүлэгтээ: “...Би “Д” чих хамар хоолойн эмнэлгийг байгуулаад 2 жил болсноос 20-21 онд бүтэн ажиллаагүй, ... манай байгууллага үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй, ... компанийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаггүй, нэг өрөө түрээсэлдэг, ... надад үзүүлсэн эмэгтэй тэмдэг дарах хэрэгтэй байна гэхээр нь надад байсан “Э” ХХК-ийн тамгыг дарж өгсөн, ...”Э” ХХК нь миний нэр дээр байдаг, 10-аад жилийн өмнө үүсгээд огт үйл ажиллагаа явуулаагүй, худалдаа наймаа хийх чиглэлээр үүсгэж байсан. ...” /2хх 14-15/ гэж мэдүүлсэн баримт тухайн хэрэгт байдаг. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болсон гэх “Чих хамар хоолойн эмчийн үзлэг” гэх баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй, нотолгооны ач холбогдолгүй, зохиомлоор, хуурамчаар үйлдэгдсэн баримт болох нь хангалттай нотлогддог юм. Мөн үзлэгийг хийсэн гэх эмч Б.Б гэгч нь өөрийн эмчлэх тусгай зөвшөөрөл хүчинтэй болон, их эмчийн тамга байгаа гэж мэдүүлсэн боловч тухайн тамга болон дардсыг огт гаргаж өгөөгүй, хавтаст хэрэг нотлох баримтаар бэхжүүлэгдээгүй байхгүй байдаг.

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д: “Энэ хуулийн 27.1-д заасан тангараг өргөсөн хүний их эмч нэрийн тэмдэг хэрэглэнэ.” гэж их эмчийн тамга, тэмдэг хэрэглэхийг хуульчилсан байна. Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” А/611 тушаалаар Хүний их эмчийн үзлэгийн маягтын загвар, мөн магадлагааны маягтын загварыг шинэчлэн баталсан ба тухайн албан баримт дээр хүний их эмчийн тамга тэмдэг болон ерөнхий эмчийн тамга хамт дарагдсанаар хүчин төгөлдөр болохоор заасан байна. Гэтэл Б.Б гэгч нь албан маягт бүхий баримтыг огт хэрэглээгүй, хүний их эмчийн тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй, улмаар маш ноцтой байдал нь чих, хамар, хоолойн эмнэлгийн үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан нь түүний мэдүүлэг болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Д чих, хамар, хоолойн эмнэлэгт мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг олгоогүй. ...” албан бичиг /2хх 43/-ээр нотлогдож байна. Мөн Эрүүл мэндийн яамны сайдын А/611 тушаалаар Улсын хэмжээнд эрүүл мэндийн мэдээллийг нэгтгэн боловсруулдаг болсон ба улсын болон хувийн хэвшлийн аль эмнэлэгт үзүүлж, эмнэлгийн үйлчилгээ авсан эмчлүүлэгчийн мэдээллийг cap бүрийн эцэст цахим бүртгэлд заавал бүртгүүлж баталгаажуулдаг /2019 оноос хойш/ болсон. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн байгууллагад үзүүлж, туслалцаа аваагүй тохиолдолд энэхүү цахим бүртгэлд бүртгэгдэхгүй юм. Энэхүү цахим бүртгэлээс хохирогч гэх Б.Атэй холбоотой мэдээллийг шүүлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 621 тоот хариу албан бичгээр “...Б.А нь 2021 оны 6 дугаар сарын 19-өөс 2021 оны 7 дугаар сарын 3-ны хооронд “Т” өрхийн эмнэлэгт үзүүлж, коронавируст халдварын хяналтад, 2022 оны 01 дүгээр сарын 10-аас 2022 оны 4 дүгээр сарын 20-ны хооронд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлж, архаг бронхит өвчний хяналтад байсан. 2022 оны 03 дугаар сарын 30-аас 2022 оны 4 дүгээр сарын 03-ны хооронд Нэгдүгээр амаржих газар төрсөн. ...” гэх мэдээлэл бүхий баримтууд хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан “Д” нүд, чих, хамар, хоолойн эмнэлэг болон Б гэх эмчид, мөн “Энхсонор” чих, хамар, хоолойн эмнэлэгт үзүүлсэн” гэх хууль дүрэмд тушаалд нийцүүлсэн албан ёсны баримт байхгүй, хохирогч Б.Аийн биед нарийн мэргэжлийн онош тогтоож буй “Эмчийн үзлэг”-ийн баримт нь хууль болон журам, сайдын тушаалд нийцээгүй ба шаардлага хангахгүй, хууль зүйн үр дагавар үүсгэсэн нотолгооны шаардлага хангахгүй баримтыг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд нь гарсан байгааг ч шүүх анхаарч үзэхгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуульд заасан үндэслэл журмын шаардлагад нийцээгүй нотлох баримтын шаардлага хангахгүй баримтад тулгуурласан, анхны үзлэг хийсэн эмч, шинжээч нарын дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй байна.

Тухайлбал, “хэнгэргийн цооролт, хэнгэргийн хальсны цууралт” гэх ялгаатай харилцан адилгүй байдлаар дүгнэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад шүүх “цууралт гэмтэл” учирсан гэж дүгнэсэн ба ингэхдээ ямар учраас “цооролт гэмтэл биш” гэж үзсэн талаараа нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Хохирогчид гэмтэл учруулсан үйлдэл, холбогдол нотлогдоогүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байхад шүүх бидний өмгөөлүүлэгчийг гэм буруутайд тооцсон үндэслэлгүй байна. ...Монгол Улсад мөрдөгч байгаа Стандарт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан Олон Улсын өвчний ангиллын жагсаалтад чихний хэнгэргэн хальсны цууралт гэх өвчний онош, ойлголт огт байдаггүй. Харин цооролт гэх ойлголт байдаг болох нь хэрэгт авагдсан стандартаар нотлох баримтаар хэрэгт авагдсан байхад шүүх буруу тайлбарлан дүгнэлт хийсэн байна. Өмгөөлөгчдийн зүгээс Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай нотолж чадаагүй буюу нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдаагүй байхад гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэн, гэм буруутайд тооцон ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасныг үндэслэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/250 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, бидний өмгөөлүүлэгч Ц.Оийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Оийн өмгөөлөгч Ж.Батзоригт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан Олон Улсын өвчний ангиллын жагсаалтад “чихний хэнгэргэн хальсны цууралт” гэдэг өвчний онош, ойлголт огт байдаггүй. Гэтэл эмч Б.Б нь “чихний хэнгэргэн хальсны цууралт” гэж дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй байна. Хохирогч Б.Атэй холбоотой мэдээллийг шүүлгэх хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс гаргасан бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 621 тоот хариу албан бичгээр “...Б.А нь 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хооронд “Т” өрхийн эмнэлэгт үзүүлж, корона вируст халдварын хяналтад, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлж, архаг бронхит өвчний хяналтад, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Нэгдүгээр амаржих газар төрсөн. ...” гэх мэдээлэл бүхий баримтууд хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар хохирогч Б.А нь “Д” нүд, чих, хамар, хоолойн эмнэлгийн эмч Б.Бд болон “Энх сонор” чих, хамар, хоолойн эмнэлэгт үзүүлсэн талаар албан ёсны баримт байхгүй. Хохирогч Б.Аийн биед нарийн мэргэжлийн онош тогтоож буй эмчийн үзлэгийн баримт нь хууль, журам, сайдын тушаалд нийцээгүй буюу хууль зүйн үр дагавар үүсгэсэн нотолгооны шаардлага хангаагүй баримтыг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Энэ талаар анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож, нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Мөн хохирогч Б.А урьд нь “Энх сонор” чих, хамар, хоолойн эмнэлэгт үзүүлэхдээ “баруун чихнээс үе үе идээ гардаг” гэж үзүүлсэн байдаг. Иймд хохирогч Б.А нь урьд нь чихний үрэвсэлтэй байсан болох нь “Энх сонор” эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн баримтаар тогтоогдож байна. Хэнгэрэг цоорсон тохиолдолд хэнгэрэг эргэн эдгэдэггүй. Харин зайлшгүй мэс ажилбарын аргаар хэнгэргийн цооролтыг нөхдөг. Өөрөөр хэлбэл, хохирогч Б.Аийн чихний хэнгэргийн цооролт нь урьд нь чихний үрэвслийн улмаас цоорсон бөгөөд эмнэлгийн байгууллагад эмчлүүлж, тодорхой хэмжээний эдгэрэлт үүссэн байхад нь эмч Б.Б “чихний хэнгэргийн хальсны цууралт” гэж эргэлзээтэй дүгнэлт гаргасан. Хавтас хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан чихний хэнгэргийн зураг нь хохирогч Б.Аийн зураг эсэх нь эргэлзээтэй. Учир нь, аливаа гэмтлийн зураг дээр тухайн өвчтөний нэр, насны талаар мэдээлэл байдаг. Гэтэл хавтас хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан чихний хэнгэргийн зураг болон эмчийн үзлэгт хавсаргасан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байдаг. Иймд миний үйлчлүүлэгч Ц.Оийн үйлдлээс болж хохирогч Б.Аийн чихэнд гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь, хүний чихний хэнгэрэг амархан цоордоггүй. Харин битүү цохилтын улмаас цоордог. Мөн бид эмч Б.Б нь хохирогч Б.Аийн нөхөртэй найзууд болохыг сүүлд мэдсэн. Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтад “энэ хуулийн 27.1-д заасан тангараг өргөсөн хүний их эмч нэрийн тэмдэг хэрэглэнэ” гэж заасан. Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” А/611 тушаалаар Хүний их эмчийн үзлэгийн маягтын загвар, мөн магадлагааны маягтын загварыг шинэчлэн баталсан ба тухайн албан баримт дээр хүний их эмчийн тамга, тэмдэг болон ерөнхий эмчийн тамга хамт дарагдсанаар хүчин төгөлдөр болохоор заасан. Гэтэл эмч Б.Б нь албан маягт бүхий баримтыг огт хэрэглээгүй, хүний их эмчийн тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэгт хамаарА бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Оийн үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэхдээ 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 391 дугаар шинжээчийн дүгнэлт, “Энх сонор” чих, хамар, хоолойн эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн үзлэгийн баримт, гэрч “Энх сонор” чих, хамар, хоолойн эмнэлгийн эмч н.ЭнхТгийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлэг, шинжээч эмч Д.А, гэрч н.Уламбаяр, н.Ж болон хохирогч Б.Аийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг зэрэг нотлох баримтуудыг үнэлж, хохирогч Б.Аийн чихний хэнгэрэгт цууралт гэмтэл үүссэн гэж дүгнэж, шийдвэрээ гаргасан. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй эмч Б.Бгийн дүгнэлтэд үндэслэж, эргэлзээтэй шинжээчийн дүгнэлт гаргасан” гэж тайлбарлаж байна. Эмч Б.Бгийн эмчлэх эрхийг хүчингүй болгосон акт байхгүй. Энэ талаар хуулиар зохицуулагдаагүй. Эмч Б.Б нь чих, хамар,хоолойн мэргэжлийн эмч болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Мөн “эмчилгээ хийлгэсэн баримт цахим бүртгэлт авагдаагүй. Хавтаст хэргийн 25 дугаар хуудсанд авагдсан чихний хэнгэргийн цооролтын зураг нь хохирогч Б.Аийнх мөн эсэх нь эргэлзээтэй” гэж тайлбарласан нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч “Энх сонор” чих, хамар, хоолойн эмч н.ЭнхТгийн өгсөн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Мөн шинжээч эмч Д.А “чихний үрэвсэл эмгэгээс шалтгаалан хуучин чихний архаг үрэвсэл тухайн гэмтлийг учруулахгүй” гэж мэдүүлсэн. Энэ талаар баримт 2 дугаар хавтас хэргийн 82-84 дүгээр хуудсанд авагдсан. Мөн дээрх 2 шинжээчийн дүгнэлт “механик үйлчлэлээр буюу цохих үйлчлэлийн улмаас үүснэ” гэж дүгнэлт гарсан. Мөн уг хэрэгт нэмэлт шинжээч томилоогүй. Харин дахин шинжээч томилж, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Хуульд заасны дагуу шинжээч эмч нар хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд нэмэлт баримт шаардлагатай бол мөрдөгч, прокурорт хүсэлт гаргаж, нэмэлт баримтыг гаргуулан авах эрхтэй байдаг. Гэвч шинжээч нарын зүгээс хэрэгт авагдсан баримтуудыг хангалттай гэж үзэн 391 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санА байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ц.О нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн ажлын байран дээр иргэн Б.Атэй “хадам аавдаа хүүхэн олж өгдөг хүүхэн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн өдөөн хоргоож, улмаар толгойн тус газар нь цохих, баруун талын чихнээс татаж зулгаах, цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, чихэнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Аийн “...2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Ажилчны 1-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК дээр ... орой 18 цагийн үед ажлаасаа гарах гээд байж байсан чинь хадам ээж Ц.О ирсэн. Би ... өөрийн ажлын өрөө рүү орох гэж байхад хадам ээж Ц.Отэй таарсан. Би өрөө рүүгээ түрүүлээд орсон чинь хадам ээж миний араас толгой хэсэг рүү хоёр удаа гараараа цохисон. Би Ц.От хандаж “битгий давраад байгаарай” гэж хэлээд өрөөнөөсөө түлхэж, цуг гараад өрөөгөө гаднаас нь түгжих гээд зогсож байхад ард зогсож байсан Ц.О миний баруун чих хэсэг рүү гараараа цохиж, чихнээс татсан. Миний баруун чих халуу дүүгээд шуугиад, нойтон оргиод байсан. Тэгээд дэлгүүрээс гардаг хаалга дээр ирээд зогсож байсан чинь хадам ээж Ц.О миний араас хүрч ирээд намайг хэл амаар доромжилж, толгой хэсэг рүү дахиж цохиод гараад явсан. Би уйлаад зогсож байсан чинь манай байгууллагад лангуу түрээсэлдэг Д хүрч ирээд юу болсон талаар асуухаар нь болсон хэргийн талаар хэлэхэд, тэр эгч миний чих рүү хараад “чиний баруун чихнээс чинь цус гарсан байна” гэж хэлсэн. Эмнэлэгт очиж үзүүлэхэд, миний “баруун чихний хэнгэргэн хальс хагарсан байна” гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллага дээр ирж шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол бичүүлж аваад шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. ... “Хадам аавдаа хүүхэн олж өгдөг хүүхэн” гэх зүйлээр шалтаглаж намайг зодсон. Би тийм зүйл хийгээгүй. ...2019 оны 10 дугаар сард байсан байх ажил дээрээ байхад Ц.О миний өрөөнд орж ирээд “Нийн явалддаг хүүхнийг хэл, хэлэхгүй бол чи Ц.Нтэй явалддаг гэсэн үг” гэж хэлээд миний нүүр рүү цохиж, хумсаараа маажиж байсан. Тухайн үед би цагдаагийн байгууллагад хандаагүй. ...Дүгнэлтээр гарсан гэмтлийг миний биед хадам ээж Ц.О гараараа толгой хэсэг рүү цохиж, чихнээс зулгааж учруулсан. ...Би эмчилгээ хийлгээгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. ...Ц.О нь хадам аав Ц.Нд хандаж “чи бэрээ ажлаас нь гарга, бэр чинь хүнтэй яваад байна, эсхүл чи бэртэйгээ яваад байгаа юм уу” гэж байнга хэлдэг учир хадам аав гэрээсээ зугтаад үе үе ажил, зуслан дээрээ хонодог. Хадам ээж хуурамч хаяг, хуурамч дугаараас “танилцах уу, үнэгүй өмгөөлнө, зочид буудалд уулзъя, хадам аав чинь баян хүн үү, нөхөр чинь хүүхдэдээ хэр ханддаг вэ” гэх мэт зүйлсийг бичдэг. Энэ хүн намайг хүүхэдтэйгээ хамт байлгах дургүй, намайг гуйлгачин шиг үздэг. ...Манай нөхөр Ц.О гэх хүний хүүхэд биш. ...Төрсөн хоёр хүүтэйгээ сайн харилцаатай. Харин Ц.Н, Н.Б, миний төрсөн хүү Б бид нарыг дээрэлхэж муухай харьцдаг. ...Миний биед учирсан гэмтлийг хадам эх Ц.О учруулсан. ...” /1хх 41-42, 45-46, 248-249/,

гэрч Б.Улам-Өсөхийн “...Би 2021 оны 9 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах “М” ХХК-ийн баруун хаалга дээр зогсож байсан чинь “М” ХХК-ийн захирал Ц.Нийн эхнэр Ц.О гаднаас хашхираад, хараагаад ороод ирсэн. Ц.О хараал хэлээд Б.Аийг хайгаад яваад байсан. Б.А өрөөний үүд хэсэгт зогсож байсан чинь Ц.О Б.Аийн нуруу хэсэг рүү нь гараараа цохиж, баруун чих рүү нь гараараа цохиж, чихнээс нь зулгааж харагдсан. Би Б.Аийн баруун чих хэсэг рүү нь харсан чинь чихнээс нь цус гарсан. Б.А уйлсан байдА байсан. ...Б.Аийн эрүүл мэндэд Ц.О халдсан. Түүнийг бүлэглэж зодсон зүйл байхгүй. ...Өмнө зодож байсан эсэхийг мэдэхгүй ч 9 дүгээр сарын 28-ны өдөр зодсон. Ц.О Б.Аийг хэл амаар байнга доромжилдог. ...” /1хх 31-32/,

гэрч П.Дий “...2021 оны 9 дүгээр сарын 28-ны орой 18 цаг өнгөрч байхад лангуугаа хаагаад байж байхад заалны гэрэл унтарсан. Би гарах хаалга руу ганцаараа алхаад явж байсан чинь Б.А уйлсан байдА зогсож байсан. Юу болсон талаар асуухад “миний баруун чих өвдөөд байна” гэж хэлсэн. Би харанхуйд түүний баруун, зүүн чихийг гараараа барьж үзсэн чинь баруун чих нь хавдсан байдА байсан. Юу болсон талаар Б.Аээс асуухад “манай хадам аав Нийн эхнэр хүрч ирээд миний баруун чих рүү гараараа цохисон, зулгаасан, одоо өвдөөд байна, би гарахаас айгаад байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Ат хань болоод хамт дэлгүүрээс гарч өөрийн машиндаа суусан. Б.А өөрийн машинд суугаад явсан. ...” /1хх 34/,

гэрч Ч.Жы “...Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-д харуулын ажил хийдэг. 2021 оны 9 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн үед зохион байгуулагч Б.Аийн хамт дэлгүүрээ хааж байсан чинь Ц.Нийн эхнэр Ц.О “Б.А хаана байна, дууд” гэж хэлсэн. Би дэлгүүрийн баруун талын хаалгаар ороод чигээрээ явж байсан чинь Ц.О Б.Аийг хэл амаар доромжилж байсан. Би Ц.От хандаж “боль, хүмүүс хараад байна” гэж хэлэхэд “дуугай бай, би мэдэж байна” гэж хэлсэн. Би өнгөрч яваад буцаад ирэхэд Ц.О Б.Аийн өрөөний үүд хэсэгт түүнтэй хэрүүл хийж байгаад Б.Аийн баруун чих рүү гараараа цохиод чихнээс нь зулгаасан. Б.А Ц.Оийг өөрөөсөө холдуулаад түлхсэн. Тэгээд би үүд хэсэгт очоод байж байсан чинь Б.А, П.Д нар хамт гараад явсан. ...Б.Аийн биед Ц.Оээс өөр хүн халдаагүй. Бүх хүн гараад би дэлгүүрийн хаалга түгжээд байж байтал Ц.О над дээр ирээд надад хандаж “битгий давраад байгаарай” гэж хэлээд явсан. ...” /1хх 36-37/,

гэрч Н.Бын “...2009 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр АНУ-аас ирэхэд төрсөн эцэг Ц.Н нь Ц.О гэх эмэгтэйтэй хамт амьдардаг болсон байсан. Би өөрийн төрсөн эцэг Ц.Н, хойд эх Ц.О нартай хамт амьдрах болсон бөгөөд хамт амьдрах хугацаанд ямар нэгэн зүй бус зан авир гаргадаггүй байсан. 2010 онд Б.А гэх эмэгтэйтэй танилцаж, 2011 онд тусдаа гарч хамт амьдрах болсон үеэс эхлэн хойд эх Ц.О нь Б.А рүү янз бүрийн чат бичиж дарамтлах болсон. Мөн Ц.О нь өөрийн таньдаг найз, нөхөд, хамаатан, садандаа манай эхнэрийг муулаад явдаг байсан бөгөөд би тэвчээд дуугай явдаг. Хойд эх Ц.О нь Б.Аийг байнга гүтгэж дарамталж, нэр хүндийг нь унагаадаг. Миний төрсөн хүүхдийг “мэдрэл муутай, согогтой хүүхэд” гэж доромжилдог. Энэ байдал нь одоог хүртэл хэвээр байгаа. ...”Ажил тарах гэж байх үед Ц.О хүрч ирээд намайг хэл амаар доромжлоод, ... чихний ээмэгнээс зулгаагаад, гараараа миний чих рүү алгадсан. “Би эмнэлэгт чихээ үзүүлсэн чинь хэнгэрэг хагарсан байна гэж байна” гэж эхнэр Б А хэлсэн. ...Ц.О хэрүүл маргаан хийгээд хүн гүтгээд байх нь маш хэцүү байдалд оруулдаг. Энэ байдлаас болж Б.А бид хоёр хэсэг тусдаа амьдарч байгаад одоо хамт амьдарч байгаа. ...” /2хх 1-2/,

гэрч Н.ЭнхТгийн “...Баруун чихний хэнгэрэг бүтэн сорвижиж эдгэсэн шархтай гэсэн оношоор надад үзүүлсэн. ...” /2хх 81/,

Шинжээч эмч Д.Агийн “...Гэмтлийн гарА цооролт нь нийлсэн болон салсан, босоо буюу тууш харагдана. Цууралт нь хэрэв нянгаар бохирлогдоогүй үед цэвэр сорвижилт эдгэдэг. Сорвижилт харагдана. Энэ сорвижилтоор тус гэмтлийг үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. ...Шинэ гэмтэл гэдэг нь тухайн цаг үед хэнгэрэг хальс хүчтэй цохилтын улмаас босоо буюу ташуу цуурсан харагдахыг хэлнэ. Дүгнэлт дээр гарсан шинэ гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэнийг анхны эмчийн дүгнэлт нотолж байна. ...Цооролт гэдэг нь өвчний, нянгаар өвчилсөн өвчний үед, цууралт гэдэг нь механик гэмтлийн үед /цохих, алгадах/ үүсдэг. ...Хэрэв нянгаар халдварлаагүй тохиолдолд шинэ гэмтэл нь 14 хоног дотор сорви нь шинэхэн харагдана. Нэг сараас дээш хугацаанд сорви нь хуучин сорви болж харагдана. Б.Аийн баруун чихний хэнгэрэг хальсанд үүсээд сорвижилт байгаа нь “Энх сонор” эмнэлгийн эмчийн үзлэгээр тогтоогдож байна. ...Энэ үед цохиулсан талын чих шуугьж, сонсгол буурна, толгой таллаж өвдөнө. ...Чихний үрэвсэл, эмгэгшлээс шалтгаалан хуучин чихний архаг үрэвсэл энэ гэмтлийг учруулахгүй. ...” /2хх 82-84/ гэсэн мэдүүлгүүд,

шүүгдэгч Ц.Оийн фейсбүүк чатаар харилцсан мессежний хуулбар /1хх 6-16/ хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 21-22/, хохирогч Б.Аийн “Энхсонор” чих, хамар, хоолойн эмнэлэгт үзүүлсэн баримтууд /2хх 23-25, 87/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “..Хохирогч Б.Аийн баруун талын чихний хэнгэргэн хальсанд цууралт гэмтэл үүссэн бөгөөд цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хохирогч Б.Аийн баруун чихний хэнгэргэн хальсны цууралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирогч Б.Аийн баруун чихний хэнгэргэн хальсны цууралт нь нэг удаагийн үйлчлэлээр буюу чих рүү хүчтэй, хийтэй цохих, алгадах үед үүсэх боломжтой. Хэнгэргэн хальсанд үүссэн гэмтлийн дараа хэрэв нянгийн халдвар үүсээгүй нөхцөлд шинэ цууралт нь 14 хоногийн дотор шинэхэн харагдана. Хохирогч Б.Ат хуучин чихний үрэвсэл байсан талаар чих, хамар, хоолойн эмчийн үзэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй болно. ...” гэсэн 391 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 31-35/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүгдэгч Ц.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Оийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ж.Батзоригт нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Оийг цагаатгуулах” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь,

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Б.А /1хх 41-42, 45-46, 248-249/, гэрч Б.Улам-Өсөх /1хх 31-32/, П.Д /1хх 34/, Ч.Ж /1хх 36-37/, Н.ЭнхТ /2хх 81/, Д.А /2хх 82-84/ нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, 391 дугаар шинжээчийн дүгнэлт /2хх 31-35/ болон 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18 цагийн үед шүүгдэгч Ц.Оийн үйлдлийн улмаас хохирогч Б.Аийг биед учирсан баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, чихэнд зулгаралт бүхий гэмтэл нь түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөрөөр хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хохирогч Б.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нар “хохирогч Б.Аийн хэнгэрэг хальсанд цооролт, цууралт алин болох нь тодорхойгүй” гэх боловч шүүх шинжилгээний шинжээч эмч нарын дүгнэлт, тайлбараар хохирогч Б.Аийн баруун чихний хэнгэрэгт цооролт үүссэн ба уг цооролт нь цууралт хэлбэртэй байна. Цууралт хэлбэрээр үүссэн байдал нь механик хүч үйлчилснээс үүссэн гэмтэл болох талаар тодорхой тайлбарласан байна.

Харин хохирогч Б.Ат үзлэг хийсэн гэх эмч Б.Бгийн Эрүүл мэндийн үзлэг хийх журам зөрчсөн, чих, хамар, хоолойн эмнэлгийн үйлчилгээ, үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан, мөн дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлт эргэлзээ бүхий нөхцөл байдал байгаа гэж үзвэл холбогдох эрх бүхий байгууллагад гомдол гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байх тул шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч нарын “шинжээчийн дүгнэлт болон эмчийн үзлэг хууль зөрчсөн” талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О болон түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ж.Батзоригт нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/250 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О болон түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Ж.Батзоригт нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ