Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 32

 

 

   2023          05           23                                      2023/ДШМ/32

 

Э.Ганцоожид холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Алтангүл, нарийн бичгийн дарга С.Аззаяа нарыг оролцуулан,

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Алтангүлийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Э.Ганцоожид холбогдох эрүүгийн 2336000000050 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 2006 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч, ам бүл-6, эх, эцэг, ах, дүү нарын хамт амьдрах, Ховд аймгийн Мөнххайрхан сумын 1 дүгээр /Алаг багт/ оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Мянгад ургийн овогт Эрдэнэбаатарын Ганцоож, регистрийн дугаар: ПЙ06251119

 

2. Өсвөр насны шүүгдэгч Э.Ганцоож нь 2023 оны 02 дугаар сарын сарын 04- ний орой 20 цагийн орчимд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 4 дүгээр /Сэнхэр/ багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас О.Баярсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

3.Ховд аймгийн Прокурорын газраас Э.Ганцоожийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Өсвөр насны шүүгдэгч Мянгад ургийн овогт Эрдэнэбаатарын Ганцоожийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ганцоожийг 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийн эдлэх ялыг 2 дахин багасгаж 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

 

4.4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ганцоожид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор тогтоож,

4.5 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ганцоожоос 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөг гаргуулж хохирогч О.Баярсайханд олгож,

4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэж,

4.7 Өсвөр насны шүүгдэгч Э.Ганцоож нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлж

4.8 Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах, гомдол эсэргүүцэл гаргах ба бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл бичихгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

5. Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор "...өсвөр насны шүүгдэгч Э.Ганцоожид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэдий ч өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...хор уршгийн шинж чанар, хувийн байдал..." зэрэг шалгуур нөхцөл байдал хангагдаагүй тул прокурорын саналын хүрээнд улсын яллагчийн өсвөр насны шүүгдэгчийг "зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх" саналыг үндэслэлгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 2 дахин багасгаж 1 сарын хугацаагаар түүний оршин суух Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэж, өсвөр насны шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж дүгнээд ...өсвөр насны шүүгдэгч Мянгад ургийн овогт Эрдэнэбаатарын Ганцоожийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Эрдэнэбаатарын Ганцоожийг 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Эрдэнэбаатарын Ганцоожид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор тогтоож шийдвэрлэжээ.

5.2 Шийтгэх тогтоолыг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Прокурорын яллах дүгнэлт болон прокурорын санал тус тус үйлдэх үедээ прокуророос хууль зүйн дүгнэлт хийж, прокурорын яллах дүгнэлтийн хавсралтын хэсгийн 9 дэх заалт болон прокурорын саналд тус тус өсвөр насны яллагдагч Эрдэнэбаатарын Ганцоожид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, мөн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг, өсвөр насны яллагдагч Эрдэнэбаатарын Ганцоожид оногдуулах 2 сарын хугацаанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр дахин багасгаж 1 сарын хугацаанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, өсвөр насны яллагдагч Эрдэнэбаатарын Ганцоожийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаанд Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх саналыг тус тус гаргаж, гаргасан саналыг өсвөр насны яллагдагч Эрдэнэбаатарын Ганцоожид танилцуулахад, зөвшөөрсөн мөн өсвөр насны яллагдагч Эрдэнэбаатарын Ганцоожид ямар нэгэн албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж дүгнээд дээрх саналуудыг улсын яллагчаас шүүх хуралдааны явцад дахин гаргасан байна.

5.3 Гэтэл шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд өсвөр насны Яллагдагч Эрдэнэбаатарын Ганцоожийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "...шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана..." гэж заасныг ноцтой зөрчсөн зөрчил болжээ.

5.4 Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

6 Шүүгдэгч түүний өмгөөлөгч Х.Алтангүл нарын давж заалдсан гомдлын агуулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

6.1  Анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь өөрөө хүнд ялын төрөлд хамаарах бөгөөд Ерөнхий боловсролын сургуульд сурдаг сурагчийн сэтгэл зүйд нь нөлөөлж, дахин гэмт хэрэгт холбогдох, суралцахуйн чадварт сөргөөр нөлөөлөх, цаашлаад их сургуулиа төгсөөд ажилд орох, гадаадад тэтгэлэгтэй сурахад "Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт" шаардахад ирээдүйн амьдралд сөргөөр нөлөөлж, боломжийг хааж байгаа зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэж байна. Ял бол дарамт учруулах ёсгүй бөгөөд нийгэмшүүлэх, хор уршгийг арилгахад чиглэх ёстой билээ. Иймээс тус захирамж нь Эрүүгийн хуулийн зорилтод нийцээгүй байна.

6.2 Мөн Миний үйлчлүүлэгч Э.Ганцоож нь Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг, анх удаа гэмт хэрэг үлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хохирогчоос хор уршигт нийт 1.000.000 төгрөг нэхэмжилснээс хохиролд 450.000 төгрөг төлж барагдуулсан. Харин 550.000 төгрөгийг тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож, энэ тухай баримт хавтас хэрэгт авагдсан бөгөөд хохирол төлөгдсөн нөхцөл байдалтай. Прокурорын шатанд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаж, прокурорын зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөх саналыг зөвшөөрч, харгийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн.

6.3 Гэтэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт .... шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана... гэж заасныг зөрчиж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан.

6.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалт нь шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг прокурорын гаргасан ялын саналаас дээрдүүлж шийдэж болохоор эрх хэмжээ олгогдсон зохицуулалт бөгөөд эрх зүйн байдлыг дордуулж шийдэх эрх хэмжээ олгогдоогүй хууль эрх зүйн зохицуулалт билээ. Уг зохицуулалтыг буруу тайлбарлан янз бүрээр хэрэглэснээс хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдаж хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/70 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын гаргасан саналын хүрээнд ялаас чөлөөлж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

2. Хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон байна.

3. Ховд аймгийн Прокурорын газраас “өсвөр насны шүүгдэгч Э.Ганцоож нь 2023 оны 2 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчимд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 4 дүгээр /Сэнхэр/ багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас О.Баярсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

4. Өсвөр насны шүүгдэгч Э.Ганцоож нь 2023 оны 2 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчимд хохирогч О.Баярсайханыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь “хохирогч О.Баярсайхан, гэрч Д.Цэнд-Алтай, Б.Эрдэнэбаатар нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан “хөнгөн хохирол”-ыг тогтоосон Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Д.Тогтохын  2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 146 дугаартай шинжээчийн дүгнэлт” зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

5. Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, өсвөр насны шүүгдэгч Э.Ганцоожийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчийн эдлэх ялыг 2 дахин багасгаж 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, энэ ялыг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор тогтоосон байна.

6. Прокурор эсэргүүцэлдээ “шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд өсвөр насны шүүгдэгч Э.Ганцоожийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэх агуулгатай эсэргүүцэл бичжээ.

6.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэжээ.

Гэтэл шүүх Э.Ганцоожид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 2023/ШЗ/125 дугаартай “Шүүх хуралдааны тов тогтоож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” захирамж гаргаж, улмаар 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн атлаа “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэх хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчин “өсвөр насны шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн” байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд хөнгөн ял шийтгэлийг оногдуулж буй процесс нь “яллагдагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсний төлөө хуулиар олгож байгаа урамшуулал” гэж ойлгож болно. Энэ утгаараа хууль тогтоогч “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол  шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан байна.

“Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, алдааг зөвтгөж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6.2 Мөн өсвөр насны шүүгдэгч Э.Ганцоож нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1,000,000 төгрөгөөс хохирогчид 450,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 550,000 төгрөгийг 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчээс 550,000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь буруу байна.

Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаан 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр болсон тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хэвээр үлдээх нь “хохирогчийн эрх ашигт нийлнэ” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч Э.Ганцоожид оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.” гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн 4, 6 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

 2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

           

 

 

 

       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР