Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 208/МА2020/00053

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 150/2020/00106/И

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

Оролцогчид

Нэхэмжлэгч Б.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.*******

Хариуцагч Ч.*******

Хариуцагчийн өмгөөлөгч Р.*******

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.******* нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 136 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор Б.*******гийн нэхэмжлэлтэй Ч.*******т холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, орон сууцаа өөрийн өмчлөлд шилжүүлэн авах тухай иргэний хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.******* нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Би Ч.*******тай 2006 онд гэр бүл болсон. Бид хоёр 2007 онд гэрлэлтээ батлуулсан. 2008 онд охин маань төрсөн. 2010 онд хүүтэй болсон. Ч.******* энэ хугацаанд архи уусан. Намайг их зодож, гэмтээдэг байсан. ...Би 14 жилийн хугацаанд Ч.*******т маш их зодуулсан. Би хоёр хүүхдээ тэврээд өвөл, зунгүй хөөгдөж байсан. Сүүлдээ эгч нь намайг чи юутай ирсэн юм гээд гуйлгачин, түүлгэчнээр нь дууддаг болсон. Ч.******* өөрийн бурууг ерөөсөө ухамсарлаагүй. Би архи уухгүй. Би өөрчлөгдөнө гэж зөндөө хэлж байсан. Би Ч.*******ыг өөрчлөгдчих юм болов уу гэж бодож байсан. Гэвч энэ хүн огт өөрчлөгдөөгүй. Би хоёр хүүхдээ өөр дээрээ авна. Өөрөө өсгөнө. Ч.******* хүүхдүүдийн эцэг нь тиймээс хуулийнхаа дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Орон сууцны хувьд 2012 онд Ч.*******ын нэр дээр 1 өрөө байр байсан. Тэр байрыг зарсан. 30 хувийг нь хийсэн. 8%-ийн зээлээр авч байсан. Гэхдээ энэ орон сууц нь миний нэр дээр байдаг. Би өөрөө зээлээ төлөөд явдаг. Одоо 8 дахь жилдээ зээлээ төлж байна. Би байраа өөрийн өмчлөл дээр авна гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. ...Ч.*******тай эвлэрэхийг зөвшөөрөхгүй байна. Ч.******* боловсролын хувьд надаас дээр, ухамсрын хувьд доор хүн. ...Эвлэрэх боломжгүй, хүүхдээ өөр дээрээ авна гэжээ.

 Хариуцагч Ч.******* анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлд хариу тайлбар бичсэн. Манай байгууллага 2 ээлжээр, 8-16, 16-24 цагаар ажлын 5 өдрөөр ажилладаг. Миний хувьд Б.*******гийн хэлсэн шиг архи ихээр хэрэглээд байх боломж хомс байдаг. Учир нь би тодорхой хэмжээгээр хүмүүсийг удирдаж ажилладаг. Зааварчилгаа өгдөг. ...Би энэ сайхан босгосон амьдарлаа нураамааргүй байна. Миний хоёр хүүхдэдээ ямар их хайртайг, хоёр хүүхэд минь надад ямар их хайртайг миний найз нөхөд, хамт олон болон Хөтөлийн хүмүүс бүгд мэднэ. Би хоёр хүүхдээ өнчрүүлмээргүй байна. Би хоёр хүүхдийнхээ төлөө л өдийг хүрсэн. Би хүүхдээ өврөөсөө салгаж үзээгүй. Би амьдарлаа дээшлүүлэх гэж Солонгост хүртэл очиж ажиллаж байсан. Би хардалт гэдэг балаа юмнаас болж Б.*******г нэлээн гомдоосон. Б.*******г алдчихгүй юм сан гэсэн бодолтой байсан. Үүнийгээ буруугаар илэрхийлдэг байсан юм байна гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 136 дугаартай шийдвэрээр:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4, 14.5-д зааснаар 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 0112063 дугаартай нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ч.******* нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.*******, 2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.******* нарыг эх Б.*******гийн асрамжид үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 10 настай хүү Б.Маргад-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү Б.*******, охин Б.******* нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 настай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.*******аар тэтгүүлсүгэй.

3. Нэхэмжлэлийн шаардлагаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн 26 дугаар байрны 2-33 тоот 48 м2 орон сууцны өөрийн өмчлөлд шилжүүлэн авах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.*******д мэдэгдсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар гэрлэлт шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд, тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Иргэний бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 2-т зааснаар хариуцагч Ч.******* нь хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагад оногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжпэгч Б.*******д олгож, хүүхдийн тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 86.129 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 Хариуцагч Ч.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...шийдвэрийг хариуцагч Ч.******* би хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган бидний гэрлэлтийг цуцалж хүүхдүүдийг минь ээжийнх нь асрамжид үлдээж, дундын өмчлөлийн орон сууцыг эхнэрийн өмч гэж үзэж шийдвэрлэхгүйгээр эхнэрт үлдээж шийдвэрлэснийг дор дурьдсан шалтгааны улмаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж буйг хүлээн авна уу.

Миний хувьд хоёр хүүхдийнхээ цаашдын хувь заяа амьдралыг бодоод гэр бүлээ бүтэн байлгаж сайн сайхан амьдрах чин хүсэлттэй байгаа учир гэрлэлтээ цуцлуулахгүй, өөрийн алдаа дутагдалдаа дүгнэлт хийж сайн сайхан амьдарна гэж бодож, үүнийгээ шүүхэд илэрхийлж байхад бидний гэрлэлтийг шууд цуцалсанд маш их гомдолтой байна. Шүүх яагаад миний тайлбарт болон хүүхдүүдийн маань хувь заяаг бодохгүй, нэг гэр бүл ч болсон элэг бүтэн амьдарч, хүүхдүүд нь амьдын хагацал үзэхгүй байг гэж бодож бидэнд хуулинд зааснаар эвлэрэх хугацаа олгохгүй байгаад ч бас гомдолтой байна. Эхнэр бид хоёрын дунд таарамжгүй харьцаа байсан үнэн, энэ байдал бид хоёрын хэн хэнд ч хамааралтай, бид нэг нэгнийхээ алдаа дутагдлыг хоорондоо ярилцаж, хүндрэлтэй асуудлаа ний нуугүй ярьж нэгнийгээ ойлгож, уучилж чадаагүй учраас л ийм байдалд хүрсэн. Миний хувьд өөрийнхөө зан харьцааны алдаа дутагдал, муу зангаа ойлгож, үүндээ маш их гэмшиж, энэ байдлаа засах гэж маш их хичээж байгаа. Үүнийгээ шүүхэд тодорхой мэдүүлсэн. Би гаргасан алдаа дутагдлаа засаж чадна гэдгээ ч илэрхийлсэн.

Би гэрлэлтээ цуцлуулахгүй гэсэн байр суурьтай байсан болохоор хүүхдүүдийнхээ асрамжийн асуудал болон дундын өмчлөлийн орон сууцны өмчлөлийн талаар тайлбар мэдүүлэг гаргаагүй, нотлох баримт ч бүрдүүлээгүй юм.

Гэтэл шүүх насанд хүрээгүй хүүхдүүдээс минь санал авахдаа дандаа аав чинь ямар зан ааш гаргадаг вэ гэж асуусан байсан. Ээжийнх нь зан ааш, архи уудаг эсэх талаар нэг удаа асуугаагүй байсан учир шүүгчийг нэг талыг барьж маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Би өөрийгөө ямар ч буруугүй гэж хэлэхгүй миний буруу их байгааг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ бас эхнэр маань ч архи уудаг ууж идчихээд хонон өнжин явж үүрээр гэртээ ирдэг гээд түүнд ч бас дутагдал байгаа. Би энэ бүхнийг уучилж, гэрлэлтээ цуцлахгүй цаашдаа амьдарна гэсэн байр суурьтай байсан учир үүнийг нотлох талаар ямарч алхам хийгээгүй болно.

...Мөн намайг өөрийн хувиарт өмч болох 1 өрөө байраа зараад 8% ипотекийн зээлд хамрагдаж бид байраа томсгосон гэдгийг нэхэмжлэгч ч хариуцагч бид мэдүүлсээр байхад, уг байр нь биднийг гэрлэснээс хойш буй болсон өмч хөрөнгө гэдэг нь тодорхой байхад уг байрыг дан ганц *******гийн өмч гэж үзэж, шүүхээр шийдвэрлэх шаардлагагүй гэж байгаа нь ойлгомжгүй, хууль бус шийдвэр гэж үзэж байна. Би байрны зээлийн хамтран зээлдэгчээр банктай гэрээ байгуулсан хэрвээ ******* зээлээ төлөхгүй бол хамтран зээлдэгч би төлнө. Тэгээд ч байрны зээлийн урьдчилгаа 30 хувийг би өөрийн хувиарт өмч болох биднийг гэрлэхээс өмнө байсан байраа зарж бүрдүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар тодорхой нотлогдож байгааг болон ******* цалингаасаа зээлээ төлж би бусад зардлаа хариуцаж байгааг шүүх дүгнэж үзээгүйд ч гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, бидэнд эвлэрэх хугацаа олгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэсдлэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Нэхэмжлэгч нь шүүхэд хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй байхад шүүх хүүхдийн асрамжийг сайн дураар тогтоосон, гэр бүлийг цуцлахдаа хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргаагүй зөвхөн нэхэмжлэгчийн үгээр л хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хариуцагч зөвхөн гэр бүлээ л авч үлдэхийн тулд хүүхдийн асрамж болон дундын өмчлөлийн хөрөнгийн талаар тайлбар гаргаагүй байдаг. Гэтэл шүүх энэ байдлыг огт харгалзахгүйгээр хэргийн үйл баримтад дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Түүнчлэн нэхэмжлэгчийг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэж байгаа боловч энэ талаар холбогдох байгууллагаар аюулын эрсдлийн үнэлгээ болон нөхцөл байдлын үнэлгээг тогтоолгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хүнтэй 14 жил амьдрахдаа болох байх, бүтэх байх гэж хоёр хүүхдээ бодож өдийг хүрсэн. Дахин хамт амьдрах боломжгүй би айж байна. Өдөр бүр амь нас маань эрсдэлд байгаа. Ажлын 5 өдөр ажилдаа явдаг боловч амралтын өдрөөр үргэлж архи ууж элдэв ааш гаргаж, намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжилдог. Сүүлд бүр эгчтэйгээ ирж зодсон. Энэ хүний гаргаж байгаа зан авир миний эрх чөлөөнд байнга халддаг байдлаас болж хүүхдүүд маань хүртэл айдас дунд амьдардаг болсон. Би энэ хүнтэй хамт дахин амьдарч чадахгүй айж байна. Эвлэрэх боломж байхгүй, ийм араншинтай хүнд хүүхдүүдээ өгөхгүй. Орон сууцны хувьд миний нэр дээр байдаг би зээлээр авч өнөөдрийг хүртэл байрны мөнгөө төлөөд явж байгаа. Энэ хүн цалингаа зөвхөн өөртөө л зарцуулдаг. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч гэр бүл цуцлуулах болсон шалтгаан нөхцөл байдлаа тодорхой дурьдсан. Нэхэмжлэгч нь бие мах бодийн болон сэтгэл зүйн байнгын хүчирхийлэлд үргэлж айдас түгшүүртэй байдаг талаараа шүүхэд тодорхой хэлсэн байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл нь далд үйлдэгддэг гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй байхаа. Хариуцагч архи уухаа багасгасан эвлэрэх боломжтой гэж байгаа боловч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөггүй. Нэхэмжлэгчийн шаардлагын хувьд анхан шатны шүүх хуралдаанд тодорхой яригдсан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Ч.*******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө болох 2 өрөө орон сууцаа Б.*******гийн өмчлөлд шилжүүлэн авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 Хариуцагч Ч.******* болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, гэрлэгчдэд эвлэрүүлэх хугацаа олгохгүйгээр гэрлэлтийг цуцалж хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн гэж тайлбарлажээ.

Хэргийг судлан үзвэл: Гэрлэгчид нь 2007 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр охин Б.*******, 2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүү Б.******* нарыг төрүүлжээ.

Нөхөр Ч.*******ын архи хэтрүүлэн хэрэглэж, эхнэрээ бусадтай хардан зүй бусаар харьцдаг байдлаас болж гэрлэгчдийн хооронд таарамжгүй харьцаа үүссэн нь улмаар даамжирч гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй болсон байх ба үүнээс үүдэн нэхэмжлэгч Б.******* гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гэрлэгчдийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчтай эвлэрэх боломжгүй тухайгаа удаа дараа шүүхэд тайлбарласан байх ба анхан шатны шүүхээс гэрлэгчдийг цаашид хамтран амьдрах боломжгүй гэж дүгнэн гэрлэгчдэд эвлэрэх хугацаа олгохгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар хариуцагчийн архи хэтрүүлэн хэрэглэж, эхнэртээ бие мах бодийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл үйлддэг, энэхүү байдал нь хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалсан нь хууль зөрчөөгүй байна.

Хариуцагч нь ...гэр бүлээ аварч, хамтын амьдралаа үргэлжлүүлэн хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх үүднээс архи уухаа тодорхой хэмжээгээр багасгасан, гэм буруугаа ойлгож байгаа тул биднийг эвлэрэх боломжоор хангаж өгнө үү... гэж шүүхэд удаа дараа тайлбар гаргаж байгаа боловч өнөөдрийг хүртэл гэр бүлийн хүрээнд энэ байдлаа бодитоор илэрхийлээгүй өөрөөр хэлбэл эхнэр, хүүхдээсээ уучлалт гуйх, архи уухгүй байх, гэр бүлээ халамжлах зэрэг байдлаар хариуцагч Ч.******* нь ямар нэгэн үйлдэл хийгээгүй байх ба нэхэмжлэгч нь ...хариуцагч цахимаар элдэв үгээр доромжилж сэтгэл зүйн дарамт учруулж байгаа тул эвлэрэх хүсэлгүй... гэдгээ илэрхийлж байгаа тул гэрлэгчид эвлэрэх боломжгүй байна гэж үзлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж нэхэмжлэгчийн гаргаагүй буюу хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж тайлбарладаг боловч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж тодорхойлсон байх ба хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага нь өөрөө хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлүүлэх агуулга бүхий шаардлага тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн орон сууцыг өөрийн өмчлөлд авах тухай шаардлагын хувьд шүүх тухайн орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд нэхэмжлэгч Б.******* бүртгэгдсэн тухай дурьдаж улмаар хөрөнгийн өмчлөгч тогтоолгох тухай шаардлагыг нь хэрэгсэхгүй болгожээ.

Ийнхүү нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь гэрлэгчдийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваасан, нэхэмжлэгчид хөрөнгийг дангаар нь өмчлүүлсэн асуудал биш бөгөөд шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлээгүй гэж ойлгож болно.

Иймд Иргэний хуулийн 129, 130 дугаар зүйлд зааснаар зохигчдын хэн аль нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг тодорхойлуулах, эд хөрөнгийг хуваах эсэх асуудлаа шүүхэд нэхэмжлэл гарган жич шийдвэрлүүлэх боломжтой.

Хариуцагч нь хүүхдийн асрамж болон тэтгэлэг төлүүлэх тухай нэхэмжлэгчийн шаардлагад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн тайлбар гаргаагүй, гэрлэгчид хүүхдээ хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх талаар тохиролцоогүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүүхдүүдийн санал болон хүүхдийн ахуй нөхцөл зэрэг байдлыг харгалзан эх Б.*******гийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Харин хариуцагч нь хүүхдийн асрамж өөрчлүүлж өөрийн асрамжид авах тухай хүсэлтээ шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгаа болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 05 сарын 29-ний өдрийн 136 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Зохигчид нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг тодорхойлуулах, эд хөрөнгийг хуваах эсэх болон хүүхдийн асрамж өөрчлөх тухай асуудлаа шүүхэд нэхэмжлэл гарган жич шийдвэрлүүлж болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 141.300 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Г.ДАВААРЕНЧИН