Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/04083

 

 

 

 

2024 оны 10 сарын 09 өдөр

 

 

 

 

  Дугаар 183/ШШ2024/04083

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Үйлдвэр/17040/, чингисийн өргөн чөлөө 37/1 тоотод байрлах, Ж  ХХК /РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 7 хэсэг, стадион оргил 48а байр, 0 тоотод оршин суух, Н-йн Б /РД:00000000000000/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, 0 хэсэг, Номун виллаж 0 байр, 0 тоотод оршин суух, Г-ын М  /РД:00000000000/,

Хариуцагч :Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 12 дугаар хороолол, роял кэстл, 0 байр, 0 тоотод оршин суух, Ч-гийн Г /РД:000000000/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1.159.326.933,33 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б П.Э, хариуцагч Ч.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагч Н.Б, Г.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, хариуцагч нарын өмгөөлөгч М.Х, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж  ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Н.Б, Г.М нар нь манай байгууллагаас бизнесийн эргэлтийн хөрөнгийн зорилгоор 800.000.000 төгрөгийн зээл олгохыг хүссэн. Зээлдэгчийн хүсэлт холбогдох баримтыг үндэслэж 2021 оны 06 сарын 08-ны өдрөөс 2 сарын хугацаатай сарын 2,5 хувийн хүүтэйгээр 800.000.000 төгрөгийг №ЗГ0000000000000 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар №ЗБ0000000000000 дугаартай барьцааны гэрээ, №ЗБ000000000 дугаартай батлан даалтын гэрээг байгуулан Г.М-ын эзэмшлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороонд байрлах, 9998 м.кв талбайтай, Э-0000 улсын бүртгэлийн дугаартай, 00000 нэгж талбарын дугаартай, контор агуулахын зориулалттай газрыг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн №ЗГ00000 дугаартай зээлийн гэрээний 01 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн хамт 2021 оны 06 сарын 08-ны өдрөөс 2021 оны 08 сарын 08-ны өдрийн дотор  дуусгах үүрэгтэй байсан. Гэвч зээлдэгч нар нь хугацаандаа зээлээ төлж барагдуулаагүй бөгөөд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээл, үнсэн хүү, болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 298.833.400 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. 2024 оны 01 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 800.000.000 төгрөг, үндсэн  хүүнд 359.233.266,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 66.666,67 төгрөг буюу нийт 1.159.299.933,33 төгрөгийг төлөхөөр тооцоотой байна. Зээлдэгч нарт зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул манай байгууллагын зүгээс зээлийн эргэн төлөлтийг төлж, зээлийн графикт орохыг удаа дараа сануулж, тодорхой хугацаанд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ зөрчсөөр зээл болон үндсэн хүүг төлж барагдуулаагүй манай байгууллагыг хохироож байна.Ж  ХХК нь дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 451.1 дэх хэсэг, 453.1 дэх заасны дагуу зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах, Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг шаардах эрхтэй юм. Иймд Зээлийн гэрээний үүрэгт 1.159.326.933,33 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Н.Б, Г.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэгдүгээрт нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь хариуцагч нараас хэнээс хэдэн төгрөгийг яаж гаргуулах нь тодорхойгүй байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа бичсэн байдаг. Хоёрдугаарт хариуцагч Г.М барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Г.Мөнхтуулын хувьд өөрөөс нь шаардсан нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэх талаар маргана гэж шүүхэд хариу тайлбараа бичгээр гаргасан боловч нэхэмжлэгч талаас ямар нэгэн тайлбар мэдээллийг өгөөгүй. Гуравдугаарт 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ хоёр сарын хугацаатай. 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Үүнээс хойш 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зээлдэгч нар буюу хариуцагч нар төлбөр төлж эхэлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч компанийн зээлийн тооцооллоор 298.833.400 төгрөгийг төлсөн. Гэтэл энэ төлбөрийг үндсэн зээлээс хасаагүй, зөвхөн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгээс хассан байдаг. Манай зүгээс Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хугацаа нь дууссан, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой дарааллыг нэн тэргүүнд үндсэн үүргээс хасаж, дараа нь хүүг төлүүлэх замаар үүрэг гүйцэтгэх ёстой байсан гэж маргаж байгаа буюу өнөөдөр зээлдэгч 298.833.400 төгрөгийг үндсэн зээл болох 800.000.000 төгрөгөөсөө хасуулах хүсэлттэй байгаа. Нэхэмжлэгч тал банк бус санхүүгийн байгууллагад үйл ажиллагаа эрхэлдэг гэдэг давуу байдлыг ашиглаж өнөөдөр 2021 оны зээлийн гэрээг 2024 оны байдлаар нэхэмжилж гурван жилийн  хүүгийн дарамтад оруулж байна гэж үзэж байна. Тийм учраас шүүхийг эрх хэмжээнийхээ хүрээнд нэмэгдүүлсэн хүү болон зээлийн үндсэн хүүг хасаж өгөөч гэж хариу тайлбараа шүүхэд гаргасан гэв.

Хариуцагч Ч.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа. Хариуцагч Ч.Г-г нь нэхэмжлэгч Ж ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй. Тиймээс Ч.Г-гийг хариуцагчаар татах үндэслэлгүй юм. Хариуцагч Н.Б, Г.М нартай батлан даалтын гэрээ байгуулсан. Гэхдээ тухайн зээлийн гэрээнд барьцааны зүйл байгаа учраас нэхэмжлэгч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй. Иймд Ч.Г-гийг хариуцагчаар татах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.01.10-ны өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүний гүйлгээний хүснэгт, 2021.06.08-ны өдрийн ЗГ0000 дугаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2021.06.08-ны өдрийн №ЗБ0000 Батлан даалтын гэрээ, 2021.06.03-ны өдрийн №0000 Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газрын кадастрын зураг, Иргэнийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэдийн зээлийн хүсэлтийн тухай мэдэгдэл, 2021.06.10-ны өдрийн төлбөрийн баримт, 2021.06.10-ны өдрийн шилжүүлгийн баримт, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, 2024.01.10-ны өдрийн төлбөрийн баримт, Хаан банкны 2021.06.10-ны өдрийн шилжүүлэгийн мэдээлэл,Ж ББСБ-ийн зээлийн хорооны хурлын шийдвэр, зээлийн гүйлгээ хийх шийдвэр, Монголын нотариатын танхимын мөнгөний тасалбар, Г.М, Н.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2024.08.06-ны өдрийн итгэмжлэл, 2021.07.27-ны өдрийн №21/0000 тоот Н.Б-т мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, 2021.07.27-ны өдрийн .Н.Б-т мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, 2022.06.20-ны өдрийн №00/000 Ч.Г-гт мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, 2021.08.24-ний өдрийн №21/1200 Ч.Г-гт мэдэгдэх хүргүүлэх тухай баримт, 2023.03.27-ны өдрийн №23/488 Ч.Г-гт мэдэгдэх хүргүүлэх тухай баримт ,2022.05.24-ний өдрийн №00/000 Ч.Г-гт мэдэгдэх хүргүүлэх тухай баримт, 2023.10.24-ний өрийн №23/1749 Ч.Г-т мэдэгдэх хүргүүлэх тухай баримт, 2023.03.27-ны өдрийн №23/000 Ч.Г-т мэдэгдэх хүргүүлэх тухай баримт, 2023.06.19-ний өдрийн №23/000 Ч.Г-гт мэдэгдэх хүргүүлэх тухай баримт, 2022.04.06-ны өдрийн №22/000 Ч.Г-т мэдэгдэх хүргүүлэх тухай баримт, 2022.05.24-ний өдрийн №22/000 Ч.Г-гт мэдэгдэх хүргүүлэх тухай баримт, 2022.04.27-ны өдрийн №22/000 Н.Б-т хүргүүлсэн албан тоот, 2021.06.17-2021.08.17-ны өдрийн дансны хуулга, 2021.09.07-ны өдрийн дансны хуулга, 2021.11.15-ны өдрийн  шилжүүлгийн баримт, 2022.02.28-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2021.12.30-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2022.01.06-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2022.01.31-ний өдрийн шилжүүлгийн баримт, 2022.05.17-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2022.04.27-ны өдрийн шилжүүлгийн баримт,  зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас: 2024.02.20-ны өдрийн Г.М-аас Э.З-д олгосон итгэмжлэл, Э.З-ын хариу тайлбар, 2024.05.02-ны өдрийн Ч.Г-гээс Ж.С-д олгосон итгэмжлэл, 2024.05.07-ны өдрийн Н.Батхишигээс Э.Золжаргалд олгосон итгэмжлэл, Ж.Солонгын хариу тайлбар зэргийг гаргаж өгсөн.

Шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ж ХХК-иас 2022.11.21-ний өдрийн 195 дугаар гүйцэтгэх захирлын тушаал, 2023.07.31-ний өдрийн 000 дугаар гүйцэтгэх захирлын тушаалыг гаргуулсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж ХХК хариуцагч Н.Б, Г.М, Ч.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1.159.326.933,33 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Н.Б Г.Мнар гэрээний үүрэгт 298.833.400 төгрөгийг төлсөн, үүнийг үндсэн зээлээс хасуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч давуу байдлаа ашиглаж 2021 оны зээлийн гэрээг 2024 оны байдлаар нэхэмжилж гурван жилийн хүүгийн дарамтад оруулж байна. Тийм учраас шүүхийг эрх хэмжээнийхээ хүрээнд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг хасаж өгөөч гэж, хариуцагч Ч.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Ж ХХК-тай ямар нэг харилцаанд ороогүй гэж маргана.

 

Ж  ХХК 2021 оны 6 сарын 08-ны өдөр Н.Б, Г.М нартай ЗГ000000 зээлийн гэрээ байгуулж, 800.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, нэг сарын 2.5 хувийн хүүтэй олгож, мөн өдрөө ЗБ00000 тоот барьцааны гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороонд байрлах Г.М-ын эзэмшлийн 9998 м.кв газрыг барьцаалжээ.

 

2021 оны 6 сарын 08-ны өдөр Ж ХХК ЗБ000000 тоот батлан даалтын гэрээг Ч.Г-тэй байгуулж, ЗГ00000 зээлийн гэрээний үүргээ зээлдэгч биелүүлээгүй тохиолдолд зээл хүүгийн төлбөр, учирсан гэм хор, гэрээг дуусгавар болгохтой холбогдон гарсан зардал, шүүхийн зардал болон бусад төлбөрийг батлан даагч нь бүрэн хариуцаж төлөхөөр тохирсон байна.  

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан бөгөөд ЖХХК, Н.Б, Г.М нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Зээлийн гэрээ талуудын хүсэл зоригоо бодитойгоор илэрхийлсэн, хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч Ж гэрээний үүргээ зөрчсөн зээлдэгч нараас зээлийн гэрээний үүргээ шаардах эрхтэй байна.

 

Зээлдэгч Н.Б, Г.Мнар гэрээний үүрэгт 298.833.400 төгрөгийг төлсөн талаар маргаагүй, харин уг төлбөрийг үндсэн зээлээс хасуулна гэж маргах бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.2-т зээлдэгч нь зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, хугацаа хэтэрсэн зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлөхөөр тохиролцжээ.

 

Ж  ХХК нь 2021.06.10-ны өдөр Н.Б-йн дансанд 800.000.000 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу Н.Б, Г.М нар үндсэн зээл 800.000.000 төгрөг, үндсэн хүү 359.233.266,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 66.666,67 төгрөг, нийт 1.159.299.933,33 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Зээлдүүлэгч зээлдэгч нарыг төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын зардалд 27.000 төгрөг зарцуулсныг гаргуулна гэх бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар уг төлбөрийг зээлдэгч нараас гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж заасан бөгөөд зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулагдсан ЗБ000000 тоот барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасны дагуу барьцаа хөрөнгө болох Г.М-ын эзэмшлийн 1781310470 нэг талбарын дугаартай 9998 м.кв контор агуулахын зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь хуульд нийцнэ.

 

Ж  ХХК Ч.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан бөгөөд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заасан бөгөөд зээлдэгч Н.Б, Г.М нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой гэх баримт хэрэгт авагдаагүй.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан бөгөөд Ж ХХК, Ч.Г-г нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргээ барьцаа хөрөнгөөс тэргүүн ээлжинд шаардах эрхтэй байна.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагч Н.Б, Г.М нараас 1.159.326.933,33 төгрөг гаргуулж, Ж ХХК-нд олгож, хариуцагч Н.Б, Г.М нар төлбөрөө сайн дураараар төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, хариуцагч Ч.Г-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүрээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Г.М Н.Б  нараас 1.159.326.933,33 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т зааснаар хариуцагч Ч.Г-гт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороонд байрлах, 9998 м.кв талбайтай, Э-0000000000 улсын бүртгэлийн дугаартай, 000000 нэгж талбарын дугаартай, контор агуулахын зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.024.785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М, Н.Б нараас 6.024.785 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                     Г.СОЛОНГО