| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2024/0181/З |
| Дугаар | 128/шш2024/0737 |
| Огноо | 2024-09-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 128/шш2024/0737
2024 09 24 128/ШШ2024/0737
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б*******
Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга,
Маргааны төрөл: Газраа зориулалтын дагуу 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй хэмээн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамжийн Б*******-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Налайх дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 40000 м.кв газрыг Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дугаар захирамжаар Б*******-д эзэмшүүлсэн.
2.2. Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамжаар газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Б******* нь Налайх дүүргийн Үйлдвэрийн бүс, 4 дүгээр хороонд байрлах улсын бүртгэлийн 000300530, нэгж талбарын дугаартай газрыг 15 жилийн хугацаагаар, үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшдэг болно. Тус компанийн эзэмшлийн газрын 2023 оны төлбөрийг гэрээнд заасны дагуу Монголын татварын албаны e-tax.mta.mn сайт дээр нэхэмжлэл үүсгэн төлөх гэсэн боловч компанийн нэр дээр газрын төлбөрийн нэхэмжлэл үүсэхгүй байсан тул газар эзэмших эрхийн гэрээнд заасан банкны дансанд 2023 оны төлбөрийг төлсөн болно. Сүүлд 2023 оны 02 дугаар сард ******* дугаартай газрын төлбөрийн нэхэмжлэл үүсэж байсан болно.
Ийнхүү Налайх дүүргийн Засаг даргад 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хандаж, энэ асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн боловч манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамжаар хүчингүй болгосон тухай баримтыг хуулбар үнэн дарж 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн. Ийнхүү тус захирамжтай анх удаа танилцсан. Танилцаад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн албан тоотоор урьдчилан шийдвэрлэх ажиллагааны гомдол гаргасан ба хариуг манай компанийн и-мэйл хаяг руу цахимаар 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр илгээсэн байна.
Энэхүү захирамжийг гаргахдаа Налайх дүүргийн Засаг даргаас манай компанид мэдэгдээгүй ба захирамж гаргах ажиллагаанд оруулалгүйгээр бидний газар эзэмших эрхийг цуцалжээ. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг эдлүүлээгүй ба мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагааг хийгээгүй, захирамж гаргах ажиллагааг эрх нь хөндөгдөж буй этгээдэд огт мэдэгдээгүй болно.
Иймд захирамжид заасан нөхцөл бүрдээгүй тул Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамжийн Б*******-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Манай талаас газрын төлбөрөө төлөөд явж байгаа тул дуудлага худалдааны үнэ болон бусад төлбөр тооцоог төлөөд газар эзэмших хүсэлт гаргаад цаг товлон уулзалт хийсэн. Хариуцагчийн зүгээс хүлээн авах боломжгүй гэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эзэмшил үүссэнээс хойш Б******* Газрын тухай хууль болон гэрчилгээнд заасны дагуу газрын төлбөр төлөх үүргээ хугацаанд нь хууль ёсны дагуу гүйцэтгээд явж байсан. Гэтэл 2023 оны төлбөр төлөх процессын явцад маргаан бүхий захирамж гарсныг мэдсэн. Маргаан бүхий захирамж гарсан процесс болон ажиллагаанд оролцохтой холбоотой нэхэмжлэгчийн эрх хөндөгдөж байгаа гэсэн агуулгаар маргаж байгаа. Хариуцагчтай байгуулсан газрын эзэмших гэрээний 3.4-д заасны дагуу газар эзэмшүүлэгч нь тухайн гэрээг дүгнэж тооцоо нийлэх эрх үүргийг хэрэгжүүлэхээр заасан. Энэ үүргийн дагуу тооцоо нийлж, гэрээг дүгнэх ажиллагааг хариуцагчийн зүгээс хийгээгүй. Гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй хэр нь газар эзэмших эрхийг цуцалсан. Хэрвээ тооцоо нийлсэн акт үйлдэгдэж, гэрээ дүгнэх процесс явагдсан тохиолдолд газар эзэмших эрхийг цуцлахтай холбоотой ажиллагааг хариуцагчтай хамтран ажиллах бүрэн боломжтой байсан. Маргаан бүхий захирамж гарахаас 2 жилийн өмнө Б*******-ийн захирал болох Н.С нь энэ компанийг эрх залгамжлах ажиллагаагаар шилжүүлэн авсан байгаа. Өмнөх захирал нь хүнд өвчний улмаас олон жил эмчилгээ сувилгаанд байж 2019 онд нас барсан. Нас барсантай холбоотой гэрчилгээг хэрэгт хавсарган өгсөн байгаа. Б******* нэг эзэмшигчтэй байж байгаад уг эзэмшигч нас барснаас хойш Н.С 2021 онд гүйцэтгэх захирал болоод яг 2 жилийн хугацаанд өв хүлээж авах, эрх бүхий байгууллагуудад хуулийн этгээдтэй холбоотой бүртгэлд өөрчлөлт оруулах, мөн бусад бүртгэгдсэн өв хөрөнгөтэй холбоотой ажиллагааг хийгээд энэ газрын асуудал дээр оролцоод явсан. Тийм учраас мэдэгдэх болон шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан. Мөн гэрээгээр хүлээсэн гэрээ дүгнэх үүргээ биелүүлэхгүйгээр, нэхэмжлэгчид мэдэгдэх сонсгох ажиллагаа хийлгүй газар эзэмших эрхийг цуцалсан. Газар эзэмших гэрчилгээг цуцлах ажиллагаанд оролцож эрхээ хамгаалах, газар эзэмших эрхээ үргэлжлүүлэх идэвхтэй үйлдэл хийх боломжоор хангаагүй гэдэг нөхцөл байдлууд тогтоогдож байгаа юм. Бид гэрээнд заасны дагуу тухайн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой арга хэрэгслүүдээ Б*******-ийн зүгээс хэрэгжүүлж явсан. Иймээс дээрх маргаан бүхий захирамжийн Б*******-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан.
Хөрөнгө оруулалтын гэрээ С хийсэн. Т*******-тай зураг төслийн гэрээ хийсэн. Гэрээний үнэ төлсөн. Зарлагын баримтыг хүлээж аваад гэрээ хийгдсэн өдөр төлбөр тооцоо хийгдсэн. Үүгээр огноог нотолж болно. Хөрөнгө оруулалтын дагуу 4 га газар дээр нэг давхар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулахтай холбоотой төслийн төлөвлөлтийн зураг байгаа юм. Т*******-ийн үйлдсэн төлөвлөлтийн зураг батлагдаагүй. Энэ зураг нь архитектур төлөвлөлтийн даалгавар хүсэх зураг.
Манай үйлчлүүлэгч хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэх хүртэл гацсан тул өөр баримт байхгүй гэж хэлсэн. Архитектур төлөвлөлтийн даалгавар авах хүсэлт гаргаж байсан эсэхийг мэдэхгүй байна. Төрийн захиргааны байгууллагад хандаж байсан албан бичиг, хүсэлт болон үүнтэй холбоотой баримт байхгүй гэж хэлж байсан. Харин хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Үүнтэй холбоотой санхүүгийн баримт байгаа гэдэг байдлаар надад хариу өгч энэ баримтыг л өгсөн. Түүнээс өөр баримт байхгүй гэж үзэж болно. гэв.
3.3. Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны Газар эзэмших эрх шилжүүлэх тухай дугаар захирамжаар Б******* нь Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 40000 м2 газрыг -иас шилжүүлэн авч, 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрх үүссэн. Улмаар Газрын тухай хуулийн 34.1.Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасны дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Б*******-тай 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, нэгж талбарын дугаар бүхий ********** тоот гэрчилгээг олгосон.
Гэвч газар эзэмшигч Б******* нь гэрээний 4.1 дэх хэсэгт заасан гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмших, ашиглах үүргээ хэрэгжүүлээгүй, Газрын тухай хуулийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй өдийг хүрсэн тул дээрх үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2023 оны дугаар захирамжаар газар эзэмших эрхийг цуцалж, гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон.
Сонсох ажиллагааны тухайд Б*******-д Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтын дагуу Сонсох ажиллагааны мэдэгдэх хүргүүлэх тухай албан бичгийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монгол шуудангаар хүргүүлсэн боловч хаяг, утасны дугаар буруу гэх шалтгаанаар буцсан.
Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулж, газар эзэмших, ашиглах үүргээ биелүүлээгүй, холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтад Хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол... тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж зааснаар 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Өдрийн сонины ******* дугаарт нийтлүүлж сонсох ажиллагааг явуулсан болно. Тухайн мэдэгдлийн дагуу заасан хугацаанд Б*******-иас хариу тайлбарыг ирүүлээгүй, маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл 60 хоногийн хугацаанд ямар нэг тайлбар, саналаа захиргааны байгууллагад гаргаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно. Тус компани нь тухайн газрыг эзэмшсэнээс хойш 10 жилийн турш зориулалтын дагуу огт ашиглаагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан ёсоор мэдэгдээгүй, гэрээг дүгнүүлээгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэмж тайлбарлахдаа: Газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлийг авч үзээгүй, төлбөрөө төлж байсан. Маргаан бүхий захирамж гарах болсон үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан газраа 2 жил дараалан зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй гэдэг заалтыг үндэслэсэн. Энэ компани маргаан бүхий газрыг шилжүүлж авснаас хойш 10 жилийн хугацаанд газар дээр 1 ширхэг шон ч бариагүй, нэг ширхэг хашаа ч хатгаагүй. Тухайн компани дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй. Нэгдүгээрт, дуудлага худалдааны анхны үнэ огт төлж барагдуулаагүй. Хоёрдугаарт, газар дээрээ 2 жил дараалан үйл ажиллагаагаа явуулаагүй гэдэг үндэслэлүүд тогтоогдсон.
Налайх дүүргийн үйлдвэрлэлийн бүсийг тогтоогоод тухайн үед нь үйлдвэрлэлийн зориулалттай олгож байсан боловч суурьшлын бүс нь тэлээд үйлдвэрлэлийн бүсдээ давхцаж байрлаж байгаа. Яг энэ нэгж талбарын хувьд төлөвлөлт одоогоор өөрчлөгдөөгүй. Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж байгаа. тэгэхээр төлөвлөлт өөрчлөгдөж болзошгүй.
Нэхэмжлэгч компанийг Н.С 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эрх залгамжилж гүйцэтгэх захирлаар томилогдсон юм байна. Энэ хүн Налайх дүүрэгт газар эзэмшдэг гэдгээ өв хүлээж авахдаа мэдэж байсан байх. Үүнд ач холбогдол өгөөд манай албан дээр хүрч ирээд өөрсдийн бүртгэл гэрчилгээг солиулаад, үйл ажиллагаа эхэлнэ гэж хэлсэн бол манай алба ойлгох байсан. Гэтэл нэг ч удаа ирж уулзаагүй. Бүртгэл нь 2013 оны бүртгэлээр байсан. Бүртгэл дээрх утасны дугаар, хаяг олдохгүй. Мэдэгдэх хуудас явуулахаар хаягтаа байхгүй байсан. 2021 онд өвийг хүлээж аваад бүртгэл өөрчлөгдсөн гэж ирж уулзаад тайлбар өгөх ёстой байсан гэж бодож байна. Гэтэл ямар ч тайлбар, хүсэлт өгч байгаагүй хэр нь газар эзэмших эрх хүчингүй болсны дараа Засаг дарга буруу шийдвэр гаргалаа гэж гомдоод байгаа нь үндэслэлгүй байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар цуглуулж хэрэгт хавсаргасан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах Б*******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд төрийн өмчийн газрыг төлөвлөлтийн дагуу эрх бүхий Засаг даргын шийдвэр, эрхийн гэрчилгээгээр, тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах харилцаа нь газрыг гэр бүлийн, аж ахуйн, үйлдвэр үйлчилгээний, тариа, ногооны зэрэг тодорхой зориулалтаар ашигт чанарыг гарган хэрэглэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой.
Тиймээс ч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу хуанлийн 2, түүнээс дээш жил ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх олгосон Засаг дарга хүчингүй болгох үндэслэл болохоор хуульчилсан байдаг.
2. Нэхэмжлэгч Б******* нь Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 40000 м2 газрыг -иас Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны дугаар захирамжаар шилжүүлэн авснаар 15 жилийн хугацаатайгаар энэ зориулалтаар эзэмших эрх үүссэн байх ч үүнээс хойш 2023 он хүртэл 10 жилийн хугацаанд газраа үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаагүй, тухайн нэгж талбарт ямарваа үйл ажиллагаа явуулаагүй, хашаа бариагүй, үйлдвэрийн барилга бариагүй байна.
Энэ хугацаанд нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан хүн 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нас барсан, улмаар 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр шинээр гүйцэтгэх удирдлага томилогдсон нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргаж *******-тай 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан үйлдвэрлэлийн барилгын архитектурын төлөвлөлтийн зургийн ажил гүйцэтгэх гэрээ, зураг төслийн төлбөр 3,000,000 төгрөг төлсөн төлбөрийн баримт, эрх бүхий этгээдээр батлагдаагүй үйлдвэрлэлийн барилгын төлөвлөлтийн зураг төсөл, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан тухайн газар дээр үйлдвэрлэлийн барилга барих хөрөнгө оруулалтын гэрээ ирүүлсэн, өөрөөр тухайн газар дээр баригдах үйлдвэрлэлийн зориулалтаар төлөвлөлт батлуулахаар төрийн захиргааны байгууллагад хандаж байсан хүсэлт, холбогдох техникийн нөхцөл, батлагдсан эскиз зураг зэрэг баримт ирүүлээгүй болно. Иймд хөрөнгө оруулалтын гэрээ, зураг төсөл боловсруулах гэрээ, батлагдаагүй төлөвлөлтийн зургаар тухайн газарт зориулалтын дагуу үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахаар тодорхой бэлтгэл үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэхэд хангалтгүй юм.
Тиймээс Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн энэ үндэслэлээр Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн нэгж талбарын ******* дугаартай газрын агаарын зураг, шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургаас тухайн нэгж талбарт хашаа баригдаагүй, инженерийн шугам сүлжээ татаагүй, хоосон ямар ч үйл ажиллагаа явуулаагүй нь тодорхой байх тул дүүргийн Газар зохион байгуулалтын албыг захиргааны акт гаргах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй юм.
4. Захиргааны шийдвэр гаргахаас өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох энэ үндэслэл бүрдсэн талаар тайлбар сонсохоор Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтын дагуу сонсох ажиллагааны мэдэгдлийг Б*******-д албан бичгээр 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Монгол шуудан ХК-иар хүргүүлсэн боловч хаяг, утасны дугаар буруу гэх шалтгаанаар буцсан. Газар эзэмшигч Газрын албанд үүсгэсэн хувийн хэрэгт авагдсан хуулийн этгээдийн хаяг, утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд мэдэгдэх, мэдээллийн өөрчлөлтийг бүртгүүлэх үүрэгтэй, үүнээс үүдэлтэй аливаа асуудлыг Газрын алба хариуцахгүй тул хувийн хэрэгт авагдсан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлснээр захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийх үүргээ биелүүлсэнд тооцно.
Ийнхүү мэдэгдэх хуудсыг хаягаар нь хуулийн этгээдэд илгээснээс гадна Налайх дүүргийн Газрын алба Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т Хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол... тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж зааснаар газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэд сонсох ажиллагааг явуулах, тайлбар хүлээн авах хугацаа тогтоосон мэдэгдлийг өдөр тутмын хэвлэлд буюу Өдрийн сонины 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаарт нийтлүүлсэн байдаг, үүнд Б*******-ийн мэдэгдлийг тусгасан байдаг.
Ийнхүү захиргааны байгууллагын шийдвэр Газрын тухай хуульд заасан үндэслэлд нийцсэн, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг тодорхой зөрчлийн улмаас, тодорхойлбол газрын төлбөрөө төлөөгүй, газрыг ашиглахдаа хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулах, бусад газар эзэмшигч, ашиглагчийн эрхийг зөрчих зэргээр хууль бус үйлдлийн улмаас дуусгавар болгоогүй, зориулалтын дагуу газраа ашиглах замаар эдийн засгийн эргэлтэд оруулаагүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэнээр газрыг дахин хуваарилалтад оруулах шаардлага үүссэнээс газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байх тул тухайн нэгж талбарыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулахаар төлөвлөсөн тохиолдолд хуульд заасан журмаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг баримтлан Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах Б********** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА