Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунсүрэнг суулган улсын яллагч Л.Мөнхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, шүүгдэгч Д.Чулуундорж, Ц.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Доржийн Чулуундорж, Боржигон овогт Цэрэндоржийн Баярсайхан нарт холбогдох эрүүгийн 1821000000031 дугаартай хэргийг 2018 оны 02 сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 1948 оны 7 сарын 20-ны өдөр төрсөн, 70 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг “Ачаа давдаг” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЛЙ48072071 регистрийн дугаартай, Боржигон овогт Доржийн Чулуундорж.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1965 оны 7 сарын 08-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6,  хадам ээж, эхнэр, 3 хүүхдийн хамт Хэрлэн сумын 7 дугаар баг 44 дүгээр байрны жижүүрийн байранд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 5 сарын 15-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж байсан, ЖЗ65070812 регистрийн дугаартай, Боржигон овогт Цэрэндоржийн Баярсайхан.

 

  Шүүгдэгч Д.Чулуундорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 1 сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны жижүүрийн байранд Ц.Баярсайханы цээжин тус газар хутгаар хутгалж хөнгөн хохирол учруулсан,

  Шүүгдэгч Ц.Баярсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Халдвартын эмнэлгийн хашаанд байх С.Оюунтулгын гэрт Д.Чулуундоржийн толгойн тус газар шилэн стаканаар цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Чулуундорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Ц.Баярсайханы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Гэрч Д.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...Манай нөхөр Баярсайхан согтсондоо болоод намайг элдвээр харааж загнаад байхад хажууд сууж байсан Чулуундорж ах гэнэт уурлаад босч ирээд чи яагаад авгайгаа доромжилдог юм бэ? гэж хэлээд шар өнгийн бариултай жижиг хутга гаргаж ирээд манай нөхөр Баярсайханы хэвлий орчимд нь 2-3 удаа хатгасан. Тэгэхэд Баярсайханы гэдэснээс цус гарахад хувцсаа өмсөөд гараад гүйгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

Гэрч С.Оюунтулга мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 01 сарын 15-ны өдөр намайг гэртээ ганцаараа байж байхад орой 20 цаг өнгөрч байхад гаднаас манай найз Баярсайхан, асрамжийн төвд байдаг байсан Чулуундорж гэх өвгөнтэй хамт архи уусан байдалтай манай гэрт орж ирсэн. Тэгээд тэр хоёр гаднаас авч ирсэн 1 шил 0.75 граммын  Ерөөл архиа хувааж уугаад хоорондоо чангаар юм яриад сууж байхаар нь би 00 орохоор гараад удалгүй орж ирэхэд Чулуундоржийн толгой хагарч цус гарсан байдалтай суучихсан, хажууд нь Баярсайхан зогсож байсан. Мөн гэрт байдаг жижиг стаканан аяга хагарсан байхаар нь би яасан юм бэ? гэж асуухад Баярсайхан надад хандаж Чулуундорж над руу аяга шидэхээр нь би барьж байсан шилэн стаканаараа толгой руу нь цохисон гэж хэлэхээр нь би чи хүн аллаа ш дээ гэж хэлээд Баярсайханыг гэрээсээ гаргаж явуулаад Чулуундоржийн толгойных нь хагарсан хэсэг дээр алчуур тавьж тогтоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 104 тоот дүгнэлтэд: "1.Ц.Баярсайханы биед цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэжээ. /хх-ийн 33/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 99 тоот дүгнэлтэд: "1.Д.Чулуундоржийн биед зулайн хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-ийн 36/

-Шүүгдэгч Д.Чулуундоржийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 18/

-Шүүгдэгч Ц.Баярсайханы хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Д.Чулуундорж нь согтуурсан үедээ 2018 оны 01 сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны жижүүрийн байранд хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Баярсайхантай маргалдан түүний цээжин тус газар хутгаар хутгалж хөнгөн хохирол санаатай  учруулсан, шүүгдэгч Ц.Баярсайхан нь согтуурсан үедээ 2018 оны 01 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Халдвартын эмнэлгийн хашаанд байдаг С.Оюунтулгын гэрт Д.Чулуундоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний толгойн тус газар шилэн стаканаар цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Чулуундоржийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Баярсайхан_ Цэцэгмаатай маргалдаад хэл амаар доромжлоод байхаар  нь миний дургүй хүрээд өөрийнхөө жижиг хутгыг гаргаж ирээд Баярсайханыг 2-3 удаа хатгасан...“ гэх мэдүүлэг /хх-ийн 43/, шүүгдэгч Ц.Баярсайханы мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Бид хоёр үг ярианаасаа болж хоорондоо маргалдахад Чулуундорж архи ууж байсан шилэн стаканаараа намайг далайхаар нь би стаканыг нь булааж аваад Чулуундоржийн толгой руу нь цохиход стакан хагарсан...” гэх /хх-ийн 44-45/ мэдүүлгүүд, мөн түүнийг давхар нотолсон гэрч Д.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...манай нөхөр Баярсайхан согтсондоо болоод намайг элдвээр харааж загнаад байхад хажууд сууж байсан Чулуундорж ах гэнэт уурлаад босч ирээд чи яагаад авгайгаа доромжилдог юм бэ? гэж хэлээд шар өнгийн бариултай жижиг хутга гаргаж ирээд манай нөхөр Баярсайханы хэвлий орчимд нь 2-3 удаа хатгасан” /хх-ийн 27/ гэх мэдүүлэг, гэрч С.Оюунтулгын мөрдөн байцаалтад өгсөн “...Гэрт байдаг жижиг стаканан аяга хагарсан байхаар нь би яасан юм бэ? гэж асуухад Баярсайхан надад хандаж “Чулуундорж над руу аяга шидэхээр нь би барьж байсан шилэн стаканаараа толгой руу нь цохисон” гэж хэлэхээр нь би “Чи хүн аллаа ш дээ?” гэж хэлээд Баярсайханыг гэрээсээ гаргаж явуулаад Чулуундоржийн толгойных нь хагарсан хэсэг дээр алчуур тавьж тогтоосон” /хх-ийн 28/ гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 104, 2018 оны 01 сарын 19-ний өдрийн 99 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Д.Чулуундоржид учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Ц.Баярсайханы санаатайгаар хохирогчийн толгой руу нь стакан аягаар цохисон, хохирогч Ц.Баярсайханд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.Чулуундоржийн санаатайгаар хохирогчийн цээжин тус хэсэгт хутгаар хутгалсан үйлдэлтэй тус тус шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Чулуундорж, Ц.Баярсайхан нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, үйлдсэн хэрэг нь  хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгч нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Д.Чулуундорж, Ц.Баярсайхан нар нь шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар Д.Чулуундорж, Ц.Баярсайхан нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.  

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана”, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт тус бүр 450 дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг/ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.      

Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн шар өнгийн 1 ширхэг хутга, ногоон өнгийн футболка зэргийг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Д.Чулуундоржийн ЛЙ48072071 регистрийн дугаартай, шүүгдэгч Ц.Баярсайханы ЖЗ65070812 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбаруудыг шүүгдэгч нарт тус тус буцаан олгосугай.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт  хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүйг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Доржийн Чулуундорж, Боржигон овогт Цэрэндоржийн Баярсайхан нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Доржийн Чулуундоржийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цэрэндоржийн Баярсайханыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чулуундорж, шүүгдэгч Ц.Баярсайхан нарын цалин орлого олох боломжийг харгалзан тэдэнд тус бүр оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирсэн шар өнгийн 1 ширхэг хутга, ногоон өнгийн футболка зэргийг устгаж, бичгийн баримтаар хураагдан ирсэн Д.Чулуундоржийн ЛЙ48072071 регистрийн дугаартай, шүүгдэгч Ц.Баярсайханы ЖЗ65070812 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбаруудыг шүүгдэгч нарт тус тус буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт  зааснаар  энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Чулуундорж, Ц.Баярсайхан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ЭНХБААТАР