Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 63

 

  1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

    Нарийн бичгийн дарга: Д.Чойжилсүрэн,

    Улсын яллагч: Г.Ганхөлөг,

    Шүүгдэгч: Э.О өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705013100270 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О, 1990 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт ...бүртгэлтэй, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид биеийн тамирын багш ажилтай, ял шийтгэлгүй, ...тоот регистртэй,

    Шүүгдэгч Э.О нь согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 70 дугаар байрны орцонд иргэн Атэй маргалдаж улмаар биед нь халдаж Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ НЬ:

    Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч Э.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт нэмж мэдүүлэг зүйлгүй” гэв.

    Хохирогч Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчимд эхнэр Содгэрэлийн хамт найз Мягмарын гэрт очсон...эхнэр Содгэрэлийн хамт 02 цагийн үед гэр рүүгээ явсан. Байр руугаа орж 1 давхарт гарсан. Би түрүүлээд орц руу орсон ба араас эхнэр орж ирсэн. Тухайн үед би лифтний өмнө очоод лифт дуудах гэхэд лифтний хажуу талын шат дээр эрэгтэй, эмэгтэй 25-30 орчим насны гэмээр залуучууд хэрэлдээд эмэгтэй нь орилсон байдалтай, болиоч болиоч гээд зогсож байсан. Лифт дуудчихаад би эмэгтэй хүн орилоод байхаар нь “хөөе юу болж байна аа” гээд яваад очиход эрэгтэй нь эмэгтэйгээ зуураад зогсож байсан ба би салгах гэхэд эрэгтэй нь “чи хэн бэ, ямар пизда вэ” гээд намайг заамдаж аваад нүүр, зүүн нүд рүү цохьсон. Тэгээд би доошоо тонгойход толгойны араас ар дагз руу цохиход би ухаан алдаад унасан. Тэгээд намайг яаж зодсон талаар мэдэхгүй. Нэг сэрэхэд ГССҮТ-д хамрандаа гуурстай сэрсэн. Миний зүүн нүд хавдсан, энд тэнд өвдөж хөндүүрлэсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/,

    Гэрч Х.Содгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 21 цагийн орчимд өөрийн нөхөр Алтансүхтэй хамт найз Мягмарын гэрт хоол идэхээр очсон...Нөхөр Алтансүх бид хоёр 02 цагийн орчим гэр рүүгээ явсан. Байрны гадаа очиход Алтансүх түрүүлж орц руу орсон. Тэгээд би араас нь ороход манай нөхрийг О гэх манай орцны 2 давхрын 5 тоотод  амьдардаг залуу зодож байхад манай нөхөр газар унасан. Тэгтэл О манай нөхрийг чирээд гардаг хаалганы шат руу дөхүүлээд дээрээс нь өшиглөсөн. Түүнийг хараад би найзыгаа гэрээс нь дуудахад манай найз Хонгорзул гарч ирээд Огийн эхнэртэй хамт Огийн гаргаж байгаа үйлдлийг болиулах гэж зууралдсан. Алтансүхийн нүүрнээс цус ихээр гарч би тухайн үед цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 5-6/,

    Гэрч Г.Номингийн мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг очиход О найзуудтайгаа караокед цаг нь дуусчихсан гээд ширээгээ цэвэрлүүлсэн согтуу байсан. Би яг юу уусан талаар мэдэхгүй. Тэгээд бид хоёр гэр рүүгээ 01 цаг өнгөрч байхад явсан. Э.О их согтуу тэнцвэрээ олохгүй, гуйваад байсан. Лифтний хажууд зогсож байхад 40 орчим насны эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд лифт хүлээгээд зогсож байхад тэр ах бас халамцуу гэнэт “юу гэнээ пиздаа минь” гэхэд О уурлаж чи юу гээд байгаа юм бэ гээд тэр хоёр барьцалдаж авсан. Тэгээд араас нь эхнэр нь бололтой нэг эгч орж ирсэн ба Ог Алтансүх толгой руу нь гараараа цохьсон. Тэгээд нүд эрмэх зуур зодоон болсон. Эхнэртэй нь хамт явсан гэх эмэгтэй бид хоёр салгах гэж дундуур нь орсон тэгтэл О толгой руу нь цохиод байсан. Мөн Огийн нүүр рүү цохиод байсан. О “хоёулаа гаръя” гэхэд Алтансүх унасан, унахад нь О дээрээс нь унасан тэгээд салцгаасан. Содгэрэл гэх эмэгтэй цагдаа болон эмнэлгийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/,

    Шинжээчийн 14572 тоот дүгнэлтэд: “...Аийн биед хамрын ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгаралт, алимны салстад цус харвалт, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 17/,

    Сэжигтнээр Э.Огийн өгсөн: “...Тэгээд би найзуудаасаа салаад таксинд суугаад эхнэртэйгээ Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 70-р байрны гадаа ирсэн ба тухайн үед би хөл дээрээ тогтож чадахгүй эхнэртээ чирүүлээд орц руу орсон. Тэгээд шатан дээр өгсөж явж байхад 30 гаруй насны эрэгтэй лифт рүү орох гэж байсан чинь юунаас болсон юм нэг мэдэхэд тэр залуутай зууралдсан, цохилцсон байсан. Ингээд орцоор дүүрэн хэрүүл болоод удалгүй цагдаа нар ирээд намайг аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

    Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, компьютер томографикийн оношлогоо /хх-н 18/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 24, 30-33, 57-58, 66/, хохирлын баримтууд /хх-н 37-42/, хохирогчийн хүсэлт /хх-н 46/ зэрэг болно.

    Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

    Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

    Шүүгдэгч Э.О нь согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 70 дугаар байрны орцонд иргэн Атэй маргалдан зодож  Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

    Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,      хохирогч Аийн: “...Лифт дуудчихаад би эмэгтэй хүний орилоод байхаар нь “хөөе юу болж байна аа” гээд яваад очиход эрэгтэй нь эмэгтэйгээ зуураад зогсож байсан ба би салгах гэхэд эрэгтэй нь “чи хэн бэ, ямар пизда вэ” гээд намайг заамдаж аваад нүүр, зүүн нүд рүү цохьсон. Тэгээд би доошоо тонгойход толгойны араас ар дагз руу цохиход би ухаан алдаад унасан. Тэгээд намайг яаж зодсон талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/, гэрч Х.Содгэрэлийн “...Тэгээд би араас нь ороход манай нөхрийг О гэх манай орцны 2 давхрын 5 тоотод залуу зодож байхад манай нөхөр газар унасан. Тэгтэл О манай нөхрийг чирээд гардаг хаалганы шат руу дөхүүлээд дээрээс нь өшиглөсөн. Алтансүхийн нүүрнээс цус ихээр гарч би тухайн үед цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 5-6/, гэрч Г.Номингийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд лифт хүлээгээд зогсож байхад тэр ах бас халамцуу гэнэт “юу гэнээ пиздаа минь” гэхэд О уурлаж чи юу гээд байгаа юм бэ гээд толгой руу нь гараараа цохисон. Тэгээд нүд эрмэх зуур зодоон болсон. Эхнэртэй нь хамт явсан гэх эмэгтэй бид хоёр салгах гэж дундуур нь орсон тэгтэл О толгой руу нь цохиод байсан. Мөн Огийн нүүр рүү цохиод байсан. О “хоёулаа гаръя” гэхэд Алтансүх газар унасан, унахад нь О дээрэс нь унасан тэгээд салцгаасан” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8/, шинжээчийн 14572 тоот дүгнэлтэд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    Шүүгдэгч Э.Огийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

    Шүүгдэгч Э.О нь согтуурсан үедээ хохирогч Атэй маргалдан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

    Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Аийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

    Хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд барагдуулсан, хохирогч гомдол, саналгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан /хх-н 64/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

    Эрүүгийн хариуцлагын талаар:

       Шүүх шүүгдэгч Э.Огийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй болно.   

    Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

    Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

    Улсын яллагч шүүгдэгч Э.Ог 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

    Шүүгдэгч Э.О нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг 2 сарын хугацаанд төлөх боломж олгож өгнө үү гэснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Од шүүхээс оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

    Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

              Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй.

    Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно. 

    Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  2. Шүүгдэгч Ог “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ог 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.Од шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Од хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР