Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2024/0704

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны ... дүгээр танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Г /РД:/,

Хариуцагч: *******ийн хоорондын төрийн албаны маргааны хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.*******ийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тогтоолын хавсралт 1-ийн Д.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Хоёр. Маргааны үйл баримт, процессын тухай:

2.1.Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч Д.Г нь ******* аймаг дахь гаалийн газарт Гаалийн хорио цээр хариуцсан улсын ахлах байцаагчаар түр томилогдон ажилласан ба ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 49[1] тоот албан бичгээр Гаалийн ерөнхий газрын даргад нэхэмжлэгч Д.Гийг шилжүүлэн ажиллуулах хүсэлтийг хүргүүлжээ.

2.2.Дээрх хүсэлтийн дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар[2] нэхэмжлэгч Д.Гийг ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын ажлын албанд шилжүүлж, ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар[3] нэхэмжлэгч Д.Гийг тус албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүй, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилжээ.

2.3.Улмаар *******ийн даргын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, ******* аймгийн төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах, томилох үйл ажиллагаанд хийгдэх хяналт шалгалтыг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийн хооронд хийж, тайланг үйлджээ.

            2.4.Тус тайлангийн Төрийн албаны тухай хууль, тогтоомжийг зөрчиж, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон албан хаагчдын нэгдсэн судалгаанд нэхэмжлэгч Д.Гийг “...албан тушаалд төрийн албан хаагчийн тусгай шалгалтгүйгээр томилсон...ангилал дотор шилжүүлэх зохицуулалтыг зөрчсөн...” гэжээ[4].

            2.5.Дээрх тайлант хяналт шалгалтын дагуу *******ийн “Хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” ******* дугаар тогтоол[5] гарч, тус тушаалын 1-5 дугаар хавсралтад дурдсан нэр бүхий албан хаагчдыг томилсон тушаалыг 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүчингүй болгохыг томилох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

            2.6.Маргаан бүхий тогтоолын 1 дүгээр хавсралтад нэхэмжлэгч Д.Гийн асуудлыг шийдвэрлэсэн байх ба дээрх тушаалыг *******ийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 72 тоот албан бичгээр ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд хүргүүлжээ.

            2.7.Тус маргаан бүхий *******ийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тогтоолыг эс зөвшөөрч 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

            Гурав. Хэргийн оролцогчдоос шүүхэд бичгээр гаргасан тайлбар, үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

            3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ажлын албаны дарга *******ийн ******* аймаг дахь салбар зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийн талаар танилцуулж, *******ийн тогтоолыг заавал биелүүлэх шаардлагатай талаар танилцуулсан. Уг албан бичгээр *******ийн 2024 оны 04 дүгээр сарын 26- ны өдрийн ******* дугаар "Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай" тогтоолыг ирүүлсэн байна. *******ийн 2024 оны ******* дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад Д.Г намайг ажилд томилсон ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын Албаны даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь хэсгийг зөрчсөн учир ажилд томилсон тушаалыг хүчингүй болгуулахаар шийдвэрлэж, тогтоолын хэрэгжилтийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэх талаар мэдэгджээ.

*******өөс дээрх тогтоолыг гаргахдаа надаас албан тушаалд томилогдохдоо хэрхэн томилогдсон болох, хуулийн шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар тайлбар аваагүй, энэ талаар мэдэгдэлгүйгээр намайг ажилд томилсон тушаалыг хууль зөрчсөн гэж дүгнэсэн хууль бус тогтоол гаргасан, үүний улмаас төрийн жинхэнэ албан хаагч би хуулийн дагуу томилогдсон албан тушаалаас чөлөөлөгдөх нөхцөл үүсгэж байгаа нь миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчиж байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д "төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс; 33 дугаар зүйлийн 33.3-д "Ерөнхий шалгалтыг төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй, энэ хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан иргэн, төрийн үйлчилгээний болон улс төрийн албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна" ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 жил  төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно", 44.3-д “Энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй" тус заажээ.

******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалыг үндэслэж ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүй, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон.

Уг тушаалыг гаргахаас өмнө ******* аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 49 дүгээр албан бичгээр Д.Гийг шилжүүлэн ажиллуулахаар санал ирснийг миний бие хүлээн зөвшөөрч, Гаалийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар намайг Гаалийн ерөнхий газрын харьяа ******* аймаг дахь гаалийн хорио цээр хариуцсан ажлаас чөлөөлж, ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэдэлд шилжүүлсэн. Миний бие 1997 онд аймгийн Стандартчилал, хэмжил зүйн төвийн даргаар 13-9 ангиллын ахлах түшмэлээр ажиллаж эхлэн улмаар 2007 онд удирдах албаны шалгалтад тэнцэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тушаалаар ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдож, 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Экспорт, импорт, хилийн хорио, цээрийн хяналтын хэлтсийн дарга, эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчийн ажил эрхэлж байсан. Үүнээс гадна миний бие их эмч мэргэжилтэй боловч 1992 оноос хойш төрийн захиргааны байгууллагад ажилласан улмаар 1999-2001 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэшил, менежер цол авч дээр дурдсаны дагуу төрийн албанд ажиллаж байна.

Миний хувьд одоо ажиллаж байгаа ажлын байранд томилогдохдоо хуульд заасан шаардлага хангасан, төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжин ажиллаж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 44.1-д нийцсэн, ангилал зэрэглэлийн өмнө нь төрийн албаны удирдах албаны шалгалтад тэнцэн, удирдах албан тушаал ажиллаж байсан учир 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу шалгалт өгөх шаардлагагүй, төрийн удирдлагын чиглэлээр суралцаж диплом авсан тул ажлын байрны тодорхойлолтод менежмент ба удирдахуйн гэж заасны дагуу мэргэжлийн шаардлагыг хангасан.

Гэтэл *******өөс дээрх нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоолгүйгээр намайг хууль зөрчиж ажилд томилогдсон мэтээр тогтоол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Төрийн албаны тухай хуулийн 76.3-д "Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно", Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-д "Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус зааснаар миний бие Төрийн албан зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тогтоолыг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргаж, хууль ёсны эрхээ хамгуулахаар хандаж байна” гэжээ.

            3.2.Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын хэмжээнд хилийн боомтуудын 340 хүмүүс гааль руу шилжсэн. Засгийн газрын тогтоолоор шилжүүлж байсан. Шилжихдээ түр тушаалаар ажилд авсан. Авахдаа дэс түшмэл рүү орсон. Ганц миний хувьд биш бүх системийн хэмжээнд албан тушаал доошилсон. Тухайн үед төрийн албаны зөвлөлд бид нарт саналаа хэлсэн ямар ч хариу өгөөгүй. Надаас ямар ч хамаарал байхгүй шилжиж ажилласан. Тухайн үед ******* хариулсан бол болох байсан байх. Монгол улсын *******ийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 26 гэж байгаа. Төрийн тусгай албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилхан эрхлэн гэж байдаг. Иймд ахлах түшмэл болохгүй гэж байсан. Тухайн үед ангилал зэрэглэлийн талаар тушаал баталсан байсан бол бид нарын эрх зөрчигдөхгүй байсан. Надаас хамаараагүй зөрчигдсөн... Ажлаас чөлөөлсөн. Ажилтай байсан бол шүүхэд хандахгүй байсан. Миний Гаалийн байгууллагад ажиллаж байсан 1 жилийг л яриад байна. Гааль руу засгийн газрын тогтоолын дагуу явсан. Ангилал зөрөх шалтгаан тэр байсан. Түүнээс Д.Г хувиараа юм уу, саналаараа гаалийн байгууллага руу яваагүй. Засгийн газрын тогтоолын дагуу шилжсэн. гаалийн байгууллагад 1 жил ажилласныг доошоо буусан байна. Та шалгалт өг гэж шахаад байгаа. Би 26 жил ахлахаар ажилласан. Тэр яагаад тооцогдохгүй байгаа юм. Би шалгалтад орохгүй гэж хэлээгүй. *******д миний талаар ямар нэг гомдол очоогүй. Манайд чөлөөлөх бичиг ирсэн. Түүний дагуу намайг ажлаас чөлөөлсөн байгаа. Хэрвээ Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдаагүй байсан бол энэ асуудал яригдахгүй байсан... Би 32 жил ажиллахдаа 4 удаа төрд тангараг өргөсөн байдаг. Цэргийн албыг 3 жил хаасан тангараг өргөсөн, 1992 онд Анагаах ухааны их сургууль төгсөж хүний их эмчээр тангараг өргөсөн, 1997 онд төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, 2002 онд Гаалийн улсын ахлах байцаагчийн тангараг өргөсөн байдаг. Төрд би гомдох зүйл байхгүй. Миний хувьд 2 удаа ийм зүйл болж байна. 2012 оноос 2014 онд улс төрийн шалтгаанаар ажлаа хүчээр өгч байсан. Одоо 2024 онд ийм зүйл боллоо. Надад ямар ч гомдол ирж байгаагүй. Манай ******* аймгаас *******д 7 удаа гомдол очсон хүн байгаа. Гэтэл миний талаар нэг ч бичиг очоогүй. Миний ажил удирдах ажил биш, аймгийн иргэдийн хурлын дарга гэж байдаг, ажлын албаны дарга гэж байдаг. Би доор гүйцэтгэх албан тушаал хийдэг. Намайг авахдаа бодлого зохицуулалтын зорилгоор бичиг цаасаа янзлах талаар ярьж намайг авсан. Миний зөрчигдөж байгаа ганц зүйл нь Засгийн газрын тогтоолоос болж зөрчигдөж байгаа. Гаалийн ажилд шилжүүлсэн нь буруу байгаа. Гааль руу орчоогүй бол ажилгүй байх байсан. Мэргэжлийн хяналт татан буугдаагүй бол миний эрх зөрчигдөхгүй байсан. Үүнийг олон талаас нь харж үзэх хэрэгтэй. Одоо надад тэтгэвэрт гарахад 12 сар ажиллах хугацаа байна. Би 36 сарын тэтгэмжээ авна гэж бодож байгаа. Төрд ажилласан 5 жилийн мөнгө аваагүй. Намайг дарамталж төрд ажиллаагүй гэж бичиг өгсөн байдаг. Ажил миний эсрэг яваад байгаа. Төрд олон жил ажилласан хүнийг ингэж байхаар би гайхаж байна. Би төрд тэрсэлсэн зүйл хийгээгүй. Авлига албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй. Жирийн албан хаагч гэж өөрийгөө бодож байна. Надад найз Их хурлын гишүүн, сайд ах дүү алга байна. Жирийн албан хаагч байсан. Ээж минь тогооч байсан. Би олон дүү нартай жирийн албан хаагч. Онцолж байгаа нэг зүйл байгаа Гааль гэж хэлээд байгаа. Засгийн газрын тогтоолоор ирсэн” гэв.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албан зөвлөлийн журам нь 2023 онд баталсан байдаг. Төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах, шатлан дэвшүүлэх журам гэж байгаа. Журмын 4.2-т зааж өгсөн байгаа. Төрийн жинхэнэ албан тушаалтан албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа тохиолдолд адил төрлийн албан тушаалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүй томилж болно гэсэн заалт байгаа. 1997 оноос хойш ахлах албан тушаал дээр 26 жил ажилласан. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газар руу шилжсэн. Энэ хугацаандаа түр томилогдсон. Иргэдийн хурлаас ажлын туршлага шаардлагыг үндэслэж Бодлого зохицуулалтын хэлтсийн даргаар авъя. Та шаардлага хангаж байгаа юм байна гэж зөвшилцөж шилжин ажилласан. *******өөс ханалт шалгалт хийх явцдаа шалгаж тогтоогоогүй зөвхөн гаалийн ерөнхий газарт түр томилсон тушаалыг нь харж өмнөх тушаалыг нь судалж үзээгүй байсан... Нэхэмжлэгчийн хувьд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар Гаалийн байгууллагад шилжин ажилласан байдаг. Үүнээс өмнө нэхэмжлэгч 1999 оноос Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга, 2007 оноос ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга, 2014 оноос ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хилийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон. Тухайн албан тушаал нь ТЗ-9 ангилал буюу 2007 оны  Засгийн газрын 354 дүгээр тогтоолд зааснаар ахлах түшмэлийн албан тушаал байдаг. Тухайн албан тушаалд тасралтгүй 2021 оны 12 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажилласан. Ямар үндэслэлээр Гааль руу шилжсэн бэ гэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдсантай холбогдуулж хилд ажиллаж байсан албан тушаалтнууд чиг үүргийн дагуу Гаалийн байгууллага руу шилжсэн. Гаалийн байгууллага руу шилжиж тушаал гаргахдаа түр томилсон тушаал гаргасан байдаг. 1 жил орчим ажилласны дараа ******* аймгийн Иргэдийн хурлаас бодлого зохицуулалтын хэлтэст албан тушаал гарсантай холбогдуулж таны ажлын туршлагыг ашиглая. Тусгай шаардлага хангасан албан тушаал дээр байгаа тул шилжүүлэн ажиллах хүсэлтийг 2023 оны 1 сард Иргэдийн хурал руу явуулсан байгаа. Үүнийг нь үндэслэж Гаалийн ерөнхий газрын гаалийн албан тушаалаас шилжүүлж ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын ажлын албаны даргаар 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн албан тушаалаар буюу Төрийн албан тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасныг үндэслэж ажилд томилсон. Түүний дагуу томилогдсон. *******ийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тушаалын 4 дүгээр зүйлийн 4.2-т тодорхой зааж өгсөн. Төрийн жинхэнэ албан хаагч тухайн тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа тохиолдолд адил төрлийн албан тушаалын ангилалд шилжүүлэн ажиллахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилно гэж зааж өгсөн. Нэхэмжлэгчийн хувьд ахлах түшмэлийн албан тушаалд 26 жилийн хугацаанд ажилласан. Иргэдийн хурлын ажлын байрны тодорхойлолт байгаа. Иргэдийн хурлын ажлын албаны даргын тушаал нь ТЗ-10 буюу ахлах түшмэлийн албан тушаал байгаа. Энэ нь төрийн албанд 8 жил ажилласан байх. Үүнээс 4 жилийн хугацаанд дэс түшмэлийн албан тушаалд ажилласан байх тусгай шаардлагыг хангаж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд тус шаардлагыг хангалттай нийцсэн. Гэтэл *******өөс тухайн хяналт шалгалтыг хийхдээ Гаалийн байгууллагад ажиллаж байсан үеийн тушаалыг судлаад өмнөх тушаалыг судлалгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 24, 26 дугаар зүйлд заасныг зөрчиж байгаа. Үүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн учир хүчингүй болгох үндэслэлтэй... Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн хувьд ахлах түшмэлийн албан тушаалд тасралтгүй ажиллаж байсан нь тогтоогдож байгаа. Адил ангилал, зэрэглэл дотроо шилжин ажиллахад тусгай шалгалт өгөхгүй гэж заасны дагуу ахлах түшмэлийн албан тушаалд тасралтгүй ажиллаж байсан. Гаалийн байгууллагад хууль өөрчлөгдсөнтэй холбоотой шилжин ажилласан. Шилжин ажилласан ч тушаалын хувьд түр тушаал гарсан байгаа. Түр тушаал гаргахдаа ахлах байцаагчийн ангилал өөрчлөгдсөн боловч үүнтэй холбоотой гомдол гаргаагүй. Жинхэнэ болгохдоо хуульд нийцүүлж тушаал гаргана гэж явж байсан боловч энэ хугацаанд гараагүй. Үүнтэй холбоотой энэ хугацаанд Иргэдийн хурлаас шилжин ажиллуулах хүсэлт ирүүлсний дагуу ангилал дотроо шилжиж албан тушаалд томилогдсон учир нэхэмжлэгчийн хувьд албан тушаалд томилогдохдоо хууль зөрчсөн үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

            3.4.Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзлын үндэслэлдээ: Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ." гэж, 30.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна." гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад "иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх ... бүрэн эрхийг Зөвлөл хэрэгжүүлнэ." гэж тус тус заасан.

 Монгол Улсын *******ийн даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 43 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг 2024 оны 03 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд ******* аймагт ажиллаж, тус аймгийн төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн. Тус ажлын хэсгийн хяналт, шалгалтаар Д.Гийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүй, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3 дахь хэсгийг тус тус зөрчиж томилсныг тогтоож, *******ийн 2024 оны 17 дугаар хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, Зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тогтоолоор ******* аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн "Д.Гийг ажилд томилох тухай" ******* дугаар тушаалыг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүчингүй болгох хугацаатай үүрэг, даалгаврыг томилох эрх бүхий албан тушаалтанд өгсөн.

Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт "Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ" гэж заасан. Тодруулбал, Д.Гийг Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалаар Гаалийн улсын ахлах байцаагчийн гүйцэтгэх албан тушаалаас Бодлого зохицуулалт, хууль эрх зүй, хяналтын хэлтсийн даргын удирдах албан тушаалд төрийн захиргааны албан тушаалын ангилал, төрөл алгасуулж тусгай шалгалтгүйгээр ажиллуулсан” гэжээ. 

          3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3-т заасны дагуу энэ жил бүх 21 аймгаар хяналт шалгалт хийсэн байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчид сонгон шалгаруулж томилох үйл  ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан уу гэдэг дээр шалгалт хийсэн. Шалгалт хийхэд Д.Г гэж хүн ******* аймгийн Иргэдийн хурлын ажлын албанд хэлтсийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдон ажилласан байсан. Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т зааснаар хэрвээ төрийн жинхэнэ албан хаагч ангилал нэмэгдэж байгаа тохиолдолд заавал төрийн албаны тусгай шалгалт өгнө гэж байгаа. Мөн албан тушаалын тодорхойлолт байгаа. Энэ албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, туршлага зэргийг хангасан тохиолдолд шалгалтад оролцож томилогдох хууль зүйн зохицуулалт байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлдгээр  Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга, ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга хийж байсан гэж хэлж байгаа. Төрийн албанд ажиллаж байсныг нь үгүйсгэхгүй. Гэвч 2022 оны 12 дугаар сард Мэргэжлийн хяналтын газар татан буугдаж Гаалийн улсын ахлах байцаагчаар түр томилсон байгаа. Түр томилоход 1 дүгээрт эрх зүйн байдал дордсон. Д.Г түр томилж байгаа тушаал дээр гомдол гаргах ёстой байсан. Нэгэнт өөрөө гомдол гаргахгүй хүлээн зөвшөөрч Гаалийн улсын ахлах байцаагч буюу гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байсан. Өмнө нь даргаар ажиллаж байсан тул тусгай шалгалт өгөхгүйгээр даргын албан тушаалд томилогдох ёстой гэж хэлж болохгүй. Магадгүй энэ хооронд Гаалийн улсын ахлах байцаагчаар томилогдож ажиллаагүй. Мэргэжлийн хяналтын газрын дарга хийж байгаад Иргэдийн хурлын ажлын албанд нэгжийн даргаар томилогдож байгаа бол ангилал, төрөл дотроо шилжиж байгаа гэдгээрээ шилжиж ажиллах боломжтой. Гэтэл дунд нь өөрөө гаалийн ахлах байцаагчаар ажилласан байгаа тул үүнийг өөрөө хүлээн зөвшөөсөн гэдэг утгаар ахлах түшмэлийн албан тушаалд шилжихдээ Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж 2019 оны 275 тоот төрийн албан хаагчийн ангилал зэрэглэл тогтоогдсон. Тэр хүчингүй болж 2023 оны 487 дугаар тогтоолоор төрийн албан хаагчийн ангилал зэрэг тогтоосон. Төрийн албаны тухай хуульд адил ангилал, адил зэрэглэл, адил төрөл дотор шилжиж байгаа тохиолдолд ямар нэгэн шалгалт байхгүй. Түүнээс биш албан тушаалын төрөл өөрчлөгдөж байгаа, ангилал өөрчлөгдөж байгаа тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т зааснаар зайлшгүй төрийн албаны тусгай шалгалт өгч байж томилогдох зохицуулалттай байсан. Д.Г Гаалийн улсын ахлах байцаагчаар түр томилогдож ажиллаж байгаад Иргэдийн хурлын нэгжийн даргаар явахад заавал тусгай шалгалт өгөх ёстой байсан. Тусгай шалгалт өгөлгүйгээр төрийн албаны удирдах албан тушаалд томилогдсон нь хууль зөрчсөн гэж үзэж *******ийн 2024 оны ******* дугаар тогтоолын холбогдох заалтаар чөлөөлсөн... Нэгэнт Гаалийн тухай хуульд зааснаар гаалийн ахлах байцаагч нь дэс түшмэл. Өөрөө шалгалт өгөхгүй гэж хэлж байгаа бол дэс түшмэл рүү томилуулчих тэгэх бол эндээс тэтгэвэрт гарч болж байна. Эсвэл шалгалтаа өгч хэлтсийн дарга дээрээ томилогдох талаар хэлж байгаа. Огт ажилгүй хаях зүйл байхгүй. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Өмгөөлөгч нь хэлсэн. Олон жил ажилласантай нь маргахгүй байгаа. Тийм ч учир ижил ангилал төрөлд нь шилжүүлээд томилох уу гэдэг үүднээс *******өөс уян хатан байгаа. Салбар зөвлөлөөс тогтоол орсон бүх хүмүүсийг сонгон шалгаруулалтад оруулж зөвтгөөд явж байгаа. Д.Г хүлээн зөвшөөрөөгүй. Нэгэнт хууль тогтоомжоороо ангилал нэмэгдэж байгаа бол сонгон шалгаруулалт өгнө. Сонгон шалгаруулалт өгөхөд албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангасан байгаа. Д.Г хангасан байгаа. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байгаа. Ганц тусгай шалгалт гэдэг зүйлийг өгөөгүй. Хуулийн 44-т заасан нь ижил ангилал, ижил төрөл гэх тохиолдолд шилжих зохицуулалт. Түүнээс биш ангилал нэмэгдэж байгаа тохиолдолд 44.1.-т заасныг барьж шилжих боломжгүй. Тухайн үед 2 байгууллага хоорондоо санал солилцож бичиг явуулж байхдаа хуулийн мэргэжилтэн нь зөвлөгөө өгч байсан байх. Яагаад ийм зүйл болсон талаар мэдэхгүй. Эсвэл дэс түшмэлээрээ ажлын албанд дэс түшмэл рүү шилжиж ажиллаж байгаад тэтгэвэрт гарах, эсвэл албан тушаалын сонгон шалгаруулалтад орж ажиллаж байгаад тэтгэвэрт гарах сонголт байгаа. Шууд ажлаас нь чөлөөл гэсэн зохицуулалт байхгүй... Мэргэжлийн хяналт татан буугдахад шууд улсын байцаагчаар томилох ёстой. Үүн дээр гомдол санал гаргасан зүйл байна уу гэхэд тийм зүйл байдаггүй. Гомдол санал гаргаж байгаад тэтгэвэрт гарах байсан... Улсын ахлах байцаагчаар шилжиж ирсэн байгаа. Төрийн өөр байгууллага руу очих гэж байгаа бол ижилхэн дэс түшмэл рүү шилжих боломжтой байсан. Ямар нэг гомдол санал гараагүй гэж хэлээд байна. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 66 дугаар зүйлийн 66.1.3-т зааснаар төрийн албан төв байгууллага өөр эсвэл гомдол мэдээллийн дагуу гэж байгаа...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр маргаан бүхий *******ийн 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тогтоолыг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, хариуцагч *******ийг дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэлээ.

            2. Маргааны бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 33 дугаар зүйлийн 33.3-т “тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон энэ хуулийн 27.1.3, 33.8-д “заасан нөөцөд байгаа иргэдээс тус тус авна”, 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, 44 дүгээр зүйлийн 44.3-т “төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж тус тус заасныг үндэслэл болгосон байдаг.

            3.Нэхэмжлэгчийн тухайд түүний ажиллаж байсан ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын хэлтсийн даргын албан тушаал нь ТЗ-10 буюу “Ахлах түшмэл”-ийн албан тушаалын ангилалд хамаарч байсан бөгөөд, ******* аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг Гаалийн ерөнхий газарт шилжүүлж, Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар тушаалаар ******* аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хорио цээр хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, ТЗ-8 буюу “Дэс түшмэл” /Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолоор/-ийн албан тушаалд томилогдож, тус албан тушаалаас 2023 оны ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******* аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүй, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд буюу төрийн албан тушаал, ангилал, зэрэглэлийн ТЗ-4 буюу “Ахлах түшмэл” /Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 487 дугаар тогтоолоор/-ийн албан тушаалд томилогдсон.

            4.Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчийг ******* аймаг дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагчийн албан тушаалаас ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүй, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд шилжүүлэн томилохдоо гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд түр томилогдсон талаарх асуудлыг авч үзээгүй байна.

            5.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмнө 2014-2021 оны хооронд эрхэлж байсан ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын хэлтсийн даргын албан тушаал нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчийн зэрэглэл, ангиллын ТЗ-9, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолын дагуу ТЗ-10 буюу “Ахлах түшмэл” ангилалд хамаарч байсан бөгөөд тус албан тушаалаас Гаалийн ерөнхий газарт шилжиж, улмаар ******* аймаг дахь Гаалийн газрын гаалийн хорио цээр хариуцсан улсын ахлах байцаагч болж төрийн албаны ангилал, зэрэглэл буурсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            6. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарч байсан улсын хилээр бараа, тээрийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт шалгалт хийх чиг үүрэг нь Гаалийн байгууллагад шилжсэн байна.

            7.Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл

тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно”, 44.3-т “Энэ хуулийн 44.1, 44.2, 44.5-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй”, 66 дугаар зүйлийн 66.1.2-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж тус тус заасан.

            8.Нэхэмжлэгч Д.Г нь өмнө эрхэлж байсан ******* аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалд 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дугаар тушаалаар томилогдож[6], мөн тус байгууллагын даргын 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 92 дугаар тушаалаар тус байгууллагын даргын албан тушаалаас чөлөөлөгдөж[7], 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон[8] талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.  

9.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж, томилох асуудлыг зохицуулсан ба энэ зүйл хэсгийн 27.1.1-д заасны дагуу Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс нөхөн томилохоор зохицуулжээ.

10.Мөн ******* аймгийн Иргэдийн төлөөгчдийн хурлын нарийн бичгийн даргын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар тушаалын хавсралтаар батлагдсан тус байгууллагын ажлын албаны Бодлого зохицуулалт, хууль эрх зүй, хяналтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтоос[9] үзэхэд тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагын “Мэргэжил” хэсэгт “эрх зүй /042/”, “нягтлан бодогч /0411/”, “эдийн засагч /0311/”, “менежмент ба удирдахуй /041301, 041303, 041305/” гэж, “Мэргэшил” хэсэгт “Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдан төгссөн байх” гэж, “Туршлага” хэсэгт “Төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх” гэж тус тус шаардлага[10] тавигджээ.

            11.Харин нэхэмжлэгчийн зүгээс тухайн албан тушаалын тусгай шаардлагад холбогдуулан 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2427 дугаар Удирдлагын академийн “Төрийн удирдлагын арга зүйч, зохион байгуулагч” мэргэшлийн диплом[11], 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А4243 дугаартай “Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалт” сертификатыг[12] тус тус хавтаст хэрэгт гаргаж өгсөн байдаг бөгөөд нэхэмжлэгч нь 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт тасралтгүйгээр 15 гаруй жилийн хугацаанд Төрийн албаны удирдах албан тушаалыг хашиж байсан нөхцөл байдлыг хариуцагч талаас харгалзан үзэх ёстой байсан.  

            12. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “...Миний зөрчигдөж байгаа ганц зүйл нь Засгийн газрын тогтоолоос болж зөрчигдөж байгаа. Гаалийн ажилд шилжүүлсэн нь буруу байгаа. Гааль руу орчоогүй бол ажилгүй байх байсан. Мэргэжлийн хяналт татан буугдаагүй бол миний эрх зөрчигдөхгүй байсан...” гэж тайлбарласан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад  “...Мэргэжлийн хяналт татан буугдахад шууд улсын байцаагчаар томилох ёстой. Үүн дээр гомдол санал гаргасан зүйл байна уу гэхэд тийм зүйл байдаггүй...” гэж тайлбарласан.

13. Дээрх тайлбарын хүрээнд хэргийн оролцогч талууд хэн аль нь нотлох баримтад тулгуурлан тайлбарлаагүй, тухайн тайлбарууд нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд шийдвэр гаргах эрх бүхий захиргааны байгууллага нь өөрийн шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах”, 24.4-д “...захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах...” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй, нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй байна гэж шүүх үзлээ.

            14. Нөгөөтэйгүүр, шүүх нэхэмжлэлийн агуулга, нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцүүлэн шүүхэд гаргаж буй үндэслэл тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөх замаар тэрхүү хүрээнд шийдвэрлэх боломжтой, ийнхүү шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй тохиолдолд шүүх нотлох зарчмын үүднээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

            15. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь ******* аймаг ахь Гаалийн газарт улсын ахлах байцаагчийн албан тушаал буюу дэс түшмэлийн албан тушаалд түр хугацаагаар томилогдохоос өмнө төрийн албаны удирдах албан тушаалыг 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт тасралтгүйгээр 15 гаруй жилийн хугацаанд хашиж байсан нь тогтоогдож байгаа бөгөөд энэ үндэслэл нь ******* аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны Бодлого зохион байгуулалт, хууль эрх зүй, хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллах шаардлагыг хангаж байгаа эсэх, нэхэмжлэгч нь мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсанаар түүний төрийн албан тушаалын зэрэг, дэв буурсантай холбоотойгоор гомдол гаргаж байсан эсэх талаар дахин тодруулж, дүгнэн үзэх шаардлагатай байна.

16.Иймд шүүхийн зүгээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдоос шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн маргаан бүхий *******ийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ******* дугаар тогтоолын нэхэмжлэгч Д.Гт холбогдох хэсгийг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, тухайн хугацаанд хариуцагчийг дахин шинэ акт гаргахыг даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны   ерөнхий   хуулийн  4  дүгээр  зүйлийн  4.2.5,  24  дүгээр зүйлийн  24.1, 24.2, 24.4-т  заасныг тус тус баримтлан *******ийн 2024   оны   4   дүгээр   сарын  26-ны  өдрийн  *******  дугаар  тогтоолын    нэхэмжлэгч

Д.Гт холбогдох хэсгийг хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОДМАА