Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 72

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      

  

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сд холбогдох 1705001440261 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, ам бүл 4, .......... дүүргийн ... дүгээр хороо .... дугаар гудамжны ... тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б.С /РД:ШД.................../

 

Шүүгдэгч Б.С нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Стелла баарны гадаа иргэн Д.Гтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Д.Г”ийнбиед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                               ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “Би өөрийн гэм бурууг ухаарсан. Миний буруу. Надад өөрийгөө зөвтгөх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Шүүгдэгч  Б.С Д.Г”ийнбиед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Д.Г”ийн“Би 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн найз болох Дамдингийн  хамтаар Баянгол дүүргийн 5 дугаар хороо Стелла бааранд орж үйлчлүүлсэн тухайн үед 23 цаг өнгөрч байхад тэр бааранд орсон. Тэгээд бид хоёр 1 шил архи аваад тэрийгээ уугаад сууж байтал манай хажуу талын ширээн дээр Дамдингийн найз гэх Моби, Сэргэлэн нар сууж байсан. Тэгээд ирсэнээ мэндлэхгүй байна энэ тэр гэж Сэргэлэн хэл үг өдөөд байсан. Тухайн үед би тоогоогүй. Тэгээд болохгүй болохоор нь бид хоёр явах гээд гарсан чинь араас Сэргэлэн гараад ирсэн. Тухайн үед гадаа баахан зодоон болоод байсан. Тэгсэн хажууд ирсэнээ шууд үгийн зөрөөгүй намайг цохисон. Тэгээд би газар унаад боссон. Тухайн үед миний хажууд Дамдин байсан ба намайг салгаад бид хоёр таксинд суугаад гэр лүүгээ харьсан. Тухайн үед гайгүй байх гэж бодсон. Тэгээд өглөө сэрээд үг хэлэх гэсэн болохгүй байсан. Ам эвгүй болоод тэгээд шууд Гэмтэл согог судлалын үндэсний төв ороод үзүүлтэл чиний эрүү хугарсан байна, яаралтай хагалгаанд ор гэхээр нь за гээд хагалгаанд орохоор болсон. Тэр үед Дамдин Сэргэлэнд чи манай найзыг зодлоо гэж хэлэхэд Сэргэлэн эмнэлэг дээр ирээд зодсонд уучлаарай хөгшөөн одоо яах вэ гэсэн. Тэгээд бас надад найз нь хагалгааны мөнгө төгрөгийг нь чинь гаргаж өгье гэж байснаа тэр өдөр тэндээс яваад эргэж ирээгүй. Би дүгнэлтийг уншиж танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Сэргэлэн намайг нэг удаа нүүр лүү цохиж учруулсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10 дугаар хуудас/

Гэрч Г.Д “Би 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр найз Ган-Эрдэнийн хамтаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо Стелла бааранд 00 цагийн үед орж үйлчлүүлсэн. ... Гараад байж байтал манай найз Ган-Эрдэнийг баарнаас гараад туслах замын зүүн урд талд нэг сүүдрэвчний зүүн хажуу талд Сэргэлэн гэдэг залуу цохиод унагаасан. Тэгээд би очиж салгаад таксинд суугаад явсан. Тухайн асуудал болоход 04 цаг болж байсан байх. ... Хоорондоо муудалцаад Сэргэлэн цохисон. Ямар шалтгаанаар муудалцсаныг мэдэхгүй байна. ... Нэг л удаа цохисон. Зууралдаж бариагүй. Б.С цохиж эрүүг нь хугалсан. Учир нь цохиулаад унахад нь бид хоёр таксинд суугаад явсан. Ган-Эрдэний хамтаар гэрт нь хоносон. Тэгээд өглөө сэрсэн Ган-Эрдэнэ миний эрүү мултарчих шиг боллоо гэхээр нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлтэл Ган-Эрдэний эрүү хугарсан гэж эмч хэлсэн. Өмнөх орой нь зүв зүгээр байсан. Тэгээд Сэргэлэн цохиод л эрүүг нь хугалсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №9103 дугаартай:

“1. Д.Г-н биед эрүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 19 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Б.Сгийн яллагдагчаар өгсөн “Би 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өөрийн найз болох Моби буюу Шинэбаярын хамтаар 00 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо Стелла бааранд орж үйлчлүүлсэн. ... Тухайн үед Дамдинтай Ган-Эрдэнэ хамт явж байсан. ... Тэгээд нэг сүүдрэвчний хажууд явж байтал араас нэг залуу ирээд футболкноос татаад урсан. Тэгээд татаж чангаагаад болохгүй болохоор нь би нэг залуугийн нүүрлүү нэг удаа цохичихоод цаашаа яваад Моби бид хоёр гэрлүүгээ харьсан. Миний цохисон залуу Ган-Эрдэнэ гэж залуу байсан. Тухайн үед их согтуу байсан. ... Би Ган-Эрдэний нүүр лүү нэг удаа цохиж учруулсан. Би дараа өдөр нь Ган-Эрдэнэ дээр гэрт нь очиж уулзаад буруугаа хүлээж хохирлыг чинь барагдуулъя гэж хэлж байсан. Би учруулсан хохирлоо барагдуулна. Би тухайн үед согтуу байсан учраас ийм хэрэг хийлээ. Дахин хэрэг хийхгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Иймд шүүгдэгч Б.С Д.Г”ийнбиед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь хохирогч,  гэрч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Шүүгдэгч Б.С нь хохирогч Д.Ган-Эрдэнийг зодож биед нь эрүүний ясны хугарал гэмтэл учруулсан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Д.Г 2.500.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд болох томографийн зургийн 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт төлсөн 8.000 төгрөг, эмчилгээ, эмийн нийт 919.782 төгрөг, нийт  1.047.782

төгрөг тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Б.Сгээс хохирогч Д.Г”ийн5022888903 дугаартай дансанд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 800.000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 20.000 төгрөг, 180.000 төгрөг тус тус шилжүүлсэн тул уг төлсөн 1.000.000 төгрөгийг хохирлоос хасч үлдэх 47.782 төгрөгийг хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.С бусад хохирлыг цаашид төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна. 

Хохирогч Д.Г нь цаашид гарах хохирол, хор уршигаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч Б.С нь ял  шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд /хэргийн 35 дугаар хуудас/ урьд 2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан бөгөөд хамгийн сүүлд  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байжээ.

Шүүгдэгч Б.С дээрх торгох ялыг биелүүлсэн болох нь “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17/572 дугаартай тогтоолоор тогтоогдож байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Сийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоос сайн дураараа төлж барагдуулсан зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Б.Сг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.С торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.С баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6.  Б.Сгээс 47.782 /дөчин долоон мянга долоон зуун наян хоёр/ төгрөг гаргуулж хохирогч  Баянгол дүүргийн 7 дугаар хороо 12 дугаар байрны 275 тоотод оршин суух Боржигон овогт Дамбын Ган-Эрдэнэд /РД:ТЕ89010476/ олгож,  Б.С бусад хохирол, хор уршигийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

 

7. Хохирогч Д.Г нь өөрт учирсөн хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                    

       

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ