Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/04081

 

 

2024 оны 10 сарын 09 өдөр Дугаар 183/ШШ2024/04081 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Лувсанцэвээний гудамж, 57а байр, 0 тоот хаягт оршин суух, Х овогт Т-йн Г/РД:00000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамжинд байрлах НШШГ-тхолбогдох,

 

Гуравдагч этгээд: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40, 50 мянгат, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 7/4 байр, 1 тоот хаягт оршин суух, Арвайн-Үр ХЗХ,

 

Анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож, Эрхийн Улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Л-н гудамж, 57а байр, 0 тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.З, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Г миний бие өөрийн төрсөн ээж З.Д /58 настай /, эмээ Ж.Д/83 настай /, аав Г.Тг /59 настай / өөрийн дүү Б.Б-ын хүүхдүүд 9 сартай болон 4 настай хүүхдүүдийн хамт 2020 оны 1 дүгээр сард Завхан аймгийн Яруу сумаас Улаанбаатар хотод шилжин ирсэн. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Г.Л гудамж, 57а байр, 2-801 тоот хаягт байрлах орон сууцыг Ц.М гэдэг хүнээс 88.315.000 төгрөгөөр худалдан авсан. Тус гэрээг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Гэрээний дагуу урьдчилгаа 44.157.800 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 44.157.500 төгрөгийг хуваарийн дагуу төлж дуусгасан билээ. Ингээд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нэр солиулахтай холбоотой материал бүрдүүлж Ц.М-аас зарим нэг бичиг баримтыг авч амжаагүй байсан. Ц.М мөн холбогдох бичиг баримтыг удахгүй авч ирж өгнө гээд хүлээлгэж байсан. Гэвч 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай гэрийн хаалгыг үл таних эмэгтэй тогшиж танай байрыг дуудлага худалдаагаар авах сонирхолтой хүн байна. Орж үзье гэсэн бөгөөд бид тухайн эмэгтэйг оруулахаас татгалзаж ямар учиртай болохыг лавласан. Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим хуудаснаас Албадан дуудлага худалдааны зарыг олж харсан. Тус зарын 5 дахь хэсэгт миний худалдан авсан орон сууцыг 69.140.385 төгрөгөөс дуудлага худалдаагар худалдах гэж байгааг олж мэдсэн. Иймд тус асуудлыг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч Д.Н-ай холбогдож болсон үйл явдлын талаар тодруулж мэдээлэл авлаа. Миний худалдан авсан орон сууц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч иргэн Ц.М, Г, төлбөр авагч А-д холбогдох иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд битүүмжлэгдэн, албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гарчээ. Миний бие байгуулсан гэрээ болон Иргэний хуулийн 112.1 Талуудын шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч билээ. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгийн бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу өөрийгөө шаардах эрхтэй гэж үзэж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр дээр нэр нь байгаа Ц.М нь бидэнд мэдэгдэхгүй тус үл хөдлөх хөрөнгийг үл таних Г нартай нийлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хураалгаж, улмаар тус ажиллагааны талаар нуун шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь миний эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Ц.М болон Гантөмөр нарын хөрөнгөд холбогдуулан явуулах ёстой боловч үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь хамруулан төлбөр гаргуулахаар надад мэдэгдэхгүйгээр явж байгаа нь миний эд хөрөнгийн эрхэд халдсан хууль бус үйлдэл юм. Тус байранд одоо амьдарч байгаа 3 настай хүн, 2 хүүхэд нийт 7 хүний амьдрах, орон байрны эрхийг ноцтой зөрчигдөж гудамжинд гарах болоод байна. Энэ талаар өмнө бидэнд мэдэгдэх үүрэгтэй байсан гэж үзэж байна. Миний үл хөдлөх эд хөрөнгийг өөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд битүүмжилсэн, зах зээлийн үнэлгээнээс бага үнэлгээ тогтоосон асуудал гуравдагч этгээдийн хувиар нэхэмжлэл гаргасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-д Энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй.гэж заасан нь эд хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн гаргасан шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ түүний гаргасан шийдвэр, эд хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хуггацаа болон урьдчилан шийдвэрлэх ажиллагаа шаардахгүй гэж ойлгож байна. Дээрхи шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа бөгөөд зөрчигдсөн эрхээ хамгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд хуулийн 122.5 дахь хэсэгт ... Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш, хувь хүний нууц гэх мэт үндэслэлээр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, бусад баримт, үнэлгээ болон дуудлага худалдаа зарласан тухай шийдвэр зэргийг өгөөгүй болно. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 587 дугаартай шийдвэр, 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 774 дугаартай гүйцэтгэх хуудсын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэгдэж буй төлбөр төлөгч Ц.М, Г болон төлбөр авагч А хоршоонд холбогдох шийдвэр гүйцэтгэгчийн байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Баянзүрх дүүрэг 0 дугаар хороо, 0 дугаар хорооло, Г.Л гудамж, 0 байр, 0 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгиийн Ү-000000 дугаартай орон сууцыг анхны болон хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг маргаан анхан шатны шүүхийн шийдвэрээр нэг удаа шийдэгдээд, давж заалдах шатны шүүхээс буцсан хэрэг байгаа. Нэгдүгээрт 2022 оны000 дугаар шүүгчийн захирамж гарах үед энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т.Г-гийг оролцуулаагүй байдаг. Нэхэмжлэгч талаас үүнтэй холбоотой ямар нэгэн зүйлийг мэдээгүй. Гэхдээ тухайн хэргийн хариуцагч Ц.М  ь тус орон сууцыг бусдад худалдан борлуулаад төлбөрийг 100 хувь аваад өмчлөх эрх шилжих ёстой. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн эрх ашиг байгаа гэдгийг мэдсээр байж тухайн үед шүүхээс мөн гуравдагч этгээдээс нуугаад эвлэрлийн захирамж гаргуулсан байгаа юм. Эвлэрлийн захирамж нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй захирамж байдаг. Тус эвлэрлийн гэрээний барьцааны зүйл нь энэ эд хөрөнгө байсан. Эд хөрөнгө нь аль хэдийн гуравдагч этгээдийн өмч болсон төлбөрөө төлөөд дууссан. Анх гэрээ хийхдээ энэ байр барьцаанд байгаа, чамаас авсан мөнгийг АХЗХ-руу шилжүүлж барьцаанаас суллаж өгнө гэсэн харилцаа байсан. Энэ талаар Ц.Мнь шүүх, гуравдагч этгээд болон Т.Г нараас нуусан үр дагавар нь өнөөдрийн маргаан үүссэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байсан учраас гомдол гаргах юм уу, шинээр илэрсэн нөхцөл байдал бий болгох боломж бололцоо байгаагүй учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой өнөөдрийн нэхэмжлэлийг гаргасан. Т.Ганцэцэг нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, мөн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар тухайн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаа явагдаж байх үед тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн гэж тус нэхэмжлэлийг гаргасан. Энэ хэрэгтээ зэрэгцээд мөн Ц.М-ыг иргэний шүүхэд хариуцагчаар татаад тухайн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр гэрээний үүргээ шаардах үүргийн хүрээнд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Энэ хэрэг нь давж заалдах шатны шүүхээр хянагдаж дуусаад Т.Г нь энэ байрны өмчлөгч мөн болох нь тогтоогдож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явж байгаа. Барьцаатай байгаа учраас 2 шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 2уулаа зогсож, үр дүн гаргахгүй байгаа нөхцөл байдал бий. Т.Г нь энэ байрны өмчлөгч мөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон учраас маргахгүй байх гэж бодож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.1-д зааснаар тухайн ажиллагаанд хамаарч байгаа хөрөнгийн өмчлөгч бол шууд чөлөөлүүлэх, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах нэхэмжлэл гаргах шаардах эрхийг хуульчилж өгсөн. 122.5.Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргахаар заасан. Мөн 123.3-т энэ хуулийн 44.3, 63.4-д зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа шаардахгүй. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй гуравдагч этгээд шууд шүүхэд хандана. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш учраас давхар шийдвэр гүйцэтгэгчид эсвэл дээд шатны шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахыг шийдвэр гүйцэтгэлийн хуулиар шаарддаггүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар тухайн хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах эрх бүхий этгээд буюу Т.Гнь өөрийн хөрөнгийг ажиллагаанаас чөлөөлүүлэх бүрэн эрхтэй байна. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тухайн эд хөрөнгийн өмчлөгчийн өмчлөгчөөр Т.Г болохыг тогтоосон шийдвэрээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/000 0дугаар захирамжаар Ц.М, Б.Гнараас 77.248. 000 төгрөгийг гаргуулж "А ХЗХ-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаартай, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол Г.Лгудамжны 57а байр, 0 тоотод байрлах 51.95 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Г.Лувсанцэрэн гудамжны 57а байр, 0 орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 000/01 дугаар тогтоолоор битүүмжилж, хурааж, талуудаас үнийн санал авахад үнэлгээ дээр харилцан тохиролцоогүй тул 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 1/7 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг "Сэлэнгэ эстимэйт" ХХК-аар тогтоолгоход 138.280.770 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдаж, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 31-ний 2/15 дугаар тогтоолоор 2023 оны 02 дугаар сарын 17-ний өдөр зохион байгуулахыг талуудад 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 000 дугаар албан бичгээр мэдэгдэж уг дуудлага худалдаагаар хөрөнгө худалдан борлогдоогүй. Мөн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0/0 дугаар тогтоолоор 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулахыг талуудад 2023 оны 3 дугаар сарын 09-ний 4-139/0000 дугаар албан бичгээр мэдэгдэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4871 дугаар захирамжаар уг хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгч Т.Г-г нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийн өмчлөлтэй холбоотой гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай бус анх гэрээ байгуулсан гэх Ц.М-тай холбоотойгоор гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б: "А ХЗХ-д болон н.М нарын хоорондын зээлийн гэрээ болон барьцааны гэрээний маргаанд Т.Ганцэцэг анхнаасаа гуравдагч этгээдээр оролцоогүй. 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжийн гүйцэтгэх хуудаст Т.Га-ийн нэр дурдагдаагүй. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаанд анхнаасаа оролцох эрхгүй байсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох гомдол саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэл байхгүй. Т.Г нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хамааралтай этгээд биш юм. Нэхэмжлэлийн агуулгад өөрийгөө өмчлөгч гэх тодорхойлсон байдаг. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд 110.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байдаг. "А ХЗХ-ны барьцаанд байсан гэдгийг мэдэж байсан. Тиймээс хадгаламж зээлийн хоршоо нь түрүүлж Ц.М-тай иргэний эрх зүйн харилцаанд орсон. Тиймээс шийдвэр гаргах ажиллагаанд гомдол гаргах эрхгүй этгээд юм. Өмчлөлийн маргаан мэтээр шүүхэд тайлбар өгөөд байна. Энэ нь ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй. Улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлээр явна. Улсын бүртгэл нь үнэн зөв байх зарчимтай. Энэ нь өмчлөх эрхийн маргаан биш шүү. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тухайн цаг үедээ хууль ёсны дагуу хийгдэж болоод өнгөрсөн асуудал. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ердийн журмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэх боломж нөхцөлөөр хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,Баянзүрх дүүргийн 41 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, 2020 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар,Ц.М-ын иргэний үнэмлэхний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 183/Ш2023/0000 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, 2023.05.12-ны өдрийн итгэмжлэл, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Хариуцагчаас: 2023.09.26-ны өдрийн итгэмжлэл, 2022.05.13-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ГХ20222/0000 дугаартай гүйцэтгэх хуудас, 2022.05.30-ны өдрийн 22290572 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2022.05.27-ны өдрийн Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах тухай гэрээ, 2022.05.25-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт, А  ХЗХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.05.16-ны өдрийн тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын тогтоол, 2022.05.30-ны өдрийн 00000 дугаар Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийнн хэлтэс албан бичиг, 2022.05.31-ний өдрийн Дугаар 00000 Төлбөр төлөгчийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, 2022.05.30-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.06.06-ны өдрийн Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шүүхйн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг, Ц.М-н улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны тодорхойлолт, 2022.06.09-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, зураг, 2022.09.13-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эрх үүрэг танилцуулсан тэмдэглэл, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүүлэх мэдэгдэл, Зарлан дуудах мэдэгдэл, 2022.10.21-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, 2022.10.21-ний өдрийн 01/47 албан бичиг, Ц.М-ын оршин суугаа газрын тодорхойлолт, 2022.11.03-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.11.09-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, зураг, 2022.12.09-ний өдрийн Шийдвэр гүйцэтэгчийн тэмдэглэл, 2022.11.21-ний өдрийн албан бичиг, 2022.12.16-ны өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, Зарлан дуудах хуудас, зураг, 2022.12.26-ны өдрийн0000000 үнийн санал авах тухай, 2023.01.02-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.01.04-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Ц.М-рын үнийн санал гаргах тухай, 2022.01.06-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт, 2023.01.09-ний өдрийн Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулах болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, 2023.01.11-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт, Ц.М-ын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, 2023.01.12-ны өдрийн 4-0000 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэн Ц.М-т мэдэгдэл хүргүүлэх тухай, 4-137/951 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэн Ц.М мэдэгдэл хүргүүлэх тухай, 4-000 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас иргэн Ц.-рт мэдэгдэл хүргүүлэх тухай, шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл, 2023.02.01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2023.02.03-ны өдрийн 4-139/0000 мэдэгдэл, 2023.02.03-ны өдрийн 4-139/000 мэдэгдэл, 2023.01.31-ний өдрийн 2/00 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023.03.09-ний өдрийн 4-139/0000 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц.Г-рт мэдэгдэл, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэрэг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

 

Гуравдагч этгээд: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Гг хариуцагч НШШГ-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийг ажиллагаа болон дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч ...2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57а байр,0 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн Ү-0000000000дугаартай 51.95 м.кв 2 өрөө орон сууцыг өмчлөгч Ц.М-аас 88.315.000 төгрөгөөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Гэрээний дагуу урьдчилгаа 44.157.800 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 44.157.500 төгрөгийг хуваарийн дагуу төлж дуусгасан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч Ц.М, Г төлбөр авагч А ХЗХ-нд холбогдох иргэний хэрэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж надад мэдэгдэхгүйгээр миний худалдаж авсан, эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжилж, албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахгүйгээр ажиллагаа явуулсан нь уг байрыг худалдан авч амьдарч байсан миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.... гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан, Т.Г нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийн өмчлөлтэй холбоотой гомдлыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газартай бус анх гэрээ байгуулсан Ц.М-рт холбогдуулан гаргах нь зүйтэй гэж нэхэмжлэлийг үгүйсгэсэн тайлбар гаргасан.

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/0000 дугаар шийдвэрээр ...нэхэмжлэгч Ат ХЗХ нь нэхэмжлэлийн шаардлагаас 3.449.600 төгрөгөөр татгалзаж, үлдэх 77.248.000 төгрөгийг хариуцагч Ц.М, Б.Г нар хүлээн зөвшөөрч, 2022.04.25-ны өдрийн дотор 25.000.000 төгрөг, 2022.05.25-ны өдрийн дотор 25.000.000 төгрөг, 2022.06.25-ны өдрийн дотор 27.248.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, хэрэв төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эвлэрсэн эврлэлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр /захирамж/ хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2022/0000 дугаар шийдвэр болон 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 183/ГХ2022/00774 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, төлбөр төлөгч Ц.М, Б.Гр нар шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрүүдийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хуульд нийцүүлэн гүйцэтгэжээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нар дуудлага худалдаагаар худалдагдах эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/0 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57а байр, 0 тоот000 хаягт байрлах, 51.95 м.кв, 2 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Г.О-ыг шинжээчээр томилсон байна.

 

Зохих журмын дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт үнэлгээний талаар 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 4-137/000 дугаар албан бичгээр талуудад танилцуулан үнэлгээг мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 01 дүгээр сарын 31-ний 2/00 дугаар тогтоолоор 2023 оны 02 дугаар сарын 17-ний өдөр зохион байгуулахыг талуудад 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 4-00000, 4-000 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна. Мөн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/5 дугаар тогтоолоор 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулахыг талуудад 2023 оны 3 дугаар сарын 09-ний 4-139/4544, 4-139/0000 дугаар албан бичгээр мэдэгдсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь төлбөр төлөгч Ц.М-тай 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талууд Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57а байр, 0 тоот хаягт байрлах, 51.95 м.кв, 2 өрөө орон сууцыг 88.315.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, үнийг Ц.М-рт төлсөн болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд тус шүүхийн 2023 оны 9 сарын 15-ны өдрийн 183/ШШ2023/0000 шийдвэрээр ...хариуцагч Ц.М-т холбогдох Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 0 байр, 0тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204105679 дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхийг даалгах тухай Т.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 11 сарын 13-ны өдөр хянаад ...Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 57А байр, 0 тоот 51.95 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Т.Г-ийг тогтоож, нэхэмжлэлээс үлдэх урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулсан байна.

 

Нэхэмжлэгч Т.Г уг эд хөрөнгийн өмчлөгчөөр 2023 оны 11 сарын 13-ны өдөр тогтоогдсон хэдий ч 2023.01.31-ний өдрийн анхны дуудлага худалдаа, 2023.02.28-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгох боломжгүй, өөрөөр хэлбэл 2023 оны 1, 2 дугаар саруудад явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

Өөрөөр хэлбэл Т.Г худалдан авсан орон сууц барьцаанд байгаа талаар мэдэж байсан, уг барьцааны зүйлтэй холбоотой шаардах эрх нь нээлттэй бөгөөд хохирлоо Ц.М-аас шаардах эрхтэй болно.

 

Эдгээр үндэслэлээр Т.Г-гийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож, Эрхийн Улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 0дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 0а байр, 00 тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Г-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан анхны болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгож, Эрхийн Улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээн гудамж, 0а байр, 2-801 тоот хаягт байрлах орон сууцыг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО