Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/564

 

 

 

 

 

 

   2023            05              25                                       2023/ДШМ/564

                                                       

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас

шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай

дүгнэлтийг хянан хэлэлцэх тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/638 дугаар шийтгэх тогтоолыг “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор Ч.Батбаатарын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтээр Д.О-д холбогдох .............. дугаар материалыг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.О нь …. дүүргийн …. дүгээр хороо……….. яамны баруун хойд замд 2022 оны 03 дугаар сарын 28-ны орой 17 цаг 05 минутын орчим “Ниссан тийда” маркийн ……….. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч А.Э, Д.С нарыг мөргөж эрүүл мэндэд нь тус тус хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Д.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.О-ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.О-с 1.827.377 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Э-т 920.977 төгрөг, хохирогч Д.С-д 906.400 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.С-ийн 1.332.021 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисныг нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд учирсан 11 эмчилгээтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлын талаар хохирогч Д.С, А.Э нараас шүүгдэгч Д.О-д холбогдуулан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Б гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр: шүүгдэгч Д.О нь ………….. дүүргийн …… дүгээр хороо, …………..…. баруун хойд замд 2022 оны 03 дугаар сарын 28-ны орой 17 цаг 05 минутын орчим “Ниссан тийда” маркийн ………………. улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч А.Э, Д.С нарыг мөргөж эрүүл мэндэд нь тус тус хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцож Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 638 дугаартай шийтгэх тогтоолоор Д.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн гэж үзсэн үндэслэл, дүгнэлт: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсээс 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ялтан Д.О-д холбогдуулан эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн бөгөөд шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгуулийг төлүүлэхээр Д.О-ын гэрийн хаягаар зарлан дуудах хуудас хүргүүлэхэд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчтэй холбогдож гэмт хэрэгт холбогдож, шүүхээр ял шийтгүүлж байгаагүй талаар мэдэгдсэн тул торгох ялыг биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. С.Б нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны орой зам тээврийн осол гаргасан хэрнээ үеэл дүү Д.О-ын нэр, регистрийн дугаарыг хэлж мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.О-ын жолоочийн үнэмлэх болон бусад холбогдох бичиг баримтыг хэрэгт гаргаж өгснөөр 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт Д.О нь шүүхээр ял шийтгүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “С.Б гэгч нь Д.О-ын бичиг баримтыг ашиглан гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн...” нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 638 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг Тээврийн прокурорын газарт буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн. ...” гэжээ.

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бидний зүгээс энэ асуудлаа үнэн зөвөөр шийдвэрлүүлэх саналтай байна. Прокурорын дүгнэлтийг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Ч.Батбаатарын бичсэн дүгнэлтийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэж прокуророос ирүүлсэн Д.О-д холбогдох материалын бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно. ...” гэж, 3 дахь хэсэгт “...Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна. ...” гэж, 4 дэх хэсэгт “...энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ. ...” гэж тус тус хуульчилжээ.

Хавтас хэрэгт авагдсан материалыг судлан үзэхэд, 5-46, 60-61, 63-76 дугаар талд авагдсан бичгийн баримтууд болон шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/638 дугаар шийтгэх тогтоол /хх 6-15/ нь мөн нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар баримт тул шүүх үнэлж шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул прокурор эдгээр бичгийн баримтуудыг зохих эрх бүхий байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэв. 

Иймд прокурорын шүүхэд ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул прокурорын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаатарын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж, Д.О-д холбогдох материалыг Тээврийн прокурорын газарт буцаасугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

 

                                 ШҮҮГЧ                                                               Т.ШИНЭБАЯР

 

                     ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ