Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2024/04226

 

 

 

 

2024 оны 10 сарын 23 өдөр

 

 

 

 

  Дугаар 183/ШШ2024/04226

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Вига сити хотхон 0 дүгээр байр, 0 тоотод байрлах, Э  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Дунд гол 0-0 тоотод байрлах, Э ХХК /РД:0000000/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Стадион оргил, 48а байрны 0тоотод оршин суух, Б  овогтой О-ийн Б /РД:000003/ нарт холбогдох

 

Худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлбөр 692.124.885 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн орчуулагч Г.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, Э.Д, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч О.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б Б.А, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь М ХХК-тай 2018 оны 01 сарын 22-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч болох М ХХК-ийн зүгээс нийт 100.000 тн нүүрсийг 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нийлүүлэх, худалдан авагч болох манай компанийн зүгээс 1 тн нүүрсийг 530 юаниар тооцон 1 удаагийн тээвэрлэлтээс хамааран 1,000 тн  орчим нүүрсийг 530 юанаар харилцан тохиролцсон бөгөөд худалдагч М  ХХК-ийн зүгээс энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ 2020 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд дахин нүүрс нийлүүлэх асуудлаар мөн хугацаанаас эхлэн үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцсон. Гэтэл манай компанийн зүгээс нүүрсний үнийг тухай бүр М ХХК-нд шилжүүлж байсан боловч М  ХХК-ийн зүгээс гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу нүүрс нийлүүлсээр ирсэн. 2 компанийн зүгээс 2019 оны 12 сарын 01-ний өдөр тооцоо нийлж үзэхэд тус компани нь манай компанид 2019 оны 11 сарын 21-ний өдрийн байдлаар нийт 1.055.175 юанийг илүү төлсөн болох нь тогтоогдсон. Ийнхүү худалдагч М ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанид учирсан хохирол буюу банкинд төлж барагдуулах ёстой 19 сарын зээлийн хүүнд 400.000 юанийг М  ХХК харилцан тохиролцсон. М ХХК-ийн зүгээс дээр дурдсанаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж М ХХК-иас авах ёстой нүүрсээ Хятад улсад борлуулж чадаагүй банкинд их хэмжээгээр зээлийн хүүг үндэслэлгүй төлсөн тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар буюу ийнхүү шүүхэд хандаж байна. М ХХК-ийн эцсийн өмчлөгч, хууль ёсны төлөөлөгч О.Б нь компанийн нэрийг өөрчилж Э ХХК болгосон байх тул Могойн гол эм жи ХХК-ийн үүрэг, хариуцлага Э ХХК-нд шилжсэн байна. Мөн Э ХХК болон тус компанийн гүйцэтгэх захирал О.Б  нар нь гэрээний зөрчлөөс бий болсон үүрэг, хариуцлагыг хамтран хүлээх ёстой гэж үзэж байгаа ттул гэрээний зөрчлөөс бий болсон үүрэг  хариуцлагыг хамтран хүлээх ёстой гэж үзэж байгаа тул Э  ХХК, О.Б  нараас нийт нүүрсний үнэд төлсөн 1.055.175 юань болон хохирол 40.000 юань нийт 1.455.175 юань буюу 692.124.885 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:   Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр уулзаж 1 тоонн нүүрсийг 530 юанаар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн үедээ төлбөрүүд тухай бүртээ орж ирж байсан. Нийт 3.300.090  юань  М  ХХК-ийн данс руу 7 удаагийн гүйлгээгээр орж ирсэн. Гаалийн мэдүүлэг болон грээний дагуу яваад 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 107 вагон буюу 7.076 тоонн нүүрсийг Ц ХХК руу нийлүүлсэн. Үүнийг мөнгөн дүнгээр бодохоор 3.750.042 юань болж байгаа. 2018 оны 08 дугаар сард уулзсан. Тухайн үед Ц ХХК нь Хятад улсад доллар үнэтэй болвол доллароор, юань үнэтэй болохоор юанаар гэрээ хийнэ гэсэн санал тавьсан. Хамгийн гол асуудал нь гэрээ байгуулах явцад гэрээнд 530 юань гэж байгаа боловч ELCH-201801 дугаартай гэрээг гааль дээр бүртгэж байгаа. 100 тоонноор хийнэ гээд сар бүр хэд ачигдахаас хамаарч гаалийн дүгнэлтээ авч явдаг. Дахин гэрээ хийхээр бол гэрээний дагуу бүрдүүлэлтийг хийж явдаг. Гаалийн мэдүүлэгт ELCH-201801 дугаар гэрээ байгаа. Тухайн үед гэрээ солигдох үндэслэлтэй байсан. Гаалийн төлбөр болон вагоны төлбөрийг бүгдийг 530 юаньд багтаж байгаа. Вагонд хэд ачигдсанаас хамаарч бүх төлбөрүүд тооцогдоод явчихдаг. 530 юанаас вагон, гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар гээд бүх төлбөрийг төлдөг. Ц ХХК нь 1 тоонн нүүрсийг 420 юанаар тооцож нэхэмжлэл гаргасан байна. 90 юань тээврийн зардал бидэнд хамаагүй 530 юанаар би тооцно. 2019 оны 01 дүгээр сард бид цаашид хамтарч ажиллах юм чинь гэрээнд өөрчлөлт оруулъя, бид нар бас цааш нь хамтарч байгаа хүмүүстээ үзүүлье, энэ гэрээнд гарын үсэг зураад тамга дараад өгөөч гэж тухайн үед н.Н ярьж байсан. Бид  нүүрсний гэрээ хийсэн болохоор цаашид удаан хугацаанд хамтарч ажиллана гээд тооцоо нийлсэн актад би гарын үсэг зурсан. Тухайн үед 107 вагон нүүрсээ Эрдэнэтийн гааль болон Улаанбаатар төмөр замаас татаж авчраагүй байсан болохоор энэ нь дээр нарийн тоог гаргаж чадаагүй байсан. BTDN ХХК болон анх н.Н, Ц ХХК-тай 2017 оны 11 дүгээр сард уулзаж гэрээ байгуулсан байдаг. 422.400 юанийн нүүрс нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэв

 

3. Нэхэмжлэгчээс талаас: 2023.09.06-ны өдрийн итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Аж ахуйн нэгжийн гэрчилгээ, 2023.09.06-ны өдрийн №01 итгэмжлэл, БНХАУ-ын иргэний үнэмлэх, Коксжих нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 2019.12.01-ний өдрийн Цайхун инли экспорт импорт худалдааны компанийн төлбөр барагдуулах тухай, тооцоо нийлсэн акт, 2023.09.05-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.05.18-ны өдрийн дансны хуулга, 2018.08.25-ны өдрийн О.Батцэнгэлийн гар бичмэл, 2018.01.22-ны өдрийн мөнгө хүлээж авсан баримт, 2018 оны Э Л ХХК гаалын төлбөр хийсэн баримт, Коронавирус цар тахлын үед хилийн боомтуудыг түр хаасан болон нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарласан талаарх мэдээлэл, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: 2024.03.18-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,117 хуудас орлох падаан, 2018.03.02-ны өдрийн дансны хуулга, 2018.03.01-ний өдрийн дансны хуулга, 2018.02.26-ны өдрийн дансны хуулга, 2018.02.23-ны өдрийн дансны хуулга, 2018.02.02-ны өдрийн дансны хуулга,2018.05.04-ний өдрийн дансны хуулга, 2019.09.07-ны өдрийн дансны хуулга зэрэг баримтыг өгсөн.

Шүүх: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас баримт гаргуулсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн утасны мессежинд үзлэг хийсэн. БНХАУ-ын иргэн Туояагаас /Өвөрмонгол/ гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э экспорт, импорт трейд ХХК, М ХХК нарын хооронд 2018 оны 01 сарын 22-ны өдөр коксжих нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр Э экспорт, импорт трейд ХХК нь хариуцагч М ХХК-иас 100.000 тонн нүүрс худалдан авах ба 1 тонн нүүрсний үнийг 530 юань, нүүрсийг Орхон аймаг Баян-Өндөр сумын нутагт нүүрс буулгаж, ачих төмөр замтай талбайгаас вагонд ачиж, Эрээн хот хүргэн нөхцөлтэйгээр, уг үнэнд нүүрсний үнэ, уурхайгаас талбай хүрэх тээврийн зардал болон бусад жижиг зардал, талбай  дээр буулгах, овоолох, хадгалах зардлууд, вагонд ачих, пүүлүүлэх, гаалийн мэдүүлэг хийх зардал багтсан хэмээн тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч нь 100.000 тонн нүүрснээс 6487 тонн нүүрсийг нийлүүлж, нийлүүлээгүй нүүрсний үнэ 1783 тн буюу 817.208 юань буюу 388.688.641,04 төгрөг, 2018 оны 9 сарын 3-нд нүүрсний үнэ 142.587 юань шилжүүлсэн, 2018 оны 9 сарын 7-нд 200.000 юаныг тус тус шилжүүлсэн боловч нүүрс нийлүүлээгүй, нийт хариуцагчаас нүүрсний үнэ 1.159.795 юань гаргуулах боловч хариуцагч нь нэхэмжлэгчийн төмөр замын тээврийн зардал 104.620 юанийг төлөөд үлдэгдэл 1.055.175 юань өр төлбөртэй талаараа тооцоо нийлсэн акт үйлдсэн гэжээ. 

Хариуцагч уг нэхэмжилж буй үнийн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд “2018 оны 1 сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан, нүүрсний үнэ 3.390.000 юанийг шилжүүлснээс нийт 7.076 тонн нүүрсийг нийлүүлсэн, 7.076 тонн нүүрсний үнэ гэрээний дагуу 3.750.280 юань болж байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй” хэмээн тайлбарлаж маргав. 

Хэргийн 21 дүгээр талд Э ХХК, М ХХК нар тооцоо нийлсэн акт үйлдэж, “2019 оны 11 сарын 21-ний байдлаар хоёр тал тооцоо тулгалт хийж, М ХХК нь Э ХХК-д 1.055.175 юаны өглөгтэй байна” гэжээ.

2019 оны 12 сарын 01-ний өдөр Цай хун ин ли экспорт, импорт худалдааны компанид “М  ХХК болон Э ХХК-тай байгуулсан 2018.01.22-ний өдрийн ELCH-201801 тоот коксжсон нүүрс худалдах худалдан авах гэрээнд заасан үүргийг худалдагч тал биелүүлээгүйгээс үүссэн үлдэгдэл төлбөр 1.055.175 юань бөгөөд худалдагч тал М ХХК уг төлбөрийг 2019 оны 12 сарын 31-нээс 3 хувааж төлж барагдуулна.

Монголоос коксжсон нүүрс экспортлохоор худалдан авагч тал Хятадын банкнаас зээл авсан бөгөөд өнөөдрийг хүртэл нүүрс нийлүүлээгүйгээс болж Хятадын банкинд төлж барагдуулах ёстой байсан зээлийг төлөөгүй. Иймд худалдан авагч талд учирсан хохирол болох нийт 19 сарын зээлийн хүүнд 400.000 юанийг Э ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно. Энэ хүүг үндсэн төлбөр дуссаны дараа 1 сарын хугацаанд бэлэн мөнгөөр төлж барагдуулна” гэжээ.

 

Хариуцагч нь шилжүүлсэн мөнгөнд тохирсон нүүрсийг шилжүүлсэн гэх боловч тэрээр 2019 оны 12 сард тооцоо нийлсэн акт үйлдсэн, төлбөр барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгч талд илэрхийлсэн зэргээс үзэхэд хариуцагч О.Б-йн тайлбар үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 1 сарын 22-ны өдөр байгуулсан гэрээнд 1 тонн нүүрсийг 530 юаниар тооцохдоо бид цаашаа худалдах үнээрээ тохирсон бөгөөд М ХХК, О.Б нартай 1 тонн нүүрсний үнийг 63 ам доллараар тооцсон гэснийг хариуцагч нь үгүйсгэж тайлбарлаж байх боловч энэ талаар баримтаар нотлогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл хариуцагчийн нийлүүлсэн 7.076 тонн нүүрсний үнэ 3.950.280 юань бол тэрээр тооцоо нийлсэн акт, төлбөр барагдуулах тухай баримтуудыг үйлдэхгүй, мөн 2023 оны 5 сарын 18-нд 30.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үндэслэлгүй юм.

 

Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч Лю Яаны вичат /wechat/-аас хариуцагчийн төлөөлөгч О.Б-ийн вичат руу “2023 оны 5 сарын 17, 2023 оны 5 сарын 30, 2023 оны 6 сарын 02, 2023 оны 6 сарын 14, 2023 оны 7 сарын 06, 2023 оны 7 сарын 27, 28, 2023 оны 11 сарын 14-ний өдрүүдийн яриа, 2020 оны мэссэж чатаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөртэй, нүүрс нийлүүлээгүй талаар баримтжуулсан бөгөөд эдгээр баримтыг үгүйсгэсэн, няцаасан баримтыг хариуцагч талаас ирүүлээгүй.

 

М ХХК 2023 оны 1 сарын 19-ний өдөр компанийн нэрээ Э ХХК болгон өөрчилсөн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд гүйцэтгэх захирал О.Б өөрчлөгдөөгүй байна.

 

Хариуцагч Б  ХХК-ийн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу 422.600 юанийг шилжүүлэн авч нүүрс нийлүүлсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн хэргийн 21 дүгээр талд авагдсан тооцоо нийлсэн актыг дүр үзүүлэн хийсэн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй болно.

 

Нэхэмжлэгч 400.000 юанийг хохирол учирсан тул түүний гаргуулна гэж шаардаж байх боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний улмаас Эрээн хотын Цай хун ин ли экспорт, импортын худалдаа ХХК-нд 400.000 юанийн хохирол учирсан гэх байдал баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч энэ талаар баримт шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хариуцагчийг 2023 оны 5 сарын 18-ны өдөр 30.000.000 төгрөг шилжүүлсэн талаар маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т зааснаар нэхэмжлэл гаргах үеийн ханш 1 юанийг 475,63 төгрөгөөр тооцов. /30.000.000=63.074 юань/

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Э ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 992.101 юань буюу 471.872.998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 220.251.887 төгрөг, О.Б-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1.055.175 юаниаас 2023.05.18-нд төлсөн 30.000.000 төгрөг буюу 63.074 юань хасаад 992.101 юань буюу 1 юань 475,63 төгрөгөөр тооцож, 471.872.998 төгрөг болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.618.574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас  2.517.315 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Э  ХХК-иас 992,101 юань буюу 471.872.998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э  ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 220.251.887 төгрөг болон хариуцагч О.Б  нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Эрээн хотын Ц  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.618.574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 2.517.315 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э  ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Г.СОЛОНГО