Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 78

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

улсын яллагч М.Мөнхзул,

өсвөр насны шүүгдэгч А.Б түүний хууль ёсны төлөөлөгч С.А, өмгөөлөгч Г.Хандсүрэн,

насанд хүрээгүй хохирогч Т.Стүүний хууль ёсны төлөөлөгч С.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны Б овогт А-ийн Бд холбогдох 1705007220225 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ..... дугаар сургуулийн ......ангид сурдаг, ам бүл 6, эцэг, эх 3 дүүгийн хамт ............дүүргийн ...... дүгээр  хороо .........тоотод оршин суух, Б овогт А-ийн Б. /РД: ..................../

 

Өсвөр насны шүүгдэгч А.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүрэг 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 10 дугаар гудамжинд Т.С-ийгзодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч  А.Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Т.С мэдүүлэхдээ: “Би хэрэг болох өдөр ангийнхаа хүүхдүүдтэй хамт зааланд тоглочихоод ядраад дэлгүүрийн урд амраад сууж байхад Оогий Бд хандан наадах чинь ямар том суудаг болсон юм бэ, алаач гэж хэлж байсан. Оогий намайг хоёр цохисон. Тэгээд явах гээд эргээд харахад Б миний хамар луу мөргөсөн. Би байрны ах нараа авчирч зодуулна гэж хэлээгүй. 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Дараа нь 09 дүгээр сарын 05-ны өдөр хамраа 30.000 төгрөгөөр тэгшлүүлсэн. Цаашид 17 нас хүрээд хамрын таславчны хагалгаанд орно. Үүнтэй холбоотой гарах зардлаа  гаргуулж авмаар байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний хүүхэд шиг хүүхэд ялгаа юу байхав гэж бодоод анхнаасаа шүүх цагдаа гэж явахыг хүсээгүй. Б эмчилгээний зардлыг өгч байсан. Сүүлд эмчилгээний зардал 30.000 төгрөг гэж хэлэхэд Бгийн аав чадахгүй, тэр цагдаадаа өг гэж хэлсэн. Одоо манай хүүхэд 17 нас хүрэхээрээ хамрын таславчны хагалгаанд орно. Үүнтэй холбоотой үүсэх эрсдэлүүд үүсдэг гэж эмч нь хэлсэн. Энэ хагалгаатай холбоотой гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч А.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Өсвөр насны шүүгдэгч А.Б нь Т.С-ийгзодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Насанд хүрээгүй хохирогч Т.С-ий“Би 2017 оны 09 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 10 дугаар гудамжинд байдаг байнгын орж  үйлчлүүлдэг дэлгүүрийн гадна Оогий, Б нарын хамтаар ойр зуурын юм яриад сууж байсан. Тухайн үед заал авчихсан байсан учраас хөл чилж өвдөөд байхаар нь хоёр хөлөө алцайлгаад сууж байсан чинь Оогий Бд хандан “энэ ямар том суудаг болчихсон юм, алаач” гэж хэлсэн. Тэгсэн Оогий  босч ирээд миний толгойн ар дагз хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би сууж байсан газраасаа босоод нөгөө хэдээс холдож байгаад “Та нар аятайхан байгаарай” гэж хэлчихээд гэр лүүгээ алхаж байтал араас үг дуугүй хүн гүйж ирэх хөлийн чимээ гарахаар нь эргээд хартал Б байсан ба шууд миний хамар луу мөргөсөн. Тэгтэл араас нь Оогий ирээд Бг салгаад аваад үлдэхээр нь би цаашаа ганцаараа гэр лүүгээ явсан. Ингээд би гэртээ ирээд болсон явдлын талаар ээжид хэлээд ээж шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

... Эмнэлэгт үзүүлэхэд хамар хугарч, мурийсан байсан. Түүний дагуу Бгийн аав, ээж нар нь эмчийн бичиж өгсөн 16.500 төгрөгний өвчин намдаах эм авч өгсөн. Мөн хоёр хоногийн дараа томографийн зураг авхуулах мөнгийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 120.000 төгрөг өгсөн. Үүний дагуу толгойны КТГ-ын зураг авхуулсан. Тэгээд дахин 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэмтлийн эмнэлэгт очиж өөрийн зардлаар 30.000 төгрөгөөр хугарсан хамрыг тэгшлүүлсэн.

 ... Харин Б нь нүүрэн тус газар мөргөсний улмаас хамар хугарсан байсан. Одоо хамар байнгын битүүрээд байгаа. Үзүүлэхэд үрэвсэлтэй байна гэсэн. Үүндээ зориулж 9450 төгрөгөөр эм авч уусан.  ... Би Бг сайн танихгүй, зүс танидаг юм. ... Бд гомдолтой байна. Хагалгаанд орох эмчилгээний зардал болон баримтаар гарсан зардлыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41-42 дугаар хуудас/

Гэрч С.Э “Хүү СБаянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн 10-154а тоот гэрээсээ 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагийн орчимд 13 дугаар сургууль дээр ангийнхаа найзуудтай заал авна гээд гараад явсан. ... Б намайг ирээд хамар луу мөргөөд хамар хугалчихлаа гэхээр нь хартал хамар нь мурийчихсан байдалтай байсан. ... Би тухайн үед юу ч мэдээгүй байсан ба өөрөө хэлэхээр нь харахад хамар  зүүн тал руугаа мурийсан байдалтай байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43-44 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч Т.М “...Тэгээд харанхуй болчихоор нь О, С,Б бид дөрөв Цагаан дэлгүүрийн үүдэнд суусан. Тэгээд хоорондоо ойр зуурын яриа өрнүүлээд байж байтал О нь Бд хандан С-ийгзодчихооч гэж хэлтэл Б нь тоглоомоор инээгээд тэгийлдээ гэж хэлтэл Снь О, Б нар луу уурлаад зодоод үзэхгүй юу гэж хэлсэн. ... Тэгтэл Снь уурлаж босож ирээд гэрийнхээ зүг явахдаа Өргөөгийн ар талын 2 дугаар байрныхныг дуудаж зодуулна гэж хэлээд явахаар нь Б араас нь дуудаад яваад очтол Сэргэж хараад Бгийн хоёр гараас нь бариад авахаар нь Б нь ямар нэгэн үг хэлэлгүй шууд нүүрэн тус газар буюу хамар хэсэгт нь нэг удаа мөргөсөн. Тэгээд юу болсонг сайн санахгүй мартчихсан байна. Тэгээд бид нар шууд гэр гэрлүүгээ явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 56 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Д.Оын “Тухайн үед хоорондоо сагс тоглож  дуусчихаад хожигдсон, манайх хожсон гээд яриа өрнүүлээд дөрвүүлээ сууж байхдаа би тоглоомоор уурлахгүй байх гэж бодоод Бг С-ийгцохичооч гэж хэлсэн юм. Тэгтэл Снь уурласан. Тэгтэл Снь над руу уурлаад байхаар нь толгойны дагз хэсэг рүү нэг удаа гараараа алгадаж, шанаа хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгэхдээ гэмтэл учруулахаар тийм хүчтэй цохиогүй. Тэгтэл Снь босоод 2 дугаар байрныхныг дуудна гэж хэлээд босоод явахаар нь дууд, дууд гэж хэлтэл Б араас нь оччихсон байсан. Мөн Мдундуур нь орж салгаад зогсож байсан. ... Б хаана нь хэдэн удаа цохисонг мэдэхгүй. Эргээд хартал Снь Бгийн хоёр гарнаас барьчихсан зогсож байсан. Тэгээд Мдундуур нь салгах гээд зогсож байсан. Сүүлд Б надад хэлэхдээ хамарлуу нь мөргөчихлөө, гайгүй байгаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 58 дугаар хуудас/

Өсвөр насны шүүгдэгч А.Бгийн яллагдагчаар өгсөн “... Тэгтэл Снь та нар наанаа байж байгаарай, 2 дугаар байрныхныг дуудаж ирж байгаад зодуулах болно гэж хэлээд явахаар нь араас нь очтол эргэж хараад намайг заамдаад авахаар нь зөрүүлээд заамдаж аваад Сүх-Эрдэнийн хамран тус газар нэг удаа мөргөсөн. Тэгтэл дундуур Морж ирээд салгаад тэгтэл Сэргэж цаашаа утсаа оролдоод гэрлүүгээ яваад өгсөн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 64 дүгээр хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №11606 дугаартай:

“1. Т.С-ийнбиед хамар ясны хугарал, таславч мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 24 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч А.Б нь Т.С-ийгзодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь насанд хүрээгүй хохирогч,  насанд хүрээгүй гэрч, өсвөр насны шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй.

 

Энэ хэргийг шүүгдэгч А.Б нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Шүүгдэгч А.Б нь хохирогчид томографид харуулсан болон ЭМЖЖ эмнэлгийн үзлэгийн төлбөр нийт 161.500 төгрөг төлсөн ба хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хамар засах ажилбарын 30.000 төгрөг, эмийн зүйл авсан нийт 45.010 төгрөг,  шүүх эмнэлгийн төлбөр 8.000 төгрөг нийт 83.010 төгрөг тогтоогдож байх тул уг төлбөрийг шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах нь зүйтэй.

Хохирогч А.Б нь 17 хүрээд дахин хамрын хагалгаанд орно гэж мэдүүлж байх тул цаашид гарах хор уршигийн талаарх баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

 

Шүүгдэгч А.Б нь №0370302-Г54 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар /хэргийн 27 дугаар хуудас/ 2001 оны 5 дугаар сарын 23-нд төрсөн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 1. 2 дах хэсгүүдийг зааснаар ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч А.Б баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “А.Бд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч” өгнө үү гэжээ.

Гэвч хэрэгт А.Бгийн хувийн байдлын талаар ямар ч баримт байхгүй, хохирогчид учирсан хор уршиг арилаагүй тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 36.14, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

 

            1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт А-ийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг  тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бг 120 /нэг зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  3.  Эрүүгийн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  А.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурван цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.Б баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. А.Бгийн хууль ёсны төлөөлөгч С.А-с 83.010 төгрөг гаргуулж хохирогч Т.С-ийнхууль ёсны төлөөлөгч С.Э-д олгосугай.

 

6. Хохирогч Т.С-ийн хууль ёсны төлөөлөгч С.Э нь цаашид гарах хор уршигийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                              

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ