Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2020/00058

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 208/МА2020/00058

 

 

Б.Сайнбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хэргийн индекс: 148/2020/00482/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч, шүүгч Д.Буянжаргал

Шүүгчид Б.Эрдэнэхишиг

Г.Давааренчин

 

Оролцогчид

Нэхэмжлэгч Б.Сайнбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Прокурор Г.Энхмаа

ШШүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28ы өдрийн 500 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын давж заалдсан гомдлоор Б.Сайнбаярын хүсэлттэй Нөхөн олговор 40.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч танилцаад, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний аав Ш.Батаа нь 1938 онд Улс төрийн хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 33 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйл ангиар хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн гэж Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаагаар гарч ирдэг боловч 10 жилийн хорих ялыг Сэлэнгэ аймгийн Ерөө суманд адуу маллаж байгаад 1948 онд суллагдсан байдаг. ...Намайг Ш.Батаагийн хүү болох нь 1956 оны хүн амын тооллогын бүртгэл, мөн Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 103/005890 дугаартай 1 дүгээр маягтын лавлагаа зэргээр тодорхойлогдож байгаа. Миний хувьд орон сууц болон 1,000,000 төгрөгийг аваагүй. 1,000,000 төгрөгийг нь Молом гэдэг хүний охин М.Оюунчимэг авсан байсныг сүүлд нь мэдсэн. Хэлмэгдлийн үнэмлэхийг нь бас авсан байсан. Миний бие нь 2018 оноос эхлэн аавыгаа 10 жилийн хорих ял эдэлж байсан талаар хөөцөлдөөд архиваас гарахгүй байгаа юм. Цагаатгалын комисст хандаж үзсэн. Надад цаазын ял авчихаад хорих ял аваад гарсан хүмүүс зөндөө байдаг л гэсэн хариу өгдөг. Яг хоригдсон талаар байхгүй гээд өгдөггүй юм. Иймд миний аав Шаравын /Бадамдоргио/ Батаагийн хэлмэгдэгсдийн нөхөн олговор 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулж надад олгуулж өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28ы өдрийн 500 дугаартай шийдвэрээр:

1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар Батаагийн Сайнбаярт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөн олговор 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнөөс чөлөөлсүгэй.... гэж, тус тус зааж зохигчид түүний өмгөөлөгч хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 500 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. йн Цагааннуур суманд оршин сууж байсан Бадамдоржийн Батаа нь 44 насандаа 1938 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн болох нь Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагаагаар тогтоогдож байна.

Гэвч нэхэмжлэгч Батаагийн Сайнбаяр нь хэлмэгдэгч Бадамдоржийн Батаагийн хүү болох нь эргэлзээ бүхий нөхцөл байдалтай байна. Үүнд:

-Нэхэмжлэгч Б.Сайнбаяр нь манай аав хорих ял эдэлсэн гэх боловч хэрэгт авагдсан баримтаас харахад хэлмэгдэгч Бадамдоржийн Батаад хуулийн дээд хэмжээг гүйцэтгээгүй, хорих ял эдэлсэн гэх баримт хэрэгт байхгүй,

-Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаанд 1933 оны хүн амын тооллогоор Бадамдоржийн Батаа нь хүн амын тооллогын 70 дугаар хуудсанд тоологдсон талаар баримт байхад, 1944 оны хүн амын тооллогоор тоологдоогүй,

-1956 оны хүн амын тооллогоор Шаравын Батаа нь 51 настай гэж тоологдсон нь хэлмэгдэгч Батаагаас овгийн болон насны зөрүүтэй байдал зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч Б.Сайнбаяр нь хэлмэгдэгч Бадамдоржийн Батаагийн өргөмөл хүү болохыг буюу садан төрлийн холбоог тогтоосон Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 244 дугаартай шийдвэртэй /мөн тухайн садан төрлийн холбоог тогтоосон иргэний хэргийн материалтай/ танилцахад, прокурор оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шийдвэр гаргахдаа хэргийн оролцогчид мэдэгдээгүй байна гэсэн шинээр илэрсэн нөхцөл байдал илэрч байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл дээрх шүүхийн шийдвэрийг үнэлж хэргийг шийдвэрлэх боломжгүй, бусад бичгийн нотлох баримтууд нь хэлмэгдэгч Бадамдоржийн Батаагийн хүү нь нэхэмжлэгч Б.Сайнбаяр мөн эсэх нь тогтоогдохгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргав гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор гомдлыг дэмжиж оролцов.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Б.Батаа нь улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдэж улмаар цагаатгагдсан. Тагнуулын төв архиваас аавыг хуулийн дээд хэмжээгээр шийтгэсэн тухай лавлагаа гаргаж ирдэг боловч аав 10 жилийн хорих ялыг Ерөөгийн хорих ангид биечлэн эдэлсэн гэдэг юм. Аав хорихоос суллагдаад тухайн үеийн нөхцөл байдлаас болж овгоо өөрийн ах Шараваар овоглосон гэдэг энэ талаар мэдэх гэрчүүдийг би хэрэгт асуулгасан. Яагаад цаазаар авах ялыг нь 10 жилийн хугацаагаар хорих ялаар сольсонг нь би мэдэхгүй ээ энэ талаар Архиваас олон удаа лавлагаа авсан боловч олдоггүй юм. Би энэ асуудлыг 2011 оноос хойш хөөцөлдөж байгаа. Хэлмэгчидэд нөхөн олговор олгох тухай аймгийн комисс ч үүнийг сайн мэдэж байгаа. Шаравын Батаа нь Бадамдоржийн Батаа мөн түүний хүү нь Сайнбаяр гэдгийг шүүх тогтоосон тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Хэрэгт хэдийгээр зөрүүтэй баримтууд байгаа ч гэсэн түүнийг үгүйсгэсэн баримт байхгүй. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс Б.Сайнбаярыг нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн гэж сонинд хүртэл зарласан. Б.Сайнбаярыг хэлмэгдэгч Бадамдоржийн /Бадамдорги/ Батаагийн хүү болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа. Прокурор тухайн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй атлаа өнөөдөр энэ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй эсэх талаар яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин давж заалдах гомдлыг хуралдаанд оролцсон прокурор бус дээд шатны прокурор гомдол гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Сайнбаяр нь өөрийн эцэг Бадамдоржийн Батаагийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэний нөхөн олговрыг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Бадамдоржийн Батаа нь Улс төрийн хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 33 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйл ангиар шийтгүүлж байсан ба түүнийг Улсын Дээд шүүхийн хяналтын шүүх хуралдааны 1993 оны 07 сарын 05-ны өдрийн 19 дугаартай магадлалаар цагаатгасан байна.

Хэрэгт Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 244 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.Сайнбаярыг хэлмэгдэгч Бадамдоржийн Батаагийн хүү мөн гэж тогтоосон ба тухайн шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр байх тул тухайн шийдвэрийн хуулийн үндэслэлийн талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй юм.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд зааснаар нэхэмжлэгч Б.Сайнбаяр нь хэлмэгдэгчийн хүүхдийн хувьд түүний нөхөх олговрыг авах эрх бүхий этгээд байх тул анхан шатны шүүхээс түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар прокурор нь төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй бие даасан оролцогч бөгөөд хэргийн зохигчдын нэгэн адил эрхийг эдэлж, үүрэг хүлээн оролцдог тул Сэлэнгэ аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор нь байгууллагаа төлөөлөн оролцох прокурор томилох болон өөрөө байгууллагаа төлөөлөх эрхтэй тул түүнийг шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ.

Прокурор давж заалдах гомдлоо шүүх хэлмэгдэгчидтэй садан төрлийн холбоо тогтоохдоо анхан шатны шүүх прокурор орлцолцуулахгүй шийдвэрлэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 244 дугаартай шийдвэр гаргаж, тус хууль бус гарсан шийдвэрээ үндэслэн нэхэмжлэгч Б.Сайнбаярт үндэслэлгүйгээр нөхөх олговор олгох тухай шийдвэр гаргаж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж тайлбарлаж байгаа боловч Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 31-ний өдрийн 244 дугаартай шийдвэрт хэргийн оролцогч давж заалдах гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалтгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Иймд прокурорын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 500 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, Прокурорын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар Прокурор нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН