Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2024/03949

 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр

 

 

 

 

  Дугаар 183/ШШ2024/03949

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Элит 25 байр, 0 тоотод оршин суух, Б овогт П-агийн Н /РД:000/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0дугаар хороо, river villa 8/1 байр, 8/1 орц 16 давхарт 0 тоотод байрлах, Г ХХК /РД:000/-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлтолыг бичгээр байгуулахыг даалгах, ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, 2022 оны 11, 12 сар, 2023 оны 01 сарын дутуу орсон цалин хөлс болох 990.234 төгрөг гаргуулах, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 6.204.545 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын цалин 600.000 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хариуцагчийн өмгөөлөгч С.С, нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  П.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  П.Н миний бие нь тус компанид 2022 оны 11 сарын 17-ны өдрөөс “Тамга хариуцсан ажилтан"-аар ажилд орсон. Ажил олгогчийн тайлбарласнаар санхүүгийн ажилтнуудад хяналт тавих, ямар албан бичиг, баримт дээр тамга ашиглаж байгааг мэдэгдэх чиг үүрэгтэй байсан. Анх ажилд ороход бичиг баримт, гэрээн дээр дээр тамга дарахаас өөр ажил хийхгүй гээд үндсэн цалин 4000 юань, цалин хөлсийг шилжүүлсэн өдрийн Монгол банкны ханшид шилжүүлэн олгохоор тохиролцсон боловч цалингаа бүтэн авч байсан боловч ажлын чиг үүргээс хамааралгүй ажлуудыг (хоол хийх, 200м2 гаруй талбайтай гэрээ цэвэрлүүлэх, худалдан авалт хийлгэх, оффисын дотоод засал тохижуулалтын ажлыг хийлгэх) хүчээр хийлгэдэг байсан. Ажилд анх ороход хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулья гэхэд “... бүх ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй байгаа, хуульчаас хөдөлмөрийн гэрээний төсөл бэлэн болохоор гэрээг чинь байгуулна" гэж хэлээд өдийг хүртэл хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж байсан. Ажилд орсон хугацаанаас эхлэн санхүүгийн албаны 3 ажилтан намайг тамга хариуцах болсонд илтэд дургүйцэж, ажлаа хаяж явсан. Гүйцэтгэх захирлын хэлснээр "тэд нарт компанийн нууц байгаа, тэгэхээр эд нарыг явуулж болохгүй” гээд тамгыг буцаан санхүүгийн хүмүүст өгсөнөөр тэд ажилдаа ирсэн. Улмаар миний бие 2022 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн “хүний нөөц бүртгэл хариуцсан ажилтан" албан тушаалд ажиллах болсон бөгөөд мөн л хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй болно. Миний бие анх ажилд орсон 2023 оны 11 сарын 17-ны өдрөөс 2 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 өдөр ч амраагүй, ажлын тогтсон цаг байхгүй, зарим өдөр хонож ажилладаг байсан ба өдөр бүр багадаа 4 цаг илүү ажилласан байсан боловч илүү цагийн нэмэгдэл хөлс (364 цаг илүү ажилласан, 17045 төгрөг)-ийг авч байгаагүй. Мөн ажиллах хугацаандаа ажилдаа алдаа дутагдал гаргаагүй, чин сэтгэлээсээ ажилласан боловч 11, 12, 1 сарын цалин 990.234 төгрөгийг дутуу олгосон. Хариуцагч компани өөрийн ажлыг хийлгэхээс гадна И ХХК, Г ХХК-д жолооч бүртгэлтийн ажлыг давхар хийлгэдэг байсан. Ажиллаж байх хугацаанд ажлын нөхцөлөөр хангаагүй буюу компанийн гал тогоонд ажлаа хийдэг байсан үе ч байдаг. Санхүүгийн албанд "цалин хөлсийг дутуу бодож олгосон байна, илүү цагийн хөлс авья" гэж хэлэхэд "Түо даргад хэл, бид нар ч угаасаа илүү цагийн хөлс авдаггүй" гэж хэлсэн. Улмаар Гүо даргад цалин хөлс дутуу орж байгааг хэлэхэд арга хэмжээ аваагүй, 2023 он 02 сарын 15-нд өглөө ажилдаа очиход Гүйцэтгэх захирал Яанг фэнг тао дарга “ажлаа хүлээлгэж өг, одоо чи ажиллах шаардлагагүй" гэж хэлсэн бөгөөд “ажлаас халагдсан тушаалаа авья" гэж хэлэхэд “би мэдэхгүй" гэсэн, удаа дараа хэдэн өдөр ажлаасаа халагдсан тушаалаа авья гэж хэлэхэд “хуульч чамтай ярина" гэж хэлсэн боловч одоо хүртэл яриагүй, хариу өгөөгүй. Ингээд 2023 оны 03 сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ажил олгогч "Г" ХХК-д холбогдуулан гомдол гаргасан. Улмаар  Хан-Уул дүүргийн  Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос 2023 оны 03 сарын 27-ны өдөр 60 дугаар бүхий хуралдааны тэмдэглэл үйлдэж, Хуралдааны тэмдэглэлийн VI-р хэсэгт ажил олгогч Г ХХК-нд Хүний нөөц бүртгэл хариуцсан ажилтан ажилд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгах, ажилгүй байсан 1 нэг сарын цалин хөлс болох 990.234 төгрөгийг гаргуулах, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 6.204.545 төгрөгийг гаргуулах ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн байна. Гэвч хариуцагч компани тус шийдвэрийн дагуу ажилтны гомдлыг сайн дураар шийдвэрлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154.11 дэх заалт, Монгол улсын Засгийн газрын 2022 оны 04 сарын 13-ны өдрийн тогтоолоор батлагдсан. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрэм-ийн 3.15-д заасан журмын дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 03 сарын 27-ны өдрийн Дугаар 60 тоот хуралдааны тэмдэглэлийг баталгаажуулах хүсэлтийг тус шүүхэд гаргасан болохыг дурдаж байна. Иймд хариуцагч компанид холбогдуулан Хүний нөөц бүртгэл  бүртгэл хариуцсан ажилтан ажилд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгах, ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулах, 2022 оны 11,12 сар, 2023 оны 1 сарын дутуу орсон цалин хөлс болох 990.234 төгрөгийг гаргуулах, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 6.204.545 төгрөгийг гаргуулах, ээлжийн амралтыг цалинг 600.000 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

- Г ХХК-д урьд нь эрхэлж байсан хүний нөөц бүртгэлийн албан тушаалд эргүүлэн томилуулах, Ажилгүй байсан хугацааны цалин 2023.2.15-наас 2024.1.22-ныг өдрийг хүртэл 11 сарын цалин болох 44.000 юанийг 11*4000=44000 тухайн өдрийн монгол банкны албан ханш 473,56 төгрөгөөр тооцон 20.836.640 төгрөг гаргуулах, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгах, 2022 оны 11, 12 сар, 2023 оны 1 дүгээр саруудын дутуу орсон цалин болох 990.234 төгрөгийг гаргуулах, илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс 6.204.545 төгрөгийг гаргуулах,  ээлжийн амралтын цалин 600.000 төгрөгийг гаргуулах нийт 28.631.419 төгрөг, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:   П.Н нь Г ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс тээврийн бүртгэл хариуцсан ажилтнаар ажиллаж эхэлсэн. Анх тамга хариуцсан ажилтнаар ороод тухайн үед тээврийн бүртгэл хариуцсан ажилтнаар ажил үүргээ гүйцэтгэж байгаад  ажилд орсноос нь хойш 14 хоногийн дараа 2022 оны 12 сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирлын тушаал гаргасан байдаг. Гүйцэтгэх захирлын тушаалаар Тээврийн бүртгэл хариуцсан ажилтнаар 3 сарын хугацаанд туршилтын ажилтнаар ажиллуулахаар тушаал гаргасан. Тус тушаалын дагуу П.Н нь Г улсын  ХХК-д ажил үүргээ гүйцэтгэж явж байсан. Ажил үүргээ гүйцэтгэх явцдаа П.Н тухайн компанийн бизнесийн үндсэн үйл ажиллагаа болох тээврийн үйл ажиллагаатай холбогдуулаад ачаа тээврийн тендерт оролцох бичиг баримт боловсруулах ажилд үндсэн ажлынхаа чиг хүрээнд хариуцаж ажиллаж байсан. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэх захирлаас итгэмжлэл авч, тендерийн үйл ажиллагаанд компанийн бичиг баримтыг бүрдүүлэх, холбогдох хүсэлтийг өгөх, компанийн төлөөлөх эрх хэмжээний хүрээнд ажиллаж байгаад тухайн ажил үүрэгтээ хайхрамжгүй хандаж, бичиг баримтын бүрдүүлбэр дутуугаас болж, тендерийн үйл ажиллагаанаас Г ХХК хасагдсан нөхцөл байдалтай холбогдуулан П.Н-нд тухайн ажил үүрэгтээ хайхрамжгүй хандаж, компанийн үйл ажиллагаанд доголдол учруулсан, хөдөлмөрийн харилцаанд үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн туршилтын хугацаагаар байгуулсан гэрээг 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болгосон. 02 дугаар сарын 15-ны өдөр П.Н-д ажил үүргээс чөлөөлж байгаа, цаашид туршилтын хугацаагаар ажиллуулах, хөдөлмөрийн харилцааг сунгах боломжгүй гэдгийг ажил олгогчийн зүгээс тушаалыг танилцуулж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Илүү цагаар ажиллуулсан гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарладаг. Нэхэмжлэгч нь Г ХХК-д ажиллахдаа хөдөлмөрийн хуульд заасан цагаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар цагийн бүртгэл, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа. Г ХХК-д П.Н-г илүү цагаар ажиллуулж байсан нөхцөл байдал байхгүй. Тийм учраас илүү цагаар ажиллуулж байсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.  Хүний нөөцийн ажилтны ажлын байранд эгүүлэн тогтоолгож, хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байдаг. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой. П.Н-нг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар тээвэр бүртгэлийн ажилтан гэх ажлын байранд ажиллуулдаг байсан бөгөөд хүний нөөцөөр ажиллуулж байсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч хүний нөөцөөр ажиллаж байсан гэдгээ тухайн Эрдэнэс таван толгойн тендерт оролцохдоо Г ХХК-ийг төлөөлж байгаа хүрээнд хүний нөөцийн менежерээс бичиг баримт гаргуулж авсан байгаа юм. Ажил олгогчийн зүгээс П.Н-нг ажиллуулж байсан ажлын байр нь хүний нөөц биш, үүнтэй холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр гаргаж байгаагүй. Тиймээс П.Н-г буцаан хүний нөөцийн менежер ажилд буцаан томилох боломжгүй. Тээврийн бүртгэлийн ажилтнаар ажиллуулж байсан нь үнэн. Хөдөлмөрийн гэрээг нөхөж байгуулах асуудал байдаг, гэтэл гарын үсэг зураагүй, баталгаажуулаагүй, нөхцөл байдал байдаг, үүнийг ажил олгогчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа, хугацаатай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг эхлүүлсэн байдаг. Тэр талаар тушаал дээр тодорхой дурдсан байгаа, 3 сарын хугацаанд тээвэр бүртгэлийн ажилтан гэх албан тушаалыг баталгаажуулж өгөх боломжтой, хүний нөөцийн менежерээр П.Н-г ажиллуулж байгаагүй учраас нөхөж гэрээ байгуулах боломжгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна, илүү цагаар ажиллуулсан, цалин хөлс дутуу олгосон гэдэг асуудлыг ярьсан байдаг. П.Ннь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажиллаж эхэлсэн гэдгийг ажил олгогч болон нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа. Талууд харилцан зөвшилцөж, цалин хөлсийг тохиролцоод тухайн үед цалингаа авч байсан, гомдол санал гараагүй, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлээд явж байсан. Илүү цагийг мөнгийг бодоогүй гэх асуудал байсан бол П.Н тухайн үедээ гомдол гаргах боломжтой байсан, гэтэл энэ цаг хугацаанд ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй. Ээлжийн амралтын цалингийн хувьд П.Н-г ажлаас нь гарахад нь цалин хөлсийг олгохдоо ээлжийн амралтын цалинг бодоогүй  орхилдуулсан зүйл байх шиг байсан. Сүүлд дутуу олгосон цалин хөлсийг шилжүүлсэн байсан, түүнтэй хамт ээлжийн амралтын мөнгө олгогдсон байх. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,иргэний үнэмлэхний хуулбар,  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023.03.27-ны өдрийн №0 дугаар Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан  зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, 2022.11.25- 2023.02.28-ны өдрийн хоорондох дансны хуулга, / 36-40 хуудас авагдсан  2022.12.01-ний өдрийн Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал,2022.12.29-ний өдөр хийсэн хөлсөөр ажиллах гэрээий хавсралт №1, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл зэрэг  баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна.107-141, 197-226  хуудсанд авагдсан баримтууд нотлох баримтууд хангаагүй, 2024.06.19-ний өдрийн Монгол шуудангийн баримт  зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.04.19-ний өдрийн итгэмжлэл, хариу тайлбар, 2023.02.14-ний өдрийн Г улсын тээврийн ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал,2022.01.10-ны өдрийн №0/03 дугаар Г  ХХК-ийн журам батлах тухай, хөдөлмөрийн дотоод журам, 2023.02.04-ний өдрийн Гуо хуй олон улсын тээврийн ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн дотоод журам, Ажилтан сонгон шалгаруулж, ажилд авах тухай журам, 2022.12.01-ний өдрийн №0/0  дугаар Туршилтын хугацаагаар ажилд томилох тухай  Г ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, 2022.12.29-ний өдрийн Хөлсөөр ажиллах гэрээ, гэрээний хавсралт №1, 2023.01.12-ны өдрийн итгэмжлэл, Эрдэнэс таван толгой хувьцаат компанийн нүүрс тээврийн үйлчилгээг ерөнхий гэрээгээр худалдан авах тендерийн баримт бичиг, тендерийн баталгаа мэдэгдэл, гн ХХК-иас  Төрийн худалдан авах ажиллагааны газарт итгэмжлэгдсэн бичиг, мэдэгдэл хүргүүлэх тухай, Төрийн худалдан авах ажиллагааны газраас Г  ХХК-д мэдэгдэл хүргүүлэх тухай, Монгол Улсын сангийн яамаас Төрийн худалдан авах ажиллагааны газарт гомдол хянасан тухай албан бичиг, П.Н-ийн ээлжийн амралтын цалингийн баримт, П.Н-йн Ээлжийн амралтын цалингийн баримт, Г ХХК-ийн ажилтан П.Н-д олгосон цалингийн хүснэгт, 2022.12.15-ны өдрийн 38 дугаар Зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын мэдэгдэл,  2023.02.03-ны өдрийн Гуо хуй олон улсын тээврийн ХХК-иас Өмнөговь аймаг Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт мэдэгдлийн хариу, 152-173 талд авагдсан 2022 оны 11 сарын 17-оос 2023 оны 02 сарын 15 хүртэл хийсэн ажлууд эдгээр баримтууд нотлох баримтууд шаардлага хангаагүй.  2023.02.13-ны өдрийн Зөрчил бүртгэх хуудас, Г ХХК-ийн 2023 оны 2-р сарын цагийн бүртгэл, 2024.04.17-ны өдрийн итгэмжлэл зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

 

Шүүх  зохигчдын хүсэлтээр гэрч Б.А, Б.С нарыг асуусан. Үзлэг хийсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

П.Н  урьд нь эрхэлж байсан хүний нөөц бүртгэлийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлтолыг бичгээр байгуулахыг даалгах, ажилд эгүүлэн томилогдох хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, 2022 оны 11, 12 сар, 2023 оны 01 сарын дутуу орсон цалин хөлс болох 990.234 төгрөг гаргуулах, илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 6.204.545 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын цалин 600.000 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Г ХХК-нд холбогдуулан гаргажээ.

 

Хариуцагч Г  ХХК П.Н тээврийн бүртгэл хариуцсан ажилтнаар 3 сарын туршилтын хугацаар ажиллаж байхдаа ажил үүргийн хуваарийн дагуу тендерийн материал бэлдэж байхаад хайнга хандаж, компанид хохирол учруулсан тул хөдөлмөрийн харилцааг зогсоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Г ХХК-ийн 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 103/22 захирлын тушаалаар П.Н-г 2022.12.01-ний өдрөөс жолооч бүртгэлийн ажилтан албан тушаалд 3 сарын туршилтын хугацаанд томилон, сарын 800.000 төгрөгөөр цалинжуулахаар тушаал гаргажээ. /хх-ийн 82/

 

Г ХХК-ийн захирлын 2023 оны 2 сарын 14-ний өдрийн 28/23 тушаалаар П.Н  нь хөдөлмөрийн дотоор журамд заасны дагуу эхний 3 сарын туршилтын хугацаагаар ажиллуулсан боловч ажил үүрэгтээ хайнга хандсан /байгууллагад хохирол учирсан/ тул үндсэн ажилтнаар Хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй гэж шийдвэрлэж, П.Н  нь туршилтын хугацаагаар ажиллахдаа 2023.2.10-ны өдрөөс эхлэн ажлын байранд 3 хоног ирээгүй нь хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан байх тул туршилтын хугацаа дуусахаас өмнө хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 41 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч П.Ннэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... хүний нөөц бүртгэл хариуцсан албан тушаалд Ян фен тао захирал авсан, энэ албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй...” гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд тэрээр жолооч бүртгэлийн ажилтнаар туршилтын хугацаанд ажиллаж байжээ.

 

Г  ХХК-ийн захирлын 2022.12.01-ний өдрийн ТЗТ-22/12-01 тушаалаар намайг хүний нөөцийн бүртгэл хариуцсан ажилтнаар томилсон гэх боловч хэрэгт өгсөн /хх-ийн 192/ тушаал нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нэхэмжлэгчийн гар утаснаас үзлэг хийж бэхжүүлэн авсан, гэрч Б.С-ийн “...П.Н-г хүний нөөцийн бүртгэл хариуцсан албан тушаалд авч байгаагүй, 2023.01.04-ний өдөр П.Н-нг тендерт бүртгүүлэх хэрэгтэй байна гээд зөвхөн тендерт ашиглах зорилгоор хүний нөөцийн бүртгэл хариуцсан ажилтан гэдэг тушаал гаргасан” гэх мэдүүлэг зэргээр П.Н-г хүний нөөцийн бүртгэл хариуцсан ажилтнаар ажиллаж байсан гэх байдал үгүйсгэгдэж байна.

 

Ажил олгогч Г  ХХК Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно”, 64.2-т “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно” гэж заасны дагуу ажилтан П.Н-г жолооч бүртгэлийн ажилтан албан тушаалд 3 сарын хугацаагаар томилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

 

Дээрх хуульд заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдлийг гаргасан байхыг ойлгохоос гадна хөдөлмөрийн гэрээгээр талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

 

Ажил олгогч П.Н-нг жолооч бүртгэлийн албан тушаалд ажлуулж байхдаа “…тендерийн баримт бүрдүүлэхийг даалгасан, тэрээр ажилдаа хайнга хандасны улмаас компанид хохирол учируулсан…” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байгаа боловч жолооч бүртгэлийн ажилтны ажил үүргийн хуваарьт тендерийн материал бүрдүүлэх ажил үүрэг хамаардаг эсэх, тендерт орж чадаагүйн улмаас тус компанид ямар хохирол учирсан талаар баримтгүй байна.

 

Г  ХХК П.Н-энг туршилтын хугацаагаар ажлуулах 3 сарын хугацаа дуусаагүй байхад буюу 2023.02.14-ний өдөр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл, хөдөлмөрийн дотоод журамд заасан ямар ноцтой алдаа гаргасан талаар дурдаагүй ба мөн хуулийн 64.5-д Туршилтаар ажиллах ажилтанд хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нэгэн адил үйлчилнэ гэж заасныг зөрчжээ.

 

Ажилтанг ажлаас чөлөөлсөн тушаалд 2023 оны 2 сарын 10-наас хойш 3 хоног ажил тасалсан гэх боловч тус компанийн хөдөлмөрийн дотоод журмийн 7 дугаар зүйлийн аль үндэслэлд хамаарч байгаа нь тодорхойгүй, хариуцагчийн гаргаж өгсөн цагийн бүртгэлээс үзвэл 2 сарын 10, 13-ны өдрүүдэд тасалсан, 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан байна.

 

Иймд П. Г р ХХК-нд жолооч бүртгэлийн ажилтан ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж хуульчилсан.

 

П.Н ажилгүй байсан хугацааны цалин 2023.2.15-наас 2024.1.22-ныг өдрийг хүртэл 11 сарын цалин болох 44.000 юанийг тухайн өдрийн монгол банкны албан ханш 473,56 төгрөгөөр тооцон 20.836.640 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд тэрээр гүйцэтгэх захирал ажилд авахдаа үндсэн цалин 4000 юанаар тохирсон гэх боловч энэ нь баримтаар тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалтай компани Монгол Улсын мөнгөн дэвсгэртээр цалин хөлс олгох бөгөөд П.Н-ийн сарын 800.000 төгрөгийн үндсэн цалинтай болох нь түүнийг ажилд авсан  тушаалаар тогтоогдож байна. 

 

Иймд ажилтаны ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 2023.2.14-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарч байгаа 2024.10.02-ны өдөр хүртэл нийт 21 сар, ажлын 13 хоногийн цалин 17.295.238 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

/2023.2.14-нөөс 2023.10.02 хүртэл 21 сар, ажлын 13 хоног, 800.000:21=38.095 төгрөг нэг өдрийн дундаж цалин, 21сарх800.000=16.800.000 төгрөг, 38.095х13хоног=495.238 төгрөг, 16.800.000+495.238=17.295.238 төгрөг/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд П.Н-ийн ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 17.295.238 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг Гуо хуй олон улсын тээвэр ХХК-нд даалгах нь хуульд нийцнэ.

 

П.Н хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгах шаардлага гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Хүндэтгэн үзэх шалтгаанаар гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй” гэж хууль зохицуулсан бөгөөд  Г улсын тээвэр ХХК хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул П.Н-нтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг даалгах нь зүйтэй байна.

 

Ажилтан 2022 оны 11, 12 сар, 2023 оны 1 дүгээр саруудын дутуу орсон цалин болох 990.234 төгрөг, илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс 6.204.545 төгрөгийг гаргуулах,  ээлжийн амралтын цалин 600.000 төгрөг тус тус гаргуулахаар шаардажээ.  

 

Хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 11, 12 сар, 2023 оны 1 сарын цалин дутуу орсон, П.Н хэдэн өдөр хэдэн цаг илүү цагаар ажилласан, ээлжин амралтын цалин олгоогүй гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул П.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагаас эдгээрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар П.Н-г Г ХХК-ийн жолооч бүртгэлийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар Г  ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговор 17.295.238 төгрөг гаргуулж, П.Н-д олгож, энэ олговороос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг Гуо х ХХК-нд даалгасугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар П.Н-тэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулахыг Г ХХК-нд даалгасугай.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар 2022 оны 11, 12 сар, 2023 оны 1 дүгээр саруудын дутуу орсон цалин болох 990.234 төгрөг, илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс 6.204.545 төгрөг, ээлжийн амралтын цалин 600.000 төгрөг тус тус гаргуулах П.Н-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар П.Н-нгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар П.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161.187 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, П.Н-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Гу ХХК-иас 244.426 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.  

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                            Г.СОЛОНГО