| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 183/2024/05304/И |
| Дугаар | 183/ШШ2024/04012 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2024/04012
2024 оны 10 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2024/04012 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 000 тоотод оршин суух, Х овогтой Б-йн М/РД:0000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоо0тод оршин суух, М овогтой Э-ы Х /РД:0000/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, хариуцагч Э.Х шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мт би Х-тэй 2022 онд танилцаж хамтран амьдарсан. Бидний дундаас 0000 оны 8 дугаар сарын 01-ний өдөр охин Х төрсөн. Бид хамтран амьдрах 10 сарын хугацаанд бие биенээ ойлголцохгүй бидний дунд хэрүүл тасрахгүй байсан тул 2024 оны 03 дугаар сараас Хнь гэрээсээ явсан. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Х-ийн Хуланд хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
2. Хариуцагч Э.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний би Э-ны Х нь Б.М-ийн хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа газрын тодорхойлолт, Хүүхдийн эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Б.М-т нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Э.Х-эд холбогдуулан шүүхэд гаргасныг хариуцагч Э.Х нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.М Э.Хнар нь 2022 онд танилцан хамтран амьдарч, тэдний дундаас 0000 оны 08 дугаар сарын 01-ний өдөр охин Х-йн Хулан төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Х.Х нь эх Б.М-йн хамт амьдарч байгаа бөгөөд эцэг Э.Х хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т зааснаар 2023 оны 8 сарын 01-ний өдрийн өдөр охин Хаш-Эрдэнийн Хуланг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Х тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасан. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 0000 оны 8 сарын 01-ний өдөр төрсөн Ха-ийн Х-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Х-эр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Х-нээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО